Батчулууны Алтангэрэл
“Жаргалаа би зовлонтой эндүүрээд
Замын дунд сэгсэрч орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайгаа гомдоож орхио юу” хэмээх хүн бүрийн аманд эгшиглэх мөртүүд. Алдаж боломгүй сайхан учрал хүн бүрд бий. Гэвч түүнийгээ алдсан ч мартаж чадамгүй гайхалтай дурсамжийг үлдээсэн байдаг. Тэрхүү дурсамжийг сэтгэлдээ хөглөж нэгэн сайхан дууны жигүүрийг ургуулсан СТА, яруу найрагч Сугарын Шүрэнцэцэгийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьж түүний заяа тавилангаараа зурж яваа амьдралынх нь бодит хөргийг буулгалаа. Тэрээр “Хурд” хамтлагийн хит болсон “Эндүүрэл”, “Тавилан”, “Хагдрах цэцэг”, “Хүн чулуу” зэрэг 15 дууны шүлгийн зохиолч билээ.
Удам байхад судраар яах вэ гэдэг чинь үнэн юм даа
Ээж нь түүнийг тээж явахдаа охин байгаасай гэж бодож байж. Төрөөд, учиргүй бүдүүн дуугаар чарлахаар нь хүү байна даа гэж бодсон ч эмч “За охин минь, чамаас их том толгойтой охин төрсөн шүү, зүүн гуя нь хар өнгөтэй юм байна гэжээ. С.Шүрэнцэцэг “Муу ээж минь айгаад өлгийг нь задлаад үзтэл нээрээ л зүүн гуяных нь дотор тал томоо хар тэмдэгтэй байж. Хоёр хоног нүдээ нээгээгүй гэдэг. Хөхүүлээд сууж байтал гэнэт яг хадам аав шиг нь цэрийсэн хоёр том ногоон нүдээр ээжийгээ тас ширтсэн гэдэг. Ингэж ээж минь хадам аавыг нь хуулсан мэт дуурайсан, өл халзан толгойтой, эв хавгүй мантгар шар охинтой болсон. Хожмоо таван сайхан нуган дүү дагуулсан. Хөлд орж амжаагүй, ой хүрээгүй байхдаа хэл ам нь гүйцэгдэхгүй хавийн хүн цочоосон хүүхэд байсан гэдэг. Сургуульд ордог жил бурханд одсон, буриад Жанцан, ногоон Жанцан хэмээх дууч хуурч, цэцэн цэлмэг, мөрийтэй тоглож панз үсэргэдэг, шударга шулуухнаараа зартай, нэртэй явсан буурал аавтайгаа нас явах тусам улам адилхан болж байна даа. Уг нь ээжийгээ дуурайсан бол их цэвэрхэн тормолзсон хүүхэн болох байсан даа гэж залуудаа боддог байлаа. Удам байхад судраар яах вэ гэдэг чинь үнэн юм даа” хэмээн туялзтал мишээх нь нар гарахтай адил дулаан ажээ.
Уран бүтээл гэдэг хэн нэгний өмч бус нийгэмд өгөгдсөн өгөгдөл
Яруу найрагч С.Шүрэнцэцэг “Халуун залуу насандаа хайрын тухай шүлэг их бичдэг байлаа. Хүн өөрийн амьдралаас ухаарсан мэдлэг, мэдрэмжээ хүмүүст хүргэх юм сан гэж их боддог. Миний туулсан хүнд бэрхийг нэг ч гэсэн хүн тойроод гарчхаасай хэмээн шүлэг бичдэг” гэдгээ учирлаж байлаа. Түүний амьдрал шүлэг, найргаас хол уншаагүй, бичээгүй өдөр гэж байхгүй аж. Бүтээл бүрээс нь Монгол хүний өнөөгийн нийгэмд үгүйлэгддэг өв уламжлал ёс жудаг ханхалж байна.
Нутгийн ах Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул УГЗ Д.Ухнаа агсан миний шүлгүүдийг уншаад дуу болчихмоор санагдаад байх юм гээд хэдэн дуу болоход дөхөм шүлгүүдийг минь хамтлаг, дуучдад санал болгосон. Тэдгээрийн нэгийг Д.Ухнаа гавьяатын ширээн дээрээс “Хурд” хамтлагийнхан хараад авсан юм билээ. Нэг өдөр над руу “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр залгаад таны нэг шүлгээр дуу хийчихлээ "Та хотод ирээд уулзаарай" гэлээ. Хотод ирлээ, студидээ урилаа, дуугаа сонстол үнэхээр сонсголонтой, олон түмэнд хүрсэн дуу төрсөн байлаа. Аяыг нь “Хурд” хамтлагийн хөгжимчин С.Ишхүү зохиосон. Түүнээс хойш хэд хэдэн дууны шүлэг захиалж аяыг нь Д.Отгонбаяр гавьяат бүтээсэн байдаг.
Тэрээр “Эндүүрэл” дууны шүлгийг бичиж байсан мэдрэмж сэтгэгдлээ хуваалцахад “Амьдралаа таниагүй яваад алдсан хүний үг л дээ. Энэхүү дууны үг шиг тохиол миний амьдралд тохиолдож байсан. Залуу байхад дахин олдохгүй сайханд амьдарч байгаагаа дутуу үнэлж түүнээсээ болж буруу гишгэсэн үе бий. Хүн юу тарина түүнийгээ хураана, түүгээрээ амьдарна гэдэг. Үүнийг ойлгосон бол хүн амьдралдаа нээх их буруутахгүй. Ухаантай хүн бусдын алдаанаас алдаагаа олоод харчихдаг. Жоохон бодол муутай хүн өөрөө алдаж байж ухаардаг. Залуу байхад маш жижиг зүйлийг зовлон гэж бодож түүндээ ач холбогдол өгч зовоод байдаг юм байна. Амьдралын бартаа саад гэж байх ёстой зүйл. Бартаа саадгүй амьдралыг эргээд харвал ямар ч утга учиргүй. Эдгээр нь хүний амьдралд өгсөх шат болж байдаг. Миний хэлэх дуртай үг “Бэрхшээл та амьдралын минь хөтөч, биеэ олох ухааны минь шалгуур” гэсэн үг бий.
Тэрээр Дууны үгийг хэрхэн бичдэг, хэрхэн хайрцагладаг, маневр, хэмнэл зэргийг бие даан судалж эзэмшжээ. Түүний урын санд 20 мянган дууны шүлэг бий. Тэдгээрийн дотор олны сонорыг чимсэн гайхалтай шүлгүүд эзнээ хүлээн нуугдаж байж мэднэ.
Шүрэнцэцэг гуай машиндаа явж байхдаа, гэртээ зурагтаа үзээд сууж байхдаа өөрийнхөө зохиосон шүлэг дуу болон эгшиглэж байхыг сонсоод урам зориг авдаг байна. Тэрээр, утга учиртай, хүнд хэрэгтэй зүйлс хийсэн шүү гэж бодох урмыг олж авдаг. Уран бүтээл гэдэг хэн нэгний өмч бус нийгэмд өгөгдсөн өгөгдөл гэж боддог гэлээ.
Ээж хүү хоёрын өнөөдрөө бүтээсэн түүх гэдэг тэмцэл
С.Шүрэнцэцэг амьдралдаа хийсэн хамгийн том шийдвэр зориг нь 45 насандаа бага хүү Бөхбатыгаа хэвлийдээ тээж төрүүлсэн явдал байв. Ээждээ хэнздэж ирсэн хүү нь арван оноор алсарсан тэр нэгэн жилийн яг урьд шөнө шиг орчлон амсхийсэн дүнсгэр шөнөөр, хонон өнжин ус нь шүүрсээр хэвлийдээ бүтэж зовсон үрийнхээ арайхийн амьсгалахыг мэдрээд баярласандаа тэрээр цурхиран уйлж хэвтэж байж. Нүүр гарын алчуурыг голоор нь нугалж давхарлаад өлгий болчихдог байсан өөдсөн чинээ үр нь одоо том сайхан залуу болсон байна. С.Шүрэнцэцэг сүүлийн 12 жил хүүхдээ харж гэртээ зүгээр суусангүй, уран бүтээлээ хийхийн хажуугаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн эцэг эхчүүдийн нэгдэл гээд “Эрхэм нандин сувд ТББ” үүсгэн байгуулжээ. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрх толгойлсон эцэг эхчүүдийн нэгдлийг эцэг эхчүүдийн хүсэлтээр нэг салбараа болгон байгуулсан байна. Мөн тэрээр нутагтаа Хэнтий аймгийн “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, архины хамааралтай 150 орчим иргэнд архинд донтох өвчний хор холбогдлыг таниулж, сумын удирдлагуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж архинаас гарахад нь тусалсан буянтай үйлсийг зохион байгуулж байжээ. Энэ тухай тэр “Энэ ажил миний амьдралд нэмэр тусгүй цалин хөлсгүй ч энерги эрч хүч нь сайхан байдаг байсан” хэмээн инээд алдан ярьж байв.
Ээж хүү хоёр жижигхэн авто машинтай тэргэнцрээ ардаа хийгээд энд тэндгүй явдаг хоёр аж. Энгүй энэ орчлонг эгэлхэн туулж яваа, өөрсдийн зовлонг өрөөлд үүрүүлчихгүй юм сан гэж чадлаараа хичээдэг ээж хүү хоёр.
С.Шүрэнцэцэг “Өнгөрсөн хэдэн жилд юу юуг ч үзэж туулаад уйлж инээсээр өнгөрөөснийг тоочоод барах биш. Таны хүүхэд амьдрах найдвар бага шүү гэж зүрхшээхгүй хэлсэн эмч бүсгүйн үгэнд ихэд зэвүүцэж байсан ч, төрөхөөс гарсан үдшээ таталт өгсөн хүүгээ тэврээд толгой нүцгэн сэгсэлзээд эмнэлэг рүү харайж явахдаа үнэн байсныг ойлгосон доо. Тэр цагаас хойш олон ачтай буянтай эмч нар, сайхан сэтгэлт найз нөхөд, аав ээж ахан дүүс, түмэн олныхоо энэрэл хайр, элбэрэл буянаар хүү минь ээжтэйгээ байх гэсэн, ээж нь хүүтэйгээ байх гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийн холбоосоо нандигнаж зүтгэсээр арван жилийг эвхээд тавьчихсан. Гучин хоногтой нэг сарын талыг нь шахам эмнэлэгт өнгөрүүлдэгтээ ч гуньж гутсангүй, гутал хувцастайгаа олон хонох цаг зөндөө байвч ядарч туйлдсангүй, тустай гэсэн бүхний хаалга үүд сахиж, дэмтэй гэсэн бүхнийг хүртсээр ямх ямхаар дээрдэж дэрвийж л явна хүү минь. Үеийн хүүхдүүд нь суугаад мөлхөөд байхаар ээж нь атаархдаг байсан юм уу тэргэнд нь дүүрэн дэр чихэж байгаад хүүгээ суулгана. Газар элгээр нь хэвтүүлж байгаад хөдлөхгүй байгаа хоёр хөлөөр нь жийлгэж мөлхүүлэх гээд ноцолдож гарна. Агаар сайн гэхээр нь үүр шөнөөр босож хооллож аваад л гадаа гарна. Дандаа гадаа хөдөө нар салхинд явсаар хүү нь бөндгөр бөөрөнхий хар бөмбөг ээж нь үрчгэр хар авгай л байдаг байлаа. Ээж хүү хоёрын өнөөдрөө бүтээсэн түүх гэдэг энүүхэндээ таарсан тэмцэл байлаа. Өнөөдөр ч өшөө их эдгэрэл, үр дүнгийн төлөө үзэж тарж л явна.
30 гаруй насандаа байсан бол амьдралд нэлээдгүй зовлон тоочих байсан байх л даа. Одоо бол зовлон гэвэл эх хүн төрүүлсэн үрээ хэзээ ч эдгэхгүй өвчтэй, шинжлэх ухаанаар гомдлыг минь мухарлах л зовлон. Хүн мэдээж мөнх наслахгүй. Миний нас ч нэлээд явсан байна. Би яаж ч хичээсэн амандаа хоолоо хийгээд идэж чадахгүй, өөрийгөө хүнд илэрхийлж чадахгүй, босоод явж чадахгүй хүүхдээ хорвоод орхино гэхэд гэдэг л миний зовлон. Сүүлийн 12 жил ойр ойрхон үхлийн ирмэгтэй тулгарч байна. Мэргэжлийн эмч нартай хамт үхэлтэй хүүхдээ булаалцалддаг хүнд өдрүүд олон. Бусдаар бол бүх хүнд байдаг бэрхшээл миний амьдралд бий” гэлээ. Хүүхэд маань өвчтэй хөдөө суманд амьдардаг сард хоёр удаа хот орж эмчилгээ хийлгэхээр вагоноор явдаг байлаа. Олон жил нааш цааш явахаар хотод ирээд орох айл хүртэл цөөн болдог. Бие муутай татдаг, уйлдаг хүүхэдтэй учир айлд ирээд байх хэцүү. Аргагүй байдалд ороод хот бараадахад тэр үеийн БСШУЯ ны сайд асан Ц.Цогзолмаа хэмээх гэгээн сэтгэлт бүсгүй мөн л НОСК ийн түрээсийн орон сууцанд оруулж өгч байлаа. Цахим хаягт маань нэг өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Шүрэнцэцэгээ чи надтай холбогдоорой гээд утасны дугаараа үлдээсэн байсан. Залгаад үзтэл тэрээр чиний шүлгүүдийг уншдаг дагагч чинь байна. Чамайг сураглаад байсан манай соёлын салбарын хүн юм байна. Хүүхдийнхээ төлөө уйгагүй явж байгааг тань хараад бахархдаг. Та хоёр ойр ойрхон хот хөдөө хоёрын хооронд явах хэцүү байдаг байх та манайд өргөдөл бичээд өгөөч гэжээ.
Нэг саажилттай хүүхэд асрах нь гурван нялх хүүхэд бөөцийлөхтэй адил аж. Зовлон гэдэг бол үхэх, өвчин хоёр. Зовлоо гэж бодох тусам зовлон улам зоолдог юм байна. Зориг гаргаад сөрөхөөр золбин нохой шиг зугтдаг юм байна. Нэг л өдөр хүүгээ хөтлөөд алхах байх, тэгж л боддог хэмээн амьдралаа зориг тэвчээр, хайраар туулж яваа нэгэн бүсгүйг онцоллоо.
Хулангийн унага шиг цахилах
Зоргоороо насыг аргадаж
Худлын үзүүр мохоох
Үнэний жудагт бөхөлсөн.
Хуучрын эгшиг шиг бөмбөрөх
Дураараа араншин аргамжиж
Хүн явахын ухааныг
Дууны бадагтаа шингээсэн.
Ус нутаг шигээ тэнүүн олны минь
Ухаанд нь ертөнц бүтнээрээ багтдаг.
Уул нурууд шигээ тэнэгэр түмний минь
Уужралд нь амьдрал бүхлээрээ оршдог.
Гэм ихдэх цагт үнэнээр ороолгох та нар минь
Дэм эрэх цагт сэтгэл тэгшлэх ухаарал билээ.
Амиа хичээж гэмээ нь ам руу алгадах эрхтэй
Амьдрал жиндэх цагт ээлээ хайрлах сэхээрэл билээ.
Олны дундаас түүсэн алдаа онооны зангилаа
Орхих гээхийн амьдралд гал нэмэх шидтэй.
Орь ганцаардлын бодол аадрын гялбаа мэт зурсхийвч
Одод нь хүртэл уянгалах орчлон та хичнээн өгөөмөр...
С.ШҮРЭНЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 149 (7393)