С.Дэмбэрэл: Цагаан суваргын ордод төр заавал хувь эзэмшинэ гэдэг баялгаа иргэдэд хуваарилах их буруу хэлбэр

2023-10-31
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Дараагийн асуудал, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулъя. Төслийн талаарх ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулна. Индэрт урьж байна. С.Дэмбэрэл гишүүн танилцуулга хийнэ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж,  төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлсэн. ЭЗБХ тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар  2014 оны  зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Байнгын хороо дээрх санал дүгнэлтийг гаргахдаа “Цагаан суваргын зэс молибдены орд нь Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордод тавигдах шалгуурт хүрээгүй, төрийн хувь оролцооны 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг Засгийн газрын бонд гарган эзэмших боломж хязгаарлагдмал, уг ордын геологи хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг бүрэн төлж барагдуулсан, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг зохистой түвшинд байлгах” гэж заасан зэрэг үндэслэл, шалтгааныг иш үндэс болголоо. “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь  тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Ажлын хэсэг. Ганхуяг- Уул уурхайн сайд, Батхүү- Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүд байна уу. Чойжилсүрэн гишүүнээр асуулт тасаллаа. Баярцогт гишүүн асуулт асууя.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тогтоолын төсөл бол гуравхан заалттай, жижигхэн тогтоол байгаа юм.  Хамгийн гол нь зарчмын зөрүүтэй санал болоод дэмжигдэж байгаа “Төр хувь эзэмшихгүй” гэсэн заалтыг би дэмжиж байгаа юм. Гэхдээ үүний дараагаар хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх байх. Эсхүл тогтворжуулалтын гэрчилгээ авах байх энэ компани. Хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад. Тэр үед нь Засгийн газар хувь эзэмшихгүй гэсэнтэйгээ холбогдуулаад нэмэгдэл роялт авах талаар хэлэлцээр хийгдэх юм бол түүнийг тусгах талаар чиглэл өгсөн асуудал яригдсан уу. Ер нь  цаашдаа бид нар “Стратегийн ордын хувьд 34, 51 хүртэл эзэмшинэ” гээд тэгээд  “Төр эзэмшихгүй” гэх юм бол тодорхой хэмжээний роялт нэмж авдаг зохицуулалтыг стратегийн гэгдэж байгаа бүх орд газруудын хувьд   тэр орд газрын нөхцөл байдал, ашгийнх нь хувьд өнөөгийн үнэ цэнээр тодорхойлсон хувь хэмжээ, гэрээ хийгдэх байдалтай нь холбогдуулаад явдаг горим руу шилжвэл стратегийн том том ордуудаа ашиглах гол гарцаа  зөвөөр гаргаж чадах юм. Тэгэхгүй бол бид нар хоёр тийшээгээ туйлшраад “Төр өөрөө хувь эзэмших ёстой”, эсхүл “Огт эзэмшихгүй” гээд байж болохгүй. Ийм асуудал Байнгын хорооны хурал дээр яригдсан уу.  Учир дутагдалтай байгаа зүйл нь цаашаа энэ орд дээр хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх үү. Тогтворжуулалтын гэрчилгээ авах уу гэдэг нь тодорхой байхгүй байгаа учраас хөндөгдөөгүй байж магадгүй. ЭЗБХ ер нь УИХ цаашдаа энэ зүйлийг анхаарах ёстой. Байнгын хорооны хурал дээр энэ талаар хэлэлцүүлэг явагдсан уу, үгүй юу. Хүмүүс санал бодлоо хэлсэн үү. Ер нь байр суурь ямар байгаа вэ гэдгийг асуух гэсэн юм?

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: 

-Байнгын хорооны миний суусан хуралдаан дээр  яригдаж байсан. Гэхдээ суугаагүй хуралдаан байгаа.  Жишээлбэл Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5.3, 4 ч билүү, нөгөө энэ заалтууд дээр хамгийн их яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл Баярцогт гишүүний саяны хэлдэг санал, төрийн эзэмшлийн 34, 51 хувийг  ямар ямар шалгуураар яаж яах юм бэ гэдэг зүйл дээр  Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг дээр ярьж байгаа. Нэгдсэн санал дүгнэлтэд хүрээгүй байгаа. Гэхдээ зайлшгүй тусгагдаж орно. Тогтворжуулалтын гэрчилгээ буюу хуульд заасан ямар нөхцөлүүд байна, ямар шалгуурууд байна, түүнийхээ дагуу явна.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Уянга гишүүн.

УИХ-ын гишүүн Г.Уянга: 

-Миний санал шууд тогтоолын төсөлтэй холбогдохгүй. Эхлээд горимын санал байна. Нэгдүгээрт асуудал оруулж байгаа Байнгын хорооны дарга алга. Асуултад хариулах субъект байхгүй байна шүү дээ. Байнгын хорооны гишүүн хариулна гэсэн хууль зүйн үндэслэл байна уу. Тийм дэг байна уу.  Байхгүй бол хойшлуулах саналтай байна. Хуулийн заалт байвал хэлээч. Байнгын хорооны даргыг орлож чуулган дээр хариулдаг тийм юм байдаг уу.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Гарамгайбаатар дарга нь Дэмбэрэл гишүүнээ хариулж бай  гэж хэлээд  явсан байна. Ер нь бол Байнгын хороо хариулна гэдэг бол заавал дарга хариул гэсэн үг биш л дээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Тэгвэл асуултандаа оръё. Ер нь бол тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналаар “Төр хувь  эзэмших ёсгүй” гэж байна. Төр яавал хувь эзэмших ёстой юм бэ. Төрийн хувь эзэмшинэ гэдэг ойлголт юу юм бэ. Яг маргаантай асуудал одоо Ашигт малтмалын хууль дээр явж байгаа юм, ажлын хэсэг дээр. Тэгж байхад үүнийг дундуур нь чихэлдүүлж оруулж ирж байгаа ямар ашиг сонирхол байгаа юм бэ. Ер нь төр ямар нэгэн хэмжээгээр хувь эзэмшинэ гэдэг ойлголтын цаана энэ баялгийг эздэд нь хүртээх тухай л агуулга байгаа шүү дээ. Тэгэхээр үүнээс Монголын иргэн болгон баялаг хүртэх ёстой шүү дээ. Би төрийн оролцоо гэж яриад байгаа нь бид нар ойлголтын зөрүү байгаад байж  магадгүй. Ашигт малтмалын зөвшөөрлийг өгөх, тэр хүртлээ төр өөрөө их хатуу байх, өгсний дараа үйл ажиллагаанд нь оролцдоггүй байх тэр механизмыг хуульчлах гээд одоо Ашигт малтмалын хууль явж байхад дундуур нь чихэж орж ирж байгаа ашиг сонирхол надад ойлгомжгүй байна. Яагаад ийм хачин юм хийгээд байгаа юм бэ. Хойшлуулъя гэдэг горимын санал өмнөх хэлэлцэх эсэх дээр тавьсан боловч хураалгаагүй. Ингээд хүчээр орж ирж байна. Яг үнэнийг хэлэхэд ашигт малтмал, байгалийн баялаг, ийм сэдэвтэй холбоотой асуудал яригдахаар ямар ч сөрөг хүчин, эрх баригчийн ялгаа байхгүй чив чимээгүй байж байгаад батлаад явуулчихдаг энэ балиар юмаа хэзээ болих юм бэ. Өмнөх хэлэлцэх эсэх дээр би “Төрийн өмнөх нарийвчилсан хайгуулын зардал 15 сая төгрөгийг ямар аргачлалаар 714 мянган доллар болгоод төр төлсөн гээд байгаа юм. Ямар аргачлал хийсэн юм бэ” гэж асууж байсан. Надад тусдаа өгөх юм ярьсан. Ирээгүй.  “Төр хувь эзэмших ёсгүй” гэдэг бол энэ орд хувийн өмч болоод явах гэж байгаа юм. Монголын ард түмэнд, Монголын иргэдэд хувь хүртэх ямар ч эрхгүй хувийн эзэмшлийн юм болоод явчих юм. Ашигт малтмалын хуулийг шийдсэний дараагаар хуулийн маргаангүй аяндаа шийдэгдээд явах юмыг одоо ингэж зэрэгцүүлж, түүнээс өмнө амжуулж батлуулах гэж оруулж ирж байна. Энэ нь надад үнэндээ их хар төрүүлэх ч юу байхав, ер нь бэлхнээ л байна. Ямар ашиг сонирхол, хэн юу хийх гээд байгаа нь. Ийм юмаа болимоор байна. Явж явж Ашигт малтмалын хуультайгаа дагалдаад аяндаа шийдэгдэх асуудал шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Төрийн хувь эзэмших гэж юу вэ. Ямар ашиг сонирхол чихээд ороод ирэв ээ гэсэн асуултад хариулъя.  Төрийн хувь эзэмшил гэдгийг хуульд тодорхойлчихсон. 34 хүртэл, 51 хүртэл. Гэхдээ энэ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль. Би түрүүн хэлсэн. Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах тэр ажлын хэсэг дотор төр яаж хувь эзэмшиж болох вэ. Дөнгөж саяхан бид баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогынхоо үзэл санааг аливаа шийдвэр гаргахдаа суулгаж өгье гэсэн ерөнхий зарчим ажлын хэсгийн гишүүдэд аливаа нэгэн сонирхлын зөрчил энээ тэрээгүйгээр байгаа.  Түүний дотор  надад байгаа. Тийм учраас баталсан үзэл баримтлал, бодлогынхоо дагуу явъя, нэгдүгээрт. Хоёрдугаарт, төрийн хувь эзэмшил гэдгийг олон янзын хэлбэрээр ярьж байгаа. Тухайлбал би алтан хувьцаа гэж байнга ярьж байгаа. Үүнийг цаашдаа оруулах эсэхийг бас л ажлын хэсэг, ЭЗБХ, УИХ-ын гишүүд, төр заавал компанийн хувь эзэмшинэ гэхээсээ илүү баялгаа иргэддээ яаж хуваарилах вэ. Бид баялгаа иргэдэд хуваарилах их буруу хэлбэр гаргаад, миний хувийн бодлоор түүнээс болоод хүнд байдалд орчихсон. Баялгаа иргэдэд хуваарилна гэдэг бол баялгийг эргэлтэд оруулсан орлогоос төр шударгаар аваад үүнийгээ нийгмийн болон бусад бодлогоороо орлогын хуваарилалт болон дахин хуваарилалтын Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ордын үр өгөөжийг хүртүүлдэг. Уянга гишүүнд аргачлал явуулна гэж ярьж байсныг санаж байна. Би одоо түүнийг мэдэхгүй. Үүнийг  холбогдох хүмүүс нь тэр ажлын хэсгийн, дэд хэсгийн хүмүүс өгөх ёстой. Түүнийгээ өгөөрэй.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Батхүү өгсөн юм уу, өгөөгүй юм уу.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Өгөөгүй юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Чи наадахаа уншаатах.

УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:

-1997 оны арванхоёрдугаар сарын З-ны өдрийн Засгийн газрын  234 дүгээр тогтоол. Журам батлах тухай. Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх журам гэж байгаа. Энэ журмын хүрээнд өмнө тогтоогдсон хайгуулын ажлын зардлуудыг 1991 оны итгэлцүүрээр зардлын цалинг хоёр дахин, бусад материаллаг зардлыг 1,75  дахин нэмэгдүүлж тооцно гэсэн. Энэ хэдэн томьёонуудтай. Энэ томьёонуудаар тооцож  715 сая төгрөгийн ажлыг  714  мянган доллар болгож тооцсон. Журмыг нь би аваад ирсэн. Дараагийн журам нь 2007 оны 81 дүгээр  тогтоолын хавсралтаар бас аваад ирсэн.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)

 

бас л но той л байсан юм бишүү
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

14 цаг 39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

14 цаг 39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

14 цаг 39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

14 цаг 39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

14 цаг 39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

14 цаг 39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

14 цаг 39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

14 цаг 39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

14 цаг 39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

14 цаг 39 мин