Р.ОЮУН
"Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлт боллоо. Энэ арга хэмжээнд Сангийн яам, ХХААХҮЯ, БОАЖЯ болон холбогдох яамд, агентлагийн төлөөлөл, Цар тахлын сангийн гүйцэтгэх захирал Др.Прия Басу, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, НҮБ-ын Төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо. Монгол Улс нь Цар тахлын сангаас төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн энэ төслийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын сургамжид үндэслэн өвчний эрт сэрэмжлүүлэг, нэгдсэн тандалтын тогтолцоог чадавхжуулах, лабораторийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авахад бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүэлх замаар цар тахлын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэжээ. Энэ төсөл нь салбар хоорондын манлайлал, зохицуулалтыг бэхжүүлэх, Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь дэлхийн болон бүс нутгийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний зорилт, стратеги, төлөвлөлтийн хүрээ төдийгүй Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого, дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан зорилтууд, "Эрүүл мэндийн салбарын 2022-2025 оны стратеги төлөвлөгөө, "Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө", "Бичил биетийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд тусгасан үйл ажиллагаатай уялдан хэрэгжих ажээ. Төслийг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын зохицуулалт, оролцоо, хамтын ажиллагааг хангах чиг үүрэг бүхий төслийн удирдах хороог байгуулан ажиллах юм байна. Энэ төсөл нь Засгийн газраас эрүүл мэндийн аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого чиглэл ялангуяа, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, аюулгүй, эрүүл ирээдүйг бүтээх манай улсын чадавхыг бэхжүүлнэ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан нар үг хэлсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай энэ төсөл зэрэгцэн эхэлж буй нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цогцоор нь сайжруулж, аливаа цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дасан зохицож, тогтвортой тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бий болгох том боломж бүрдэж байна" гэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Колман.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте "Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын сургамжид үндэслэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх том алхмыг хийж байгаад баяр хүргэмээр байна. Цар тахлын сангийн дэмжлэг нь Засгийн газрын эдгээр хүчин чармайлтад дэмжлэг болохын зэрэгцээ цаашид учирч болох цар тахлын бэлэн байдлаа илүү бэхжүүлэхэд туслах болно" гэсэн юм.
Цар тахлын сангийн гүйцэтгэх захирал Др.Прия Басу цахимаар сангийнхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цар тахлын сан нь Монгол Улсын Засгийн газар болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсад цаашид гарч болох цар тахал ялангуяа, зоонозын гаралтай өвчнөөс хамгаалахад чухал алхам болж байна. Энэ төсөл нь цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авахад нэн шаардлагатай хүн, мал амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн харилцан уялдаа холбоог чухалчилдаг. Нэг эрүүл мэндийн зарчмыг ашиглах зорилготой юм. Цар тахлын сан нь улс орнуудад цаашид тохиолдож болох цар тахлын үед сөрөн тэсвэрлэх чадвартай, тогтвортой чадавхыг бэхжүүлэхэд нь туслах үүргээ биелүүлэхийн тулд хичээнгүйлэн тууштай ажиллах болно" гэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn