Протокол: Хотын дарга Х.Нямбаатар VS парламент

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 28 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 61.1 хувийн ирцтэйгээр 10:20 цагт эхэллээ.  Чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Түгжрэлийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар санал гаргаж, үргэлжүүлэн гишүүд хууль санаачлагчдаас буюу Хотын дарга Х.Нямбаатараас хуулийн төслийн талаар асуулт асууж байр сууриа илэрхийлэв.  Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн чуулганы протоколыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ өвөл нийслэлд утааны асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ.  Салбарын сайд нь  кокс энэ тэр гэж яриад чимээгүй болсон.  Өнгөрсөн өвөл мидлинг гэдэг юм туршаад сүүлдээ хүхрээ дийлэхээ болиод тэр түлшээ хаяж байгаа юм шиг байна.  Үүнтэй холбоотойгоор би нэг зүйл хэлье. Би цаас харуулъя.  Тэгэхгүй бол энэ танхимд худал ярьдаг гүтгэдэг хүмүүс их болчихоод байна.  Утааны асуудлыг шийдэхэд урт хугацаандаа орон сууцжуулах хэрэгтэй. Ойрын хугацаанд хагас кокс юм.  Надад 2010 оны гэрээ байна.  Энэ гэрээнд Дулааны цахилгаан станц-2-ыг түшиглэж 210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх ийм цогцолбор байгуулахаар заасан байна. "Амори интернэшнл" гэдэг компанитай гэрээ хийгээд  энэ үйлдвэрээ 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна гэжээ.  Тэрнээс хойш хэдэн жил болж байна. 11 жилийн өмнө Монголд хагас коксын үйлдвэр ашиглалтад ороод өнөөдөр монголчууд утаанаас салах боломж байсан.  Энэ компани 17 тэрбумаа аваад хийх юм аа хийж чадаагүй.  Манай Засгийн газар 2014 онд тогтоол гаргасан.  Тогтоолд энэ компани ажлаа хийж чадаагүй байна. Барьсан байшинг нь дуудлага худалдаагаар худалдаалахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.  Дулааны цахилгаан станц-2-ын тавдугаар зуухны технологийн горимыг  "Аморе интернэшнл" компани өөрчилснийг буцаагаад эрчим хүчний горимд шилжүүлэх. Энэ компаниас өгсөн хөрөнгөө нөхөн төлүүлэх арга хэмжээ ав гэсэн.  Харамсалтай нь удахгүй манай Засгийн газар огцорсон.  Түүнээс хойш 11 жил өнгөрчээ.  Тэр компани төрийн 17 тэрбум төгрөгийг аваад ДЦС-ын зуухыг буруу горимд шилжүүлж хаяад явсан шүү.  Монголд ер нь эзэн байна уу.  Тэр компанид хариуцлага хүлээлгэдэг хүн байхгүй юм уу.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Орон нутгаар явж уулзалт хийлээ.  Бүх хүмүүс тэтгэврийн нэмэгдэлд гомдолтой байна.  Хамгийн багадаа 126 мянган төгрөг нэмнэ гэж байсан бол 50 мянган төгрөг нэмчихлээ.  Ер нь малчдын тэтгэвэр бүгд л 50 мянган төгрөгөөр л нэмэгдсэн юм байна.  Тэд маань энэ нэмэгдэлд сэтгэл дундуур байна. Ялангуяа 600-800 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс энэ нэмэгдэл шударга бус боллоо гэж үзэж байгаа юм байна.  Тэтгэврийн зөрүү маш их байна.  Засгийн газрын 238 дугаар зүйлийн гуравдугаар заалт нь шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс хамаатай байтал хавтгайруулж бодоод байна.  Энэ тогтоолын хэрэгжилт дээр нугалаа үүсээд байгааг анхаарах хэрэгтэй.   

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Бид хот төлөвлөлтөө нэгэнт алдсан.  Манай Нарны хороолол гэхэд 20 мянган оршин суугчидтай. Өглөө оройд түгжирнэ. Ганцхан гүүртэй.  Тэрэн дээрээ нэг цаг 30 минут зогсдог.   Манай хорооллын эхэнд байрууд 20 давхар.  Нөгөө талд нь "Алтай хотхон.  Бас л ганц гүүртэй. 16 мянга орчин оршин суугчтай. Ногоон бүс, сургууль, цэцэрлэг байхгүй.   Та нар бүсчлэлийн хязгаарлалт хийгээд үнэ тариф тогтоосон байна.  Харин өндөржилт дээр хязгаарлалт тогтоох уу.  Аль хэсэгт өндөр, аль хэсэгт намхан барих энэ асуудалд төлөвлөсөн зүйл байна уу.  Манайхаас бусад бүх оронд өндөржилтийн хязгаартай байдаг.  Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Нийслэл хотыг 2040 онд хүртэл хөгжүүлэх төслийг боловсруулж байна.  Барилгын бүсчлэл өндөржилтийг энэ төлөвлөгөөгөөр илүү тодотгон зохицуулж өгч байна.  Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжилтийн хувьд хангалтгүй байна.  Үүнд таван шалгаан нөхцөл байна гэж үзсэн. Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй явж ирсэн.  Хоёрдугаарт, Нийслэлийн бүтэц, төлөвлөлт, инженерийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй байсан, гуравдугаарт санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал шалтгаалсан байна.  Тиймээс энэ алдаануудаа засч 2040 ерөнхий төлөвлөгөөг оруулж ирж байна.  Энэ төлөвлөгөөнд таны асуугаад байгаа бүсчлэл өндөржилттэй холбоотой асуудлыг тусгаж байгаа.  Мөн өнөөдрийн бидний оруулж ирсэн хуулийн төсөл дээр хотын норм журамтай холбоотой шинэ өөрчлөлт орж ирж байна.  Энэ нь барилгажих талбайг 70,30-ын харьцаатай байсныг 60. 40 харьцаанд барихаар оруулж ирлээ.  Энэ стандартыг хангаагүй барилгын ажлыг эхлүүлэхгүй. Улсын комисс хүлээж авахгүй. Инженерийн дэд бүтцээр холбохгүй байхыг холбогдох байгууллагад үүрэг болгоно.  Дараагийн хийж байгаа нэг зохицуулалт нь Их тойруу дотор одоогоор дахиж нэмж 1500 өндөр барилга авах А-гийн даалгавраа авчихаад байна. Үүнийг барьвал Их тойруу маань бөгс эргэх зайгүй болно.  Тийм болохоор нягтаршил ихтэй газар А-гийн даалгавар авсан компаниудын өөр газар байршуулж шилжүүлэх ажил хийнэ.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг шийдэхгүй орхидог асуудлыг хөндөж байна.  Энэ асуудлыг бид Барилгын хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа.  Хуулийн төслийг энэ намрын чуулганы хугацаанд өргөн барина.  Өндөр байшин барьж байгаа бол айлын тоогоор гаражтай байх.  Ус зайлуулах, усны нөөцийн савтай байх зэрэг шаардлагуудыг тавина. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол барилгын зөвшөөрөл өгөхгүй байхаар хуульд тусгаад байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Ногоон санхүүжилт дэлхий дээр маш элбэг болсон.  Улаанбаатар хотод байгаа бүх яндангаа тоолох хэрэгтэй.  Гарч байгаа утааныхаа хэмжээг тооцох хэрэгтэй.  Яндан буурсан хэмжээгээр бид эргээд мөнгө авах боломж байгаа шүү.  Төсөв батлагдах гэж байгаа энэ үед ипотекийн зээлийн 60 хувийг манай орон нутгаас сонгогдсон гишүүд тийшээ татна гэж тогтоол батлуулах гээд яваад байгаа.  Магадгүй ипотекийн зээлийн 10 юм уу, 20 хувийг гэр хороололд хөрсний бохирдолгүй эко 00-той, эрчим хүчний хэмнэлттэй ийм байрууд дээр зээлээ жаахан түлхүү гаргаж өгмөөр байна. Ингээд яндангийн тоогоо бууруулж чадвал карбонтрэдээс мөнгө авах боломжтой.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Яг таны хэлж байгаачлан бид Ногоон бондын санхүүжилтийг босгох ажлын хэсэг байгуулж байна.  Эхний 95 сая.ам долларын эрх нээгдсэн байна.  Нийслэл дотоод бонд гаргахаа зогсоосон.  Энэ бондоор санхүүжүүлэхээр төлөвлөөд байсан төсөл хөтөлбөрүүдийг  арваннэгдүгээр сарын 14-нд хуралдах, НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсвийг тодотгоод яаралтай санхүүжүүлбэл зохих төсөл хөтөлбөрүүдээ шийдэж байна.  Мөн энэ тодотголоор ирэх жил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдах 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хорооллын асуудлыг ярина.  Энэ хотхоныг бүх зүйлтэй нь, өөр хаашаа ч ямар шаардлагагүй байдлаар төлөвлөж байна. Энэ нь хотын нэг дэд төв байх юм.  Үүнийг Ногоон бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөж ажлын хэсэг гарсан.  Үүнтэй холбоотой ТЭЗҮ, зураг төсвийн тендерийг энэ сардаа багтаж зарлана.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Улаанбаатар хотын есөн дүүргээс хэд нь ерөнхий төлөвлөгөөтэй байна вэ.  Ерөнхий төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг дүгнэж үзсэн үү.  Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол бүх салбарынхны  асар их тооцоо судалгаан дээр суурилж гарах учиртай. Харамсалтай нь Ерөнхий төлөвлөгөө хуульчлагдаж, мөрдөгдөж чаддаггүй.  Үе үеийн Хотын дарга нар тэр төлөвлөгөөг барьж ажиллаагүйгээс өнөөдөр Улаанбаатарт эмх замбараагүй байдал бий болсон.  Цаашид ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллаагүй бол ямар хариуцлага тооцох юм.  Үүнийг хуульд яаж тусгасан бэ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байгаа юм байна. Гэвч хотын эрчим хүч, дулаанаа хэрэглээ хангамж чинь хүрэх үү?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд дэд бүтцийн асуудал дээр урьдын барьж ирсэн бодлогодоо зарчмын өөрчлөлт гаргах ёстой гэж үзсэн. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад дулаан үйлдвэрлээд хэдэн арван км явж, 13 дугаар хороолол хүрээд буцаж ирж байна.  Энэ бол хуучин үеийн төлөвлөлт. Одоо бид зургаан дэд төвийг барилгажуулах ажил эхлэхэд дэд бүтцийн асуудал дээр арай өөр бодлого яригдана. Сэлбэ дэд төв дээр дулааны 28 мгавт-ын дэд станц ажиллаж байна. 15 хувийг нь л бид хэрэглэж байгаа. 2025 оны эхээр дахиад 63 мгаваттын дэд станц ашиглалтад орно.  Тэгэхээр  тухайн чиглэлд байгаа айл өрхүүдийг орон сууцжуулахад дулааны хүрэлцээ хангалттай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд өгсөн.  Усан хангамжийн асуудлыг мөн Сэлбэ дэд төвийн хувьд шийдсэн.  Эрчим хүчний асуудлыг салбарын сайд нар нарийн мэдээлэл өгөх байх.  Ирэх жил Бөөрөлжүүтийн 150 мгавттын цахилгаан станц Улаанбаатар хотод эрчим хүч нийлүүлэх асуудал яригдана. Цаашид эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хэд хэдэн төслүүд Засгийн газрын түвшинд яригдаж байна.  Тэгэхээр бид эрчим хүчний асуудлыг өмнөх шигээ хэт төвлөрсөн байдлаар шийдэхгүй, хэсэгчилсэн байдлаар явна. 2025 онд Дэнжийн 1000 орчимд газаар ажиллах дэд станцын ажил эхэлнэ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг зөрчиж барьж байгаа барилга дээр ямар хариуцлага тооцох вэ гэж байна.  Өнөөдөр ч гэсэн хуультай. Албан тушаалын гэмт хэргээр хариуцлагын асуудал яригдана.  Сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодорхой байгууллага дээр гарсан зөрчил дутагдлуудыг шалгуулахаар ажиллаж байна. Нийтийн тээвэр, өмчийн харилцаа, газар зохион байгуулалт гээд маш олон албадын алба хаагчидтай холбоотой албан тушаалын хэргүүдийг шалгагдах ажил явж байна.  Би нэг талаасаа их харамсаж байна. Миний өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс ч яг энэ асуудал дээр шалгагдаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Агаарын бохирдол, түгжрэл, эрчим хүчний асуудал ямар байгаа билээ. Эдгээр асуудлыг харгалзан дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, арванхоёр, нэгдүгээр сард амраах саналыг иргэдээс ирүүлж байна. Хичээлийг зун намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэж болж байна. Наймдугаар сарын 1-нээс хичээл эхэлж болж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэргийг бодоод судалж үзмээр байна. Холбогдох яам, харьяа газрууд ч судалж үзмээр байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төвлөрөл, түгжрэлийн асуудал яалт ч үгүй нийслэлд тулгамдаад байна. 1.6 сая хүн амтай,  716 мянган машин, 410 мянган айл өрхийн эрх ашиг хөндөгдөж байна.  Хотын удирдлагууд ажлаа аваад удаагүй байгаа ч санал санаачлагатай ажиллаж байна.  Замын түгжрэл бууруулах тав зургаан санаа хэлье.  Механикаар бууруулах боломж байна уу гэж харж байна.  Төлөвлөлтгүй, бодлогогүй орон сууцнууд их баригдаж байна. Тэгэхээр хотынхоо төв болон А, Б бүс дээрээ орон сууц барихыг хориглож болдоггүй юм уу. Газар шинээр нэмж олгохгүй байж болохгүй юу. Энэ асуудал зохицуулалт хийхгүй бол болохгүй байна.  Зогсоолын асуудал нэн хүндрэлтэй болчихлоо.  Машин зорчих ёстой замууд бүгдээрээ зогсоол байдлаар ашиглагдаж дууслаа. Зам дагуу зогсоол хийдгийг хатуу хориглох шаардлагатай. Мөн машинтай болох гэж байгаа хүн байвал амьдарч байгаа газар, орон сууцандаа заавал зогсоолтой болох шаардлага тавих.  Гуравдугаарт, хашаажуулах асуудлыг зогсоох хэрэгтэй. Зам хооронд нэвтрэх хүчин чадал алга. Дөрөвдүгээрт, уулзваруудыг нүхэн гарц, гүүрэн гарцаар шийдэх асуудлыг ирэх онд багтаан шийдмээр байна.  Дараагийн нэг асуудал нь түгжрэл үүсгэж байгаа жолооч нартаа хариуцлага тооцож чадаж байгаа юм уу.  Хотын хэмжээнд 4.4 сая автозамын зөрчил үүсч, 105 тэрбумын торгуулийн өр үүсчихжээ.  Тэгэхээр бид эдгээр жолооч нартаа хариуцлага тооцох хэрэгтэй. Бүгдийг нь хөдөлгөөнд орохыг хязгаарлах хэрэгтэй. Тэгвэл түгжрэл багасах магадлалтай.  Мөн хуулийн төсөлд бүсчилсэн төлбөрийн асуудал орж ирж байна.  Үүнийг зарчмын хувьд дэмжиж байна.  Төлбөртэй бүсээ зөвхөн төвдөө биш хязгаарыг нь жаахан томруулах боломж бололцоо байхгүй юу.

Хотын дарга Х.Нямбаатар:

- Г.Тэмүүлэн гишүүн яг энэ хуулийн үзэл баримтлалын дагуу асуулт асууж байна.  Энэ хууль хоёр үндсэн зорилго агуулж байна.  Нэгдүгээрт, гэр хорооллыг орон сууцжуулах, хоёрдугаарт автозамын түгжрэлийг бууруулах.  Дараагийн нэг чухал зүйл нь хэт их нягтаршилтай, Их тойруу, Бага тойруу зэрэг газарт барилга барихыг хязгаарлаж байна.  Үүнийг Засгийн газрын журмаар шийднэ.  Их тойруу гэхэд 1100 га газар байна.  Дахиад 1500 өндөр барилга барихаар зөвшөөрөл авчихсан.  Нэгдүгээр эмнэлгийн хашаан дотор гэхэд 20 давхар барилга барина гээд ажил нь эхэлчихсэн.  Тэгэхээр бид өмнөх төлөвлөлтийн алдааг зургаан дэд төвүүд барих замаар буюу тэр дэд төвүүд рүү шинээр барих барилгуудыг нүүлгэн шилжүүлэх, төрийн зарим үйлчилгээ, их дээд сургуулиулыг шилжүүлэх зорилт дэвшүүлж байгаа.  Мөн энэ хуулиар газар олголтын асуудлыг үндсэндээ нийслэлд зогсоож байна.  Төвийн зургаан дүүрэгт газар олгож,  дүүргийн засаг даргын захирамжаар утааны асуудал өдөр тутамдаа нэмэгдэж байгаа асуудлыг зогсооно. Мөн нийслэлийн Засаг дарга газар олгох эрхгүй болно.  Төрийн бүтээн байгуулалт, Төр хувийн хэвшлийн түншлэл, нөхөн олговор байдлаар газар олгоход болон дэд төвүүд дотор дуудлага худалдаагаар газар олгоход оролцоно.   Түүнээс бусад байдлаар газар олголтыг зогсоож байна.  Автомашины зогсоол дээр яг таны хэлсэн зохицуулалтууд орж ирж байна.  Энэ хууль анхдагч хууль учраас орон сууц өмчлөгч иргэн орон сууцандаа зогсоолтой байна гэсэн заалтыг хэлэлцүүлгийн явцад оруулж ирж болно.  Зогсоол нэмээд түгжрэл шийдээгүйн нэг жишээ нь манай улс хөрш Бээжин хот юм.  Бээжин хот 5.6 сая автомашин, 1.4 сая зогсоолтой.  Тэд зогсоолоо нэмээд асуудал шийдэгдээгүй.  Хашаажуулалт гээд Д.Сумъяабазар даргын үед 30 км хашаа буулгасан.  Одоо дахиад 30 км хашаа буулгана.  Хашаа буулгаснаар гэмт хэрэг зөрчил ч багассан эерэг үзүүлэлттэй байна.  Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг зохицуулалт энэ хуульд орж ирсэн.  Өнөөдөр 15 сая төгрөгийн торгууль төлөөгүй жолооч хөдөлгөөнд оролцоод явж байна.  Тэр машиных нь зах зээлийн дундаж үнээс бараг давсан торгуультай.  Тэгэхээр торгуулийн асуудлыг ингэж хуульд оруулж ирснээр түгжрэл 10 орчим хувиар буурах үзүүлэлттэй байна.  Төлбөр авах бүсчлэлээ нийслэл өөрөө үе шаттайгаар тогтооно.  27 мянган төгрөг авна гээд хүмүүс яриад байгаа энэ бол ташаа мэдээлэл.  Бүсээсээ хамаарч мянган төгрөг ч авч болно.  Төлбөрийг уян хатан тогтооно.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хотын дарга маань ажлаа аваад шинэ хууль оруулж ирж, өөрчлөлт хийх гээд орж ирж байгаад талархаж байна.  Хамгийн гол нь бид хууль гаргаад үр дүнг нь үзэх ёстой.  Х.Нямбаатар өөрөө хотын томоохон дүүрэг Сонгинохайрхан дүүргээс сонгогдож ажилласан хүн.  Тус дүүрэгт хотын нэг төвийг байгуулахаар нэлээд ажилласан.  Төсвийг ч тийшээ нэлээд чиглүүлсэн.  Өөрөө туршлагатай учраас үр гарах байх гэж найдаж байна.  Хуулийн төслийн үнэлгээ ерөнхий байдлаар бичигджээ.  Төлөвлөгөө, үр дүн үнэлгээг их нарийн тооцох ёстой.  Иргэдийнхээ орлого, амьдарч байгаа байршлыг хуваагаад иргэддээ яаж нөлөөлөх үү гэдгийг маш сайн гаргах хэрэгтэй.  Бид нар өмнө нь Улаанбаатарыг утаагүй болгоно гээд утаагүй зуухны  төсөл хэрэгжүүлэхдээ НҮБ-аас тооцоо судалгаа авч байсан.  Тэгэхээр яг аль бүлэг, өрх дээр үр дүн нь очих юм.  Ямар хэмжээний өртөг, зардал, ачаалал очих вэ гэдгийг нарийн гаргах хэрэгтэй.  Энэ тооцооллыг сайн хийгээрэй.  Ингэж байж ард иргэдээсээ дэмжлэг авна.  Иргэдээр мөн хэлэлцүүлж, байр суурийг нь сонсох хэрэгтэй.  Хоёрдугаарт, 0.7 га газартай хувийн өмч гэдэг зүйл их чухал. 0.7 га газрыг үнэ цэнтэй болгох ёстой энэ бол төрийн үүрэг.  Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ татаж үнэ цэнэ оруулах гэж байгаа нь зөв зүйтэй.  Гэхдээ газрын хуваарилалтыг эргэн харах ёстой шүү.  Лиценз, зөвшөөрөл дээр анхаарах хэрэгтэй.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Хуулийнхаа тооцоолол, үр нөлөөг тооцсон.  Ирэх жил Сэлбэ, Баянхошуу дэд төв ашиглалтад орсноор ДНБ-д 2.5 их наядын нэмэгдэл үзүүлнэ. 25295 ажлын байр бий болно. Агаарын бохирдлыг бууруулахад 22 хувь, автозамын түгжрэл дээр 36.3 хувийн нөлөөлөл үзүүлнэ. Хотын санхүүгийн төлөвлөлт, өмчийн ашиглалт гэдэг зүйлүүдтэй тодорхой хэмжээнд танилцлаа.  Өмнө нь нийслэлийн санхүү, төсвийн төлөвлөлт яг л нэг жилээ л харж ирсэн юм байна.  Жилдээ яаж улсад багахан хөрөнгө төвлөрүүлэх үү, илүү гарсан мөнгөндөө юу хийх үү гэдгийг л харж иржээ.  Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 25 жилийн хугацаанд хийж ирсэн 1.7 их наяд төгрөгийн дуусаагүй төсөл хөтөлбөрүүд байна.   Эднийг дуусгах ёстой.  Үгүй бол өөр хувийн байгууллагуудад дуусаагүй төсөл хөтөлбөрөө шилжүүлэх ёстой.  Хуримтлагдсан өр ч нэлээд байна.  Би ажлаа аваад нэлээд хэдэн гадны санхүүгийн байгууллагуудтай уулзалтууд хийлээ.  Цаашид бид нийслэлийн санхүүгийн төлөвлөлт дээр олон улсын санхүүгийн байгууллагуудын техникийн зөвлөгөөг авах ёстой. Тэр зөвлөгөөний дагуу ажиллах бодлого баримталж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хотын дарга Х.Нямбаатар аа.  Би үхэхээр чи үх гэсэн хуулийн төсөл оруулж ирж байгаа юм биш үү. Улаанбаатар хот зогсоолын асуудлаа шийдэж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтсон байна. Парламент өнөөдөр аймаг болгоны зогсоолын асуудлыг шийднэ гэвэл баларлаа. Парламент шүү дээ энэ чинь.  Үе үеийн ИТХ-ын төлөөлөгчдийн, улстөрчдийн шунал, өөдгүй авлигын төлөөсийг Улаанбаатарчууд өнөөдөр хангалттай төлж байна.  Олон улсын судалгаагаар түгжрэлээс болж 1.2 тэрбум ам.доллар алдагдсан боломж болоод хувирчихсан.  Та нарын уранаар олон гэж байгаа мөнгөний чинь тал нь шүү дээ. ЖАЙКА-гийн судалгаагаар 2025 онд улаанбаатарын хөдөлгөөн найман км.цаг болно. 2030 онд таван км.цаг, 2040 онд тэг зогсолт хийх нь.  Түргэний тэрэг, галын машин ч явахаа байх нь.  Тэгэхээр өнөөдөр үеийн үеийн дарга нарын идэж ууж, наргисны шарталтыг парламент тайлах нь л дээ. Энэ асуудал яагаад парламентад орж ирж байгаа юм.  НИТХ гэж булиа том байгууллага байна. Үүнийгээ тэндээ шийдэх ямар ч боломжгүй юу. Заавал хууль батлах юм уу.  МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар огт нэмэхгүй гэж заасан. Гэтэл яагаад ийм хууль оруулж ирж хуураад байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Сонгууль дөхөж байгаа учраас С.Ганбаатар гишүүн энэ зэргийн юм ярих нь зөв.  Захиргааны ерөнхий хуулиар НИТХ ямар хэмжээнд ажиллах вэ гэдэг нь зохицуулагдах ёстой.  Бүсчлэл тогтоох эрхтэй гэж хуульд заасан тохиолдолд НИТХ журам гаргана.  Түүнээс биш НИТХ хууль давсан эрх, үүрэггүй.  Саяны таны хэлсэн зарим статистик хоцорсон байна.  Бид 2025 он гэхэд 3.2 км цаг буюу таг түгжрэл рүүгээ нэг жил гаруй хугацааны дараа орох гэж байна. Жилд дунджаар 50 гаруй мянган автомашин орж ирж байгаа.  Цахилгаан машинаас татвар авах гэж байна.  МАН-ынхан шулах гэж байна гэж та хэллээ. Бид онцгой албан татвар дээр нэг ч татварын нэмэгдэл тооцоогүй. 2022 онд таны батлалцсан хууль дээр тээврийн хэрэгслийн татварын дээд хязгаарыг тогтоосон.  Тэгвэл энэ удаа дээд, доод хязгаарыг тодотгож тогтоолгохоор оруулж ирсэн.  Цахилгаан машин хэдийгээр эко ч гэсэн нисэхгүй учраас заавал газраар явж, түгжрэл үүсгэнэ.  Сонгууль дөхөхөөр бүх л хүн сонгогчиддоо ард түмэндээ хайртай болж ярина.  Бид нэг жил гаруйн дараа таг зогсох уу, өмнө нь одоо байгаа түвшиндээ асуудлаа шийдэх үү гэдэг ийм л асуудал яригдаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Сонгууль энэ тэр гэж балай юм ярихаа болио.  Би харин ч өнгөрсөн гурван жил идэвхтэй ярьж байгаад одоо жаахан дуугүй байж амаръя гэж бодсон юм.  Би ажил хэргийн асуудал ярьж байна.  Гахай хариулсан хүн ганцхан гахайны тухай л боддог гэдэг шиг юун сонгууль яриад явчихав аа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хуулийн төслийг дэмжиж байна.  Зам тээврийн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд бүгд түрээсийн байранд ажиллаж байгаа. “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Зам тээврийн хөгжлийн төв”, “Авто тээврийн үндэсний төв”, “Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах нэгдсэн төв” зэрэг байгууллага бүгд оффисгүй. Бид Буянт-Ухаа дэнжийн цаана зургаан га га газар дээр “Тээвэрчин” хотхон барихаар төлөвлөж байна. Оффис, орон сууц, эмнэлэг, сургууль, спорт, амралтын төв, дэлгүүр, ресторан гээд бүхий л үйлчилгээтэй цогцолбор байх юм. Өөрөөр хэлбэл, хотхоноосоо гарахгүй ажиллаж, амьдраад, амраад байх орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зүтгэж байна. Харамсалтай нь зарим хүн, аж ахуйн нэгж байгууллага ажлыг гацаагаад удаж байна. Энэ асуудлыг хотын удирдлагууд дэмжих үү гэдгийг асуумаар байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Танай салбарын аж ахуйн нэгжүүдийн оффис, ажилчдын орон сууцны барилгыг төвлөрүүлэх, сургууль цэцэрлэг дэд бүтцийн энэ асуудлыг шийдвэрлэхийг хоёр гараа өргөж дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

- Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого боловсруулдаг залгамжгүй, замбараагүй, төлөвлөлтгүй байдлаас өнөөдрийн Улаанбаатар бий болчихлоо. Х.Нямбаатар дарга зөвхөн дараагийн сонгуульд зориулж биш, Улаанбаатар хотын хөгжлийг өргөн агуулгаар нь харж орон сууцжуулах хөтөлбөрийг зоригтой шийдье гэж авч орж ирж байгаад талархаж байна.  Энэ бол агаарын сэдэв биш. 2016 оноос хойш Х.Нямбаатар сайд бид Сонгинохайрхан дүүрэг дээр ажилласан.  Баянхошууны дэд төв Азийн хөгжлийн банкны төслөөр дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн.  Сэлбэ дэд төвтэй очиж танилцсан.  Нэгэнт дэд бүтэц нь шийдэгдсэн газар орон сууц барих нь хамгийн зөв шийдэл.  Х.Нямбаатар болон түүний баг 12 мянган айлыг орон сууцжуулна гэж байна.  Энэ бол маш зоригтой шийдвэр.  Хэрэв үнэхээр хэрэгжүүлж чадвал  Х.Нямбаатар даргынхаа хөшөөг хотод босгосон ч багадахаар ийм ажил болно. Гэр хорооллын иргэдээ бодох хэрэгтэй.  Эрүүл мэнд боловсролын хүртээмжээрээ дутагдаж байна.  Газар чөлөөлөх асуудал тулгардаг.  Энэ асуудал хууль дээр ямар бодлого баримталж байна вэ?

Хотын дарга Х.Нямбаатар:

- Газар чөлөөлөх асуудал хамгийн чухал байна.  Бидний санхүүгийн схемд ногоон бондын харилцаа орж ирж байгаа учраас газрыг албадан чөлөөлөхөөс илүүтэй тухайн иргэдтэй ойлголцож газрыг иж бүрнээр чөлөөлөх зохицуулалт энэ хуулийн төсөлд бий.  Нөлөөлөлд өртсөн айлуудын газрыг шууд бэлэн мөнгөөр авах, одоо НОСК-ийн өмчлөлд байгаа байрнуудаас шууд бэлнээр солих, мөн баригдах орон сууцны цогцолбор хорооллоос байр авч болох, мөн ашиглалтад ортол түрээсийн төлбөрийг нь өгөх ийм саналуудыг газраа олгох айлуудад тавина.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

-Энэ хуулийн төсөл нэн яаралтай горимоор орж ирж байгаа хамгийн гол шалтгаан нь юу вэ.  Яагаад түгжрэлийн асуудлаа НИТХ нь шийдэж чадахгүй байгаа юм.  Нийслэлд иргэдийн хурал байх шаардлага байна уу.  Засгийн газар нь мөн түгжрэлийн сайдтай шүү дээ.  Мөн энэ хуулийг дагалдаж орж ирсэн Гэмт хэрэг, хэрэг зөрчилтэй тэмцэх хуулийн төсөл дээр орон нутагт ажилладаг гэмт хэрэг зөрчлөөс удирдчилан сэргийлэх зөвлөлийг ИТХ-ын дарга тэргүүлдэг байсан бол Засаг дарга хамаарахаар болсон байна.  Энэ асуудал түгжрэл ямар хамаатай юм бэ?

Хотын дарга Х.Нямбаатар:

- А.Адъяасүрэн гишүүнээ.  Та бидний хамт баталсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль дээр 2022 онд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиг үүргийг угаасаа бүх шатны Засаг дарга нарт хариуцуулахаар болсон. Үндсэн хуулийн чигийн дагуу ийм өөрчлөлт хийсэн.  Хэрэгжээд эхэлсэн хууль дээр яриад байна.  Энэ удаа  энэ сангийн хөрөнгийг ИТХ нь удирдаад зарцуулаад байна.  Тэгэхээр хууль хоорондын хийдэл арилгах гэж оруулж ирсэн. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Дагуул хотын асуудлаа яах юм. Дархан луу сургууль шилжүүлнэ гэсэн таг боллоо. Түгжрэлийн нэг хэсэг тархины түгжрэл. Замын хөдөлгөөний буруу зохицуулалт, дуртай нь таксинд явдаг, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Жолооч нарыг бэлтгэх тогтолцоон дээр юу бодож байна вэ. Нүхэн жолрлон хамгийн аюултай боллоо. Өндөр цэгүүд дээр баас шээсээрээ л хооллож байна. 164 мянган нүхэн жорлонг яах вэ. ямар шийдлүүд байна. Нийтийн тээвэр дээр өөрчлөлт хиймээр байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Хот байгуулалт, зам төлөвлөлт архитектур төлөвлөлт дээр Улаанбаатар хотод орчин цагийн хөгжлийн инноваци технологи нэвтрүүлэхэд нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд дутмаг байна. Багаар нь гадны мэргэжилтнүүдийг авч ажиллуулах боломжийг дагасан хуулиараа нээхээр оруулж ирсэн. Зам, гүүрийн барилга байгууламж дээр гадаадын нарийн мэргэжилтнүүдийг ажиллуулах эрх зүйн өөрчлөлт юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Энэ хуулийг дагаад 23 хууль дагалдаж орж ирж. Газар чөлөөлөлт гэсэн чинь тухайн бүс нутгийн 65 хувь дэмжвэл трактор ороод буулгаад хаях нь. Үндсэн хуультай зөрчилдөхгүй юу. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль орж ирж. Саяны ногоон автобус мэтийн зүйлийг шууд худалдан авалтаар хийх нь. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл байж болно, хотын асуудал урсаад явдаг л ажил. Төлбөртэй бүсийн 27 мянга гэдэг тооцоог яаж гаргасан юм. Жилд хэчнээн мөнгө төвлөрөх юм. Төрийн далайлтаар хаана, бооно л гэх. Иргэний өмч хөрөнгийг шууд трактороор түрээд нураах юм уу. Хувийн өмчөө Үндсэн хуулиар хамгаална  гэсэн нь хаачив?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Танай нам дээр Х.Нямбаатарын оруулж ирж байгаа хуулийг харлуулах, унагаах ажлын хэсэг байгуулагдсан гэсэн.  Нийслэлийг түжрэлгүй, утаагүй болгохын тулд дэлхийн бусад хотуудад хэрэглэсэн түгээм эл аргыг оруулж ирсэн. Хоёр жил боловсруулсан төсөл дээр дахин ажиллаад оруулж ирсэн төсөл.Таны барьсан Содон орон сууцны хорооллынхон ганцхан газраар автомашинтайгаа гарах гээд түгжирч байна. Хоёр гарцтай болгох гээд 6 эгнээ зам тавих болж, ажил эхлүүлтэл есөн айл 19 тэрбум төгрөг нэхээд ажил гацаачихаад сууж байгаа. Төслөө сайн уншаарай. Дулааны шугам задарсан тохиолдолд тендер зарлах уу гэдэг харилцааг л зохицуулж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Өргөн барьсан хуульд чинь Улаанбаатар хотын бүх ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэх заалт орж ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ.  Худалдан авах бараа материалыг зээл, лизингээр авахаар бол бас шууд гэрээ байгуулна гэсэн байна.  Би үүнийг сайн ойлгохгүй байна.  Та бол төсөв захиран зарцуулагч төсөв нэг жилээр байдаг.  Лизинг зээл олон жил болно.  Гэтэл та ирээдүйн Засаг дарга нарын өмнөөс өнөөдөр шийдвэр гаргах гээд байгаа юм уу.  Тэгэхээр агуулгын хувьд өр үйлдвэрлэдэг ийм байдал руу орох нь. Энэ асуудалд  Хотын дарга анхаарах хэрэгтэй.  УИХ-д хүндэтгэлтэй хандаж, гишүүдэд мэдээлэл өг.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Сая хуулийн төслийг таны их дотны найз ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Би ажлын хэсгийн гишүүний хувиар хариулт өгч байна.  Мөн гишүүдийн асуултад хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд хариулна.  Өөрөөр чинь үгээ  айхтар чиглүүлж заалгахгүй. Зогсоол хийх, бүсийн төлбөртэй холбоотой асуудал дээр нийслэл зөвхөн эрхээ авъя гэж ярьж байгаа.  Та олон газраар явж байсан хүний хувь их хотууд түгжрэлтэй ямар байдлаар тэмцэж байгааг харсан байх.  Худалдан авалтын хувьд хуулийн шилжилтийг та сайн хараарай.  Гар, хүрзээр давс цацдаг.  Эргэлт дээр өнхөрч унадаг тоос сорогчоо өөрчилье гэж ярьж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Би хэнтэй яаж найзалж, нөхөрлөж юу ярих нь танд хамаагүй. Би УИХ-ын гишүүний хувьд үзэл бодлоо ирэлхийлэх үүрэгтэй.  Таныг парламентын танхимд Хотын даргын хувиар асуудлаа ярь гэсэн болохоос биш Хууль зүйн сайд шиг УИХ-ын гишүүн шиг сөрөг хүчинд гаргаж буй хандлага чинь таалагдахгүй байна шүү, Х.Нямбаатар аа. Анхааруулж байна шүү.  Хууль зүйн сайд байсан хуулиа мэдэж л байгаа юм бол энэ хүрээндээ л ажилла л даа.  Худалдан авалтын шууд хийснээр баахан хулгай гараа биз дээ.

 УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Авлигачдаа толгой дээрээ залсаны нэг нь авлига хороолол. Олон, олон авлига хорооллынхон энэ асуудлыг яаж шийдэх нь вэ гээд хүлээгээд  сууж байгаа. Энэ баригдаад дуусвал дараагийнх нь барьцаад явна. Зөвшөөрөл өгөөгүй байхад баригдсан бол хууль зөрчсөн л гэсэн үг.  Барьж чаддаг юм байж, дэд бүтцийнх нь зөвшөөрлийг өгдөггүй, цэвэр усаар хангадаггүй, бохироор хангадаггүй, авто замаар хангадаггүй байх ёстой. Хууль бус газар дээр хууль бус барилга бариад төргүй юм шиг аашилдаг энэ байдалд хязгаарлалт хийхийн тулд зохицуулалт оруулж өгч байгаа юу.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Нэгдүгээр төв эмнэлгийн хашаан дотор 20 давхар барилга барихаар ажил эхэлсэн. Орон нутгаас хэдэн мянган иргэн ирж, үйлчлүүлдэг ганц эмнэлэг. Машин эргэж тойрох боломжгүй. Барилга барих зөвшөөрөл өгсөн хүмүүс сэтгэлгүй. “Акуа гарден”-тай холбоотой асуудал Захиргааны хэргийн шүүх дээр явж байна. “Шунхлай”-тай ойлголцоод шатахуун түгээх станцыг чөлөөлөөд явж байна. Түүнтэй зэрэгцээд даланг өргөсгөх ажил эхэлж байна. S-OUTLET-ыг чөлөөлөх ажил хийгдэнэ. “Акуа гарден”-ыг буулгах ажил руу орно. Хуулийн хүрээнд, шүүхийн шийдвэрийн хүрээнд явна. Цаг хугацааны асуудал байгаа. Та бүхэн богино хугацаанд их олон зүйл шаардаж байна. Би ажил хүлээн аваад 17 хоног л ажиллаж байна. Авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой ахиц гаргасны дараа мэдээлэл өгье.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Хот төлөвлөлт гэдэг нарийн асуудал. Түгжрэлтэй холбоотой асуудлыг хоригоос эхэлбэл амжилтад хүрэхгүй. Хуулийн сөрөг нөлөөлөл нь нийслэлийн иргэд, хүүхэд, ахмадуудад хэрхэн тусах вэ гэдгийг судалж үзээсэй. Нийтийн тээврийг хүтээмжтэй хөгжүүлээгүйгээс түгжрэл бий болж байгаа. Давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хийдгээс 66 хувь нь автомашинаар, 20 гаруй хувь нь автобусаар, 10 орчим хувь нь явганаар байна. Энэ ондоо багтаагаад хуулийг батлаад, ирэх оноос хэргжинэ гэвэл иргэд 300 метрийн цаанаас хүүхдээ тэврээд алхаад, цэцэрлэгт хүргэж өгнө гэвэл бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Баяндаа хүмүүс машин унаад байгаа юм биш. Иргэдийн эрэлтэд нийцсэн уян хатан зохицуулалтгүйгээс түгжрэл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Энэ хуулиар төлбөртэй бүс тогтоох эрхийг авах гэж байгаа. Нийтийн тээврээ сайжруулаад, зогсоолын менементээ хийж,, тойрог хурдны замаа эхлүүлсний дараа, метроны төслөө эхлүүлсний дараа төлбөртэй бүс тогтооно гэсэн. Гэтэл та хөхөө өвлийн хүйтнээр төлбөртэй бүс тогтоох нь гээд гуйвуулдагаа боль. Би санаанаасаа зохиогоогүй, Нийслэлийн бодлогын судалгааны хүрээн дээр сүүлийн гурван жил судлагдсаны үндсэн дээр гурван үе шаттай арга хэмжээ авъя, ийм хуулиуд гацаа саад болж байна гээд оруулж ирж байгаа. Хууль батлуулангуут хүүхдээ тэврээд хотын төв рүү алхах нь гэж яагаад гуйвуулаад байгаа юм. Эхний ээлжинд он дамжуулаад нийтийн тээврийн шинэчлэлээ хийнэ. Хотын холбоос төлбөрийн системийг ойлгомжтой болгоно. Зогсоолын менемент хийнэ. Логик дараалалтай явна. Шууд бүс рүү орж ирэнгүүт төлбөр тогтоохгүй.  Шууд төлбөрийг 27 мянган төгрөгөөр тогтоох тухай асуудал яригдаагүй. Гишүүд төсөл дээр сайн ажиллаад, танилцуулгыг сайн үзээд иргэдэд зөв мэдээлэл өгөөч гэж хичээнгүйлэн хүсэх байна. Парк шинэчлэлт он дамжаад хийгдэнэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Зоригтой шийдэл гаргаад явж байна. Буцахгүй ажлаа хийгээрэй. Бүсчилнэ гэхээр дэлхийд байдаг л практик. Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдэд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ гэлээ. Хэрэв хөнгөлөлт үзүүлэх бол ямар хэмжээний хөнгөлөлт эдлүүлэх вэ.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Бүсчлэлийн төлбөрийн тухайд тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийг 90 хувь төлбөрөөс хөнгөлнө. Бүсчлэлийн нэг удаагийн өдрийн зорчих төлбөр 5000 төгрөг байлаа гэхэд тухайн бүсэд амьдардаг иргэн өдөрт 50 төгрөг төлдөг байхаар ч юм уу хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. 2025 он руу юм уу хэрэгжүүлэхэд НИТХ бүсчлэл тогтоох эрхээ л авч байгаа юм.

Ийнхүү  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан,  М.Оюунчимэг, Ш.Адьшаа зэрэг 26 гишүүн Хотын дарга Х.Нямбаатараас хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуулаа. Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 73 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)

 

songuuli duhuud gishuud ih poporch bn daa
Нямбаатарыг поп гар гэж боддог байсан чинь энэ асуулт асууж байгаа гишүүд бүүр аймаар поп юм байшдээ. Хаа очиж Нямбаа бодлого яриад байх юм.
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 39 мин