"Даншиг наадам-Хүрээ цам 2024" шашин соёлын наадам өргөн дэлгэр боллоо

2024-08-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Монголчуудын өв соёлын "Даншиг наадам- Хүрээ цам 2024" наадмыг Хүй долоон худагт зохион байгууллаа. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам билээ. Тиймээс ч гадаадын аялагч, жуулчдыг татах, монголчуудын өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой энэхүү наадмыг гадаадын төдийгүй дотоодын аялагч нар ихээхэн сонирхдог. Тус наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ- ын ӨМӨЗО-ны хүчит бөхчүүд оролцохын зэрэгцээ үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан түүнчлэн соёолон насны морьдын уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн болов.

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болж Очирвааны тахилга,Чингис хааны сан, цам харайх, сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгууллаа. Мөн Улаанбаатар “385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын шилмэл бүтээлүүд, гэр хотхон, есөн дүүргийн ардын авьяастнуудын тоглолт зэрэг баялаг хөтөлбөртэй наадам болж өнгөрлөө.

"Даншиг наадам-Хүрээ цам 2024" нээж Нийслэлийн Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн Хангарди найрал дуучид Богд хаант Монгол улсын үед Төрийн дуулал байсан түүхтэй "Зуун лангийн Жороо луус" дууг дуулсан юм.

Их хүрээ цамын тухай Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажавын тайлбараас товчлон хүргэвэл.

Бясалгаач егүүзэрүүд догшдын баг, хувцас өмсгөлийг өмсөж, барьц хэрэгслийг бариад догшдын цам бүжгийг хийн дайн зэтгэрийг даран номхотгож байсан ёс уламжлал Цаст Төвдийн оронд Хуучин нууц тарнийн шашны дэлгэрэлтийн үед буюу VIII зуунд дэлгэрчээ. тодруулбал Тисрэн тизэн бээр Энэтхэг орноос их тарнич Ловон Бадамжунайг залж тэрээр Төвдийн хар зүгийн тэнгэр лус ад зэтгэрийг Пүрэвпрэнлэйн хот мандалд шүтэн догшидын багт цамыг цамнан дараад Төвдийн Бурханы шашны анхны Самъяа хийдийг байгуулж, Бурханы шашныг дэлгэрүүлсэн түүхтэй билээ. Харин хүрээ цам нь Дамжан Чойжал голлосон шашныг тэтгэн сахигч нарын цам болно.

Монгол оронд Их Хүрээ цамыг анх IV Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор 1811 оны төмөр хонин жилд гаргасан гэдэг.

Тус цамыг цаашид тэр үеийн Их Хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавийн зохиосон “Дансран жамцын гарчам” хэмээх ном увидсын дагуу дэглэсэн байна. Цам харайж байгаа өдөр аймаг, хошуудын ноёд, хутагт хувилгаад, хар шар мөргөлчин, сүсэгтэн олон ихээр цугларч өөр өөрсдийн аврал даатгалаа үйлддэг байжээ.

Цам нь үзсэн хүмүүний сүсгийг татаж нүгэлт нарыг зүрхшүүлэн сүрдүүлдэг аж. Цам нь бурхны шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтана. Мөн нууц тарни буюу очирт хөлгөний анхааран авлага болно. Амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйлүүдээс хатуу үйлдээ хамаарна.

Иймээс цамчид Ямандаг бурхны авшиг,Чойжалын даган соёрхлыг хүртсэн, Ямандаг Бурхны нямба бүтээлийг үйлдсэн бясалгаачид байна. Тэд гурван хоногийн жахар цамын хурлыг хураад, дотоод цамд гараад, догшидын баг, өмсгөл хувцасыг өмсөн барьц хэрэгслэлийг барьж догшидын дүр байдалд ороод цамнан харайснаар гадаад барцад тотгор болох хар зүгийн лус савдгийн хорлол, зэтгэр шулмын гай цээр, аюул хөнөөл, барцад саадыг хүчээр даран сөнөөдөг, үлдэн хөөдөг, номхотгон эрхэндээ оруулдаг болно.

Мөн дотоод түйтгэр элдвийн өвчин зовлон, муу сэтгэлийг (нисваанис таван хор) амирлуулдаг юм. Түүгээр үл барам цам цамнахыг үзэн залбирваас зуурдын зовлонгоос түргэн гэдтэл хойтын төрөлд муу заяанд үл төрөх нирваан хийгээд Бурханы хутгийг олохын авьяас хөрөнгө суух тэргүүнтэн цаглашгүй тус эрдэмтэй.

Цам нь их хөлгөний тарнийн шашин дэлгэрсэн Төвд, Монгол, Бутан, Барба, Ладак, Буриад, Тува, Өвөр монгол зэрэг улс оронд ихээр дэлгэрсэн байдаг. Монголын мэргэд, лам нар Их Хүрээ цамыг өөрийн өвөрмөц онцлогт бүхий нэгэн төрлийн цам болгон хөгжүүлсэн. Монголын Их Хүрээ цам нь хамгийн дэлгэрэнгүй ба баг, өмсгөл, чимэг зүүлт, барьц хэрэгсэл зэргийн ур хийц уран нарийн, гоёмсог сайн, зан үйл, дотоод агуулгын хувид гүнзгий, дүр байдал нь ихэмсэг бөгөөд сүрлэг хүчирхэг бөгөөд төгс чанарыг илэрхийлж чадсан байдаг.

Их хүрээ цамд монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурхны дүр, уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна дөрвөн уулын эзэн хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардаг онцлогтой. Цамын өмсгөл нь багаас гадна хэлхэгэр өргөн гурвалжин ханцуйтай цамын дээл, бадам хээтэй цээживч, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч, амарлингуй дүрт бурхдын дүртэй бүс, үрүүжан хэмээх ясан эрхин зүүлт чимэг зэргээс бүрдэнэ. Цамын баг нь хүний толгойноос хоёр дахин том бөгөөд цамчны нүд багийн амны жавьж хавьцаа таарч гадагш харж байгхаар таардаг. Багийг голчлон цаасан шуумалын аргаар хөнгөн бөгөөд уран гоёмсог бүтээнэ.

Цамыг цамнах даа гарын болон хөлний, биеийн олон янзын хөдөлгөөнийг үйлдэнэ. Энэ нь дотоод сэтгэлийн бясалгалын илэрлийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж байгаа утга агуулгатай. Цамын үйлийн үед линга эвдэх, жахар, сор залах сэлтийн нууц тарнийн хатуу зан үйл үйлдэгддэг. Цамын бүжгийг ширүүн дорвилог, сул зөөлний үүднээс баатар эрийн бүжиг, баатар эмийн бүжиг хилэнтийн бүжиг, хилэнт эмийн бүжиг, амарлахын бүжиг, дотоод бүжиг, нууцын бүжиг, тэр ямагт чанрын бүжиг, хилэгнэн эрхшээх хийгээд хилэгнэн инээхийн бүжиг, хилэгнээнт машид хилэгнэхийн бүжиг хэмээн дотор нь ангилна.

Их Хүрээ цамыг Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд 1999 онд хуучин уламжлалт ёсоор нь сэргээн гаргасан юм. Энэхүү Их Хүрээ цамыг сэргэхэд тус хийдийн ахмад хувраг агсан Д.Данзан, С.Сэрээтэр нар цаглашгүй гавьяа зүтгэлийг үзүүлсэн ач буянтангууд билээ. Түүнээ хойш гаргаж чадалгүй завсарлаж байгаад энэ жил дахин гаргаж байгаа билээ.

Цам нь нууц тарнийн ёсны нарийн бясалгал бүтээлээс үндэстэй бөгөөд энэ үүргийг хийдийн хэргэмтэй лам нар голлож үүрдэг. Хүрээ цам нь Гандантэгчэнлин хийдийн олон номтой лам хуврагуудын олон сарын нямба бүтээлийн үйлээс бүтдэг юм. Хүрээ цамд мөргөвөл жилээ даадаг засал ном болдог гээд Богдын хүрээнийхэн болон нутаг нутгаас ирсэн сүсэгтэн олон цамд ирж мөргөдөг байсан уламжлал одоо ч хэвээрээ бөгөөд улам дэлгэр болсон мэт.

Гандантэгчэнлин хийдийн Ловон лам Д.Авидынгэрэл цамын гол гом бясалгалыг даан үйлдэж, сор жахар заллаа.Цамын турш ловон лам ойролцоох асарт залран уншлага заслын зан үйлийг хариуцан заслын номыг уншина. Цам харайж төгсгөлийн цам болох үед лянгыг шатааж засал гүрмийн зан үйл эхэлдэг. Хурлыг даасан лам сорыг залж, балингаа шатааж, сахиусны хүрдийг бясалган үйлддэг. Ийнхүү шашны зүгээс муу бүхнийг галд шатаах нь гадаад харшлах муу гэхээс илүүтэй дотоод сэтгэлийн нисваанис муу бүгдийг галд шатааж, номын ёсоор засч буй зан үйл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин