Э.Даваачимэг: Монголын шигшээ баг том зорилгоо биелүүлэхэд ганцхан алхам дутуу байна

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Францын нийслэл Парис хотноо зуны XXXIII дахь олимпын наадам үргэлжилж байна. Монголчуудын шимтэн үздэг жүдо бөхийн төрөлд Монголын шигшээ баг 48 кг-д  нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ дуусгасан. Тэгвэл яг энэ цаг мөчид чөлөөтийн шигшээ баг Парисын дэвжээнд хүч үзэж буй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд 2021 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийд нэрээ дансалсан, Монгол Улсын гавьяат тамирчин Эрхэмбаярын Даваачимэгийг урьж, ярилцлаа.

 

-Энэ цаг үед цэнгэлийн манлай олимпын наадам чөлөөт бөхийн төрлөөр үргэлжилж байна. Дүү нараа барилдахыг харахад танд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Олимпын наадам маань чөлөөт бөхийн төрлөөр амжилттай үргэлжилж байна.

Амьдралынхаа багагүй хугацааг энэ спортод зориулсан хүний хувьд дүү нараа дэлгэцийн цаанаас хараад баярлах, огших сэтгэл төрж сууна. Тэд ч өөрт байгаа бүх зүйлээ шавхаж байгааг нь харах сайхан байна. Олимпын наадам дөрвөн жилд нэг удаа л болдог. Энэ наадамд эрх авч оролцоно гэдэг өөрөө маш их хөдөлмөр, тамирчдын туйлын зорилго юм шүү дээ.

 -Монголын шигшээ багийн амжилтыг та хэрхэн харж байна вэ?

-Манай дүү нар, Монголын шигшээ хамгийн том зорилгоо биелүүлэхэд нэг алхам л дутуу байна. Монгол түмнээ баярлуулна гэдэгт нь эргэлзэхгүй байна. Олимп гэдэг өөрөө их олон жил хөдөлмөрлөж,  маш том шалгуурыг давж очдог том дэвжээ. Тиймээс Парисын дэвжээнд очсон хүн бүхэн ялагч шүү гэж хэлье .

-Олимпын наадам болохоор та хэр догдолдог вэ. Магадгүй тамирчин бүхний мөрөөдөл олимпын дэвжээ байдаг байх. Таны хувьд энэхүү спортод зориулсан  цаг хугацааны явцад олимпод өрсөлдөх боломж гарч ирж байв уу?

-Мэдээж догдлолгүй яах вэ. Гэхдээ миний хувьд олимпын наадамд оролцож байсангүй. Харин түүнээс бусад дэвжээнд зодоглосон. Тухайлбал, Азийн олимпын наадамд оролцож байлаа. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмаас шагналт тавдугаар байранд орж байсан удаатай. Тухайн үед энэхүү наадамд очоод үнэхээр сүрдэж байсан. Олимп гэдэг ямар том тэмцээн бэ, тэнд үнэхээр шилдгүүд л очдог юм байна гэсэн мэдрэмжийг авч, анх танилцаж байлаа.

Э.Даваачимэг 17 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат тамирчин боллоо.

-Магадгүй танд олимпын наадамд оролцсон бол гэсэн бодол төрдөг үү?

-Миний залгамж халаа бэлтгэгдэж байна. Тэднийгээ хараад баярладаг. Бүгд бэлтгэлээ сайн хийж, олимпын медаль авахын төлөө хөдөлмөрлөж байгааг нь харахад сайхан санагдаж байна. Сэтгэлзүй ч өндөртэй. Ялангуяа манай эрэгтэй шигшээ баг олон жил тасарсан олимпын медалийг авчрахыг, эмэгтэйчүүд маань медалийн буухиагаа таслахгүй байхыг хичээж байгаа нь бахархууштай.

-Монголын бөхчүүдийг харахад дайчин чанар дутмаг юм уу гэж харагддаг. Ер нь бусад улсын тамирчдаас хэрхэн, яаж давуу талаа харуулах вэ?

-Манайхны хувьд бусад орны тамирчдаас муу байгаа зүйл байхгүй. Үзэгчид барилдана гэдгийг их амархан юм шиг ойлгодог. Гэхдээ яг дэвжээн дээр, бэлтгэлийн зааланд юу болдгийг, тамирчид ямар зам туулдгийг төдийлэн мэдэхгүй. Зүгээр л дэлгэцийн араас харахад аваад шидчихэж болох юм шиг өрөөсгөл ойлголттой байгаад байна. Ямар ч бөх дэвжээн дээр ялагдана гэж гардаггүй. Дэвжээн дээр гарсан л бөх өөрсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийж, ялахын төлөө тэмцдэг гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.   

-Тэгвэл бөхчүүд тэмцээнд оролцохын тулд ямар замыг туулдаг вэ. Ялангуяа олимпод оролцохын тулд?

-Олон жилийн бэлтгэлээс гадна заавал тэмцээнд орж эрх авах ёстой. Жишээлбэл 2023 оны ДАШТ-ний эхний таван байранд шалгарсан бөхчүүд шууд олимпын эрх авсан. Харин аваагүй тамирчин нь 2024 оны Улсын аваргаар түрүүлсэн тохиолдолд Азийн эрхийн тэмцээнд явдаг. Хэрэв Азиас эхний гурван байрын нэгээр гараад ирвэл олимпын эрх өгнө. Мөн эндээс авч чадахгүй бол дэлхийн эрхийн тэмцээнд очиж, нэг юм уу хоёрдугаар байрт шалгарсан тохиолдолд олимпод зодоглох эрхтэй болдог. Энэ олон шалгуур, бэлтгэл, тэмцээнүүдийг давж байж очиж байгаа учир олимпын дэвжээнд сул өрсөлдөгч гэж байдаггүй. 

-Олимпоос мөнгөн медаль авсан Б.Баасанхүү сэтгэл зүйч, хоол зүйчгүй явсан гэж ярьсан. Чөлөөтийн шигшээгийн хувьд эдгээр мэргэжилтнүүд байдаг уу. Та бүхэнтэй тулж ажилладаг байв уу?

-Энэ жилийн олимпод манай чөлөөтийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байна. Үүнд хоол зүйч, сэтгэл зүйч, бэлтгэл хангагч, эмч нь багтсан. Хэрэв үзэгчид анзаарч байгаа бол тамирчин дэвжээнээс буугаад ирэхэд эмч нь хажууд нь, сэтгэл зүйч нь хөшигний ард байгаа. Харин жинг нь тааруулахын тулд хоол зүйч ямар хоол идэхийг нь нэг бүрчлэн тааруулаад өгч байгаа. Манай чөлөөт бөхийн холбоо энэ жил олимпын наадамд их ач холбогдол өгсөн. Тиймээс Монгол Улстай ойролцоо Япон, Энэтхэг ОХУ-аас бэлтгэл хангагч авчирч, бэлтгэлээ базаасан.

-Саяхан та Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Энэ эрхэм хүндтэй шагналыг авах болсноо дуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би долоодугаар сарын 8-ны өдөр энэ  эрхэм цолоор шагнуулсан. Дөрөвний өдөр над руу залгаж, шагнуулах болсон тухай дуулгасан. Ярихад нь догдлоод, өөрийн эрхгүй нулимс гарсан. Учир нь би амьдралынхаа багагүй хугацааг энэ спортод зориулсан байна. Тамирчин хүний хувьд 17 жил гэдэг бага биш. Тиймээс өөрөөрөө бахархсан. Мөн их спортоор тууштай хичээллэсэндээ баярласан. Гэхдээ энэ бол ганцхан миний шагнал биш шүү гэж бодогдож байлаа. Учир нь тамирчин хүний ард өөрийг нь, тухайн спортыг ойлгодог үнэнч гэр бүл байж л амжилт гаргадаг. Тиймээс хайртай аав ээж, хань, үүр хүүхэд болоод Хилийн цэргийн 0208, 0272 дугаар ангийнхандаа чин сэтгэлээсээ талархсан. Та бүхэн байгаагүй бол би энэхүү амжилтыг гаргахгүй байсан гэдгийг хэлье.

-Та хэдхэн жилийн өмнө амаржсан. Төрсний дараа буцаад бэлтгэлдээ орох ямар байсан бэ?

-Би 2019 онд амаржиж, хоёр ихэр хөөрхөн охинтой болсон. Буцаад бэлтгэлдээ ороход үнэхээр чанга юм билээ. Бүхнийг дахиад тэгээс эхлэхэд хэцүү байсан. Гэхдээ зорилго минь тодорхой байсан учир шантарч, буцаагүй. Ингээд 2021 оны ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэндээ баяртай байдаг. 

-Та дэлхийд данстай тамирчин. Хамгийн сүүлд 2021 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, монголчуудаа баярлуулсан. Хүрэл медалийн тавцан дээр зогсож байхдаа та юу мэдэрсэн бэ?

-Шагналын тавцан дээр зогсож байхдаа өөртөө “ Ингээд л авдаг юм байна. Миний олон жилийн хөдөлмөрийн үр шим шүү” гэж хэлсэн. Яг үнэндээ дотроос нэг юм аваад хаячихсан юм шиг тайвширсан мэдрэмж төрдөг юм билээ. Учир нь би дөрөв дэх дэлхийн аваргадаа орж байж, энэ тавцанд зогссон. Олон жил дэлхийн медаль мөрөөдөж, бэлтгэлээ хийдэг байсныхаа үр шимийг хүртсэн, үгээр хэлэхийн аргагүй сайхан мөчийн нэг нь байсан даа.  

-Та хоёрдугаар тойрогт Азийн аварга, 2020 оны Азийн хүрэл медальт, Энэтхэгийн Аншу Маликтай таарч, 1:5 ялагдсан. Тухайн үед дэвжээнээс буугаад барилдаанаа хэрхэн дүгнэсэн бэ?

-Энэтхэгийн бөхтэй би Азийн аваргаар таараад хожиж байсан юм. Харин тэрээр дэлхийн аваргаар ирэхдээ илүү өндөр түвшинд бэлтгэгдээд ирсэн нь барилдаан бүхнээс нь харагдаж байлаа. Ямар бөхтэй таарвал хэрхэн барилдах тухайгаа нарийн тооцоолсон байсан. Харин миний хувьд барилдах тактик, барилдаанаа толгойндоо л бодчихсон байснаас яг сургуулилт хийж амжаагүй. Энэ л миний ялагдах шалтгаан боллоо гэсэн дүгнэлт хийж байсан.  

-Таны энэхүү медаль Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь, олимпын жин болох 57 кг-д эмэгтэй бөхчүүдээс медаль хүртсэн анхны тохиолдол болсон. Тухайн үед өөрөөрөө бахархаж омогшиж байв уу?

-Би чинь анхны залуучуудын дэлхийн аварга болж байсан.  Гэтэл дахиад 57 кг-ийн жинд дэлхийгээс медаль авсан. Энэхүү амжилтаараа Монголын чөлөөтийн түүхэнд дахин нэг шинэ хуудсыг нээж, дүү нартаа медаль авч болдог юм байна шүү гэсэн боломжийг нээж өгсөндөө үнэхээр баяртай явдаг.

2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

-Тухайн жилийн ДАШТ-д та ямар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байв. Хүрэл медалийн төлөө барилдахаар дэвжээнд гарахад дасгалжуулагч тань юу гэж захиж байсан бэ?

-2021 оныхоо ДАШТ-ий бэлтгэлийг Үндэсний шигшээ багтайгаа хийсэн. Тухайн үед манай багш, дасгалжуулагчид, ойр дотнынхон минь “Чи олон жил зүтгэлээ. Одоо л чиний авах цаг болсон” гэж урам өгч байлаа. Мөн чөлөөт бөх сонирхдог их олон хүн авчихаасай гэж харж байсан байх. Яг хүрэл медалийн төлөө гарах гээд зогсож байхад дасгалжуулагч маань “Миний охин хичээгээрэй” гэж захисан. Ингээд би тэмцээний үед хожиж явж байгаад дээшээ хараад моостонд ороод даруулах гээд байж байсан чинь Сүхээ багш булангаас “Хоёр охиноо бодооч” гээд орилсон. Тэр үгийг сонсоод би хоёр гараа сугалж аваад дайраад боссон.

-Тухайн үед энэ үгийг сонсоход хүч орох шиг болсон уу?

-Тэгэлгүй яах вэ. Яг энэ үгийг сонсоход би ялагдаж болохгүй гэсэн бодол төрдөг юм билээ. Нээрээ би юуны, хэний төлөө энд ирсэн билээ гэж бодогдсон. Мэдээж тамирчин нь хүнд байдалд орчихсон байхад багш хүн юу хэлэх вэ гэдгээ сайн мэддэг. Сүхээ багшийн хувьд их олон шавь нь дэлхийгээс медаль авсан. Миний хувьд шавь нарынх нь 13 дахь медалийг авах уу үгүй юу гэсэн шийдвэрлэх үе дээр ирээд байсан нь тэр.Тэгэхэд л багш хүний ухаан, мэдрэмж гэдэг ямар агуу юм бэ гэж бодож, багшдаа баярлаж байлаа.  

-Та чөлөөт бөхөөр хэдэн жил хичээллэж байж, анхныхаа олон улсын медалийг хүртэж байв?

-Анх өсвөрийн тэмцээнээс медаль авч байсан. Тэр нь Тиженгийн өсвөрийн олон улсын тэмцээний хүрэл медаль. 

-Дэлхийгээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа та  Красноярскийн тэмцээнээс шигшээ багаасаа анхны алтан медалийг авсан. Финалын барилдааныг та сонирхуулаач. Хэрхэн өрнөсөн бэ?

-Красноярскийн тэмцээнд би хамгийн олон удаа буюу 2011 оноос хойш оролцсон байдаг. Найман удаа оролцсон мөртлөө ерөөсөө түрүүлж үзээгүй байсан юм. Энэхүү тэмцээнийг манай чөлөөтийнхөн бага дэлхийн аварга гэж нэрлэдэг. Мөн барилдаж байсан ах эгч нар  Красноярскийн тэмцээнээс медаль авсан хүн заавал ДАШТ-ээс медаль авдаг гэж ярьдаг байлаа. Тиймээс би энэхүү тэмцээнд түрүүлэхдээ маш их бэлгэшээж, баярлаж байснаа мартдаггүй.

-Олон улсын тэмцээнд яваад медаль аваад буухад ер нь ямар мэдрэмж төрдөг вэ?

-Эх орноо төлөөлөөд, олог улсын тэмцээнд яваад, эх орныхоо нэрийг гаргаж медаль авна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Медалиа зүүгээд эх орондоо ирэхэд урдаас хайртай гэр бүлийнхэн, намайг таньдаг хүмүүс тосоод зогсож байхыг харах сайхан. Бас нөгөө талаараа медаль аваагүй үедээ санаа зовоод, онгоцны буудлаас гармааргүй санагддаг үе ч тамирчин бүхний замналд  бий.

-Энэ олон жилийн хугацаанд таныг хамгийн ихээр шандсыг тань сорьж, хүч шавхсан барилдаан гэвэл та ямар тэмцээнийг онцлох вэ?

-Хамгийн их хүч шавхсан тэмцээн гэвэл яахын аргагүй ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаан байсан. Яах ч аргагүй 30-40 секунд моостлоход тамир барагддаг. Хүсэж хүлээж байсан медалиасаа мултарчих гээд байдаг. Тиймээс маш их хичээсэн. Арай гэж мултраад гарч ирэхэд би нэг оноогоор ялж, минут ч дуусах дөхсөн байсан. Тиймээс өөртөө “За Даваачимэгээ чи одоо л гүрийх ёстой” гэж хэлсэн. Ингээд сүүлийн 30 секундын барилдаанд ямар ч алдаа гаргах эрхгүй. Хэрэв жаахан л эвгүй хөдлөх юм бол ялагдах эрсдэлтэй тул өөрийгөө 100 хувь дайчилж, хүч тамираа шавхаж тэрхүү барилдааныг өөрийн хожлоор дуусгаж байсан.

-Яг тань шиг ингэж өөрийгөө дайчилж, зөв барилддаг бөх олон байгаасай гэсэн бодол төрлөө. Ер нь туршлагатай тамирчны хувьд Монголын чөлөөт бөхийн цаашдын ирээдүйг хэрхэн харж, төсөөлж байна вэ?

-Монголын чөлөөт бөхийн ирээдүйг би дандаа гэрэл, гэгээтэйгээр хардаг. Учир нь энэ спортод дуртай маш олон спонсорууд бий болсон. Холбоо маань ч шинэчлэгдсэн. Тиймээс одоо л яг зөв замаараа хөгжих үе нь ирж байна уу даа гэж би итгэдэг.

-Та яагаад бөхийн спортоор хичээллэх болсон бэ. Та бөхийн удамтай юу?

-Ээжийн тал бөхийн удамтай. Харин аавын тал удам байхгүй ч, хамгийн том ах нь дөрвөн хүүтэй. Тэд намайг жаахан байхад сумын наадамд барилддаг байлаа. Би ах нартаа их эрхэлнэ. Эрхлэхдээ би барилдмаар байна, барилдъя гэж тоглоно. Ингэж явсаар 2007 онд хичээл эхэлчихсэн байх үед манай нутгийн эгч сургуульд багшилдаг байсан юм. Тэр эгч маань надад нэг өдөр “Чөлөөт бөхийн секцэнд охин хүүхэд авна гэнэ. Чи дандаа л барилдъя гэдэг юм чинь очиж шалгуулаач” гэж хэлсэн. Ингээд Спортын төв ордноо ч мэдэхгүй охин анх утсаар ярьсаар байгаад олж очоод П.Чулуунбаатар, Дамбарагчаа багштайгаа яг голын шатны дэргэд уулзаж байсан. Би бөхийн спортод маш их хайртай. Нэг ч удаа бэлтгэлээ тасалж, хоцорч үзээгүй. Бэлтгэл эхлэхээс цагийн өмнө ирээд суучихна. Хамгийн сүүлд заалнаас гарна. Багш маань сүүлдээ намайг “Одоо чи гэртээ харь” гэж хөөж явуулдаг байсан.   

-Охид бүхэн л багадаа өөр эмэгтэйлэг мэргэжил мөрөөддөг байх. Чөлөөт бөхийн юу нь тангыг татсан бэ?

-Зүгээр л бөхөд дуртай сэтгэлээрээ л хүрээд ирсэн. Түүнээс чөлөөт нь ийм, жүдо нь тийм гэсэн ямар ч мэдлэг, төсөөлөл байгаагүй. Ингэж барилдаж эхлээд удаагүй байхдаа Ням багшийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль авсан. Үеийнхээ хүүхдүүдтэй барилдаад явж байхад яагаад ч юм энэ спортод илүү татагдсан. Өөрөөсөө илүү туршлагатай ах эгч нараасаа их зүйл сурсан. Ялангуяа О.Насанбурмаа эгчээсээ. Анх 2011 онд эгчтэй танилцаад, хамт амьдарч, өнөөдрийг хүртэл эгч дүүсийн нандин холбоотой амьдарч байгаа. Тэр үеэс хойш нэг л мэдэхэд олон жил өнгөрчихсөн, энэ спортоос гарч, холдож чадахааргүй болтлоо дурласан байна. Өөрийнхөө өмнө тавьсан олон том зорилгодоо ч хүрсэн.  

-Шигшээ багт хэзээнээс дуудагдсан бэ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд орсноор таны барилдааны чанар, агуулга хэрхэн өөрчлөгдсөн гэж боддог вэ?

-Хамгийн анх 2012 онд дуудагдсан. Тус оны нэгдүгээр сараас шигшээ багийн тамирчин гэж дуудуулаад, цалинд хүрч байсан. Харин хоёрдугаар сараас нь “Хилчин” спорт хороо 0286 дугаар ангид хуваарилагдаад, хоёр давхар цалин авдаг болсон. Ингэснээр миний амьдрал, барилдааны ур чадвар ч нэмэгдсэн. Мэдээж хувцас хангамжийн хувьд сайжирдаг. Уураг, витаминаар хангагдахаас гадна хамгийн чухал нь олон улсын тэмцээнүүдэд улсын зардлаар явдаг болсон учир сэтгэл амар бэлтгэл хийх боломж бүрдсэн.

-Мэргэжлийн тамирчин болсон ч шантрах, болих юм сан гэсэн бодол төрж байв уу?

-Тамирчин хүнд шантрах үе олон бий. Олон улсын тэмцээнд оролцохын тулд олон сараар бэлтгэл хийнэ. Тэмцээндээ очоод медаль авахдаа баярладаг ч медальгүй ирэхээрээ шантарна, сэтгэлээр унана. Зарим үед хүнд бэлтгэл, ачаалал авахаар хэцүү. Энэ үед ерөөсөө больё гэж боддог болов ч яагаад ч юм чаддаггүй. Дэвжээндээ гараад хөлсөө гаргахад л өнөөх бодол алга болчихсон байдаг. 

-Тамирчин, тэр дундаа чөлөөт бөхийн спортыг сонгосноороо та ямар үед хамгийн ихээр бахархаж байв?

-2011 онд анхны Залуучуудын аваргадаа ороод эхний тойрогтоо ялагдаад тэмцээнээ дуусгасан. Тэр үед өөртөө “Би заавал дараа жил аварга болно” гэж өөртөө зорилго тавиад буцсан. Ингээд 2012 онд очиход миний зоонд хамгийн хатуу самрууд багтсан байлаа. Хүн бүхэн л толгой сэгсэрч, найдваргүй гэж байсан ч Япон, Герман, Шведийг бүгдийг нь ялаад аваргын төлөө гарч ирчихээд “Би чадсаан” гээд орилж байлаа. Туркийн тамирчинг ялж, алтан медаль хүртээд, төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа чөлөөт бөхөөр хичээллэсэндээ хязгааргүй их баярлаж, бахархаж, омогшиж байсан.  

-Таны их спортоос олж авсан хамгийн үнэт зүйл гэвэл юу бол?

-Чөлөөт бөхийн спортоос олж авсан үнэт зүйл бол үнэнч байдал юм болов уу. Мөн цаг барих, сахилга бат гээд хувь хүндээ олон сайн зүйлийг сурч, суулгаж авчээ. Энэ бол их спортын л буян. Хамгийн сүүлд хэлэхэд чөлөөт бөхийг үздэг, дэмждэг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Надад манай дүү нар Парисын олимпоос 2-3 медаль авах болов уу гэсэн хүлээлт, итгэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

17 цаг 30 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

17 цаг 33 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

17 цаг 37 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

17 цаг 42 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин