Цөмийн физикийн суурийг тавьсан академич Н.Содном

2023-11-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэн мэргэдийн нэг,  академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт шат дараатай олон ажлыг төлөвлөн зохион байгуулж байгаа бөгөөд шинжлэх ухааны академийн эрдэмтэн мэргэд энэ удаа “Хүндэтгэлийн чуулган”-ыг “Академич Намсрайн Содном ба Монгол Улсын шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.  

Академич Намсрайн Содномын шинжлэх ухааны салбар тэр дундаа байгалийн шинжлэх ухаан физикийн салбар оруулсан хувь нэмэр асар их билээ. Тиймээс энэхүү хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, эрдэм мэдлэгээр тэргүүлсэн шинжлэх ухааны доктор, профессорууд хүндэт зочноор уригдан ирсэн байв.

Эрдэмтэн Н.Содном нь манай улсын физикийн салбар, тэр дундаа цөмийн физикийн салбарын өнөөгийн суурийг тавьсан нэгэн юм. Цөмийн физикийн суурь судалгаа, багаж төхөөрөмжийн арга зүйн судалгаа, хөгжүүлэлт болон салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд голлон анхаарч байв. Тухайлбал, тэрбээр МУИС-ийн ректороор 17 жил ажиллахдаа тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулж, материаллаг баазыг хөгжүүлэхэд голчлон анхаарч ажиллаж байжээ. Үүний үр дүнд шинжлэх ухааны сургалтын олон чиглэл үүссэн байна. Тухайлбал, цөмийн шинжилгээний лаборатори, биофизикийн лаборатори, гиофизикийн салбаруудад бодитой ахиц дэвшил олонаа гарч байв.  Мөн түүнийг ректорын албыг хашиж байх үед 4000 гаруй мэргэжилтэн төгсөн гарч, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байгааг эрдэмтэд илтгэлдээ дурдаж байлаа. 

 

ТЭР ОДОО Ч ШИНЭ ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН АЖИЛЛАХ ЧИГ ШУГАМ БОЛСООР ИРЖЭЭ

 

Намсрайн Содном социалист орнуудын хоорондын хамтарсан төсөл, хамтын ажиллагаанд улс орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай нэгэн байв. Энэ эрхэм хүмүүний  намтар, уран бүтээлийг сонирхвол, тэрбээр 1923 онд Завхан аймгийн Жавхлант сумын нутагт төрж өсчээ. МУИС-ийг  Тоо, физикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн байна.

 Хүндэтгэлийн чуулганд оролцсон эрдэмтэн докторууд Н.Содном гуайн хийсэн бүтээсэн ажлын үр шимийг хүртэн яваадаа талархаж яваа тухай өгүүлж байсан юм. Хэдийгээр нийгэм цаг үеийн байдлаар тэрбээр нэгэн үе эсэргүүний хүүхэд хэмээн буруутгагдаж явсан ч  Монголын шинжлэх ухаан болон ирээдүй хойч үеийг бэлтгэхэд Намсрайн Содном өөрийн зүрх сэтгэл, чин үнэнч хөдөлмөр, нэгэн насны амьдралаа зориулжээ. Тэрбээр 2002 онд 79 насандаа тэнгэрийн оронд дэвшсэн ч түүний дэвшүүлсэн санал санаачилга өнөө цагт шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын шинэ залуу эрдэмтдийн ажиллах чиг шугам болсоор иржээ.

 

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРДАГ ЭРДЭМТЭН БАЙВ

 

Цөмийн физикч хүний хувьд Намсрайн Содном гуай өөрийн эрдэм шинжилгээний ажлуудаар цөмийн энергийг ашиглах, эрчим хүчний салбарын хувьсгалыг бодит болгох чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн байсан гэдгийг олон хүн онцолж байлаа. Түүний гар бие оролцож байсан  олон улсын хамтарсан багийн судалгааны ажлууд атомын энергээс эрчим хүч гаргах дэлхий нийтийн анхны судалгаануудын нэг байжээ. Мөн шинжлэх ухааны академийн тэргүүнээр ажиллаж байхдаа шинжлэх ухааныг төрийн бодлогын үндэс болгож, улс төр, эдийн засгийн бүхий л арга хэмжээ үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллагын судалгаа, эрдэмтдийн зөвлөмжүүдийг тусгахыг удаа дараа санал болгож байсан. Энэ санаачилга нь амжилттай хэрэгжиж Засгийн газраас шинжлэх ухааны салбар, тэдний дүн шинжилгээнд тэргүүн зэргээр анхаарах, хамтран ажиллах нөхцлийг бий болгожээ. Улс орны бодлогын тодорхойлогчдод асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах, судалгаа шинжилгээнд суурилсан дүгнэлт шийдвэрүүдийг гаргах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байжээ. Хүндэтгэлийн чуулганд хүрэлцэн ирсэн зочдоос нэрт эрдэмтэн, академич Намсрайн Содномын амьдралын замнал, амжилт бүтээлийн талаарх сэтгэгдлийг сонсов.

 

МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР АСАР ИХ

ШУА-ын ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл:

-Академич Намсрайн Содном бол Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухаанд онцгой гавьяа байгуулсан хүн. Цөмийн физикийн олон салбарыг  хөгжүүлэхэд манлайлан оролцож байсан, олон улсан хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн.   Түүнчлэн байгалийн шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гаргаж байсан. Тиймээс шинжлэх ухааны академийн ээлжит чуулганыг түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Түүнийг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үгээр илэрхийлэшгүй. МУИС-д 40 гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа улс орны нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтнийг хэрхэн бэлтгэх талаар, мөн их сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх чиглэлээр их зүйл хийсэн.  Тиймээс ч салбар бүрийн их сургуулиуд төрөн гарах болсон. Тухайлбал, ХААИС, АШУҮИС, болон одоогийн ШУТИС-ийн үндэс суурийг тавьж өөрөө санаачлан зохион байгуулсан юм. Тиймээс ийм өндөр хувь нэмэр оруулсан хүнд хүндэтгэл үзүүлж, шинэ залуу үедээ түүний үйл хэргийг сурталчилан таниулах зорилготой энэ чуулганыг зохион байгуулж байна.

 

МОНГОЛЫН ЦӨМИЙН ФИЗИКИЙН ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛСЭН АНХДАГЧДЫН НЭГ

Н.Содном гуайн хүү, Цөмийн физикч академич С.Энхбат:

-Эрдэмтэд өөрөө өөрийгөө үнэлдэггүй. “Би мундаг” гээд бардамнаж явдаггүй. Үүнтэй адилаар хүү нь аавыгаа их том эрдэмтэн, их гавьяатай хүн гэх хэлэх нь зүйд нийцэхгүй. Харин физикч тэр дундаа цөмийн физикч хүний хувьд аавын минь энэ салбарт оруулсан хувь нэмэр асар их юм. Энэ салбарыг Монголд үүсгэсэн анхны хүмүүсийн нэг.  Анх 1956 онд цөмийн инженерийн нэгдсэн институт гэж социалист орнуудын хамтарсан судалгааны байгууллагыг байгуулж байсан. Миний хувьд хүүхэд байхаасаа тэнд очиж, тэндний дунд өсөж торнисон. Түүний хамтран зүтгэгчид нь маш том эрдэмтэд байдаг байсан. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлж байгаад хүүгийн хувьд талархаж явдаг.

 

МИНИЙ БАГШ АЛСЫН ХАРААТАЙ, ХОЛЧ УХААНТАЙ ХҮН БАЙСАН

Монгол Улсын анхны академич хуульч С.Нарангэрэл:

-Намсрайн Содном багшийг  МУИС-ийн ректороор ажиллаж байх үед миний бие анх оюутан болж байлаа. Багш маань зан төлөвийн хувьд их тогтуун. Оюутан бидний хувьд маш том нэр хүндтэй эрдэмтэн хүн учраас асар их хүндэлж явдаг байсан. Хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэнчлэн түүний физикийн салбарт оруулсан хувь нэмэр асар их. Харин миний хувьд түүний санаачилсан хуулийн ангийг  төгсөж, анхны хуульчдыг бэлтгэж байх үед суралцаж байсан нэгэн. Би сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн багшаар ажилласан.  Харин тэр үед Н.Содном багш шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрбээр хуулийн салбарын анхны академич сонгогдох цаг нь болсон. Миний шавь одоо энэ цолыг хүртэх цаг болсон гэж хэлсэн. Яг тэр ерөөлөөр нь тухайн үеийн 30 гаруй академичдын 80 гаруй хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын хуульч эрдэмтдээс анхны шинжлэх ухааны академич цолыг хүртэж байлаа. Энэ бүхэн Н.Содном багшийн минь ач гавьяа байв.  Миний багш алсын хараатай, холч ухаантай хүн байсан гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

8 цаг 32 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

8 цаг 32 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

8 цаг 32 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

8 цаг 32 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

8 цаг 32 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

8 цаг 32 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

8 цаг 32 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

8 цаг 32 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

8 цаг 32 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

8 цаг 32 мин