Ариун цэврийн байгууламжгүй аялал жуулчлалын бүс

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Их хотын хөл хөдөлгөөнөөс жаахан ч болов хөндийрч, амрахыг хүссэн иргэд амралтын өдрөөр голын зах бараадаж, агаарлах нь ихэссэн. Гэвч дотоодын аялагчдад тулгамддаг нэг том асуудал нь тав тухтай бие засах ариун цэврийн байгууламж юм. Улаанбаатар хоттой ойр иргэдийн ихээр очдог гол дагуу газруудад ариун цэврийн байгууламж байхгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Төр, Хурхын ам болон Туул голын эрэг дагуу иргэдийн ихээр очдог голын дагуу газруудын зорилоо. Эхний очсон газар бол Баянзүрхийн товчооны хойно иргэдийн ихээр очдог Туулын эрэг дагуух газар байлаа. Үдээс хойш 16:20 цагийн орчимд эл газар ойролцоогоор 30 гаруй хүн иржээ. Зарим нь майхнаа барьж, зарим нь хоолоо хийхээр зэхэж харагдана. Гол үер ихтэй тул усанд орж буй хүн цөөн байх аж. Ойр орчимд нь худалдаа наймаа ч их болжээ. Тодруулбал, голын зүүн урд хэсэгт хүүхдийн хийлдэг тоглоом байршуулсан байх бөгөөд хажуугаар нь хуушуур болон, усан буу, хөвөгч, үлээдэг хөөс зэргийг зардаг худалдаачид хэдийн төвхнөжээ.

Гэвч ойр орчимд нэг ч ариун цэврийн байгууламж алга байв. Иргэд зүүн урд хэсэгт байх шигүү мод болон голын цаана байрлах мод руу орж бие засаж байгаа харагдана. Тэдгээр газрууд руу очвол үнэхээр иргэдийн бие засах газар болж хувирчээ. Энд тэндгүй ялгадас, ариун цэврийн хэрэглэл, нойлын цаас харагдаж байлаа. Харин иргэдийн хувьд аргагүй эрхэнд мод руу орж бие засаж байгаагаа хэлж байв. Энэ талаар иргэн Б.Батбямба “Нэг үеэ бодвол залуучууд гэр бүлээрээ агаар салхинд гарах нь ихэссэн. Ялангуяа, лагергүй иргэдийн хувьд амралтын өдрөөр гол дагуу амардаг. Би өглөө 11:00 цагийн орчимд гэр бүлийнхний хамт ирсэн. Бид энд хонох төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс майхнаа барьж тохижоод сууж байна. Хоттой ойр гол дагуу аль ч газар очсон ариун цэврийн байгууламжийн асуудал хүнд байна. Ялангуяа, иргэдийн ихээр очдог туул голын эрэг дагуу болон Тэрэлжийн бүс нутаг орчмын газруудад ариун цэврийн байгууламж нэг ч байхгүй байна шүү дээ. Аргаа барсан иргэд хүний нүднээс далд хэмээн мод руу орж бие засаж байна” гэсэн юм.

Харин дараагийн очсон газар бол “Төр Хурхын ам” юм. Тус газар нь иргэдийн ирэх дуртай газруудын нэг болжээ. Учир нь галт тэрэг хажуугаар нь явдаг, гүзээлгэнэ их ургадаг, гүехэн устай учир таатай байдаг аж. Орой 18:00 цагийн орчимд 10 гаруй машин хүмүүс байв. Мөн л зарим нь хоноглохоор, зарим нь буцахаар зэхэж байв. Гэвч мөн л ариун цэврийн байгууламжгүй байлаа. Тиймээс иргэд галт тэрэгний нүхэн гарц руу орж бие засаж байв. Энэ нь голын урсацаас 200м зайтай байсан юм. Иргэдийн хувьд нэвтрэх цэг дээр багахан мөнгө хурааж ариун цэврийн байгууламжтай болох нь зөв гэж байсан юм.

Энэ талаар иргэн Б.Золзаяа “Найз охидтойгоо 14:00 цагийн үед ирсэн. Манай улсад ариун цэврийн байгууламжийн асуудал эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал болоод байна. Хаана ч очсон ариун цэврийн байгууламжгүй байна. Өнөөдөр гэхэд бид хүний нүднээс далд галт тэрэгний нүхэн гарцны дор бие засаж байна. Харин үүний оронд нэвтрэх цэг дээрээ багахан мөнгө хурааж, ариун цэврийн байгууламж хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.        

Гол дагуу ариун цэврийн байгууламж байхгүй байгаа нь гэдэсний суулга болон менингит өвчин тусах эрсдэлийг бий болгож байна.  Тодруулбал, Усны газрын харьяа Усны төв лабораториос Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх Туул гол, Дунд голын гүүрнүүдийн доорх урсцаас өнгөрсөн тавдугаар сард сорьц авч шинжилгээ хийхэд гэдэсний савханцар болон хүнцэл зэрэг бодис их хэмжээгээр илэрчээ. Энэ тухай Усны газрын дарга З.Батбаяр “Туул гол, Дунд гол орчимд өнгөсрөн тавдугаар сард хийсэн шинжилгээнд бохирдлыг тодорхойлогч азотот нэгдэл аммоний агууламж стандарт шаардлагын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.4 дахин их байсан юм. Мөн химийн хэрэгцээт хүчил төрөгч 3.34-29.33 дахин, биохимийн хэрэгцээт хүчил төрөгч 4.28-37.6 дахин их байжээ. Туул голд цутгаж байгаа хэсэгт Никелийн агууламж стандартад заасан дээд хэмжээнээс 3.65, хар туглагийн агууламж 10.37 дахин их, хүнцлийн агууламж 6.9 дахин давсан үзүүлэлтэй байгаа юм. Үүнээс үүдэж Туул гол, Яармагийн гүүр, Туул гол- Тэрэлж, Дунд голын туул голд цутгах хэсэгт голын усанд гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн тус тус илэрсэн юм. Гэдэсний савханцар нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, менингит болон бусад өвчнүүдийг үүсгэдэг” гэсэн юм. 

Харин ариун цэврийн байгууламжтай холбоотой Ерөнхий сайдын 2024 оны 05 сарын 01-ны 189 дугаар тогтоолд Улаанбаатар хот орчмын ариун цэврийн байгууламжийн асуудал дурдаагүй байна. “Монголд зочлох жил” хэмээн чанга дуугаар гадны иргэдийг урьчихаад дотоодын аялагчдынхаа биологийн анхдагч хэрэгцээ буюу  ариун цэврийн байгууламжийг асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь харамсмаар. Мөн нөгөөтэйгүүр энэ нь Улаанбаатар хотын 1.6 сая иргэний эрүүл мэндэд заналхийлж буй үйлдэл юм. Тиймээс хот орчмын иргэдийн ихээр амардаг газруудад ариун цэврийн байгууламж барих шаардлагатай байна. Хатуухан хэлэхэд ариун цэврийн байгууламжгүй аялал жуулчлал гэж юу байх вэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин