Монгол Улсад банк үүсэж хөгжсөн түүхэн замнал

2024-06-05
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Ардын хувьсгалын өмнөх монгол орон аж үйлдвэр, орчин үеийн тээвэр, холбоо, сургууль эмнэлэггүй, нүүдлийн хувиа аргацаасан мал аж ахуй зонхилсон дэлхийн хоцрогдмол орны нэг байлаа.

Тэр үед зөвхөн барааны шууд солилцооны хэлбэр он удаан хугацаанд ноёржээ.

Монголд хэрэгцээний өртгийг хэмжигч мөнгөний үүргийг морь, шар, хонь мэтчилэн мал сүргээр, хадаг, цай зэрэг таваарууд гүйцэтгэх болж, эдгээрийн дотроос нэлээд өргөн дэлгэрсэн таваар нь цай байлаа.

ХIX зууны сүүлийн хагас, ХХ зууны эхнээс монголын зах зээл дээр цагаан болон цаасан  мөнгө  хэрэглэгдэж байсны ихэнх нь орос, хятадын зоос, цаасан тэмдэгтүүдээс Америкийн доллар, Английн фунт стерлинг, Германы марк, Японы иен  байсан.

Хувьсгалын өмнөх монгол орны мөнгөний гүйлгээ ингэж эмх замбараагүй, нэгдсэн системгүй байсан нь гадаадын шунахай хөрөнгөтнүүд Монголын ард түмнийг шулан мөлжих нөхцөлийг бүрдүүлжээ. Мөлжлөгийн гол хэлбэр нь мөнгө хүүлэлт байв.

Хятадын мөнгө хүүлэгчид мөнгийг өндөр хүүтэйгээр олгохын зэрэгцээ хүү нь хугацаандаа төлөгдөөгүй нөхцөлд хүүд нь давхар хүү ногдуулж асар их хэмжээний ашиг хонжоог олдог байж.

Монголын малчин ардууд мөнгө хүүлэгчдээс авсан зээлийнхээ ихэнхийг феодалын засаг төрийн аппаратын зардлыг нөхөхөд зориулагдсан элдэв татваруудыг төлөх, амьдралынхаа хэрэгцээний зайлшгүй бараа таваарыг авахын тулд өндөр хүүтэй зээлийг аргагүйн эрхэнд авч байжээ. Тэрчлэн хошууны ноёд, феодалуудын тавьсан өрийг хошууны сангаас буюу ард түмний эд хөрөнгөөс хүчээр гаргуулан авч, эсэргүүцсэн хүмүүсийг цээрлүүлэн шийтгэж байсан нь ард олны амьдрал ахуй доройтоход нэрмээс болсон гэж үздэг.

Мөнгө хүүлэгчдэд төлөх өр асар их хэмжээнд хүрч байсны жишээ нь хятадын худалдаа-мөнгө хүүлэгчдэд төлөх өр нэгэн үед 30 сая лангийн хэмжээнд хүрснээс гадна зарим хошууны өрийг ард иргэдээр нь төлүүлж  байсан нь эдийн засгийн бодит боломжоос хэтэрч  байв.

Нөгөөтээгүүр монголын зах зээл дээр ноёрхож байсан мөнгө хүүлэх капиталын зонхилох хэсэг нь гадаадын капитал байсан учраас үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх хөрөнгийн хуримтлалыг буй болгоход бэрхшээл тулгарч, нийгмийн баялгийг цөлмөн гадаадад гаргаж  байлаа.

1912 онд Хаант Оростой хийсэн монголын худалдааны гэрээний дагуу Оросын пүүсүүд Монголд гааль, түрээсгүйгээр чөлөөтөй ажиллах  эрхтэй болсон тул Монголд Оросын худалдаа нэлээд эрчимжиж байсан хэдий ч дэлхийн I дайнаас шалтгаалан 1916 оноос зогсонг байдалд оржээ.

 Харин 1915 онд Монголд "Монголын үндэсний банк"-ны ерөнхий захиргаа гээчийг нээсэн боловч улс орны эдийн засагт үр ашиг өгч чадаагүйгээс Монголын Засгийн газар 1919 онд уг банкны үйл ажиллагааг зогсоожээ.

Энэ үед Богд хаан аравт, хорин тавт, тавьт, зуутын дэвсгэрт бүхий "Бага болзолт" хэмээх доллараар нэрлэсэн үнэтэй мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргаад тодорхой үр дүнд хүрээгүй учир эргүүлэн татаж авчээ.

Монгол ардын хувьсгалын дараагаас зах зээл дээр хязгааргүй ноёрхож байсан гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулж улмаар өөрийн үндэсний банк, мөнгө зээлийн системийг үүсгэн байгуулах нь хойшлуулашгүй  зорилтуудын нэг болж тавигджээ. Энэ зайлшгүй шаардлагыг харгалзаж 1922 оны хоёрдугаар сарын 18-ны  Засгийн газрын хурлаас “Хоршоо сайжруулах банк” байгуулах шийдвэр гаргаж байжээ. Гэвч банк байгуулах хөрөнгийн эх үүсвэрийн боломжгүйгээс гадаадын аль нэг оронтой хамтрахаас өөр аргагүй болж  итгэл найдвартай  түнш эрэлхийлж байлаа.

Тухайн цаг үеийн улс орны эдийн засгийн хүчин чадал дорой, мэргэжлийн боловсон хүчингүй, банк байгуулах хөрөнгийн эх үүсвэр хангалтгүй учир  Зөвлөлт засгийн газарт хандаж туслалцаа үзүүлэхийг хүссэнийг нааштайгаар хүлээн авч хоёр улсын засгийн газрын банк байгуулах хэлэлцээр хийжээ. Ардын засгийн газраас зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр 1924 оны зургаадугаар сарын 02-ны өдөр Монгол - Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа-аж үйлдвэрийн банк (МХАҮБ) /Монгол банк/-ийг Алтанбулаг дахь нэг салбарын хамт ажиллуулсан байна.

 Монгол банк анх нээгдэхдээ 250 мянган рублийн хөрөнгөтэй, 22 орон тоотой,  үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, дөрвөн монгол ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Дөрвөн монгол ажилтны хоёр нь буюу н.Цэдэн-Иш, н.Бат-Очир нар нь бичиг үсгийн чадвар сайтай, үндэсний сэхээтний төлөөлөгч байснаас Монголбанкны Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж н.Дугар, н.Юндэн нар нь банкны ажлаар дагалдан сурагч, данс хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн түүхтэй.

Шинээр байгуулагдсан Монголбанкны өмнө хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хөгжүүлж, худалдааг өргөжүүлэхэд тусалж дэмжих, мөнгөний шинэчлэл хийж, үндэсний мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн олон чухал зорилтууд тавигдаж байснаас гадна  Монголбанкинд албан газруудын нэр дээр данс нээлгэж, тэдний хөрөнгийг төвлөрүүлэх, мөнгөн гуйвуулга, байгууллага хоорондын тооцооны гүйлгээг хийхээс эхэлж, өөрийн болон харилцагчдын хөрөнгийг нэмэгдүүлэхэд зохих анхаарал хандуулан ажиллажээ. Монголбанк байгуулагдахад эхний бүтэн хагас жилд үндэсний мөнгөн тэмдэгт байгаагүй  тул тус орны зах зээлд гадаадын мөнгөн тэмдэгтүүд гүйгдэж байсан учир нэгдмэл санхүү, мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд  үнэхээр бэрхшээлтэй  байлаа.

Иймд  Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн БНМАУ-ын Засгийн газар 1925 оны II дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэлт явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг "Төгрөг" гэж нэрлээд 25 хувь нь үнэт металл, гадаадын тогтвортой валютаар, 75 хувь нь түргэн борлогдох бараагаар батлагдсан мөнгийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгов. Энэ шийдвэрийн дагуу Монголбанк 1925 оны 12 дугаар сарын 09-нд 200144 төгрөгийг анх гүйлгээнд гаргасан нь Монгол оронд мөнгөний гүйлгээ цоо шинэ түвшинд хөгжих бодит эхлэлийг тавьсан юм. Төгрөгийг гүйлгээнд гаргахдаа шинэ мөнгөн тэмдэгтийн баталгааны хэмжүүр болгож 18 грамм цэвэр цагаан мөнгөөр цутгасан нэг төгрөгийн зоос 50, 20, 15, 10 мөнгөний зоосыг гүйлгээнд гаргажээ. Монголбанк нь энэ үеэс гүйлгээнд мөнгө гаргах эрх бүхий эмиссийн банкны үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Тэр үед нэг төгрөг нь нэг рубль 31.4 копейктай тэнцэж байсан бол удалгүй төгрөг рублийн ханш ижилхэн хэмжээнд хүрчээ. 1925 оны эхэн үеэс дэлхийн зах зээл дээр цагаан мөнгөний ханш өсөж байсан учир ийнхүү хэд хэдэн мөнгөн зоос гүйлгээнд гаргажээ. Гэвч жил гаруйн дараа цагаан мөнгөний ханш унаж банк дахин мөнгөн зоос гүйлгээнд нэмж гаргаагүй.

 Харин нилээд хожуу буюу 1937онд гуулин мөнгө, 1945 онд никель, гуулин мөнгө,1959 онд нүхтэй зоосон мөнгө, хөнгөн цагаан зоосон мөнгийг (1,5,10,15,20)-н гэх мэтчилэн тус бүрийг гүйлгээнд гаргаж байжээ.

Үндэсний мөнгөн тэмдэгтийг анх гүйлгээнд гаргасан эхний үед шинэ мөнгөн тэмдэгт төгрөг, янчаан хоёр гүйлгээнд зэрэгцэн оршиж байгаад 1927 оны  нэгдүгээр сарын нэгнээс эхлэн бүх төрлийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог "төгрөг"-өөр гүйцэтгэж байхаар шийдвэрлэж худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, ардын аж ахуйтанд зээл олгох арга хэмжээг аажмаар боловч  хэрэгжүүлж эхлэв.

Монголбанкны ажил гүйлгээний хүрээ өргөжсөнийг 1925 оныг 1940 онтой харьцуулахад банкны балансын гүйлгээ 43 дахин, өөрийн хөрөнгө 44 дахин өсч, 1931 оноос хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Монголбанкаар дамжуулан гүйцэтгэх эхлэл тавигдаж, 1940 оноос албан байгууллагуудын хооронд бэлэн мөнгөөр хийх тооцоонд нарийн журам тогтоож, улсын мөнгөн гүйлгээний ажлыг улирал бүрийн төлөвлөгөөгөөр удирдан зохицуулах шийдвэр гарчээ.

1944 оноос Монголбанк гүйлгээнд байх мөнгөний хэмжээг зохицуулах зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрчдийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгийг хадгаламжийн хэлбэрээр банкинд зохих хүүтэйгээр байршуулах ажил эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд байгууллага хоорондын төлбөр тооцоог шуурхай болгож аж ахуйг эдийн засгийн аргаар удирдах зэрэг арга хэмжээнд ахиц гарч банкыг мөнгө-зээл тооцоо, касс, санхүүжилтийн болон эмиссийн төв болгох зорилт аажмаар хэрэгжиж байлаа.

Мөн улс орныг үйлдвэржүүлэх зорилтын хүрээнд мал аж ахуйн гаралтай  түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулахад банкны урт хугацааны зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг өргөжүүлэх, үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн хангалтад зориулан богино хугацааны зээл олгож, барилга угсралтын ажлыг санхүүжүүлж байсан журамд өөрчлөлт оруулсан зэрэг  улс ардын аж ахуйн  холбогдох салбарын үйл ажиллагаанд зохих үр дүнгээ тухайн үед өгч байлаа.

Монголд банкны хууль гарахаас өмнө олон банкны тогтолцоот системд баримтлах чиглэл тогтоогүй байхад анхны арилжааны банкууд үүсэн байгуулагдаж эхэлсэн нь улсын банкны ганц шатлал бүхий  тогтолцоог өөрчлөхөд хүргэсэн. Банкны системийн өөрчлөлт шинэчлэлтийг чиглүүлэхийн тулд 1990 оны наймдугаар сарын 24-нд Сайд нарын Зөвлөлийн 422 дугаар тогтоолоор "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм"-ийг батлан  түр мөрдүүлжээ. 1991 оны тавдугаар сард Улсын Бага хурлаас "Банкны хууль"-ыг батлан гаргаж Монголбанкыг Улсын банкны суурин дээр байгуулж Төв банк, арилжааны банкны тогтолцоо үүсэж хөгжих эхлэлийг тавьсан юм.

1991 оноос хойшхи хугацаанд Монгол Улсад банкны хоёр шатлал бүхий цоо шинэ систем буюу төрийн мэдлийн Монголбанк, хувь нийлүүлэгчдийн хувь хөрөнгөөр бүрдсэн  арилжааны банк гэсэн хоёр шатлалтай банкны систем бүрэлдэн тогтсон байна.

Одоо Монголбанк нь бүх аймаг, хотод салбар, төлөөлөгчийн газартай, 600 гаруй ажиллагсадтайгаар төрийн мөнгөний бодлогыг удирдан зохион байгуулж, арилжааны банкнуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна. Манай улсын валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрснээр төгрөг ам.долларын эсрэг гурав гаруй хувиар чангарснаар импорын бараа бүтээгдэхүүнд ханшийн нөлөөлөл харьцангуй буурчээ.  Төв банкны хуулийн дагуу мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралдаж  тухайн цаг үеийн эдийн засгийн байдал, инфляцын түвшинтэй уялдуулан зохих шийдвэр гаргадаг болсон. Тус хороо ээлжит бусаар саяхан хуралдаж мөнгөний бодлогын хүүг дахин нэг нэгжээр бууруулж 11 хувь болгосон  нь инфляци 6,4 хувь болж зорилтот түвшинд ойртож байгааг харгалзан шийдвэрлэсэн нь Банкныхаа 100 жилийн ойн босгон дээрх ажлын амжилтын үр дүн гэж болно.

 Одоо манай улсад  арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж, нийт актив 1990 оныхоос 347 дахин, зээл 221дахин, иргэдийн хадгаламж 257 дахин өсөж, тэдгээрийн салбар нэгжүүд бүх  аймаг, хот, сум, суурин газруудын аж ахуйн нэгж, иргэдийг банкны ажил гүйлгээ, зээл, тооцооны үйлчилгээг 16 мянга гаруй ажилтан гүйцэтгэж байна.

Ийнхүү  Монгол Улсын  зах зээлийн шинэ тогтолцоонд тохирсон банкны хоёр шатлалтай систем бүрэлдэн тогтсоноор банкуудын үйлчилгээ, үйл ажиллагаа зарчмын цоо шинэ арга хэлбэрээр баяжиж улмаар мөнгө зээлийн бодлогыг төв банкнаас зөв зохистой хэрэгжүүлсний үр дүнд улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд арилжааны банкууд чухал үүрэг гүйцэтгэж байна.                    

Монголбанкны ахмад ажилтан, эдийн засгийн ухааны доктор  Т.Батбаяр

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 111 (7355)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин