Г.БАТСҮХ
Төрөлх сумынхаа нэгэн зуун жилийн ойг энэ өдрүүдэд шижгэр тэмдэглэж, дэлгэрнаадамлахаар зэхэж буй Ханбогдчуудад их баярын халуун мэндчилгээг уламжилж, шинэ зуундаа эрчимтэй хөгжиж хотын зиндаанд дэвшихийн өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье. Энэ ялдамд Ханбогдын 98 жилийн ойд зориулж хэвлүүлсэн нийтлэлээ дахин нэг толилуулъсу.
2024.08.05
Ханбогдынхан хоёр жилийн дараа сумынхаа нэгэн зууны ойг тэмдэглэх их наадмын бэлтгэл, бүтээн байгуулалтын ажилд эдүгээ ханцуй шамлан оржээ. 2024 он өдөр, хоногоор ойртох тусам Ханбогдын ирээдүйн хөгжлийн анир чимээ ойртож, дүр төрх нь тодорсоор байна.
Энэ зуны эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа цөөнгүй гишүүн, УИХ-ын зарим эрхэм гишүүний хамт Ханбогдод тусгай томилолтоор ажиллах үедээ уг сумыг хот суурины дайтай болгон хөгжүүлэх ойрын болоод хэтийн бодлогоо тайлбарлаж, түүнтэй холбогдох Ерөнхий төлөвлөгөөг хүлээлгэж өгсөн юм. Засгийн газрын тэргүүнээсээ ийм том бэлэг авах ховор аз завшаан Ханбогдод гийжээ. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн хөгжлийн сэргэлт эрчимжиж эхлэсний тод илрэл болой. Гэхдээ уг баримт бичиг тэнгэрээс гэнэт бууж ирээгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Ханбогдчууд, Ханбогд сумын үе үеийн удирдлага, Өмнөговь аймгийн захиргаа, Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газар, Оюутолгой компани, түүний хөрөнгө оруулагч талууд сүүлийн олон жилийн туршид хамтран ярьж хөөрч, халж хөрч, мэтгэлцэн ухаарч, цуцалтгүй зүтгэсний хүчинд “Ханбогдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” төрж батлагджээ. Өөрөөр хэлбэл, оролцогч бүх талын үзэл бодол, хамтын зүтгэлийг шингээсэн баримт бичиг гэх нь зүйд нийцнэ.
Энэ Ерөнхий төлөвлөгөө нь Засгийн газраас явуулж буй Шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн төсөв, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын санхүүжилт болон бусад эх үүсвэрт тулгуурлаж хэрэгжих учиртай.
Энэ чухал үйлсэд зориулж эхний ээлжинд 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Оюутолгойн ТУЗ-өөс батлагдсан байна. Чингэснээр нэгэн зууны амьд түүх, уламжлал, ажил амьдралтай Ханбогдын төвийг цаашид өргөтгөн шинэчилж орчин цагийн урт чацтай, уужуу далайцтай суурингийн зиндаанд хүргэх эхний чухал алхмууд хийгдэх нь.
Эл баримт бичиг нь Ханбогд сумын 2040 хүртэлх хөгжлийн “Үндсэн хууль” бөгөөд cумын ухаалаг дэд бүтэц, эдийн засгийн суурь болон иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зорилго агуулсан байна. Гол нь эдийн засгаа олон салбарт тулгуурлаж, дотоод зах зээлээ тэлж, өрсөлдөх чадвараа өсгөж, улмаар Оюутолгойн уурхайн хэт хамаарлыг бууруулахад чиглэжээ. Эдүгээ тус сумын өрхийн орлогын эх үүсвэрийн 31 хувийг Оюутолгой, 25 хувийг мал аж ахуй, 14 хувийг өрхийн үйлдвэрлэл тус тус хангадаг. Мөн төсвийн орлого бүрдүүлэлт, аж ахуй нэгж, иргэдийн санхүүгийн үзүүлэлтийн хувьд Даланзадгад хоттой өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн бөгөөд Өмнөговь аймгийн төсвийн орлогын 53.1 хувийг бүрдүүлдэг гэж 2021 оны судалгаанд дурдагджээ. Эдгээр тоо нь Ханбогдын одоогийн чансааг харуулж байна.
Хог хаягдлын менежмент болоод гамшгийн менежментийн төлөвлөлт ч дээрх баримт бичигт орсон нь орчин цагийн Говийн томоохон суурин газрыг олон улсын жишигт нийцүүлж бүтээн байгуулахад төр, засгийн бодлого шингэж буйг илтгэнэ.
Ханбогдын хөгжилд тэргүүлэх үүрэгтэй салбаруудыг шилж тогтоосны дотор нөөцөд тулгуурласан салбар (уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, гадаад худалдаа), бодлогод тулгуурласан салбар (мэдлэг, мэдээллийн технологи), хэрэгцээнд тулгуурласан дагалдах салбар (хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэр) орсон байна. Эдгээр салбарыг түшиглэж зүтгүүлбэл цагийн уртад Дархан, Эрдэнэтээс ч давж мэднэ.
Эрдэнэт лугаа шинэ хот тусад нь байгуулах ёстой гэх олон жилийн мэтгэлцээнд Ханбогд ялсан юм. Шинэ хот босгохын оронд Ханбогдыг шинэчлэн өргөтгөх нь олон талын ач холбогдолтой гэдэг дээр санал нийлж энэхүү хамтын шийдэлд хүрсэн нь оножээ гэж муйхарлана.
Эрдэнэтийг босгож ахуйд цаг төр шал өөр байж. Уг хот, уурхайн цогцолборыг тухайн цагийн нам, засгийн төвлөрсөн “зангарагтай нударга”, Монгол-Зөвлөлтийн ах дүүгийн найрамдлын “ногоон гэрэл”-ээр сүндэрлүүлсэн түүхтэй. Эдүгээ цагийн уугуул эрдэнэтчүүдийн өмнөх үеийг эх орны өнцөг булан бүрээс нам, эвлэлийн илгээлтээр дуудаж суурьшуулсан байдаг. Нийт 12000 гаруй залуус гэж ном сударт дурджээ. Зөвлөлтөөс ч гэсэн нэг түм илүү ажилчин, мэргэжилтэн ирж зүтгэсэн аж. Эдгээр нүсэр их бүтээн байгуулалтыг Зөвлөлтийн зээлийн рублиэр санхүүжүүлсэн юм билээ.
Харин Ханбогдын орчин цагийн хөгжил болбоос ардчилал, чөлөөт зах зээлийн нөхцөлд улс орон маань өсөж өндийхийн жаргал, зовлонг туулж буй цаг дор тохиож буй нь өвөрмөц. Энэ нь манай бие даасан гадаад бодлого, түүний дотор гурав дахь хөршийн орнуудын түншлэл тэлж тогтворжсон сайн цагийн буянтай холбоотой. Гадаад харилцааг эдийн засагжуулах стратегийн хүрээнд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлд 1990-ээд оноос хойшхи үе үеийн Засгийн газраас явуулсан тууштай бодлогын дүнд төрж хэрэгжиж буй цөөн төслийн нэг нь Ханбогдын нутаг дахь Оюутолгойн уурхай юм.
Уг уурхай нь Монголын говь нутагт барууны хөрөнгө, технологи нутагшуулж дэлхийн жишгийн төсөл хэрэгжүүлэх боломжтойг амьдрал дээр нотлон харуулж буй баримт. Ханбогдын нэр алдар даян дэлхийн сонорт хүрсэн нь энэ уурхайтай холбоотой билээ.
Оюутолгой төслийн туулж ирсэн хориод жилийн зам, замнал нь дардан биш боловч орон нутгийн сан хөмрөг, хөгжилд оруулж буй хувь нэмэр, нөмөр нөөлөг нь өсөн нэмэгдсээр л байна. Зөвхөн өнгөрсөн зургаан жилд Ханбогдын хөгжлийг дэмжих чиглэлд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө Оюутолгойгоос хийгджээ. Энэ утгаараа Ханбогдын хөгжиж дэвжих үйл явцын хөтлөгч нь болсон гэмээр.
Харин цаашид Оюутолгой нь Ханбогдыг биш, Ханбогд нь Оюутолгойг хөтлөх ёстой гэж санагдах. Чингэж гэмээн Ханбогд маань бие дааж урт насална.
Тэгээд ч Ерөнхий сайдын дээрх айлчлалаар Монголын говь нутаг, хил орчмын жишиг хөгжил дэвшлийн цуурайг дэлхийд таниулах Ханбогдын цаг тоологдож эхэлсэн.
Түүний хөгжлийн амин сүнс нь тус сумын эдийн засгийн амьдрал хэр зэрэг өндийж, чадал тэнхээ нь хэрхэн бэхжиж дэвжихтэй холбоотойг нурших нь илүүц биз. Уг сумын төвийг өргөжүүлэн товхинуулах нь мэдээж бүтнэ, харин тэнд эдийн засгийн амьд харилцаа эс тогтвол аливаа хөгжил дэвшлийн тухай бодлого хий хоосон яриа болж хувирах нигууртай.
Перу улсад томоохон зэсийн уурхай эзэмшдэг нэгэн Хятад компани 30 гаруй мянган хүн суух орчин цагийн орон сууц, хүн эмнэлэг, гахай, тахианы эмнэлэг, сургууль, спорт, соёлын төв зэргийг барьж тохижуулсан хотхон байгуулсан боловч орон нутгийн иргэд нь түүнийг гурван жилийн дотор үрэн таран болгоод орхиж одсон тухай баримт байдаг. Өөрсдийнх нь гар хөл оролцоогүй, хармаанаас нь өнчин цент ч гараагүй учраас хүний бэлгийн үнэ цэнийг эс тоожээ. Тэр хотхонд аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг эдийн засгийн амьдралын үнэр ч үгүй байж. Тэгээд л балгас болж хувирах хувь тавилантай учирсан гэх дүгнэлт гарсаныг дашрамд дурдъя.
Ханбогдын хувьд уламжлалт мал аж ахуй, уул уурхайн үйл ажиллагааны татвар, хураамж, хилийн даруухан боомт болоод ганзага худалдаанд дулдуйдаж дорвитой хөгжинө гэвэл учир дутагдалтай. Тийм учраас хөгжлийн цоо шинэ хөдөлгүүр шаардагдаж таарна.
Түүний зүрхэн хөдөлгүүр нь нийт ханбогдчуудын хувьд нутаг усаа өөд татах мэдрэмж, шинэ хандлага, бүтээлч санаачлага болоосой гэж хүснэ. Өөрөөр хэлбэл, "алим модноос унаж ирэхийг хүлээж суух биш, алимны мод тарьж ургуулах"-ын төлөөх жинхэнэ зүтгэл, оролцоо, хөдөлмөрч чанар хэрэгтэй.
Нөгөө нэг хөдөлгүүр нь сумын хэмжээнд экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуучлал (туризм)-ын бизнесийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин, дэд бүтэц бүрдүүлэхтэй холбоотой. Энэ нь тус сумын эдийн засгийг амилуулах, хөл дээр нь босгох үндэс болно.
Зүрхэн хөдөлгүүр нь зөвхөн "ханбогд хүн"-ээс шалтгаална. Ханбогдчууд чадна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Гэхдээ ханбогдчууд маань бэлэнчлэх сэтгэлгээний зуршлаас үтэр түргэн салж, зүтгэж бүтээдэг түүхэн уламжлалаа шаламгай сэргээхийг шинэ цаг үе шаардана. Ханбогдын хөгжлийг хурдасгахтай холбогдуулж саяхан хийсэн судалгаанд тус суманд бэлэнчлэх сэтгэлгээ газар авчээ гэсэн дүгнэлт гарсан нь ингэж бичихэд хүргэв.
Харин нөгөө гол хөдөлгүүрийг бүтээх бодит нөхцөл боломжийн дийлэнх нь байгалиас заяаснаас гадна хүмүүний хүч хөдөлмөрөөр бүрдээд буй нь олзуурхууштай. Юу гэвээс Ханбогдод тэмээний ноос, сүү, ямааны ноолуур, малын мах, тэгээд эрдэс баялаг арвин. Эдгээр нь орчин цагийн экспортын үйлдвэрлэлийн суурь юм.
Үүнээс гадна Оюутолгой нь олборлолт, үйлдвэрлэлийн хэрэгцээнд нилээд хэмжээний материал, сэлбэг, эд анги, тоног төхөөрөмж импортоор авдаг байна. Үүнд жил тутам бараг 700 сая ам.доллар зарцуулдаг аж. Эдгээр импортын зүйлсийг бүрэн биш гэхэд зарим боломжтой хэсгийг нь Ханбогдод үйлдвэрлэдэг болчихвол юутай чухал вэ? Оюутолгой өөрөө том хэрэглэгч бөгөөд худалдан авагч. Чанар, үнэ нөхцөл, хангамж нь өрсөлдөхүйц байвал Ханбогдод үйлдвэрлэсэн бүгдийг шингээх боломжтой нь эргэлзээгүй.
Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба импортыг орлуулах бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр, мөн зах зээл нь ч хөрш, айл саахалт оршиж байгаа нь давуу тал. Эрчим хүч, засмал ба төмөр зам, олон улсын чанартай онгоцны буудал, хилийн боомт зэрэг гол дэд бүтэц ч бүрдээд буй нь бөөн завшаан.
Туризмын хувьд дотоод, гадаадын аялагчдын нүд, сэтгэл баясгах нөөц боломж ч цөөнгүй байдаг. Түндгэр хэтэвчтэй жуулчдыг Токио, Осака, Шанхай, Бээжин, Тайваниас шууд Оюутолгойн Ханбумбатын онгоцны буудалд буулгах боломж ч нээлттэй. Тэндээс Ёлын ам, Хонгорын элс, Баянзаг, Хэрмийн цав, Хархорин, Хөвсгөл нуур, Хэнтий, Алтай таван богд, Улаанбаатар руу жуулчид зөөх бага оврын онгоцнууд жагсаж байхыг мөрөөдөж болохгүй гэж үү.
Сүйхэнтийн чулуужсан ойн тойром, Шар цавын үлэг гүрвэлийн мөртэй хотгор, Дэмчогийн энергийн төв, Галбын говийн амьтан, жигүүртний өвөрмөц ертөнц зэрэг хүмүүний таашаалд нийцэх байгаль болоод хүний гараар бүтсэн цөөнгүй гайхамшиг энэ нутагт бий. Шинээр “цагаан хэрэм” шиг гайхамшиг бүтээх, эсвэл Сибирийн бар, Африкийн үчимбэр зөөж нутагшуулах мэт элдэв зовлон гарахгүй.
Ханбогдод дэлхийн жишгийн татваргүй дэлгүүр, үйлчилгээ, казино, цэнгээнт театрын сүлжээ нээгдэх нөхцөл бүрдүүлэх нь түм түжигнэж бум бужигнах зам руу хөтлөнө.
Лас Вегас бээр Галбын говьтой эс зүйрлэм халуун элсэн цөлд цогцолсон гэдэг.
Тэгэхлээр "Экспортын үйлдвэрлэл, аялал жуулчлалын чөлөөт бүс" байгуулах тухай асуудлыг дээр, дооргүй даруй хөндөж, улмаар нухацтай авч үзмээр санагдана. Үүнийг Ханбогдын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, түүний хэрэгжилтэй зэрэгцүүлж зүтгүүлэх нь говийн бүсийн ирээдүйд ч чухал болов уу. Энэ асуудлыг тусгайлан эрхлэх хороо Засгийн газрын дэргэд үүсч хөдөлж эхлээсэй гэж мөрөөднө.
Ийм бүсийн удирдлагын бүтэц, хууль эрх зүй, банк, санхүү, татварын орчныг Сингапурын шилдэг туршлагатай дүйцүүлж бүрдүүлэх, эхний үед гадаадын шалгарсан мененжмент ашиглах нь ч өгөөжтэй байж мэднэ.
Экспортын үйлдвэрлэлийн хувьд Хятадын зах зээлд нэн өргөн хэрэгцээтэй, гэхдээ түүхий эд, материал нь манай орон нутагт байдаг, цөөхөн төрлийн бүтээгдэхүүн сонгож, тэдгээрийг өндөр чанартай үйлдвэрлэхийг зорих нь амжилтад хүргэнэ.
Эдгээр нь Ханбогдын брэнд бүтээгдэхүүн болж өмнөд хөршийн тэрбум гаруй худалдан авагчдын дур сонирхол, тасралтгүй хэрэгцээнд гарцаагүй нийцэх шаардлага хангах ёстой.
Гадаад худалдааны экспорт Ханбогдын хувьд хамгийн чухал нь бөгөөд туризмыг ч олон улсын худалдаанд “үл үзэгдэгч экспорт” гэж үздэг. Гадаадын жуулчид ирж тэмээ унаж, амьтан, шувуу ажиглаж, ахуй амьдралтай танилцаж аялахад нь унаа унаш, гэр орон, хоол ундаар хангах, мөн торомны ноос, ямааны ноолууран ороолт, оймс зэргийг борлуулах нь “экспорт” юм. Хил давуулах гэж зүдрэхгүй, нэгэнт ирсэн зочдын хармааг л хоосолно гэсэн үг.
Эдийн ухааны доктор Ч.Хашчулуун “…Манай улсын эдийн засаг бол экспортоор хөгждөг эдийн засаг. Экспорт сайн байх тусам улс орны хөгжил хурдан болно. Манайх далайд гарцгүй учраас урд хөршийн зах зээл их чухал…” гэж саяхан бичсэнийг энэ ялдамд дурдъя.
Туризмын хувьд байгалийн төрөлжсөн аяллын бүтээгдэхүүн, хөтөлбөрүүд бий болгож, тэдгээрт шаардагдах үзвэр, үйлчилгээний орчин цагийн техник, технологи нэвтрүүлж, мэргэжлийн хөтөч, менежер зэрэг хүн хүчний асуудлыг шат дараалалтай шийдэх шаардлага гарна.
Үлэг гүрвэлийн түүх, шувуу болоод амьтан ажиглах аялал, фото сафари зэрэг тусгай аяллыг дэлхийн зах зээлд Монголын говийн содон брэнд болгох, дээд зиндааны чинээлэг жуулчдыг татах бодлого хэрэгжүүлбэл үлэмж чанартай үйлчилгээтэй бөгөөд өндөр орлоготой салбар болж хөгжинө. Энэ мэт олон санаа өгүүлж болох ч Ханбогдын хөгжлийн анирт автагдсан хүүрнэлээ үүгээр өндөрлөе.
Ханбогдын шинэ эриний босгон дээр Засгийн газар маань уг сумын хөгжлийн ойр, дунд хугацааны болоод хэтийн төлөвлөгөөг адисласан нь нэн буянтай хэрэг. Түүнийг хэрэгжүүлснээр Ханбогд маань дэлхийг Монголынхоо өмнийн говьд авчирна.
Эцэст нь Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур зэрэг чөлөөт бүсээс тэс өөр амь, амьдралтай бөгөөд экспортын үйлдвэрлэл, туризм чөлөөтэй хөгжих боломж нөхцөлтэй онцгой чөлөөт бүс Ханбогдын дагуул болж, өмнөд хил орчмын эдийн засгийг хүчирхэгжүүлэх алхмыг энэ цаг үе нэхэж, дуудаж, шаардаж байна хэмээн мэдэмхийрч буйдаа өчүүхэн тал бичээч миний бие түмэн хүлцэл өчье.
2022.08.18
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)