Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин наймдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг онцолж байна. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын нэгдүгээр зүйлд "Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой" хэмээн заасан байдаг. Бид оюун ухаант, ухамсартай хүмүүс учраас хүнийг ямар байгаагаас нь үл хамааран оршихуйг нь хүндэтгэх, өрлөг сэтгэлээр бие биедээ хандаж, ялгаатай байдлаас үл хамааран харилцан хүлээн зөвшөөрөх тухай агуулгыг ийнхүү тунхагласан билээ. Үүний гол үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх тухай заалт юм. Нийгэмд байгаа бүх хүн адил үнэ цэнтэй. Хүн бүхэнд алдар хүнд, халдашгүй байдал бий. Тэрийг нь ижил түвшинд авч үзэх тухай ойлголтыг хүний эрх хэмээн товчхоноор тодорхойлж болох юм. Тэгвэл Монгол Улсын иргэн та өнөөдөр эрх чөлөөгөө хамгаалуулж чадаж байна уу. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүд, хууль хэрэгжүүлэгч, хүний эрхийг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн төлөөх хуульч, өмгөөлөгч, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох 33 экспертийн байр суурийг хүргэж байна.
Асуулт:
Хүний эрхийн асуудалд сэтгэл ханаж болохгүй
Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
- Төрөөс хүний эрхийг хангах, хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд би онц дүн тавьж чадахгүй. Ерөнхийд нь сайн байгаа гээд биеэ тоож онгироод байх зүйл ч алга. Хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа асуудал олон бий. Тухайлбал, жендэр, гэр бүлийн хүчирхийллийн асуудал гээд шийдэгдэхгүй байна. Мөн гэр бүлийн маргааны дунд хүүхдийн эрх хангагдаж байна уу гээд яригдах асуудал байна. Төрийн зүгээс хүний эрхийн асуудалд анхаарч хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Саяхан 21 настай иргэн хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хороонд боловсруулж байна. ХЭҮК-ийн Эрүүдэн шүүх асуудал эрхэлсэн гишүүнд тухайн институтийг илүү боловсронгуй болгох саналыг хүргүүлсэн. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ асуудлаар хуулийн төсөл санаачилж байсан юм билээ. Үүнээс гадна ХЭҮК мөрдөн байцаах үйл ажиллагааны процесст хөндлөнгөөс асуулт тавих, оролцох боломж хомс, хязгаарлагдмал байдаг. ХЭҮК гол зорилго, зарчмаа хэрэгжүүлэхийн тулд аль ч шатанд хяналт тавиад, хууль эрх зүйн дутагдал байгаа бол засаж, зөвшилцөх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчигдсөн хойно нь шийдвэрлүүлэх гээд байдаг дутагдалтай. Зөрчигдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх ёстой шүү дээ. Манай улс харьцангуй хотжоод, суурин соёлд нэвтрээд эхэлж байгаа учраас бусад ижил улс орнуудын хүний эрхийг дээдлэх хууль, эрх зүйн орчин ямар байна гэдгийг харж суралцаж төстэй байдлаар шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, аль болох урьдчилан сэргийлэх алхмуудыг хийх нь зүйтэй гэж харж байгаа. Хүний эрхийн асуудалд сэтгэл ханаж болохгүй. Тэгвэл дахиад л эрх зөрчигдөөд эхэлдэг.
Эрүүл байх үндсэн эрх маань ноцтой зөрчигдөж байна
“Хавдрын Үндэсний Зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан:
- Манай улсад өмнө нь халдварт өвчин зонхилдог байсан бол 1990-ээд оноос хойш өндөр хөгжилтэй орнуудтай адил халдварт бус өвчин зонхилон тохиолдож байна Насанд хүрсэн 10 хүн тутмын ес нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин, осол гэмтлийн улмаас нас барж байгаа бөгөөд ид хөдөлмөрлөх насны хүмүүс эзэлж байна. Эдгээрийн гол шалтгаан нь илүүдэл жин, таргалалт, тамхидалт, согтууруулах ундааны хэрэглээ, эрүүл бус хооллолт байдаг. Энэ нь халдварт бус өвчнийг үүсгэж буй эрсдэлтэй хүчин зүйлийг бууруулахад манай улсад хийгдэж буй арга хэмжээ дорвитой үр дүнд хүрэхгүй байгаагийн илрэл юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дөнгөж зургаан хувь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу урьдчилан сэргийлэхэд зарцуулагдаж байна. Дөнгөж 19 хувь анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байгаа бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 30 хувь байдаг. Илүүдэл жингээ бууруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх, алхах, гүйх, дугуй унах зориулалтын зам, талбайн хүртээмж байхгүй, фитнесс, спортоор хичээллэх заал үнэтэй, хангалтгүй, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх орчин бүрдээгүй байна. Эрүүл хооллолт, жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд зуны хэдхэн сар дотоодын хүнсний ногоо хэрэглэж, бусад улиралд импортын ногоо, жимс хэрэглэж байгаа нь олон гэр бүлийн хувьд хүртээмжгүй, тансаг хэрэглээ байсаар байна. Тамхины хэрэглээгээр манай улс дэлхийд эхний 10-т орж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ба сүүлийн үед залуучуудын дунд тамхины хэрэглээ, түүн дотроо электрон тамхины хэрэглээ нэмэгдэж, нас залуужиж байна. Монгол улс тамхины хууль эрх зүйн орчин, зохицуулалт хамгийн сул, тамхины үнэ хамгийн хямд орны нэг байсаар байна. Энэ бүгдээс харахад бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл байх үндсэн эрх маань ноцтой зөрчигдөж байна.
Хуулийг салбарын мэргэжилтэн бичдэг нь хүний эрхийн тогтолцоог сулруулж байна
Хууль зүйн ухааны доктор, хуульч Ч.Өнөрбаяр:
-Өмнөх Үндсэн хуулиудтай харьцуулбал 1992 оны Үндсэн хуулиар анх удаа төр, засаг хүний эрх чөлөөг хангаж, хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн. Харамсалтай нь энэ үүргээ төр нь хангалттай биелүүлж чадахгүй байна. Үндсэн шалтгаан хуулиудтай холбоотой. Учир нь хүний эрхийг хангах үүрэгтэй төрийн байгууллагууд хуулийг өөрсдийнхөө бамбай болгож ашигладаг. Тэд ямар нэгэн болохгүй зүйлийг хууль нь болохгүй байна гэж хууль рүү чихдэг. Тиймээс хүний эрхийн зөрчил ч арилдаггүй, хүний эрх хангагддаггүй. Яагаад хүний эрхийг хамгаалах тогтолцоо муудаад байна вэ гэвэл тухайн салбарын хуулийг тухайн мэргэжилтнээр хийлгэсэнтэй холбоотой. Жишээлбэл, Цагдаагийн тухай хуулийг цагдаа хийдэг. Мөрдөн байцаалтын тухай хуулийг мөрдөн байцаагч нь шийдвэрлэхэд оролцдог гэдэг юм уу, Прокурорын тухай хуулийг прокурор хийдэг нь буруу. Мэдээж мэргэжлийн байгууллагын болон эдгээр хүмүүсийн саналыг авах нь чухал боловч хуулийн төслийг тэднээр бичүүлж болохгүй. Хуулийг Засгийн газар, хууль зүйн бодлого хариуцаж буй Хууль зүй дотоод хэргийн яамны ажил. Монгол Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар бүх хуульд хүний эрхийг хангаж чадаж байна уу гэдэгт дүн шинжилгээ, мониторинг хийх шаардлагатай. Цагдаа хүний эрхийг хангах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй бол нийгэмд тайван бус байдал бий болж хэнд ч баталгаагүй нөхцөл үүсэж айдаст автана. Хамгийн том илрэл нь Цагдаагийн албан хаагчид хүчингийн, хүн амины, эрүүдэн шүүсэн байж болзошгүй олон хэрэгт удаа дараалан холбогдож байна.Тэгэхээр энэ байгууллагын тогтолцоо нь болохгүй байна уу, бодлого нь болохгүй байна уу гэдгээ тогтоож өөрчлөлт хийх хэрэгтэй. Түүнээс зөвхөн даргыг солиод асуудал шийдэгдэхгүй байна. Бизнесийн салбарт олон дараалсан шалгалт нь аж ахуйн эрхлэгчдэд дарамт учруулсаар байна. Төрийн албаны хуулиар улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглосон. Үүнээс болж тэд эрхээ хамгаалж чадахгүй зөрчилдөж байна. Уг нь төрийн жинхэнэ албан хаагчдад намын харьяалал илүүтэй байдаг болохоос биш төрийн үйлчилгээний албан хаагчдад ийм заалт байдаггүй. Иймэрхүү байдлаар хууль ёсны хүний эрхээ хамгаалж чадахгүй, хүний эрхийн зөрчил гарсаар байна. Шударга үнэний дуу хоолой болж дарга нарыг шүүмжилснийхээ төлөө шоронгийн хаалга татаж байна.Энэ нь манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс, хүний эрх чөлөөний индексийг хойш татаж байна. Үүнд томоохон бодлогын өөрчлөлт гаргах ёстой. Парламентын засаглалтай орны хувьд гол манлайлах газар нь Засгийн газар. Ерөнхий сайд хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. Тиймээс цаашдаа үе, үеийн ерөнхий сайд ар улиралдаа нэг удаа УИХ-д болон олон нийтэд Монгол Улсын хүний эрх чөлөөний хэрэгжилтийн талаар, зөрчлийг арилгасан талаарх тайланг ил тод мэдээлдэг жишиг тогтоосой гэж хүсэж байна.
Хүний эрхийн процесс шударга ёсоор хамгаалагдана
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Өнгөрсөн парламентаас хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ биелүүлэх хүрээнд тодорхой хуулийн шинэчлэлүүдийг хийж ажилласан. Үүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийг онцолмоор байна. Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа 2023 оны арваннэгдүгээр сард энэхүү хуулийн төслийг өргөн барьж байлаа. Парламент энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталж, хуулийн хэрэгжилт эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дур зорго давамгайлах орон зайг “бүслэн хаах”, “харилцан хяналт тэнцэл”, “нээлттэй байх”, “тэгш эрх”, “дотоод ардчилал”-ыг дэмжих замаар процессын шударга ёсыг хуульчилж тогтоодог. Нийгмийн шударга ёсыг хуулиас гадуур хэн ч тогтоодоггүй учраас тэр юм. Энэ хүрээнд хуульд хүний эрх, эрх чөлөөг хангах талаар тусгагдсан юм. Тухайлбал, “Хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий, дур зорго үзэмжээр тайлбарлаж хүнийг баривчилдаг үндэслэлийг хуулиас хассан. хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг баривчлах үндэслэл, нөхцөлийг нэн тодорхой ойлгомжтой болгосон. Өөр үндэслэлээр баривчлахгүй гэсэн үг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нарийвчлан зааж, хөнгөн гэмт хэрэгт цагдан хорихгүй байх, цагдан хорих дээд хугацааг хоёр дахин багасгах өөрчлөлт хийгдсэн нь хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны процесст гардаг хүний эрхийн зөрчлийг бууруулж байна. Ер нь аливаа хүний эрхийн процесс шударга ёсоор хамгаалагддаг.
УИХ хянан шалгах эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байна
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Монгол Улсад хүний эрх хаана ч, ямар ч салбарт хамгаалагдахгүй байна. Энэ эрхийг Монгол Улсын жирийн иргэнээс эхлээд УИХ, Засгийн газар, шүүх, прокурор, цагдаа, цэц, ХЭҮК, орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүгдээрээ хамтаараа хичээж зүтгэж байж хамгаалах ёстой юм. Түүнээс биш ХЭҮК ч юм уу, энэ төрийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын ажил гэвэл тун өрөөсгөл болно. Манай улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг тэр чигээрээ хүний эрхийн тухай асуудлыг тусгадаг байдаг. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хяналт тун сул байна. Олон нийтийг цочроосон ямар нэг гэмт хэрэг гарсан үед л “Хүүе хүний эрх юу болж байна аа” гэдэг. Энэ чиглэлд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. УИХ хянан шалгах эрх мэдлээ хэрэгжүүлж, чангаруулмаар байна. Уг нь парламент хоёр үндсэн үүрэгтэй шүү дээ. Нэг нь мэдээж хууль тогтоох дээд байгууллага, нөгөө нь хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрх мэдэл байхгүй юу. Хоёр дахь эрх мэдэл буюу хянан шалгах эрх мэдэл нь өнгөрсөн 32 жилийн хугацаанд алдагдсан байна. Тэгэхээр УИХ-ын гишүүний хувьд зөвхөн хүний эрх гэлтгүй шударга ёс, авлига, хуулийн хэрэгжилтэд анхаарахаас гадна УИХ-ын хянан шалгах эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Ер нь бүх салбарт хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа. Монгол Улсад нийт 880 хууль байна, тэндээс 330 нь органик хууль. Органик хууль нь хүний өдөр тутмын амьдралыг зохицуулна, бусад нь нэг удаагийн чанартай, байнгын бус гэсэн үг. Тэгэхээр эдгээр хуулиудын алдаа завхралыг эхнээс нь бүгдийг засах ёстой. Энэ нь бас хүний эрхийн зөрчлийг бий болгож байна.
Хүний эрхийн талаарх хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох шаардлагатай
Хууль зүйн доктор (Ph.D), хурандаа Б.Батболд:
-Монгол Улс нь тусгаар улс л юм бол хууль, шүүхийн шийдвэр нь биелэгддэг байх ёстой. Бид нэн тэргүүнд Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх үүрэгтэй. Хүний эрхийг хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай гэж судлаачийн хувьд үздэг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцээгүй, эсхүл өөр хоорондоо зөрчилдсөн, салаа утга агуулсан, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг бүрэн хэрэгжүүлдэггүйгээс үүдэн төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдийн дунд үл ойлголцох байдал наад захын үзэгдэл болсон. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудас бүрэн биелэгдэж, төлбөр авагч иргэний зөрчигдсөн эрх сэргэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохгүй олон жил үргэлжилсээр байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн улмаас иргэний амь нас, эрүүл мэндэд учирсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудас бүрэн биелэгддэггүйгээс болж гэмт хэргийн хохирогч (төлбөр авагч иргэн) нь сэтгэл санааны болон цаг хугацааны хувьд дахин хохирсоор байгаа нь тулгамдсан асуудал болсон. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-г хуульчилж, улмаар уг хуульд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай. Эрүүгийн хууль тогтоомжид заасан хүний амь нас, эрүүл мэндэд хүч хэрэглэж үйлдсэн 59 гэмт хэрэг байгаагаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зөвхөн 21 гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төрөөс нөхөн төлбөр олгож байхаар заасан нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжууд нь өөр хоорондоо зөрчилдсөн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдсан зохицуулалт болсон байна. Судлаачийн хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудыг цэгцлэх цаг нь болсон гэж үзэж байна.
Хот төлөвлөлт газрын асуудлыг дагаж өөрчлөгдөх ёсгүй
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул:
-Аливаа салбарын тогтолцоог зохицуулсан хууль, дүрэм, журмуудын нөлөөнд хамгийн түрүүнд иргэд өртдөг. Тиймээс тухайн хууль, дүрэм, журмыг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаснаар тэдний эрх хамгаалагдана. Жишээлбэл, хот төлөвлөлтийг хийхдээ хүний эрхийг хангаагүйгээс янз бүрийн зөрчил олон зүйл дээр илэрч байна. Тиймээс хотын удирдлагууд цаашид хотын төлөвлөлтийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангахад анхаарч байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан өрөөндөө суугаад зураг зурах биш уг хороонд амьдардаг иргэд яг юу хүсэж байгааг мэдэрч хийх ёстой. Тухайн дүүрэг, орон сууц, хорооллын гадаа нь авто машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай сургууль, цэцэрлэг зэргийг цогцоор нь хийх хэрэгтэй. Ингэхдээ иргэдээсээ саналыг нь авч улмаар ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төлөвлөх юм. Нөгөөтэйгүүр, нэг зүйлийг ажиглахад газар болгон ерөнхий архитектурын зураг хоорондоо зөрөлдөөнтэй байдаг. Үүнээс шалтгаалж газрын маргаантай асуудлууд үүсэж улмаар ажлууд нь гацаад байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, газар олголт төлөвлөлтөө дагах ёстой. Түүнээс төлөвлөлт нь газрын асуудлыг дагаж өөрчлөгдөх ёсгүй. Цаашид ийм зарчим байж болохгүй гэдэгт хотын удирдлагууд анхаарч байна. Энэ нь хотын иргэдийн эрүүл, тайван орчинд амьдрах эрхийг зөрчдөг. Түгжрэлд амьдралынхаа ихэнх цагаа зориулна гэдэг хүний хөдөлмөрлөх бүтээмжийг алдагдуулсаар байна.Түүнчлэн хотын замууд торон сүлжээгээр ойрхон холбогдох ёстой. Ингэснээр хол, хол холбогдсон сүлжээг ойртуулна гэсэн үг. Энэ нь түгжрэлийг бууруулах нэг алхам. Түүнчлэн натурын замд ямар ч төлөвлөлтгүйгээр олон орон сууцуудыг сургууль, цэцэрлэггүйгээр зай завсаргүй барьсан нь хүний эрхийг хангаагүй гэдэг нь хот төлөвлөлтэй дагаж ололтоо олгоогүйтэй шууд холбоотой. Нэгэнт баригдсан хорооллыг буулгах хэцүү. Тиймээс хотын удирдлагууд “20 минутын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хотын хойд хэсгээр ”Сэлбэ дэд өртөө”-г хоосон газар дээр шинээр хороолол байгуулна. Энэ хорооллыг анхнаас нь хүний эрхийг хангасан байхаар төлөвлөн хийж байгаа.
Хүний эрхийн асуудалд гал унтраасан байдлаар аргацааж хандахаа болих ёстой
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
- Үндсэн хуульд зааснаар төр нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Хүний эрхийг хангах, хамгаалахад оролцохгүй төрийн байгууллага гэж байхгүй. УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурор, Засаг дарга гээд бүхий л байгууллага чиг үүргийнхээ дагуу үүрэг хүлээдэг. Өнөөдөр Үндсэн хуульд заасан иргэний эдлэх эрхийг бүрэн хангаж чадахгүй байна. Тухайлбал, хохирогчийг хамгаалах тогтолцоо сул, хохирсон дээрээ нэмж цаг хугацаа, хөрөнгө, сэтгэл санаагаар хохирогч болж байна. Иргэний, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувь харахад л энэ хангалтгүй, 60 хүртэл л хувьтай байдаг. НҮБ-ээс гаргасан Монгол Улсын хөгжлийн дүн шинжилгээнд дурдсан хөгжлийн үр шимээс хоцорч, давхар давхар гачигдалд өртөж байгаа 10 бүлэг иргэдийн эрхийг хангах асуудал гээд үргэлжилнэ дээ. Хүний эрхийн асуудалд нэг удаагийн гал унтраасан шинжтэй байдлаар аргацааж хандахаа л болих ёстой. Хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээ нь нэг удаагийн шинжтэй биш салбарын зохицуулалт, тогтолцоо, байгууллагын соёл, зорилго, албан хаагчдын хандлага болж байж хүний эрхийн нөхцөл байдалд ахиц гарна. Хүний эрхийг хамгаалж байгаа дүр үзүүлж ямар нэг өөр байгууллага руу асуудлаа нялзааж, үндсэн суурь асуудлаа анхаарахгүй орхидогоо болих ёстой.
Тэгш бус байдлыг бууруулах, ядуурлыг бууруулах, амьжиргааны чанарыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал Монгол Улсын хувьд шийдэх ёстой суурь асуудал мөн. Комисст ирүүлдэг гомдол, комисоос хийсэн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын үр дүнгээс халдашгүй байх эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх, хувийн нууц хамгаалуулах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын эрхийн асуудал хамгийн их хувь эзэлж байна. Зорилтот бүлгийн хувьд хүүхдийн, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, алслагдмал газар амьдардаг иргэдийн эрхийг хамгаалах тал дээр онцгой анхаарах хандуулах шаардлагатай байна.
Хүний эрхийг хязгаарласан хуулиудаа даруй өөрчлөх шаардлагатай
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров:
-Хүний эрхийн чиглэлд холбогдох арга хэмжээнүүдийг төрийн зүгээс авч байгаа гэх боловч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Хүний эрх гэдэг хүн хөгжих, хүний ёсоор амьдрах боломж. Эрх нь хэдий чинээ баталгаатай хангагдаж байна, тэр хэрээрээ төр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна, төдий чинээ төр ардчилсан байна гэж тооцогддог. Харамсалтай нь энэ үзүүлэлтээр манай улс байнгын ухралттай байна. ХЭҮК, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудаас санал зөвлөмж, дүгнэлт гарган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, хууль тогтоогчдод хүргэдэг ч ганц нэгийг эс тооцвол тэр бүр хуульд тусгалаа олохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын, тэр дундаа хохирогч, холбогдогч талын аль алиных нь эрхийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж, баталгаажуулах, яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний нөхцөлийг хангаж, үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд шударгаар шүүлгэх эрхийг бодитой хангахад чиглэсэн өөрчлөлтүүд шаардлагатай. Энэ оны эхэнд УИХ-ын 38 дугаар тогтоолоор өмгөөлөгч, прокурор эрх тэгш мэтгэлцэх нөхцлийг хангах чиглэлд хууль тогтоомжийн өөрчлөлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоолын дагуу өөрчлөлтүүд хийгдэх учиртай. Хүний эрхийг хангасан сайн хууль батлан гаргах нь асуудлын зөвхөн нэг тал. Харин түүнийгээ мөрдүүлэх, иргэдийнхээ эрхийг таниулан мэдүүлэх, баталгаатай эдлүүлэх нь төрийн гол үүрэг. Хууль зүй, дотоод хэргийн яаманд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудлыг хариуцсан чиг үүрэгтэй газрыг яамны бүтцэд шинээр байгуулж байгаа гэж сонссон. Энэ маш чухал алхам. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд Өмгөөлөгчдийн байгууллага гар бие оролцоход бэлэн. Түүнчлэн Иргэний үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрхийг хязгаарласан шинжтэй хууль тогтоомж, шийдвэрүүдээ өөрчлөх, хүчингүй болгох, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх ажлыг хийх шаардлага байгаа.
Төрийн алба дотор хүний эрхийн “чимээгүй” зөрчил байна
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Орон нутгийнхаа иргэдтэй өмнө нь Засаг даргын хувьд уулздаг байсан бол энэ удаа гишүүний хувьд очиж, уулзаж ярилцаад ирлээ. Иргэдийн зүгээс дэвшүүлж буй асуудал өөр болсон байна. Хүний эрхийн асуудлыг их хөндөж байна. Цагдаа шүүх дээр хэлмэгдлээ гэсэн гомдлын шинж чанартай зүйлсийг ч ярилаа. Хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллагууд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчил гаргаж байна. Энэ асуудалд цаашид олон нийтийн анхаарлыг татсан тохиолдол гарахаар шийдээд өнгөрөх бус тогтолцооны шийдлүүдийг ярих хэрэгтэй. Нөгөө талаас зарим зөрчлийг хэт томруулж, ямар нэгэн газраас шийднэ гэж хүлээх биш байгууллага дотроо засаж залруулах, шинэчлэх механизмыг бий болгодог тийм сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Тэр дундаа төрийн алба дотроо “чимээгүй” хүний эрхийн зөрчил байхыг үгүйсгэхгүй. Хөдөө орон нутагт ажиллаж ирсэн хүний хувьд төрийн албан доторх архидалтын асуудал байсаар байна. Архи уусан хүн бусдыг дарамталдаг, зодоон болдог. Эрэгтэй албан хаагч эмэгтэй албан хаагчийг шөнө оройн цагаар дуудаж дарамталдаг байх жишээтэй. Энэ нь ямар нэгэн үйлдэл болохгүй ч шөнө оройн цагаар дуудна гэдэг нь өөрөө хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Тэгээд хуулиараа тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Шүгэл үлээгээд гарч ирэх боломжгүй. Тэгэхээр төрийн албан дотор хүний эрхийн чимээгүй зөрчил байх вий гэдэгт анхаарах хэрэгтэй.
Татварыг бууруулснаар эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Олон улсад Монгол Улс ардчилсан улс, хүний эрхийн нөхцөл хүндэрсэн хэцүү орон гэж үздэггүй. Хүний эрхийг төр нь хангаж чадаж байна уу гэдэг мөнхийн асуулт учраас хэзээ ч хангалттай байгаагүй. Мэдээж сайжруулах зүйл үргэлж байдаг. Саяхан Шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгнийг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлах, саатуулахыг хориглох тухай шийдвэр гарсан. Үүнийг хүний эрхийг хангах нэг дэвшил гэж харж байна. Мөн сэтгүүлчдийг их, бага хэмжээгээр шоронжуулах бүхий 13 заалт бүхий холбогдох хуульд байна гэсэн мэдээлэл авсан. Мэдээж сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн үүднээс хариуцлага хүлээх зүйл байна. Гэхдээ шоронгоор далайлгах заалт байж болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн түвшинд аваачиж шийдвэрлэх ёсгүй. Үүнийг сайжруулснаар Монгол Улсын хүний эрхийн хангах индексийг сайжруулах том алхам болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө хангалттай биш байна. Монгол Улс улс төрийн эрх чөлөөтэй улс болж чадсан. Харин эдийн засгийн хувьд төрөөс хэт хамааралтай байна. Эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэхийн тулд татварыг бууруулснаар үйлдвэрлэл, бизнес хөгжих нөхцөл бүрдэнэ. Бид татвараа европын орнуудтай харьцуулж үзээд бага гэж үздэг. Гэвч манай өртөг тэднийхээс өндөр. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа, тээвэр ложистекийн өртөг өндөр.Тиймээс татвар бууруулснаар эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэнэ.Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг амьдрал дээр буруу хэрэгждэг болсон. Төрд ойрхон намын статустай, намд найзтай хүмүүсийн бизнес томордог. Ийм зүйл байж болохгүй. Тэгэхээр татварыг бууруулж төр болон намын, улстөрчдийн оролцоотой эдийн засаг бизнесийг багасгаснаар эдийн засгийн эрх чөлөөг хангана. Энэ нь эрх чөлөөт нийгмийн суурь. Улс төрийн эрх чөлөөг шууд бүдүүлгээр хааж хязгаарлахаас илүүтэй сууриар нь тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй. Багийн иргэдийн нийтийн хуралд асуудлаа шууд ардчиллын зарчмаар хэлэлцдэг зарчмыг үгүй хийж хорооны даргыг томилдог хэлбэр рүү оруулах өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоог цааш түлхэж буй зүйл харагдаж байна. Жишээлбэл, иргэдийн улс төрд оролцох боломж мөнгөөр хэмжигдэж байна. Сонгуультай жил төсөв нэмэгддэг нь мөнгөний том сүлжээтэй хүн улс төрд оролцох боломжтой болж байна. Тэгэхээр үүнийг эвдэхгүйгээр улс төрийн болон, эдийн засгийн эрх чөлөө хангагдахгүй.
Хүний эрх хуулийн хамгаалалтгүй байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу эрүү шүүлт, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шүүгч, гэрчид нөлөөлөх төрлийн гэмт хэргийг шалгадаг тогтолцоо ерөөсөө ажиллахгүй байна. Иргэн утас хулгайлсан бол хорьж байгаад хэргийг нь шалгаад байдаг. Гэтэл албан тушаалтнууд хуулийн нэр барьж, хууль зөрчөөд байхад шалгахгүй байна. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг шалгах тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн хүрээнд ажиллахыг анхааруулах шаардлагатай байна. Түүнчлэн Монгол Улсад эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байна. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг чиг үүргийн байгууллагууд ямар түвшинд, хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна гэдгийг ярьж, хаа хаанаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Аливаа хэргийг төр үйлдэж байна уу, иргэн үйлдэж байна уу хамаагүй. Гэмт хэрэг бол гэмт хэрэг. Гэмт хэрэг биш бол гэмт хэрэг биш байх ёстой. Энэ бол шударга ёсны нэг үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг шалгах тусгай байгууллага байгуулах ёстой. Үүнээс өөр гарц шийдэл харагдахгүй байна. Саяхан гэхэд хуулийн байгууллагад шалгагдаж, хоригдож байсан иргэн эрхээ хамгаалуулж чадсангүй, харамсалтай. Хүн хуулийн хүрээнд ямар ч хамгаалалтгүй байна гэдэг нь харагдаж байна. Гүйцэтгэх ажиллагааны цаана ямар асуудал өрнөж байгаа нь ил тод биш, төрийн нууц, эсвэл ажиллагааны нууц гэдэг халхавч дотор өрнөж байдаг. Хэнд ч мэдэгдэхгүй, харагдахгүй. Гэтэл гүйцэтгэх ажиллагааны гажуудлын үр дүнд нь эрүү шүүлтийн асуудал яригдаж байна. Энэ чиглэлд хууль, эрх зүйн реформ хийх шаардлага бий. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага байна. Үүнийг ярихаас өөр аргагүй. Хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Үйл ажиллагааны нэгдсэн стандарт гэж байхгүй. Үүнийг нь хянадаг дотоод хяналтын тогтолцоо байхгүй. Хууль зүйн яамны дотоод хяналт хүн хүч хүрч ажиллаж чадахгүй, угаасаа боломжгүй юм билээ. Мөн парламент дээр ч гэсэн хуулийн биелэлт, хүний эрхийн хяналтын тогтолцоо сул байна. Энэ чиглэлд томоохон реформ хийх ёстой гэдэг нь маш тодорхой байгаа.
Хүний эрхийн зөрчилд хариуцлагын тогтолцоо чухал
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Бид нийтээрээ хүний эрхийн зөрчил их байна, хүний эрх зөрчигдөж байна гэж ярих боловч хүний эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд, албан хаагчид ямар хариуцлага хүлээлгэсэн тухай ярихгүй орхидог нийтлэг алдаанууд харагдаж байна. Тиймээс цаашдаа бид иргэн төвтэй хөгжлийн асуудлыг хөндөж тавьж байгаа бол хүний эрхэд халдсан хүний эрхийг зөрчсөн субьектуудад хариуцлага тооцдог системийг бодитой болгож ямар хариуцлага тооцсон, ямар үр дүн гаргасан бэ гэдгийг тухай бүр нь цэгнэж, цаашдаа дүгнэдэг тогтолцоо руу явах шаардлагатай. Хүний эрхийн зөрчлийн талаар олон жишээг хэлж болно. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилт ямар түвшинд байна гэдгийг яг тухайлан заасан эрхийн хэрэгжилтийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд эрэмбэлж тодорхой дүгнэлт гаргаж авч үзэх нь зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоогчдын зүгээс хууль тогтоох байгууллагын зүгээс ямар хууль зүйн шинэчлэлийг иргэдэд ямар боломжийг бий болгох вэ гэдэг тал дээр хүний эрхийн байгууллагууд илүү нээлттэй ажиллах шаардлагатай байна. Ер нь төрөөс хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үүргээ биелүүлэхгүй байгаа олон жишээ баримтуудыг бид нийтээрээ ярьж хэлж шүүмжилдэг. Тухайлбал Улаанбаатар хотын тухайд бол агаарын бохирдол, хөрсний бохирдол нь эргээд энд оршин сууж байгаа хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, иргэдийн дунд өвчлөл нэмэгдэх, хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэх, эх хүүхдүүдийн хувьд бол өвлийн улиралд ханиад томуугаас эхлээд өвчлөл эрс нэмэгдэх. Мөн угаартаж амь насаа алдах зэрэг нөхцөл байдлууд нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн ийм шүүмжлэл дүгнэлтийг бий болгоход хүргэж байна. Тийм учраас агаарын бохирдол, хөрсний бохирдлоос гадна иргэд тав тухтай байх, түгжрэлгүй Улаанбаатар хотод амьдрах тэр бодлого үйл ажиллагаа бол нэн тэргүүнд тавигдаж байгаа. Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа салбар гэх асуудлын хүрээнд тухайн салбарыг онцлохоосоо илүү Үндсэн хуулиар олгогдсон хүний баталгаатай эдлэх эрхийн хэрэгжилт ямар байна вэ түүнийгээ дагаад тэр эрх маань бодитой хэрэгжихгүй байгаа шалтгаан юу вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулах нь зүйтэй байх гэж үзэж байна.
Нийгмээрээ итгэлцлийн гүн хямралд автсан байна
Хуульч Д.Үүрцайх:
-Төрөөс иргэдийн эрхийг хангаж чадахгүй байгаа учраас өнөөдөр иргэд нь ирээдүйдээ итгэх итгэлгүй, хангалттай их байгалийн баялагтай ч эдийн засаг нь шалан дээр уначихсан, эрх мэдэлтнүүд нь тэнгэрт тултал баяжчихсан, нийгмээрээ итгэлцэлийн гүн хямралд автсан байдалтай байна. Үүний шалтгаан нь иргэдийн муу, геополитикийн нөхцөл байдал, цар тахал, Ерөнхий сайдын байнга хэлдэгчилэн “амаргүй цаг үе” гэгчтэй огтхон ч хамаагүй. Асуудлын гол нь Монголын төрийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалт суурь алдаатай, түүнээсээ болоод авлигадаа нэвт идэгдсэн, улстөрчид нь харилцан барьцаалагдсан, засаглалын хямралд орсон явдал юм. УИХ-ын 118 гишүүдийг багтаасан намууд хамтарч Засгийн газар байгуулсан энэ бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульдаа зайлшгүй оруулах шаардлагатай, дутуу хийгдсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, төрөө эхлээд зоригтой бүрэн цэгцэлж авах хэрэгтэй. Одоо Ерөнхийлөгчөөс гэдэг ч юм уу, хоёр хөршөөсөө ч гэдэг юм уу айж, хулгаж төр барьвал ирэх 30 жилийн хөгжлийн боломжоо алдана. Улмаар иргэдийн тэвчээр тасарвал тогтворгүй байдал, улсаа сөнөөхөд ч хүрч мэднэ. Хүний эрхийг хязгаарлагч, зөрчигч нь төр, төрийн эрх мэдэлтнүүд л байдаг. Мэдээж хэрэг, иргэдтэй өдөр тутамд тулж ажилладаг хууль сахиулах, төрийн захиргааны болон шүүх эрх мэдлийн байгууллагуудад голлох хүний эрхийн зөрчлүүд гарах нь ойлгомжтой. Үүний дотроос цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний эрхийн ноцтой зөрчлүүд хамгийн ихээр гарч, олон нийтийн анхааралд өртөөд байна. Шалтгаан нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаанаас гадна, тэдгээр байгууллага дахь хуучин дарангуй нийгмээс үлдсэн соёл, хандлага, алба хаагчдын боловсрол, хүний эрхэд суурилсан хандлагын хомсдол гэж хэлж болно. Энэ салбарт шинэчлэл зайлшгүй болсныг улс даяараа харж байна. Олон нийтийн дунд салбар хариуцсан сайдаас хүлээлт өндөр байгаа ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хийсэн бодитой алхам харагдахгүй байна.
Хүний эрхийн мэдрэмж агуулсан дүрэм журам мөрдмөөр байна
Бизнесийн удирдлага, маркетингийн менежер, улстөрч Д.Болорсүрэн:
-Өдөр тутамд хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгогдсон 18 эрхээ бид эдлэж чадахгүй байна. Төрөөс хүний эрхийг хангах үүднээс ХЭҮК гэж газар байдаг боловч энэ нь зөрчигдөж буй эрхүүд дээр судалгаа хийж зөвлөмж гаргах төдийхнөөр ажиллаж буй нь хангалтгүй санагддаг. Зуны амралт зугаалгатай энэ үед ихэнх хүмүүс гэр бүлээрээ аялал зугаалга, нутаг усандаа очих, 100 жилүүд гэх тэмдэглэлт ойдоо явж байна. Миний хувьд ч ялгаагүй 3500 км яваад ирлээ. Замдаа хэд хэдэн нүд халтирам осолтой таарлаа. Дэд бүтцийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд орон нутгийн зам стандарт шаардлага нийцээгүй, хэт нарийн бас орон нутгийн авто зам засвар буюу АЗЗА-нууд тогтмол засвар арчилгаа хийхгүй улмаас замын эвдрэл ихтэй байна. Мөн буруу хүрдтэй машинтай холын замд гарч нарийн зам дээр гүйцэж түрүүлснээс болж хурдтай явж байгаад эвдрэлтэй замд осолд орж амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог. Энэ нь хүний амьд явах үндсэн эрхээ алдахад хүргэсээр. Монгол Улсад бүх салбарт стандарт гэж зүйл алга. Авто замын салбарт зам тавьж буй замын компаниуд стандартын дагуу замаа тавьж АЗЗА-нууд цаг тухайд засвар арчилгаагаа хийж мөн бид жолооны дүрэмдээ зүүн хүрд зөвшөөрдөг хэр нь баруун талдаа хүрдтэй хуучин машин импортоор оруулж ирж байгааг хязгаарлах ёстой. Жилд 500 гаруй хүн авто тээврийн осолд орж нас барж буй нь дайн байлдаантай улсаас ч их хүн ам маань эндэж амьд явах үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна.Иймээс салбар бүрийн хуулийг олон улсын стандартад нийцүүлж түүнийгээ дагасан хэрэгжих боломжтой дүрэм, журам гаргаж мөрдөх, хяналт тавих хэрэгтэй.
Хүний эрхийг хамгаалдаг биш зөрчдөг хуулийн заалт олон байна
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Өнөөдрийг хүртэл хүний эрхийн чиглэлд оновчтой бодлого байхгүй байна. Уг нь бид эрх зүйт төртэй. Хүн хоорондын харилцааг хуулиар зохицуулж байдаг. Одоогоор Монгол Улсад батлагдсан 800 гаруй хууль байна. Тэдгээрээс нэг удаагийн, тусгай зохицуулалтын хуулиудыг хасахаар 300 гаруйхан хууль нийгэм хоорондын харилцааг зохицуулж байна гэсэн үг л дээ. Тэгээд түүнээс 2000 гаруй хуулийн заалт нь хүний эрхийг хамгаалж, хангаж чадахгүй, зөрчиж байна. Үүнийг хууль батлах дээд байгууллага нь судалгаа хийгээд гаргаад ирсэн. Энэхүү хуулийн завхралыг засахгүй бол хүний эрх зөрчигдсөөр байна. Тэгэхээр энэ парламентын нэн тэргүүнд хийх ёстой ажил юу гэхээр хүний эрхийг хангадаггүй дээрх хуулийн заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт шаардлагатай хэсэгт дүн шинжилгээ хийж, хууль баталж, хүний эрхийг хангахад анхаарах шаардлагатай байна. Тэгж байж өнөөдөр бид ардчилсан улс болно.
Өнөөдөр ил болж буй хүний эрхийн зөрчлүүд бол зөвхөн үр дүн. Эдгээртэй зодолдоод нэмэр байхгүй. Тогтолцоон дээрээ биш процессын явцад алдаа гарахаар хэн нэгний буруу болоод, хүнийг хүнээр солиод явсан учраас 30 жил ардчилсан улс явсан хэрнээ хүнлэг, энэрэнгүй, нийгмийг бүтээж чадаагүй байна.
ХЭҮК-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцдог системийг илүү дээшлүүлэх шаардлагатай
Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Д.Булгамаа:
- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил их байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаануур, Ренчинлхүмбэ сум ундны усны худаггүй. Энэ бол хүний эрхийн наад цахын хэрэгцээ. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол, агаарын бохирдол өндөр байгаагаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирсаар байна. Үүнийг дагаад иргэдийн өвчлөл өндөр хувьтай байгаагийн зэрэгцээ, өвлийн улиралд угаартаж нас барж байгаа иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Мөн сонгуульд санал өгөх сонгогч иргэдийнхээ тоог маш сайн мэддэг, бүртгэдэг атлаа хүүхдэд тавих хараа хяналт бүх түвшиндээ хангалтгүй байна. Энэ нь хүүхдийн үл хайхрах хүүхдийн эрх зөрчигдөх үндэс болж байна. Тухайлбал, Бүтэн өнчин хүүхдүүдээ бүртгэж чадаагүй л байна. Улсын хэмжээнд 3000 орчим бүтэн өнчин хүүхэд байдаг гэх боловч 300 гаруй хүүхэд нь л асрамж халамжийн төвүүдээр хүмүүжиж байна. Үлдсэн хүүхдүүд маань хаана, хэний асрамж халамжид өсөж торниж, эрх нь зөрчигдөхгүй байгаа талаар тодорхой баримт мэдээлэлгүй байна. Эдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт ямар байна, эрүүл өсөж бойжиж байна уу гэдэгт тавих хяналт учир дутагдалтай байна. Түүнчлэн үрчлэгдсэн хүүхдүүдэд тавих хараа хяналт, эрхийн хамгаалалт тавих хяналт тогтолцоо мөн л ойлгомжгүй байдалтай байдаг. Асрамжийн газраас 18 нас хүрээд гарч байгаа хүүхдүүдийн хувьд тавих төрийн хараа хяналт байхгүйгээс тэдэнд амьдрах нийгмийн баталгаа харагдахгүй байна. Энэ байдал нь гэмт хэргийн холбогдогч болох, хохирогч болох нөхцөл байдал руу аваачиж байна.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүний эрхийн зөрчилгүй, наад захын хууль ёсны эрхээ мэргэшлийн өмгөөлөгчийн туслалцаатайгаар хамгаалуулах, эрхийг хангуулах асуудал маш чухал. Үүний нэг тод жишээ бол олон нийтийн дунд нийтлэг яригдаж байгаа сэтгүүлч Өнөрцэцэгийн жишээ байна.Хүний эрхийн зөрчил гарч байгаа суурь шалтгаан бол хүмүүс эрхээ мэдэхгүй байгаатай холбоотой харагддаг. Хүний эрхийн үндэсний комисс нь аймаг бүрд нэг л ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг тогтолцоотой. Энэ байдал нь орон нутагт хүний эрхийн нөхцөл байдал хангалтгүй бодлого нөлөөллийн ажил учир дутагдалтай явагддаг, хүний эрхийг хангах үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байх нөхцөлд хүргэж байгаа юм. Иймээс тус байгууллагын чадавхыг бэхжүүлэх, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцдог системийг илүү дээшлүүлэх шаардлагатай байгаа.
Монголын төр хүний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байна
"Охидын подкаст"-ын санаачлагч, сэтгүүлч А.Уянга:
-Төр байгуулагдсан гол шалтгаан нь төвлөрсөн хүч чадлаар эргээд иргэдийн эрхийг хангах, хамгаалах. Гэвч Монголын төр хүний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байна гэж боддог. Жишээлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгээд айл өрхүүдийг нүүлгэж шилжүүлэхэд тэнд хэдэн өрхөд, хичнээн хүүхэд амьдарч байна гэх судалгаа, өөр хороо, дүүрэгт амьдарснаар хүүхдийн дасан зохицох, сургууль, цэцэрлгийн зай хол байх, цаашлаад бага насны хүүхдээ харуулдаг хамаатан садан нь холдсон уу зэрэг энгийн боловч хүүхдийн эрх зөрчигдөж, муугаар бодоход гэртээ үлдээд цонхоор унах, галд өртөх зэрэг эрсдэлээр эндэх аюул байгаа эсэх, тэрнээс сэргийлэх ямар арга хэмжээ авах зэрэгт огт анхаардаггүй. Барилгын компани санхүүгийн чадамжгүй болж хүүхэдтэйгээ очих газаргүй болсон айл өрхүүд нураасан гэрийнхээ буурин дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн зураг хүртэл байдаг. Өөр очих газаргүй болохоор тэр шүү дээ. Энэ мэт гаргаж буй шийдвэр бүрд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлсэн агуулга байдаггүй нь харамсалтай. Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх гэсэн бүтэн бүлэг байдаг ч хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн уг агуулгыг үргэлж орхигдуулдаг. Эндээс л хүний эрхийг хангах, хамгаалах алахмаас эхлэх хэрэгтэй.
Хүний эрхийн зөрчлөөс болж хамгийн хүнд байгаа салбар нь сэтгүүл зүй гэж харж байна. Эрүүгийн хуулийн 13.14 буюу гүтгэх заалт нь сэтгүүлчийн ажлаа хийж яваад санамсаргүй эсвэл баримтын алдаанаас болж эрүүгийн ялтан болох нөхцөлийг бүрдүүлсэн. Ийм алхам бүрд “тэсрэх бөмбөг” отож байгаа талбарт хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн үгээ хэлэх эрх чөлөө бүрэн хангагдана гэж бодход ч бэрх байна. Энэ нь дам дамаа иргэдийн эрх зөрчигдсөн ч хэн ч түүнийг мэдэхгүй, иргэн хохироод л үлддэг нь хэвийн мэт ойлгодог нийгэм бий болоход нөлөөлж байна. Хүний эрх зөрчигддөггүй нийгмийг хүсвэл чөлөөт сэтгүүл зүйн орчинг боож болохгүй. Энэ асуудлын шийдэх эхлэл нь ХЗДХ-ийн яам, сэтгүүлч УИХ-ын гишүүд, энэ чигллийн ТББ-ууд юм.
Боловсролын гажуудлыг арилгахын тулд гишүүдийн хүүхдийг улсын сургуульд сургах хэрэгтэй
МУИС-ийн номын сангийн захирал, Номын сан судлалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Г.Цэрэн:
-Төрөөс хүний эрхийг хангахад олон арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч яг бодит амьдрал дээр хүний эрх зөрчигдөөд байгаа зүйл багагүй байна. Ялангуяа амьдралын боломж тааруу хүнд төр төмөр нүүрээ харуулаад байна уу гэсэн бодол байдаг. Саяхан 21 настай залуу гавлуулаад өөд боллоо. Гэтэл тэр хүнийг хэдэн сараар хорих шаардлага байгаагүй нь ил болсон. Хүний жаахан хүүхдэд их л хатуу хандсан санагдсан. Үүнээс харахад Монголд үнэхээр хүчгүй, мөнгөгүй, эрх мэдэлгүй хүний эрх нь илүү зөрчигдөж байна. Өөр нэг хүний эрх зөрчигдөж байгаа асуудал бол боловсролын систем. Дунд сургуулиудад их олон давхарга үүсэж байна. Зарим хүүхдүүд маш үнэтэй топ сургуулиудад сурч байна. Эцэг эх нь мөнгөтэй учраас сайн боловсрол эзэмших бүрэн боломжтой. Дараагийн давхарга бол арай бага төлбөртэй сургуулийн хүүхдүүд. Гэтэл дараагийн түвшин нь хотын төвийн сургуулийн хүүхдүүд байна. Өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүд хоорондоо англиар ярихаар магадгүй төлбөргүй сургуулийн хүүхдүүд ойлгодоггүй. Үүнээс харахад нөгөө талд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм шиг санагдаж байгаа. Учир нь тэдгээр хүүхэд амьжиргааны түвшин доогуур айлд өссөнөөр чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байх магадлалтай. Боловсролын салбарт үүссэн гажуудлыг арилгахын тулд УИХ-ын гишүүдийн хүүхдийг улсын сургуульд сургах хэрэгтэй. Мөн цагдаагийн байгууллагад шинэчлэл хийснээр энэ хүчирхийллийн асуудал шийдэгдэж магадгүй. Хүний эрх цаашлаад эрүүл мэндийн салбарт зөрчигдөж байна. Сүүлийн үед нийгмийн даатгал, ЭМД-ын систем хөгжиж байгаа боловч цагаа тулахаар мөнгөгүй хүн төгс үйлчилгээг авахад хэцүү байна. Үүнийг хамгийн төгс шийдэж өгсөн орон нь Герман шүү дээ. Тэд бүх иргэнээ даатгалд хамруулдаг.
Хүний эрхийн асуудал лоозон төдий болжээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдаад 32 жил болж байна. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг тэр чигээрээ Хүний эрхийн тухай байдаг. Гэвч Монгол Улсад хүний эрхийн байдал бодлогын хүрээнд хэрэгжиж, хангагдаж, хамгаалагддаг гэхээсээ илүү лоозонгийн, PR-ийн шинж чанартай болсон байна. Хоёрдугаарт, хүний эрхийн байдлын индексээр манай улс дандаа ухарч байгаа. Тэр дундаа шууд бус дам байдлаар хүний эрх зөрчигдөж байна. Хуульд, хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Гэтэл өнөөдөр төрийн бодлого буруу явснаас болж оновчгүй хөрөнгө оруулалт, хавтгайрсан халамжийн уршгаар утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ. Энэ нь шууд утгаараа хүний эрүүл мэндэд заналхийлж байна. Мөн Монгол хүн эх орондоо эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Эрүүл мэндийн салбарын чадамж, урьдчилан сэргийлэх эмчилгээний технологи манайд байхгүй, дэлхийн түвшингээс хол хаягдчихсан. Дээрээс нь жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө жилээс жилд хумигдаж байгаа. Энэ нь хүний эрх гэдэг ойлголт эко системийнхээ хувьд доройтчихсон байгааг харуулж байна. Хүний эрх хамгийн эхлээд амьд явах эрхээс эхэлнэ. Дараа нь эрүүл, аюулгүй амьдрах гээд. Жам ёсны эрхүүдийг хамгаалах бодлого нэн чухал байна. Парламент бодлого ярьдаг, хууль баталдаг, харин хэрэгжилт, гүйцэтгэл дээр алдаа гардаг. Яагаад гэхээр төрийн байгууллага, институц хоорондын уялдаа байхгүй. Хоорондоо мэдээлэл, туршлага солилцдоггүй, хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагааны ижилсэл бий болгож чадахгүй байна. Тэгэхээр цаашид нэгдүгээрт, маш сайн судалгаатай, хоёрдугаарт, тэрийг шийднэ гэсэн итгэл үнэмшилтэй, улс төрийн эр зоригтой байх хэрэгтэй байна. Хүний эрхийн асуудалд хандлага, үзэл санааны манлайлал чухал гэж харж байна.
Хүний эрхийн мэдрэмж, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх хэрэгтэй
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр
-Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг хангах гэж заасан байдаг. 2020-2024 он буюу өмнөх дөрвөн жилийн Засгийн газар болон Улсын их хурлын түвшинд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлд хамгийн их ахиц гаргасан парламент, засгийн газар байсан гэж харж байна. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр бид хүний эрхийг хамгаалах, шүгэл үлээгч эрх зүйн байдлын тухай хууль дэмжигдэх тодорхой хуулиудыг санаачилсан. Хүний эрхийн комисс таван гишүүнтэй болсон, хүйсийг тэнцвэрт байдлыг хангасан, төсөв тогтолцоог бэхжүүлж өгсөн, тодорхой хянан шалгах, мэдээлэх чиг үүргийн тайлан сонсох, их хурлын түвшинд энэ асуудлыг ярилцах, гарсан зөвлөмжүүдийг салбарын байгууллагууд дээр хэрэгжүүлэх чиглэлд анхаарсан. Засгийн газрын хувьд хүний эрхийг хамгаалж ажиллах чиг үүрэг байгаа. Гэхдээ маш олон асуудал байдаг учраас салбар дундын уялдааг хангасан хүний эрхийн хороог байгуулах, ажлын алба хороогоо хэрэг эрхлэх сайд нь хариуцаад ажилласан. Мэдээж бүтэц тогтолцоо тодорхой хүчин чармайлт гаргаж байна гэдэг бол агуулгынхаа хувьд энэ асуудлуудад анхаарсан байна гэж харсан. Хүний эрхийн асуудал иргэн хүний эрхийг зөрчих, салбарын асуудлууд дээр хүний эрх зөрчих асуудал тодорхой түвшинд байгаа. Цэрэг цагдаагийн асуудал хууль бусаар мөрдөн шалгах, сэтгүүлчдийн эрх, эрх чөлөөнд халдах зэрэг тодорхой кейс асуудлууд, үзэгдлүүд гарч ирсэн. Энэ бүхэн дээр дуу хоолой хүргэх тэр дор нь ХЭҮК ажиллах цагдаагийн үйл ажиллагаа прокурорын шийдвэрийг нээлттэй байлгах, олон нийтийн хүний эрхийн асуудалд хандах хандлага хяналт мэдлэг ойлголт жендерийн үндэсний хорооны хувьд чадавх бэхэжсэн. Мэдээлдэг мэдээлснийг шалгаж илүү амжилт гаргасан гэж найдаж байна. Хүний эрхийн зөрчилтэй мэдээж цаашид тэмцэх хэрэгтэй, ямар арга хэлбэрээр тэмцэх вэ гэхээр тухайн асуудал хариуцаж байгаа байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь чухал. Тухайлбал, хуулийн байгууллага хянан шалгах, прокурор, мөрдөн байцаалтын түвшинд хэрэгжихгүй байх. Энэ асуудлууд, хүний эрхэд халдахгүй байх, хүндэтгэх юм. Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүний эрхэд халддаг байдлыг анхаарах, нэг удаа хараад өнгөрөх биш тасралтгүй анхаарах нь чухал.
Хүний эрхийг хамгаалах хуулиуд нь тунхагийн шинжтэй байна
Сэтгүүлч Б.Батцэцэг:
-Төрөөс Хүний эрхийг хамгаалах үндсэн үүргээ хангах, хэрэгжүүлж чадаж байна уу гэвэл ерөнхийдөө цаасан дээр байна гэж хэлж болно. Шат шатны байгууллагууд нь хоорондын уялдаа холбоогүй учир Хүний эрхийг хамгаалах хуулиуд нь тунхагийн шинжтэй. Тухайлбал, цар тахлын үед үзэл бодлоо илэрхийлсэн хүнд ямар арга хэмжээнүүд авагдаж байсныг санах хэрэгтэй. Мөн сонгуулийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санал өгөхөд тулгамдсан асуудал нь хоёр давхарт саналын байр байсан нь дээшээ гарахад нэн бэрхшээлтэй байсныг дурдаж болно. Энэ мэтчилэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх болон сонгох эрхээ эдлэхэд бэрхшээл бий. Гэр бүлийн хуулиа таван парламент дамжуулаад тунхагийн шинжтэй явуулаад байна. Үүнээс болж гэр бүлийн суурь зохицуулалт нь сул байгаа нь асуудлыг ар араас нь дагуулж байна.
Хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа салбар гэвэл жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хууль нь батлагдлаа хамгаалдаг боллоо. Гэвч ахиц дэвшил нь юу байна. Төлөөлөл болсон гишүүд сонгогдлоо одоогоор үр дүн харагдахгүй байгаа ч нийгмийн суурь болсон хандлагын асуудал руу чиглэсэн нөлөөллийн ажил хийх хэрэгтэй. Гэхдээ нөлөөллийн ажлыг хэрхэн өгөөжтэй хүртээмжтэй хийх вэ гэдэг нь бас тусдаа асуудал. Өнгөрсөн хугацаанд асар их өртөгтэй ажил хийгдэж байсан нь үр дүн тааруу байсан нь өнөөдрийн олон хүний эрхийн зөрчил харуулж байна. Тухайлбал, 461-т хоригдож, эрхээ хязгаарлуулж байгаа ч суух сандалгүй байх нь зөв юм уу. Мөн хүүхдээ асрамжийн газар үлдээгээд хүүхдийн мөнгө авдаг эцэг, эхчүүдийг яах вэ. Хайрлагдах эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийг яах вэ. гэсэн олон асуулт бий. Нөлөөллийн болоод ёс суртахуун, ухамсрын асуудлаас эхлэх ёстой болов уу.
Шинэ сайд хохирогчийн эрхийг хэддүгээрт эрэмбэлэхийг харна
“Eagle news” телевизийн тоймч Г.Улсболд:
-Сэжигтний, яллагдагчийн, ялтны эрх хүний эрхийн бодлогын цөмд байж, сүүлийн дөрвөн парламент хорьж цагдах, саатуулах, өмгөөлөгчөөр хангах, ажиллагаа явуулах процесс, ялын бодлогыг л нухаад байна. Хохирогчийн эрхийг ярихгүй байна. Хохирогчид гэмтэн мэт чичлэгдэж, эхлээд цагдаа, шүүхээр явж, дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хаалга сахина. Иргэн, захиргааны хэрэг дээр гэхэд хохирогчид 1-3 шатны шүүхээр цаг зав, сэтгэл санаа, өмгөөлөгч болон бас бус зардал гаргаж яваад арайхийн заргаа авч, эрхээ сэргээлгэнэ. Гэвч иргэн, аж ахуйн нэгжийг хохироосон нөгөө тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлдэггүй. Ингээд шүүх засаглалын шийдвэрийг захиргааны байгууллага болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр царайчилна. Иргэд, аж ахуйн нэгж хоорондын, төр иргэн хоорондын маргааныг шийдсэн шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа тохиолдолд иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо төлүүлэх тухай ярих аргагүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт 10 гаруй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт 40 гаруй хувьтай байна гэж Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үедээ ярьж байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд дахин шүүхдэлцдэг манайх шиг дампуу тогтолцоотой улс байхгүй гэж хуульчид ч ярьдаг. Гэвч Засгийн газар, хууль тогтоогчдын зүгээс хохирогчийг хохирсноор нь үлдээсэн гажуу тогтолцоог зассан нь үгүй. Өнгөрсөн онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажлыг нь үлдээгээд, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг шүүх засаглалд шилжүүлнэ гэсэн концепц Хууль зүй, дотоод хэргийн яам дэвшүүлсэн. Улс төрөө дийлээгүй юу, өр ихтэй улстөрчдийн лоббиг бараагүй юу мэдэхгүй. Сүүлийн 10 гаруй жил ярьсан энэ өөрчлөлт яриа төдийгөөс хэтрээгүй. Нэгэнт тогтолцооны шинжтэй шинэчлэл учраас УИХ-ын гишүүн биш Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж оруулж ирэх байх. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон О.Алтангэрэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн намтартай. Бусдад чадуулсан, ажилгүй болсон олон мянган хүн, олон зуун компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр бөртийтлөө хараад байж байгаа. Хохирогчийн эрхийг хэддүгээрт эрэмбэлэхийг харна даа.
Эрхээ хамгаалахын тулд оновчтой хууль хэрэгтэй
Сэтгүүлч Ч.Мөнхзул:
-Яг хүний эрхийг төрөөс хангаж чадаж байна уу гэвэл чадахгүй байна гэж хэлнэ. Хүн бүрд хамгийн анхдагч эрх гэж байдаг. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох. Гэтэл энэ үндсэн эрхүүд зөрчигдөж байгааг бүгд мэднэ. Жишээлбэл, Монголд төрж байгаа нялх үрсийн 20 хүртэлх хувь нь ямар нэгэн байдлаар согогтой. Энэ бол хөрсний бохирдол болон Улаанбаатар хотын хорт утаанаас үүдэлтэй. Энэ чинь хамгийн энгийн амьд явах эрх шүү дээ. Дараачийнх сурч боловсрох. Хүүхэд бүхэн суурь боловсролоо үнэ төлбөргүйгээр авах эрхтэй. Гэтэл хөдөө орон нутагт, алслагдсан зарим сумдад бичиг үсэг огт мэдэхгүй байдал залуучуудын дунд их байна. Энэ бол аюул. Ямар ч боловсролгүй. Өнөөгийн нийгэмд боловсролгүй, суурь боловсролгүй, нэрээ бичиж чадахгүй, тоо тоолж чадахгүй иргэд байна гэдэг хамгийн наад захын яг амьд явах эрхтэй нь шууд холбоотой асуудал. Хэрхэн эрхээ хангаж чаддаг болох вэ гэвэл хамгийн зөв, оновчтой хууль тогтоомж. Гол нь тэрхүү хуулийн хэрэгжилт. Гэтэл Монголын хууль гурав хоног л гэх юм. Хэрэв хууль гарсан л бол хэрэгжүүлээд, дагаж мөрдөх бүх процесс, механизм нь иргэддээ үйлчилсэн, төгс болох ёстой. Тэгэхгүй гурав хоног дагаж мөрдөхийн тулд хууль батална гэдэг аймшигтай сэтгэхүйгээс холдох хэрэгтэй. Дараачийнх нь иргэд өөрсдөө мэдээлэлтэй байх. Би ямар эрхтэй билээ. Энэ эрхээ яаж хэрэгжүүлэх ёстой билээ. Үүний тулд би төрд хяналт тавих ёстой гэдгээ мэддэг байгаасай. Гэтэл иргэд маань өөрсдөө мэдлэг муутай, мэдээлэл багатай, төрдөө эргээд хяналт тавих эрх нь өөрт нь байгаа гэдгийг мэддэггүй.
Хотод эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна
СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Мөнхбадрал:
-Манай улс хүний эрхийг дээдлэх хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг байгуулна гэсэн үндсэн хуультай. Тэр зарчмынхаа дагуу ажил үүргээ хийж байгаа байх. ХЭҮК ч юм уу эрх хамгаалах байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу ажиллах үүрэгтэй. Энэ өнцгөөс нь харвал манай улс ард иргэдийнхээ хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэж хардаг. Гэвч зарим тохиолдолд үйл ажиллагаа нь хөрсөн дээрээ бууж байгаа юу гэдэг туйлын эргэлзээтэй. Мөн хүн бүхний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энэ хотод зөрчигдөж байгаа. Өвөл нь утаатай, зуны улиралд байгалийн гамшигт өртдөг. Хэдийгээр байгалийн үзэгдлийг яаж ч чадахгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх, үерийн далан, усны голдирол, замын засварыг хийхгүйгээс хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Хүний эрхийг тогтвортой хангаж чаддаг болохын тулд төр хамгийн эхэнд иргэдээ эрүүл аюулгүй орчинд, амьд явах эрхийг хангах, нэр төрөө хамгаалах эрхээ эдлэхэд нь шударга ёсыг тогтоож өгөх ёстой. Энэ нийгэмд монгол хүний эрхэмлэн дээдлэх ёстой үнэнч шударга зүйлс төлөвшиж байж хүний эрхийн асуудал цэгцэрнэ. Хүний эрхийн хамгийн эмзэглэмээр зүйл бол гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл. Айл гэр амгалан бол төр амгалан гэдэг. Тэгэхээр монгол айл бүр тайван, хүүхэд бүрийг ирээдүйдээ итгэлтэй сайхан орчинд өсгөж, хүмүүжүүлэх ёстой. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл нь архи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодистой шууд холбоотой тул энэ бүхэнтэй тэмцэж зөв голдиролд нь оруулах ёстой гэж бодож байна.
Үндсэн хуулиар төр нь иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөхөөс хамгаалах үүрэг хүлээдэг
Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, доктор профессор Б.Батзориг
-Хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг бид хэт явцуу байдлаар ойлгодог нь эрүү шүүлт, хуулийн байгууллагуудтай холбож явцуурдаг. Гэвч төрийн мэдэлд орж эрх нь хязгаарлагдсан тохиолдолд онцлон авч үзэх нь зүй. Хүний эрх гэдэг нь хүүхэд эхийн хэвлийд олдсоноос авхуулаад нас бараад өв залгамжлал гээд өргөн хүрээгээр ойлгож үздэг. Үндсэн хуулиар төр нь иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөхөөс хамгаалах үүрэг хүлээдэг. Төрийн бүхий л байгууллага иргэнийхээ эрхийг хамгаалах ёстой. Гэтэл төрийнхөн өөрсдийнхөө ая тухад тааруулах гээд байдгаас иргэний эрх зөрчигддөг. Эх, хүүхдийн эндэгдэл буурахгүй байна, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна, айх аюулгүй ажиллаж, амьдарч бүрэн чадахгүй байна, бусдын гарт амиа алдах явдал буурахгүй байна, эрүү шүүлт анхаарал татсаар байна. Энэ бүхнээс харахад Монгол улс иргэнийхээ эрхийг хангах, хамгаалах цогц бодлого үгүйлэгдэж байна. Энгийнээр хэлэхэд төрийн үйлчилгээ хүний эрхийн мэдрэмж, соёлтой нийцэх ёстой, хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. Хүүхэд хамгааллын салбар, хууль сахиулах салбарт хүний эрх ихээр зөрчигдөж байна. Төрийн үйлчилгээнд иргэд ялгаварлан гадуурхагдаж байна.
Цар тахлын үед манай улс хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй гэдгээ харуулсан
Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Цэцэгсайхан:
-Хүний эрхийн зөрчил их байна. Хамгийн наад зах нь төрийн аливаа үйлчилгээ авч байгаа иргэд гомдолтой байдаг. Эмнэлэг, хууль хяналтын байгууллага, шүүх гээд л иргэд ямар нэгэн байдлаар гомдолтой. Тухайлбал, цар тахлын үед манай улс хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй гэдгээ харуулсан. Цаашдаа хүний эрхийг дээдэлдэг байхын тулд бүх төрийн албан хаагчдыг хүний эрхийг хамгаалдаг бодлого дээр гарын үсэг зуруулж, байнгын давтамжтай сургалт явуулдаг байх хэрэгтэй. Зарим нь хүний эрхийг зөрчиж байна гэдгээ ч мэдэхгүй байгааг үгүйсгэхгүй. Мөн тухайн байгууллага нь ямар зөрчил гаргаж байсныг ил тод, олон нийтэд гаргаж тавих хэрэгтэй. Хамгийн их зөрчилтэй салбарт бол хүүхдийн эрх. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал харьцангуй шийдэгдэж байгаа ч анги дүүргэлт, нэг ангид хуваарилагдаж буй хүүхдийн тоо хэцүүхэн байна. Хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, дугуйлан сургалтад хамрагдах, амьдралын ухаанд суралцах цаг хомс, дутагдалтай мөн хүүхдийн хоолны асуудал дээр боловсролын салбар хамгийн их хүний эрхийг зөрчиж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгийн их зөрчигддөг
Сэтгүүлч Ц.Алтанцэцэг:
-Монгол Улс Үндсэн хуульдаа хүн аюулгүй, эрүүл орчинд амьдрах ёстой гэж заасан. Гэтэл одоо бидэнд аюулгүй, эрүүл орчин байхгүй байна. Өвөлдөө утаа тортог, хүнсний аюулгүй байдал алдагдсан байна. Энэ бүхнээс болж өнөөдөр хүн амь насаа алдах нөхцөл бүрдсэн. Ард түмэн эрхээ эдлэх гээд төр засагт “Аюулгүй, эрүүл орчныг бий болгож өгөөч” гээд саналаа хэлдэг. Төр засаг ч хуулиа боловсруулж батлаад хэрэгжүүлээд ажилладаг байх. Гэхдээ иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хэмжээнд хууль нь хэрэгжиж чадахгүй байна. Дээрээ хууль баталдаг боловч доор нь хэрэгждэггүй. Би хуулийн нэвтрүүлгийг 14 жил хийхдээ хүний эрхийн талаар ХЭҮК-той хамтарч олон нэвтрүүлэг хийж байсан. Хүний эрх яригдахаар төр, засгийн асуудал ч мөн хөндөгддөг. ХЭҮК-оос жил бүр аль салбарт хүний эрх зөрчигдөж байна вэ гээд Засгийн газарт тайлан гаргаж өгдөг юм байна лээ. Тайланд дурьдагдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авдаг байх. Өмнө нь энэ талаар ямар нэг дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Мөн манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгийн их зөрчигддөг. Монгол Улсын Үндсэн хуульд хүний ажиллаж, амьдрах эрхийг нь заагаад өгсөн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байгууллагууд ажилд авах дургүй, авдаггүй. Энэ хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, адалж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль байдаг. Гэвч энэ хууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс маш хол, хөрсөндөө буугаагүй тунхаг маягийн хуулиуд болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хуульд ийм зүйл заалтыг оруулаад өгөөч, нэмээд өгөөч гээд 10 зүйл өргөн барихад л хоёрыг нь ч юм уу л оруулдаг. Гэх мэтчилэн хуулиараа хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчдөг. Хууль тунхаглалын шинжтэй биш хөрсөн дээрээ бууж хүний эрхийг яаж хамгаалах вэ гэж заасан байх ёстой.
Шүүх хүний эрхийн эсрэг алх цохиж байна
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар:
- НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг 30 зүйл заалттай зүйлийг зарласан. Үүний хамгийн чухал нь хүн бүр хуулийн дор тэгш эрхтэй гэж бий. Манай улсад энэхүү хүн бүр хуулийн дор тэгш эрхтэй гэдэг зүйл огт хэрэгжихгүй байгаа. Холбоо сүлбээ сайтай, улс төрийн хамгаалалттай хүмүүст хууль үйлчилдэггүй. Тухайлбал, “Оном” сангийн эрдэмтдийн баг монгол улсад хамгийн бага төлбөртэй ашгийн бус Оном дунд сургуулийг үүсгэн байгуулаад үйл ажиллагаа явуулж байна. Гэвч их хэмжээний авлигын хэрэгтэй тулж, өнөөдөр эрх маань ноцтойгоор зөрчигдөж байна. Шүгэл үлээгээд, иргэний хэргийн шүүх дээр гомдол гаргаад л нэмэр байдаггүй. Мөнгөтэй эрх мэдэлтэй шударга шүүгддэггүй дарга нар хүссэн зүйлээ хяналт, хазгааргүйгээр хийдэг. Энэ нь маш том хүний эрхийн зөрчил. Дарга, консул байсан хүмүүс жирийн малчдын газар, байгаа зүйлсийг дээрэмдээд л авчихдаг. Тэдгээрийг өөрийн шударга хөдөлмөрөөр олж авсан гээд мөн л шүүх нь нөгөө талд алх цохиж байдаг. Тэгэхээр хүний эрхийн асуудлыг хууль шүүхийн тогтолцоон дээр нь өөрчилж сайжруулах хэрэгтэй. Мөн дэлхийгээс суралцах зүйл маш их байна. Сингапур улсын хуулийн засаглал сайн хэрэгждэг, авлигаасаа салсан. Тэд английн хуулийн тогтолцоог авчирч нутагшуулснаар ийнхүү хөгжлийн замдаа орсон. Бид ч мөн адил алдаанаасаа суралцаж, дэвшсэн тэрхүү улсуудын тогтолцоог нутагшуулах хэрэгтэй. Өөрсдөө зохиогоод өөдтэй юм хийж чадахгүй байна шүү дээ.
Хуулиа дээдлэх зарчим алдагдчихсан
ХЭҮК-ын референт Б.Золжаргал:
-Өнөөгийн нийгэмд олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа хүний эрхийн маш олон зөрчил байна. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим алдагдчихаад байгаатай холбоотой гэж боддог. Жишээлбэл, манай улс "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шаардлагыг тооцсон орон зайн, орчин, үндсэн шаардлага" MNS 6055:2009 стандарт, "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар" MNS 6056:2009 стандарт, "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, Техникийн шаардлага” MNS 5682:2006 гэсэн стандарттай. Стандартад налуу зам ямар хэмжээтэй байх, хаалганы босго, шат, бариул, коридорын өргөн гээд бүгдийг нарийн заасан байдаг. Гэтэл налуу зам хийх ёстой юу ёстой гээд стандартад нийцээгүй налуу зам хийж хэлбэрийн төдий хэрэгжүүлж байна. Эдгээр стандартыг зураг төсөвт тусгахаас эхлээд барих, ашиглалтад оруулах, цаашид ашиглах гээд бүх л үе шатуудад хэрэгжүүлэх нь иргэн, төрийн албан хаагч, байгууллага, аж ахуйн нэгжийн бүгдийх нь үүрэг юм. Нөгөө талаас нь аваад үзэхэд төрөөс юуны төлөө, хэний төлөө хууль тогтоомжийг батлаад, бодлого боловсруулж хэрэгжүүлээд байгаа вэ гэдгийг ухамсарлах, хүний эрхийн мэдрэмжтэй байх, хандлагатай байх асуудал маш чухал байна. Түүнчлэн Монгол Улсад хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг. Мэдээж бүх хүний эрхийн асуудал бол чухал. Гэхдээ эдгээр асуудлуудад онцгой анхаарах шаардлагатай.
Хүүхэд хамгааллын мэдрэмжтэй цагдааг бэлтгэх шаардлагатай
“Болор хонх”ТТБ-ын тэргүүн Д.Аззаяа:
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгжилтийг хангахад маш муу ажиллаж байна. Хүний эрх хамгийн ихээр хохирч байгаа нийгмийн томоохон бүлэг бол хүүхдүүд юм. Ар араасаа шил дарсан нийгмийг цочоосон хүүхдийн эсрэг аймшигт гэмт хэргүүд гарсаар байна. Хүүхэд гэр бүлдээ төдийгүй нийгмийн орчинд аюулгүй хамгаалагдсан байх ёстой. Энэ асуудал бол зөвхөн багш, хүүхдийн болон нийгмийн ажилтнуудын хариуцах ажил биш. Бүх нийтээрээ хүүхдийн хамгааллыг хариуцах хэрэгтэй. Үүн дээр төрийн бодлогын менежмент дутагдаж байгаа харагддаг. Хүүхэд хамгааллын хууль байгаа боловч хэрэгжилт тун хангалтгүй. Энэ асуудалд хөрөнгө санхүүг улсын төсвөөс сайн тавьж өгөх хэрэгтэй байна. Энэ чиглэлд юу хийх талаар санал гэвэл хүүхдийн оюун санаа, бие бялдрын халдашгүй байдлыг хуулиар болон нийгмийн орчинд хамгаалах чиглэлийн соён гэгээрүүлэх нэвтрүүлэг контентуудыг сайтар бэлтгэн хэвлэл мэдээлэл цахим орчинд түлхүү явуулах. Мөн хүүхдийн төлөө сайн үйлс хийж хэрэгжүүлж байгаа байгууллага хамт олон иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах хэрэгтэй. Түүнчлэн Хүүхдийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх. Хүүхэд хамгаалал болон хүний эрхийн мэдрэмжтэй цагдаа ажиллуулж хүний эрх, хамгааллын талаар орон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлж хэвших.
Бидний хамгийн том эрх болох улс төрийн эрх чөлөөг Монголд системтэйгээр няцалж байна
Иргэний оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл:
- Төрөөс хүний эрхийг хангах олон талбарт үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн улс төрийн эрх хамгийн их зөрчигддөг. Хэрэв жирийн сумын иргэн МАН-аас өөр намд элсэх юм бол тэр дор нь төрийн албан хаагчдаас дарамт ирдэг. Хүүхдийн мөнгөтэй чинь ярина шүү, хүнсний талоноос хасна шүү, ах дүү, гэр бүлийг чинь ажилгүй болгоно шүү, тендэр “мэндэр” бүр ярихгүй шүү, араа даагаарай, амьжиргаагаа бодоорой. Ер нь л нэг ийм болчхоод байна. Иймэрхүү дарамт байнга ирж байгаагаас болоод одоо Монгол Улс буцаад нэг намын дарангуйлал руугаа гулсан орж байна. Энэ бол хамгийн аюултай зүйл. Хүний эрхийн олон талбараас хамгийн чөлөөтэй байх ёстой, хамгийн том эрх чөлөөний үзүүлэлт болох ёстой улс төрийн эрх Монголд системтэйгээр няцлагдаж байна шүү дээ. Энэ нь орон нутагт бүр ч их байна. Иргэн аль намдаа элсэх, аль намаас нэр дэвшихээс үл хамааран Үндсэн хууль бусад хуулиар тэгш олгогдсон бүхий л иргэний болон нийгэм эдийн засгийн эрхээ чөлөөтэй эдлэх эрхтэй. Гэтэл өнөөдрийн Монголд орон нутагт МАН-аас өөр намын гишүүн байна гэдэг бол эр зоригийн, золиос шаардсан асуудал болсон байна. 1990 онд ч ийм дарамттай байгаагүй. МАН олон жилийн турш төрийн халамжийн төсвийг өөрийн юм шиг өмчилж зарцуулж, төрийн мөнгөөр хүйдгэснээр байгаад иргэдийг бүр арчаагүй, эрхээ ч эдэлж чадахгүй болтол нь хонь мэт малладаг болоод байна. Энэ байдлаас яаж гарах вэ гэвэл улс төрийн намууд МАН-ын өвөрт гүйж орохыг таслан зогсоох хэрэгтэй. Иргэн эрхээ эдэлснийхээ төлөө шийтгүүлэх ёсгүй. Эцэст нь иргэдийн улс төрийн эрхийг булааж дээрэлхээд байгаа нөхдийг улс төрийн аргаар буулгаж авах ганц боломж нь сонгууль байдаг. Тиймээс иргэд сонгуульдаа хүрээд ирэхэд нь сонголт байдаг баймаар байна. Арайхийж "МАН л биш шүү" гээд иргэдийн дийлэнх нь саналаа өгөөд байхад, МАН биш гэсэн саналыг нь цуглуулж авчхаад нөгөө хэдэн суудлаа чирээд МАН-ын өвөрт гүйж орчхоод байхаар иргэд чинь дээрэлхүүлсээр л байна. Энийгээ болиод нам шиг намуудтай, сөрөг хүчин шиг сөрөг хүчинтэй болж улс төрийн өрсөлдөөний зарчмаараа явбал иргэдийн улс төрийн эрх хаа сайгүй сэргээд ирнэ. Улс төрийн эрх сэргээд ирэхээр чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх гээд бусад бүхий л иргэний эрхүүд, тэр ч байтугай нийгэм эдийн засгийн эрхүүд дагаад сэргээд ирдэг жамтай.
Салбар, салбарыг бүсчилж хөгжүүлэх бодлого л зөв санагдах юм
Иргэн Н.Арвинтариа:
-Би иргэн хүний хувьд төрөөс хүний эрхийг хангах үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй байна үзэж байна. Ялангуяа, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Жишээлбэл, агаарын, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ. Монгол Улсын хувьд дэлхийд хорт хавдраар тэргүүлж байна. Энэ бүхэн утаанаас үүдэлтэй. Тиймээс жил бүрийн өвөл яаж өвлийг барна даа гэхээс гол харладгаа нуухгүй. Мөн зудтай холбоотойгоор орон нутгаас шилжин ирэгсэд ихсэж байна. 2023 онд гэхэд л 180 мянган хүн ирсэн. Энэ тооны хэмжээгээр утаа, тоос тортог нэмэгдлээ. Мөн нэг санаа зовоож буй зүйл нь хүнсний аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын газраа татан буулгачихсан. Хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүнд ямар байгууллага хяналт тавьж байгаа нь тодорхойгүй. Ямар ч хяналтгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүд зарагдах болжээ. Дээрээс нь нийгэмд ажилгүйдэл, архидалт газар авлаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Гэр бүлийн хүчирхийлэл аюулын түвшинд очиж байна. Энэ олон асуудал байхад манай төрд гарсан эрхмүүд төрийн алба, бүтцээ л томруулаад байдаг. Ажил хийж байгаа хэд нь татвартаа дарлуулж байна. Тиймээс салбар салбарын хүний эрхийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч. Үүний тулд төр бодлогоо л зөв тодорхойлох хэрэгтэй. Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого нь тунхаглал төдий, гаднын төсөл хөтөлбөрт дулдуйдсан, арга ядсан харагдах юм. Ирээдүй болсон залуучууд бүгд гадагшаа гарах сонирхолтой байна. Тиймээс салбар салбарыг бүсчилж хөгжүүлэх бодлого л зөв санагдах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7401)