Маршийн хүчирхэг хэмнэлээс тасарч эгшиглэсэн сонгодог аялгуу

2024-08-12
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Хаалгаар нь орох бүрийд хаанаас ч юм мэдэхгүй хачин гоё аялгуу эгшиглэж, тайтгарал, сэтгэлийн их таашаал өгдөг нэг газар их хотын минь яг төвд бий. Тэнд л сонгодог бүтээлүүд эгшиглэж, тэндээс л дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан “алтан” хоолойтнууд “төрсөөр” байна. Гаднаас нь харахад тун ч даруухан, ягаан театрт минь. Чиний хамбан улаан хөшигтэй, эгэл тайзнаас хэдэн аавын хүү, ээжийн охин адис авч, сонгодог урлаг гэх энэ хөлгүй далайд хүсэл мөрөөдлийнхөө онгоцонд суугаад, тэртээх алсыг зорин сэлүүрдэж яваа бол. Чиний л энэ 60 гаруй жилийн түүхэнд хэдэн ч уран бүтээлчийн хүүхэд бага насаа энэ л театрт өнгөрүүлж, ирээдүйд удам дамжсан уран бүтээлч болох хүсэл мөрөөдлийнхөө галыг асаагаа бол. Яг энэ асуултын хариултыг олохоор УДБЭТ-ын хаалгаар орлоо. Үргэлж л дуу хуур эгшиглэж байдаг театрт нам гүм ноёрхжээ. 61 дэх удаагийн үзвэрийн хаалтаа “Чио Чио Сан” дууриар хийсэн тус театрынхан, их ажлын дараах уртын амралтаа авсан нь энэ. Харин гурван давхрын хамгийн захын хормейстер гэсэн 311 дугаартай хаалганы цаанаас төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэх. Тэр л өрөөнд энэ удаагийн хөрөг нийтлэлийн гол дүр хүлээж буй. Энэ хүн бол УДБЭТ-ын хормейстер, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба юм. Харин түүний өвөө нь “Монгол маршийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпил бол ээж нь дэлхийн дуучин Э.Амартүвшингийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Ц.Ерөө билээ. Ийм л сонгодог хөгжмийн аялгуу эгшгээр хөглөгдсөн нэгэн гэр бүл урлагийн удмаа таслалгүй, Монголын сонгодог урлагийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. “Зууны мэдээ” сонин энэхүү гэр бүлийн отгон гавьяат Насанбаярын Дашбямбыг “Удмын бахархал” буландаа урьж, гэр бүлийнх нь үүх түүх, нандин дурсамжаар аяллаа.

Найрал дууны ангиас “төрсөн” анхны Урлагийн гавьяат зүтгэлтэн

Театрт тавигдаж буй бүхий л уран бүтээлийн ард олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Үүднийхээ үйлчлэгчээс эхлээд дуурийн гоцлол дуучин хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж байж, тухайн дуурийг “амилуулдаг” билээ. Хэдийгээр тайзан дээр зөвхөн дуучид байгаа ч ерөнхий найруулагч, зураач, хормейстер гээд энэхүү бүтээлийн амин сүнс болсон мэргэжилтнүүд тайзны ард чимээгүй хөдөлмөрлөж байдаг юм. Түүний нэг нь УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба. Тэрээр хүүхэд байхаасаа л ээжийгээ даган энэхүү театрт өссөн нэгэн. Үзэгчдийн суудлаас ээжийгээ дуулахыг сонсож, сонгодог урлагт дурласан хүү дөнгөж аравдугаар ангиа төгсөөд буюу 1987 онд ажилтны хувиар төрөлх театрынхаа босгыг алхжээ. Дунд сургууль л төгссөн, 17-хон настай хүү. Зөвхөн ээжийгээ дагаж ирээд тоглолт үзэж, театрын өрөө бүхнийг хэсэж явсан хэрсүү жаал тэрээр урлагийн гэр бүлд төрж, өссөн учир багаасаа л урлаг, тэр дундаа сонгодог хөгжимд дурлаж татагдсан нэгэн. Н.Дашбямба хүүхэд насныхаа тухай дурсан ярихдаа “Манайх Сансарт байдаг байлаа. Миний хүүхэд нас Сансрын түнель хавьцаа өнгөрсөн. Үеийн хүүхдүүдийнхээ адилаар хамтдаа сахилгагүйтэж, бөмбөг өшиглөж явсан гэгээн дурсамж бий. Харин гэртээ байхдаа үргэлж л дуу хуураар хөглөгддөг байлаа.Учир нь ээж зав л гарвал гэртээ бэлтгэлээ хийнэ. Манайхаар өвөөгийн найзууд, уран бүтээлийн хамтрагчид гээд л байнга уран бүтээлч, хөгжмийн зохиолчид ирдэг байсан. Харин өвөө минь хөгжмөө бичих болохоороо өрөөндөө ороод хаалгаа хаачихна. Бусад үед үргэлж нээлттэй байдаг өрөөнийх нь хаалга хаагдсан л бол манай гэрт нам гүм ноёрхдог байлаа. Гэхдээ өвөө минь байнга төгөлдөр хуураа тоглоод байдаггүй байсан. Ганц нэгхэн ноот дарчхаад тэмдэглээд л суугаад байна. Миний хувьд дахиад хэзээ хөгжмөө тоглох бол гэж их хүлээнэ. Жаахан хүүхэд байсан болохоор хааяа тэсгэл алдаад хаалганд нь жаахан завсар гаргаад харахаар өвөө аль хэдийнэ намайг олоод харчихсан өөдөөс инээмсэглээд, хаалгаа хаа гэж дохидог байсныг нь мартдаггүй” гэсэн юм. Ийнхүү түүнийг уран бүтээлч болоход нь өвөө, ээж хоёр нь хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямбын хувьд хормейстер мэргэжилтэй. УДБЭТ-таа 1997 оноос хормейстер, 2006 оноос одоог хүртэл Ерөнхий хормейстрээр ажиллаж байгаа юм. Бид театрт очиж дуурь үздэг ч тухайн уран бүтээлийг зөвхөн дуучнаар нь хэмжиж, үнэлээд гарах нь бий. Харин тухайн бүтээл “төрөхөд” хормейстер ямар үүрэгтэй вэ. Энэ тухай Н.Дашбямба “Тухайн хөгжмийн зохиолчийн хөгжмийг дуучинд утгачилж, аялгуучилж заадаг багш гэж ойлгож болно. Найрал дууны удирдаач багш гэдэг дуучдаа мэддэг, хөгжмөө мэддэг,  дуулах арга барилаа мэддэг хосолмол мэргэжил. Хамгийн сайхан мөртлөө хамгийн хүнд мэргэжил” хэмээн тодорхойлсон юм. Тэрээр найрал дууны ангиас “төрсөн” анхны Урлагийн гавьяат зүтгэлтэн  билээ. Ингээд бидний яриа түүний өвөө, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн тухай дурсамжаар хөвөрсөн билээ. 

 

110 марш зохиосон “Монгол маршийн хаан” Н.Цэрэнпил

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба “Өвөө минь мундаг хөгжмийн зохиолчоос гадна их ухаантай хүн байсан. Хүүхдүүд, үр ач нараа эрхлүүлэхээс гадна их зөв хүмүүжүүлсэн. Биднийг байнга хөдөө авч явна. Ингэхдээ мод хугалж, цэцэг тасалж болохгүйгээс эхлээд ахуйн монгол ухааныг зааж, сургасан юм болов уу. Өвөө минь Монголын цэргийн хөгжмийн 110 гаруй марш, бүжгийн хөгжим, Улсын наадмын ёслолын хөгжим бичсэн хүн байлаа” хэмээн дурссан юм. Хөгжмийн урлаг, хөгжмийн онолын талаар гүнзгий мэдлэгтэй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров абугай цэргийн үлээвэр найрал хөгжмийн түүхэнд 100 гаруй марш бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Навааны Цэрэнпил агсныг “Монголын маршийн хаан” хэмээн тодорхойлсон байдаг. Ийм л эгэлгүй авьяастан хүмүүн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Тайжийн арал” гэдэг газар 1915 оны аравдугаар сарын 15-нд мэндэлжээ. Ингээд 13 насандаа Ерөө голд салчин болсон гэдэг. Багаасаа хөгжимд сонирхолтой байсан хүү анх лимбэ хөгжим тоглож сурчээ. Н.Цэрэнпил эр бие тэгширч, 1936 онд цэргийн албанд мордож, Дотоод яамны тусгай хороонд хугацаат цэргийн алба хааж байхдаа Үлээвэр найрал хөгжмийн босгыг алхсан түүхтэй. Ийнхүү тэрээр Ардын армитай бүхий л амьдралаа холбож, хөгжмийн албаны дарга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар олон жил ажилласан байдаг. Энэ хугацаандаа “Тугийн марш”, “Баатарлаг марш”, “Ардын цэрэг” зэрэг сэтгэл сэргээсэн, Монголын армийн сүр жавхланг илтгэсэн аялгуу бүтээл туурвиж үлдээсэн нь одоо ч төрийн баяр, ёслолын үеэр эгшиглэж, монгол түмний дунд мөнх “амьдарч” байна. Н.Цэрэнпил зөвхөн маршийн зохиол бичих бус, мөн олон арван ардын дуу, өөрийн болоод дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг үлээвэр хөгжимд зориулан найралжуулсан авьяаслаг нэгэн байжээ. Түүний хөгжмийн мэдрэмж, ген охин Ц.Ерөөд нь өвлөгдсөн ажээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цэрэнпилийн мэндэлсний 100 жилийн ой 2015 онд болсон юм.Тухайн үед Хилийн цэргийн чуулгаас өвөөгийнх нь нэрэмжит уралдааныг зохион байгуулжээ. Ингээд шүүгчээр нь зээ хүү  Н.Дашбямба нь суужээ. Уралдааны хаалт болоход зохион байгуулагчдын зүгээс өвөөгийнхөө нэг зохиолыг дохих санал тавьсан байна. Н.Дашбямбын хувьд хүүхэд байхаасаа л өвөөгийнхөө “Монгол Зөвлөлтийн найрамдал” гэсэн нэртэй 19 дүгээр маршийг сонсдог, мэддэг байжээ. Ингээд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчдөөсөө зөвлөгөө авсны дараа өвөөгийнхөө энэхүү алдарт маршийг нь дохиж, нэгэн насныхаа хүслийг биелүүлсэн тухайгаа дурссан юм.

 

“Баянбулаг”-ийн Ц.Ерөө

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн охин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямбын ээж нь Монголын нэрт дуурийн дуучин, гавьяат багш Ц.Ерөө билээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө голын эрэг дээр төрсөн учир аав нь бэлгэшээж Ерөө гэсэн нэрийг хайрлажээ. Охин багаасаа л ааваасаа үлгэр дуурайлал авч, урлагийн замналыг сонгожээ. Ц.Ерөө аавынхаа тухай “Аав минь амьдралынхаа багагүй хугацаанд үлээвэр хөгжим  тоглосон. Мөн 100 гаруй марш, үлээвэр хөгжмийн зохиол бичсэн байдаг.  Аавынхаа бүтээлийг сонсоход бахархах мэдрэмж төрдөг. Туурвисан уран бүтээл мөнх гэдгийг мэдрэх нь бий” хэмээн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Ц.Ерөө нь 1952 онд сургуулийн босго алхаж, сурагч байхдаа аавтайгаа адил  лимбэ тоглож сурчээ. Түүний сурдаг байсан нэдүгээр арван жилийн сургуулийн үлээвэр хөгжмийн хамтлаг 1959 онд Монголын залуучуудын анхны фестивальд түрүүлж байжээ. Долоодугаар анги хүртлээ нэгдүгээр арван жилд сурч төгсөөд, хэсэг хүүхдүүдийн хамт Москва руу төгөлдөр хуурын ангид суралцахаар явсан байдаг. Гэтэл тэнд долоо, найман настайгаас нь төгөлдөр хуур зааж бэлтгэдэг байж. Харин Ц.Ерөө 15 настай учир гар хуруу нь эвлээгүй гэнэ. Тухайн үед хоёр орны харилцаа сайн байсан учир монгол хүүхдүүдийг буцаалгүйгээр хормейстерийн  ангид оруулсан байна. Ингээд 1963 онд хоорын удирдаачийн хөгжмийн дунд сургуулийн мэдлэгтэй болоод эх орондоо иржээ. Ирсэн даруйдаа Хөгжим бүжгийн коллежид ассент багш хийдэг байжээ. Гэтэл нэг өдөр М.Найдалмаа “Би чамайг дуурийн театрт аваачиж өгнө. Театрын меццо сопрано Б.Даариймаа хөл хүнд болсон. “Лусын дагина”-ыг тавихад эмэгтэй бүдүүн хоолой хэрэгтэй” гэсээр түүнийг хөтлөн анх УДБЭТ-ын босгоор алхуулсан гэнэ. Энэ цагаас эхлэн тэрээр Монголын болон дэлхийн олон сонгодог бүтээлд дуулсан гавьяатай нэгэн. Түүнийг уншигч, үзэгчид “Баянбулаг”-ийн Ц.Ерөө гэдгээр нь андахгүй. Хөгжмийн зохиолч Г.Бирваа түүний аавынх нь сайн найз байжээ. Москвагаас ирээд удаагүй байхад нь Г.Бирваа гуай дуудаж уулзаад “Баянбулагийнхан” дууг дуулах санал тавьсан гэдэг. Ингэж л ард олны дунд хүндлэгдсэн тус бүтээл мэндэлсэн байна. Ц.Ерөөгийн Монголын сонгодог урлагийн хөгжилд оруулсан хамгийн том гавьяа бол дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинг бэлтгэсэн билээ. Түүний шавь өдгөө дэлхийн дуурийн урлагийн хамгийн тод өнгө болж, хүчирхэг хоолойгоо гайхуулж явна.

 

Ээжийгээ дуулуулж, дипломоо хамгаалав 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хормейстер Н.Дашбямбын хувьд 33 дугаар сургуулийг дүүргэжээ. Инээгээд конкурс өгсөн боловч анагаахын хуваарь авсан гэдэг. Түүнд эмч болох хүсэл байсангүй. Зөвхөн хөгжимтэй хэрхэн ойр байх вэ гэсэн ганцхан бодол толгойд  нь эргэлдэнэ. Түүнийг нь ч ээж нь анзаарч “Дуурийн театрт хоор дуучнаар шалгуулах уу” гэсэн санал тавьсан байна. Тухайн үеийн УДБЭТ гэдэг босго өндөртэй, хэн дуртай аавын хүү орчихдог газар ч байсангүй. Тиймээс Н.Дашбямба эхлээд сүрдэж, тэнцэж чадав уу гэсэн бяцхан айдастай байсан гэдэг. Ингээд театрын хормейстер  Ж.Хайдав гэдэг хүн дээр ороод дуулалт болоод сонсголоо шалгуулжээ. Ингэж тэрээр 1987 оны есдүгээр сард  театрт дагалдан дуучнаар анх ажилд оржээ. Хоор дууны анги руу ортол Сүхбаатар жанжинд тоглодог Дашнамжил, хүүхдийн дууны Б.Долгор гээд дандаа мундгууд. Хоор ангийн дуучид өглөө бүр хоолойны дасгал хийнэ. Энэ бүхэн 17 настай хүүхдийн хувьд тийм ч хэцүү байж, ээжийнхээ чихийг халууцуулсангүй. Харин ч өдөр бүр дуучдаасаа суралцаж, заалгасаар арваннэгдүгээр сар гэхэд мэргэжлийн ур чадварын шалгалтад орж тэнцсэнээр театртаа жинхэлжээ. Тэрээр дагалдан дуучин байхдаа ч төгөлдөр хуураас салдаггүй байсан гэнэ. Боломж л гарвал хөгжим тоглоно. Ингээд хоор ангийн дуучнаар 10 жил ажиллаад СУИС-ийн хормейстерийн ангид суралцсан байна. Сургуулиа төгсөхдөө дипломны ажлаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийж, тайзан дээр хамгаалахдаа симфони оркестртай, ээжийгээ болон дуучин Баясгаланг хамт зогсоогоод “Тариачны хоор” гэсэн хэсгийг дохин хамгаалжээ. Энэ бол уран бүтээлч бүхэнд олдоод байдаггүй ховорхон хувь тохиол юм. Хормейстер Н.Дашбямбаас мөрөөдлийнх нь тухай асуухад “Сонголдог урлаг хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Угаасаа энэ нийгмийн хэрэгцээ.  Монголын “Учиртай гурван толгой”, “Ламбугайн нулимс”, “Гүнгэрийн гүнж” ч юм уу бүгд л олон улсын зах зээлд гараад дэлхийн сонгодог бүтээл. Надад ирээдүйд биелэх нэг мөрөөдөл байдаг нь Монголын сонгодог дууриуд дэлхийн театр эгшиглээсэй гэж хүсдэг” гэсэн юм. Тус театрын хувьд 2023-2024 оны үзвэрийн жилээрээ “Макбет” болон “Дурлалын ундаа” гэсэн хоёр шинэ уран бүтээлийг өлгийдөж авсан. Энэ тухай тэрээр “УДБЭТ-т урын сангийн бодлого гэж бий.  Хэзээ, ямар уран бүтээл хийхээ эртнээс төлөвлөдөг. Мөн энэхүү дуурь үзэгчдэд ямар уярал, ухаарлыг өгөх вэ, энэ дуурийн дүрд дуулснаар хувь уран бүтээлч хэрхэн хөгжих вэ гэдэг их чухал. Мөн бид байнга хүнд, эмгэнэлт, том дууриудыг тоглоод байх зохимжгүй. Хааяа хүмүүсийг хөгжүүлэх, хөнгөн дуурийг тоглох нь зөв. Тиймээс ч манай театр Италийн хөгжмийн зохиолч Г.Доницеттын  “Дурлалын ундаа” дуурийг амжилттай тавьсан” гэв.

 

20 гаруй дуурийн найрал дууны партуудыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба эцэг эхээс дөрвүүлээ ажээ. Бүгд л урлагийн өндөр мэдрэмжтэй бөгөөд доод талынх нь дүү мөн урлагийн мэргэжил эзэмшсэн байна. Харин түүний гэргий нь Монголын мастер тогооч ажээ. Харин гэртээ бол Н.Дашбямба мастер тогооч нь гэсэн. Тэд өдгөө үр ачаа тойруулсан, аз жаргалтай эмээ, өвөө болжээ. Н.Дашбямба УДБЭТ-т дуурийн дуучнаар ажиллаж байх хугацаандаа Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Ж.Вердийн “Травиата”, “Риголетто”, Ж.Пучиннийн “Трубадур”, “Отелло”, “Турандот” зэрэг 20 гаруй дуурийн найрал дууны партуудыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, театрын тайзнаа тоглосон байдаг. Ингээд 2002 онд театрын тайзнаа анх тоглосон Г.Пүрэвдоржийн  “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурийн хормейстерээр бие даан ажилласнаас хойш өнөөг хүртэл театрын тайзнаа шинээр болон сэргээн тавьсан, тоглогдсон бүх дууриудын ерөнхий хормейстерээр ажилласаар байна. Түүнээс “Найрал дуучнаар ажиллаж байгаад хормейстер болоод дуучдынхаа өмнө гарахад ямар мэдрэмж төрсөн бэ” гэж асуухад “Тэр үеийн чадварлаг, ахмад дуучдын өмнө гарна гэдэг бол нэгэн төрлийн сорилт байсан. Үнэхээр догдолж, сандарч байснаа мартдаггүй. Гэхдээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөө барьж чадсан” гэж хариулсан юм. Үнэхээр урлагийн гэр бүл дунд төрж, УДБЭТ-ын тайзнаа гүйж өссөн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хормейстер Н.Дашбямба бол Маршийн хүчирхэг аялгуунаас тасарч эгшиглэсэн сонгодог хөг билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин