“... Тавантолгойн цахилгаан станцыг барина” гээд тараачихсан 14.8 сая долларыг хэн төлөх вэ?!

2023-11-02
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манайд хэрэгждэггүй баахан “том төсөл” бий. Гэсэн атлаа нэрээр нь маш том компани байгуулчихдаг. Дарга нар нь баахан халаасны хүнээ аваачаад өндөр цалин өгүүлээд суулгачихдаг. Нөгөөдүүл нь төслийн мөнгөөр өндөр дүнтэй тендер зарлаад л байдаг. Харамсалтай нь төсөл нь урагшилдаггүй. Хамгийн гол нь тэдгээр зарлага нь дандаа гаднын зээл, тэр бүү хэл бондын мөнгө байдаг. Тэрийг дараа нь бид хүүтэй нь төлдөг.

Үүний томоохон жишээнүүдийн нэг бол Тавантолгойн цахилгаан станцын төсөл юм. Оюу толгойн гэрээг байгуулснаас хойш л “...Тавантолгойн цахилгаан станц бариад Оюу толгойд цахилгаанаа “шахаад” арвин их ашиг олно” гэж ярьсан. Тэр цагаас хойш төрд гарсан бүх даргын амны уншлага л даа, энэ. Гээд яасан бэ. Өнөөдөр суурь ч үгүй, бусдын адил төслийн компани дээрээ том том тендер зарласан хэдэн хүн л сууж байна.

Түүхийг нь харвал “...Тавантолгойн цахилгаан станцыг барина” гэж хамгийн далайцтай зүтгэсэн нь 2013 оны үед юм байна. 2013-2022 оны хооронд хэрэгжих төсөл эхлүүлж, санхүүжилтийг нь Хөгжлийн банкнаас гаргахаар болжээ.

Тухайн үед “...Төслийн хүрээнд 450 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц, Тавантолгой-Оюу толгой хооронд 150 км цахилгаан түгээх шугам барина. Төслийн хэрэгжилтийн хүрээнд ТЭЗҮ, БОННҮ боловсруулах, геологи, геодези, археологи, палеонтолеогийн судалгаа, нүүрсний шинжилгээ зэрэг ажлуудыг хийсэн бөгөөд хөрөнгө оруулагч нарыг сонгон шалгаруулахаар төслийн техникийн даалгаврыг урьдчилсан байдлаар сонгогдсон дөрвөн компанид хүргүүлсэн. Төслийн нэгж нь урьдчилсан байдлаар арилжааны даалгаврыг боловсруулан сонгогдсон компаниудад хүргүүлсэн. 2015 оны эхний хагаст багтаан хөрөнгө босгохоор ажиллаж байна” гэж байгаад 50 сая ам.доллар төсөвлүүлсэн.  Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Тавантолгойн цахилгаан станц” төсөлд дээрх 50 сая ам.долларын 15.9 сая ам.долларынх нь зээлийг олгох шийдвэр гарсан. 1.1 сая ам.долларыг нь эргүүлэн төлсөн. Харин Хөгжлийн банкнаас Эрчим хүчний яамны төслийн 3600..... тоот харилцах дансанд шилжүүлсэн 14.8 сая ам.долларын асуудал одоо яригдсан хэвээр байна. Тодруулбал, Чингис бондын мөнгөнөөс Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр 2013 онд Хөгжлийн банкнаас жилийн 6.1 хувийн хүүтэй 1.9 сая ам.долларын санхүүжилт олгох “Төсөл санхүүжүүлэх гэрээ”-г Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банк хооронд байгуулжээ. Энэ нь дуусгавар болсноор дээрх гурван тал 2014 онд жилийн 6.1 хувийн хүүтэй, 2022 онд төлж дуусах нөхцөлтэй, 15.9 сая ам.долларын дүн бүхий “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ” байгуулжээ. Хөгжлийн банк 2014 онд байгуулсан гэрээний дагуу олгосон 14.8 сая.ам доллароос өмнөх гэрээгээр санхүүжүүлсэн 1.9 сая ам.долларын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг суутган авсан байна. Гэрээнд зээл олгосон өдрөөс эхлэн ашигласан бодит хоногоор хүүг тооцох, жилийн суурийг 360 хоног байх, зээлийн хүүгийн төлбөрийг 2015 оны есдүгээр сараас эхлэн хагас жил бүр төлөхөөр тусгажээ. Зээлийн гэрээг цахилгаан станц барих төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал, бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхээр байгуулсан байна.

Гэтэл 2014 оны аравдугаар сарын 7-нд Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, үндсэн чиглэлийн асуудлыг нь Сангийн сайдад шилжүүлжээ. Энэ хооронд таван төсөл эзэнгүйдэж унасны нэг нь энэхүү Тавантолгойн цахилгаан станц юм байна. Үүнээс хойшх төрийн шийдвэрүүд нь жинхэнэ жонхуу болсон байдаг. Эцэстээ төслийн зээлийн эргэн төлөлт ч бүрхэг болоод иржээ. Хамгийн гол нь өнөө хэр нь цахилгаан станц сураггүй байгаа юм. Тэгэхээр “тайлбар” хэрэгтэй л дээ. “...Энэ 14.82 сая ам.доллар хаачив аа гэдэг том асуулт тавигдана.

Тэгвэл Тавантолгой цахилгаан станц төсөлд нийт 14.8 сая ам.долларын зээл олгосноос 2014-2020 оны эхний улирлын байдлаар 14.2 сая ам.долларыг нь зарцуулжээ. Үүнээс зээлийн хүүгийн зардалд 5.6 сая ам.доллар, төслийн нэгжийн үйл ажиллагаанд 6.5 сая ам.долларыг зарцуулсан байна. 2020 оны тавдугаар сарын 31 гэхэд Хөгжлийн банк дахь Эрчим хүчний яамны харилцах дансанд 600 мянган ам.доллар үлдээд байжээ. Тухайлбал, “...Төслийн үйл ажиллагааны зардал” гэхэд олон улсын зөвлөх үйлчилгээнд 2.9 сая, цалингийн зардалд 1.6 сая, шуудан холбоо, бичиг хэрэг, байрны түрээс, тээврийн хэрэгсэл, хангамжийн материал зэрэгт 1.1 сая, төслийн нэгжийн томилолт, дотоодын зөвлөх үйлчилгээ, судалгааны зардалд нийт нэг сая ам.долларыг зарцуулжээ.

Засгийн газар 2013 оны наймдугаар сард Тавантолгой цахилгаан станц төслийн дотоодын хөрөнгө оруулагчаар “Эм СиЭс Холдинг” ХХК-ийг сонгожээ. “Эм Си Эс” нь төсөлд зориулж “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийг байгуулсан. Ингээд Засгийн газрын төслийн нэгжтэй хамтарч ажиллаад эхэлжээ. Улмаар 2016 оны хоёрдугаар сард төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар орохоор санал өгсөн гурван компаниас Японы  “Марубени” корпорацыг сонгожээ. Гэвч “Марубени” компани 2017 оны дөрөвдүгээр сард “... Эрчим хүч худалдан авах хэрэглэгчийн баталгааны талаарх асуудал уг төсөл эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн боловч тодорхой болоогүй тул үргэлжлүүлэн хамтран ажиллахгүй” гээд гараад явчихжээ. Ингээд эхний байдлаар олон улсын зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 2.9 сая ам.доллар нь үр дүнгүй болж, салхинд хийсэв. Яагаад гэхээр, төслийн нэгж нь ТЭЗҮ-ийг техникийн зөвлөх болох “WorleyParsons” компаниар 600 мянган ам.доллараар 2015 онд хийж гүйцэтгүүлсэн. Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээг “Sumitomo Mitsiu bank”-аар 1.1 сая ам.доллараар, олон улсын хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээг “Shearmansterling” компаниар 900 мянган ам.доллараар, байгаль орчин нийгэмд үзүүлэх нөлөөллийн олон улсын зөвлөх үйлчилгээг “Mott MacDonald” компаниар 300 мянган ам.доллараар тус тус хийлгэжээ.

Өнөөдөр Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж нь “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК болсон. Захирлаар нь Г.Тэнгэр ажилладаг. Дээрх 14.8 сая ам.долларын зээл нь Эрчим хүчний сайдын 2020 оны 166 дугаар тушаалаар өмнөх төслөөс “Тавантолгой цахилгаан станц” ТӨХХК-ийн балансад шилжиж ирсэн байна. Гэхдээ төлөгдөөгүй байгаа аж. Үүнийг “...Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах гэрээнд заасан зээлдэгчийн эрх үүргийг “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-д шилжүүлээгүй. Гэрээний эрх үүргийг шинэчлээгүй. Мөн эргэн төлөх эх үүсвэр шийдвэрлэгдээгүйтэй холбоотой” гэдэг байна.

Ер нь бол “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүй. Үйл ажиллагааны орлогогүй. Хөрөнгө оруулагч компаниас үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Гэтэл 2020 онд л гэхэд гуравхан сар үйл ажиллагаа явуулсан компанийн ТУЗ 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор контракт гэрээний биелэлтийг “...Хангалттай” гэж үнэлэн гүйцэтгэх захиралд ТУЗ-тэй байгуулсан контрактын 4.5 дах хэсэгт заасны дагуу нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний 22.5 сая төгрөгийн дэмжлэг олгосон. Мөн сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгожээ. Түүнчлэн “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ТУЗ нь 10 хүнтэй. Тэдний цалин, урамшууллыг 199 сая төгрөгөөр тогтоосон. 2021 онд л гэхэд ТУЗ-ийн гишүүдэд 3.6 сая төгрөгийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрүүлж олгосон. Мөн онд ТУЗ-д төлөөллийг хэрэгжүүлж буй хувьцаа эзэмшигч таван гишүүний цалин, зардлыг 60.2 сая төгрөгөөр баталсан нь “...Үйл ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлдэг” компанийн хувьд хэтэрсэн зардал гаргажээ. Энэ мэтчилэн хэрэгжээгүй төслөөс хэдэн хүн суучихаад хэтэрхий зардал урсгаад л сууж байна.

Уг нь өнгөрсөн зун зургаадугаар сард “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер”-ийг Эрчим хүчний яамнаас зарласан. Долдугаар сард задарч, гүйцэтгэгч нь тодрох байв. Гэвч өнөөг хүртэл сураг алга. Дунд нь есдүгээр сарын эхээр “...Хойшлууллаа” гэж Эрчим хүчний сайд нь нэг удаа ярьсан. Тэгэхээр одоо лав хуулийн хүрээнээс халиад гарсан нь тодорхой юм. Энэ төслийн санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана. Үлдэх 70 хувийг нь “...Хөрөнгө оруулагчаа харж байгаад болъё” гэсэн шийдэлтэй байгаа аж. Уг нь 70 хувийг шийдэх тал талын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагджээ. Хамгийн гол нь “...Тавантолгой цахилгаан станц төслийн эзэн нь албан бусаар тодорчихоод байгаа” гэх эх сурвалжуудын мэдээлэл бий. Улс төрийн жонхуу хутгадаг, цуутай хүмүүсийн сураг гараад удаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)

 

иргэн
бараг цахилгаан станц барих шахуу мөнгөөр тоглоод дуусгаж, хэн гэдэг албан тушаалтанд хариуцлага тооцох вэ??
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

14 цаг 44 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

14 цаг 44 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

14 цаг 44 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

14 цаг 44 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

14 цаг 44 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

14 цаг 44 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

14 цаг 44 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

14 цаг 44 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

14 цаг 44 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

14 цаг 44 мин