Зургаан орны 25 судлаач монгол ахуйтай танилцана

2024-08-06
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургууль-2024” сургалтыг нээх ёслол өчигдөр Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд боллоо.

 

13 орын сургууль, эрдэм шинжилгээний 20 гаруй байгууллага оролцож байна

Энэхүү сургалтыг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсролын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг билээ. Гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид нь онцолж байсан юм. Энэ жил тул сургуульд хамрагдахаар долоон улсын 40 гаруй судлаач хүсэлт гаргажээ. Үүнээс 30 гаруйд нь зуны сургуульд хамрагдах боломж олгосноос ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг зургаан орны 13 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 25 судлаач иржээ.

Зуны сургалтын хувьд 14 хоног үргэлжлэх юм. Анх 1989 онд “Залуу монголч эрдэмтний зуны сургууль” нэрээр зохион байгуулж байсан энэхүү сургалт хэсэг хугацаанд тасалдсан ч 2014 оноос эхлэн Монгол Судлалын Үндэсний зөвлөл хариуцан зохион байгуулсаар иржээ.

Сургалтыг нээж, Монгол Судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, профессор Ц.Цэрэндорж үг хэллээ. Тэрээр “Энэ удаагийн залуу монгол судлаачдын сургалтад оролцохоор шалгарсан залуустаа тусгайлан баяр хүргэж, амжилт хүсье. Жил бүр зохион байгуулдаг манай энэхүү зуны сургууль, сургалтаас олон монгол судлалын шилдэг судлаачид төрөн гарч, дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байна. Энэ оны зуны сургуульд ОХУ-ын ШУА-ийн Монгол, Түвд буддын шашин судлалын хүрээлэн, Эдийн засгийн дээд сургууль, Буриадын их сургууль, Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм эдийн засгийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургууль, ХБНГУ-ын их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургууль, Турк улсын Истанбулийн их сургууль зэрэг дэлхийн монгол судлалаар тэргүүлэгч 13 орын сургууль, эрдэм шинжилгээний 20 гаруй байгууллага  хамтран оролцож байгааг дуулгая. Харин зуны сургуульд хамрагдах эрхтэй болсон судлаачдын тухайд Монголын түүх, хэл шинжлэл, уран зохиол, археологи, бүс нутаг судлал зэрэг чиглэлээр баклавар, магистар, докторын түвшинд суралцаж буй залуус байна. Тэд энэхүү сургуульд суралцсанаар Монголын тухай илүү өргөн мэдлэгтэй болохоос гадна үе тэнгийн судлаачидтайгаа танилцаж, монгол судлал гэсэн нэгэн сайхан хамтын нийгэмлэгийг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Залуу судлаачид эхний долоо хоногт Шинжлэх Ухааны Академи, МУИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтдийн лекцийг сонсох ажээ. Мөн Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудыг үзэх юм байна. Харин үлдсэн долоо хоногт нь малчин ардын ахуй, соёлтой танилцах дадлагад хамрагдах гэнэ. Зуны сургуулийн нээлтийн ёслолын дараагийн онцлох эрдэмтэн нь БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор, дэд профессор Д.Баттогтох байсан юм. Тэрээр судлаачдад хандаж, “Монгол судлаачдын зуны сургалтад оролцохоор шалгарч, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, Турк зэрэг улсаас ирсэн та бүхнийгээ монгол оронд минь тавтай морил” гэж урья. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү сургалтын гол зорилго нь гадаадын монгол судлаачдыг монгол ахуй, соёлтой танилцуулж, амьд харилцаа, үүсгэхэд оршдог. Ингэснээр хойч үеийн монголч эрдэмтдийг бэлтгэх тэднийг Монголын эрдэмтэн судлаачидтай танилцуулах, залгамж холбоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр болно гэж үзэж байна. Та бүхэн монгол малчдын амьдралтай биечлэн танилцсанаар нүүдэлчин түмний ахуй соёл, өнөөгийн байдлын тухай хамгийн их мэдээллийг цуглуулах болно. Та бүхэн Монголын тухай зөвхөн өөрсдөө судалж, мэдээд зогсохгүй бидний үүх түүх, уламжлалт соёлыг олон улсад таниулж, сурталчилна гэхэд итгэж байна. Монгол судлалын мэргэжилтэн болохоор суралцаж буй та бүхний эрдэм судлалын их үйлсэд арвин их амжилт хүсэж, нэрт монголч эрдэмтэн болохын ерөөлийг дэвшүүлье” гэв.

 

“Миний монгол нэрийг Эгшиглэн гэдэг”

 

Энэ удаагийн зуны сургуульд дэлхийд алдартай ахмад багш нарын шавь нар хүрэлцэн ирснийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Тухайлбал, ОХУ-ын эрдэмтэн судлаачдын болоод монгол судлалын өлгий болсон уламжлалт төвүүдээс залуу судлаачид ирсэн байна. Харин хамгийн сүүлд буюу Турк улсад монгол судлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ улсаас хоёр судлаач зуны сургуульд хамрагдахаар ирсэн нь дэлхийн монгол судлал хэрхэн хөгжиж буйг илтгэсэн явдал ажээ. Ийнхүү сургуульд хамрагдаж, монгол ахуйтай танилцахаар ирсэн зарим судлаачдын сэтгэгдлийг сонссон юм. БНСУ-аас ирсэн Даг Ин Ён “Миний монгол нэрийг Саруул гэдэг. Солонгосын Хангүг их сургуулиас ирсэн. Тус сургуулийн монгол судлалын хүрээлэнгийн доктрант байна. Одоогоор Монгол Улсын ашигт малтмал, уул уурхайн талаар судалж байна. Танай сайхан оронд ирж, Монголын тухай өргөн мэдлэгтэй болж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Харин түүнтэй хамт ирсэн Чэ Хэ Жү “Миний монгол нэрийг Эгшиглэн гэдэг. Би Хангүг их сургуулийн монгол судлалын тэнхимийн магистарт суралцдаг. Миний хувьд ашигт малтмал, гадаад харилцааны тухай судалж байгаа. Та бүхэнтэй уулзсандаа таатай байна. Бүгдээрээ монгол оронд сайхан дурсамж бүтээж, сайн найзууд болцгооё” гэв. Үргэлжлүүлэн ОХУ-аас ирсэн судлаач “Би ОХУ-ын Үндэсний эдийн засгийн сургуулийн тавдугаар дамжааны оюутан. Би Монголын хэл шинжлэлийг ихээхэн сонирхож байгаа. Ялангуяа хадны сүг зурагт үлдсэн Монголын эртний бичиг соёлын тухай гүнзгийрүүлэн судалмаар байна. Тиймээс энэхүү чиглэлийнхээ дагуу монгол эрдэмтэдтэй уулзаж, мэдээлэл авахыг хүсэж байна” гэлээ. Санкт-Детербург хотоос ирсэн Молдаваева Аяжан “Би Санкт-Петербург хотын их сургуулийн  Дорно дахины тэнхмийн монгол хэлний гуравдугаар ангийн оюутан байна. Би Монголын соёлын тухай их сонирхдог. Тиймээс малчин айлд орчиж, тэдний ахуй амьдралтай танилцахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэлээ. ӨМӨЗО-ноос ирсэн судлаач “Би Монголд ирсэндээ баяртай байна. Танай улс биднийг их сайхан найрсгаар хүлээж авлаа. Би Монголын утга уран зохиолын тухай судлах чин хүсэлтэй” гэсэн бол Монгол улсад 10 жил амьдарч буй Солонгосын монгол судлаач “Монгол Улс бол миний хоёр дахь гэр гэж ойлгож болно. Танай оронд амьдарснаар би Монголын тухай өргөн мэдлэг, судалгааны ажилтай болж байна. Олоогоор МУБИС-ийн доктрантад хэл шинжлэлийн чиглэлээр суралцаж байна. Монгол бол их хэл шинжлэлийн агуу түүх, соёлтой ард түмэн” гэв. Тайван гэсэн монгол нэртэй өвөрмонгол оюутан “Би саяхан төрөлх нутагтаа хэл шинжлэлийн чиглэлээр баклаврын зэрэгтэй төгссөн. Монгол улсын тухай маш их сонирхдог” гэсэн юм.

 

Таван орны хэл сурч байж, сайн монгол судлаач болдог

Зуны сургалтын нээлтийн ёслолын үеэр өнгөрсөн жил сургалтад хамрагдсан залуу судлаачид ирж, өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм. ОХУ-аас ирсэн залуу судлаач “Бид өнгөрсөн жил энэхүү сургуульд хамрагдсанаар Монгол Улсын тухай өргөн мэдлэг, мэдээлэлтэй болсон. Мөн маш их үр өгөөжтэй байсан гэдгийг энд онцлоё. Үүнээс гадна олон судлаачидтай нөхөрлөж, сайн найзууд болж үлдсэндээ баяртай байна” гэсэн юм. Тэрээр энэ жилийн оролцогчдод хандаж “Та бүхэнд ийм том боломжийг олгосонд талархах хэрэгтэй. Үүнийг ашиглаад Монголын тухай, өөрсдийн судалж буй салбар, шинжлэх ухааныхаа чиглэлд хэрэгтэй гэсэн мэдээллээ хангалттай авч, багш нартайгаа нээлттэй харилцаарай” гэх захилаа. Харин Германы залуу судлаач “Би Ази судлалын чиглэлээр сурдаг. Үүнээс Монголын соёл хамгийн гайхалтай нь. Миний хувьд өнгөрсөн жил энэхүү сургалтад хамрагдсанаар монгол хэлний мэдлэгээ улам сайжруулсан” гэсэн юм. Ийнхүү  Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургууль-2024” сургалтад хамрагдахаар ирсэн судлаачид бие биетэйгээ танилцаж, монгол оронд ямар зорилготой ирсэн тухайгаа ярилцаж, дотно яриа өрнүүлсэн юм. Харин нээлтийн ёслолын ажиллагааг хааж УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Энэхүү сургалтад хамрагдахаар ирсэн та бүхнийг харахад бүгдэд нь монгол гэсэн сэтгэл байгаа нь сайшаалтай. Монгол судлал бол амаргүй салбар. Зориг гаргаж, судалж, суралцахаар ирсэнд нь баяр хүргэе. Судалгааны ажил гэдэг өөр, өөрийн онцлогтой боловч ерөнхий хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт сонгож авсан сэдэвтээ үнэнч, шинжлэх ухаанч, зорилготой байх ёстой. Би олон орны монгол судлаач нартай уулзаж байхад энэ салбар их хэцүү гэж хэлж байсан. Учир нь Монголыг судлах хүн маань нэлээн олон гадаад хэлтэй байх шаардлагатай байдаг юм байна. Ер нь таван орны хэл сурч байж, сайн монгол судлаач болно гэж хэлдэг. Хоёрдугаарт 100 сонсохоор нэг удаа үзсэн нь дээр гэж зөвлөе. Өөрийн биеэр Монголд ирээд ахуй соёлтой нь танилцана гэдэг ховорхон боломж. Монгол Улсын төрөөс монгол судлалыг хөгжүүлэхэд нэлээн анхаарч эхэлж байна. Монголч эрдэмтдийн их хурлыг таван жилд нэг удлаа хийдэг байсныг гурван жилд нэг болгон өөрчилсөн. Мөн олон улсын монгол судлалын холбооноос Ази еврод, Америкт монгол судлалын хурлыг хийдэг боллоо” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин