Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Түрүүч нь өмнөх дугаарт
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Тамхины эсрэг хуулийн зүйл заалтыг оруулсан байна. Энэ ямар учиртай юм бэ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд асар их мөнгө зарцуулагдаж байгаа. Залгаад улс төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагч нарыг өршөөх нь туйлын шударга бус, хардахаас өөр арга алга. Тийм ч болохоор та бүхэн энэ олсон орлогын тэрний эх үүсвэрийн хэмжээний өртгийг нь нууцална гэж байгаа юм. Дээрээс нь татвар төлөхөөс нь өршөөнө, хариуцлага хүлээхээс нь өршөөнө гэж. Татварыг төлүүлэх ёстой шүү дээ. Энэ дээр Байнгын хороо ямар саналтай байгаа юм бэ. Татварын ерөнхий газрын дарга нь энэ хууль хэрэгжүүлэх нь дөрвөн их наяд төгрөг эдийн засагт орно гэж. Яаж тооцсон юм бэ. Нөгөө талаар татвар төлсөн улсуудад урамшуулал олгох ёстой шүү дээ.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:
-Байнгын хороон дээр бүгд яригдсан. 4.1.7-оор хэлэлцүүлээд хуулиас хасах зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Санал хураасан. Унасан. Одоо энэ чуулган дээр санал хураалт явагдана. Нууцлалтай холбоотой асуудлаар ч гэсэн Я.Санжмятав гишүүн санал гаргаад хураалгасан. УИХ дээр бас хураагдана. Статистикийн хувьд дэлхийн банк валютын сангийн судалгаагаар 2000 оны эхээр Монгол Улсын далд эдийн засаг 30 орчим хувьтай байна гэсэн. Одоо өсөөд 35 орчим хувь болсон болов уу. Энэ дээр тулгуурлаж тэр тоог гаргасан байх.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Ариунсан дарга. Төлөөгүйг нь мэдсээр байж яагаад авдаггүй юм бэ гэж. Бүртгэл сайжруулахгүй тийм их мөнгөний татвар авдаггүй юм уу та нар.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:
-Бид нар тайлбар өгөхдөө түрүүчийн өршөөлийн ил тод болгох хуулиар 4.5 их наядын хөрөнгө бүртгэгдэж ил тод болсон гэж хэлсэн. Өнөөдөр яг 4 их наяд нуугдаж байна гэсэн дүнг хэлээгүй.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Тийм хэмжээний хөрөнгө ил болох тухай ярьж байгаа болохоос биш төлөөгүй татвар байхгүй гэж ойлгохгүй байгаа шүү дээ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:
-Урьдчилаад 4 их наяд байна гэсэн юмыг бид яриагүй ээ.
УИХ-ын дарга З.Энхболд: Ил гарсан хөрөнгөний төлөх ёстой татвар нь хэдэн хувь байдаг юм бэ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:
-Нийлээд 1.3 тэрбум.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Ганцхан тэрбум уу.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:
- Илэрсэн орлогоос нь авах татвар шүү дээ.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Орлого хөрөнгөө ил болгоно. Тэр чинь хэзээ нэгэн цагт төлөх ёстой л байгаа шүү дээ. Тэр нь ямар хувийг нь эзэлдэг юм бэ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Өмнөх тооцооллоор 4.5 их наяд төгрөгийн орлого хөрөнгө ил болгоод 431.6 тэрбум төгрөгийн татварыг өршөөлд хамруулсан.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Арав гаруй хувь л юм байна шүү дээ. Энхбаяр гишүүн тодруулж асууя.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх юм байна. Гэтэл яагаад татвараас нь чөлөөлөх гээд байгаа юм бэ.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Төлүүлэх тал дээр Байнгын хороон дээр юу гэж яригдсан юм бэ. Болор гишүүн.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:
-Ер нь бол олон оронд эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэглэгдэх хууль л даа. Байнга хийх зөв биш. Тэгэхдээ өнөөгийн нөхцөлд хийх нь зүйтэй. Нэг удаагийн өршөөл гэдэг утгаараа явж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
- Төслийн 4.1.7 дахь хэсгийн авлигын эсрэг хууль гэсэнд яг ямар ямар заалтууд зайлшгүй суух ёстой байсан бэ. Энийг санал гаргасан Болорчулуун гишүүнээс дэлгэрүүлж асуумаар байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Эдийн засгийн ил тод байдлын хууль найман төрлийн хуульд үйлчлэхээр байгаа юм. Авлигалын эсрэг хууль тэр дотор явж байгаа. Үүнийг хасах ёстой гэсэн саналыг оруулсан.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Эдийн засгийн өршөөлийг авлигын эсрэг хууль уруу хамруулж болохгүй ээ. Ер нь бид ингээд ээлжит бусаар сандран цуглаад л авлигын хэрэгтэй холбоотой улсуудыг өршөөх гээд суугаад байгаа бүлэг хулгайч нар шиг өөрсдийгөө харагдуулж байх ямар хэрэгтэй юм бэ. Хоёрдугаарт хэдэн аж ахуйн нэгжийн хэдэн албан тушаалтны хэчнээн тэрбум төгрөгийн асуудал байгаа юм бэ.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав:
-Авлигын гэдэг бол АТГ шалгадаг бүх хэргээс өршөөж байгаа зүйл биш ээ. Хэд хэдэн хариуцлага байгаа. Тэрэнтэй холбоотой заалтыг нь л тавьж байна. Татвараас чөлөөлөх асуудлыг анх оруулахдаа төлөх нөхцөлтэйгөөр бусад хариуцлагаас чөлөөлж оруулж ирсэн. Өршөөхгүй юм бол энэ хууль чинь үйлчлэхгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-АН нь авлигыг дэмжээд нэг авлигачдаа хаацайлах гээд МАН-ын гишүүд авлигын эсрэг тэмцээд байгаа юм шиг ойлголт нийгэмд төрүүлж болохгүй ээ. Ийм асуудал дээр гишүүдэд нэмэлт тайлбарыг өгчихөд илүүдэхгүй шүү. АН-ын бүлэг дээр Эдийн засгийн ил тод байдлын хуулийг удаа дараа ярилцсан. Баялаг бүтээгчдээ дэмжье, ахуйн нэгжүүдээ хөнгөлье гээд энэ хуулийг эхнээс нь дэмжиж байгаа.
УИХ-ын дарга З.Энхболд:
- Саналаа хураая. Ер нь бол энэ хуультай цуг Өршөөлийн хууль давхар явж байгааг гишүүд мэдэж байгаа. Тэрэн дотор авлига, хууль бусаар хөрөнгөжих бүх заалт хаалттай байгаа. Зөрчилтэй биш. Ажлаас халах санкцыг алга болгож байгаа. Нөгөө нь хөрөнгөө өөрийн болгож бичихийг хориглосон хэвээрээ л байгаа тийм үү. Х.Тэмүүжин гишүүн хэлээд өг. Жижигхээн юмны төлөө ингэж бас хэл аманд орох хэрэг байна уу.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэнийг ч өршөөхгүй гэдгийг ойлгох ёстой. Эрүүгийн хууль Өршөөлийн хууль хоёрыг л Эрүүгийн шүүхэд хэрэглэнэ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль эрүүгийн шүүхэд падлий байхгүй. Татварын байгууллагад аудит санхүүгийн бүртгэлд л хамаатай хууль. Монгол Улсад өнгөрсөн 25 жилд гарсан Өршөөлийн хуулиуд ч яг тийм байгаа. Ил тод байдлын хуулиар хэн нэгэн өршөөгдөж байна гэдэг бол хоосон улс төр байж магадгүй.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Төсвийн байнгын хорооны дэмжээгүй санал номер нэг. Болорчулуун гишүүний гаргасан саналыг Байнгын хороо дэмжээгүй. Дэмжье гэдгээр санал хураая. Санал хураалтад 61 гишүүн оролцож 28 гишүүн зөвшөөрч 45.9 хувийн саналаар Х.Болорчулуун гишүүний санал дэмжигдэж Төсвийн байнгын хорооны санал дэмжигдсэнгүй. Хоёр. Төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “өдөр” гэснийг “өдрийн 17 цаг 30 минутад” гэж өөрчлөх. Санал гаргасан УИХ-ын гишүүн Б.Болор. Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Энэ ямар учиртай санал юм бэ. Санал гаргасан гишүүн Б.Болор.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Цагийг нь тодорхой болгож өгье л гэсэн юм. Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэснийг л 31-ний өдрийн 17 цаг 30 минут болгоё гэсэн. Тэгээд Байнгын хороон дээр санал дэмжигдээгүй.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Иргэний хуулийнхаа 24 цагаар явахад юу нь болохгүй байгаа юм бэ. Б.Болор гишүүн саналаа татаж авсан учраас санал хураахгүй. Гурав. Төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “нууцлах” гэснийг “нийтэд үл мэдээлэх” гэж өөрчлөх. Санал гаргасан УИХ-ын гишүүн Я.Санжмятав. Асуулттай гишүүд нэрээ өгчих. Ийм олуулаа асууж байхаар Я.Санжмятав гишүүн өөрөө тайлбарлачихвал яасан юм бэ. Я.Санжмятав гишүүн эхлээд саналаа тайлбарлаад өг.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Нууцлах гэдэг үг өгүүлбэр хуульд орчихоор гадагш нь мэдээлэл гарсан нөхцөлд нууц задруулсан гэх учраас нийтэд үл мэдээлэх гэдгээр оруулбал яасан юм бэ гэж оруулж байсан юм. Дийлэнх гишүүд санал өгөхөөргүй байгаа учраас татъя.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Я.Санжмятав гишүүн саналаа татлаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр гишүүд ярь. Нууцлаад байх юм байхгүй шүү дээ. Тэртээ тэргүй л хөрөнгө нь ил болж байна. Дараа жилийнх нь ХОМ дээр гараад ирлээ. Тэрийг нь хүн асууж л таарна шүү дээ. Тэрнээс юунаас нь айдаг юм бэ. Санал хурааж дууслаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)