Нийтийн тээврийн нэг л авлига хоёр даргыг огцруулчихлаа

2023-10-03
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.УЯНГА, Т.БАТСАЙХАН

 

Нийтийн тээврийн авлигын асуудал сөхөгдөж, нэг өдрийн дотор хоёр дарга албан тушаалаасаа огцорлоо. Өчигдөр үдээс өмнө Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх өргөдлөө өгч, эрх баригч намын бүлэг хэлэлцэн түүнийг сайдаас чөлөөлөхийг дэмжив.  Харин үдээс хойш Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгч, 16:30 цагт болсон МАН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн Засаг даргыг огцруулахыг гишүүдийн олонх дэмжлээ. 

Ийнхүү олон нийтийн дунд ногоон автобусны хэмээн яригдаж буй нийтийн тээврийн авлигын нэг л хэсэг нь  хоёр ч даргыг албан тушаалаас нь буулгачихлаа.  Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд огцрохоосоо ердөө хэдхэн цагийн өмнө  “Би ногоон автобусны худалдан авалтад оролцоогүй.  Төсвийн ерөнхийлөн захирагч нь биш.  Гэхдээ буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдээд байв.  Ингэж хэлээд удалгүй огцрох өргөдлөө өгсөн нь улс төрийн хүрээнд дарамт шахалт байжээ гэж харагдахаар байна.

Ногоон автобусны хэрэг бол нийтийн тээврийн авлигын зүгээр л нэг хэсэг юм.  Мөсөн уулын ердөө орой гэсэн үг.  Энэ авлигын сүлжээний орой хэсэг нь л  хоёрын даргыг төвөггүйхэн “унагаж” чадлаа. Цааш ухвал нэлээд аварга авлигын сүлжээ задрах нь тодорхой.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж  энэ хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.  Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд ажлын хэсэг ажлаа танилцуулна.  Үүний дараа арга хэмжээ авч, дахин хариуцлагын асуудал яригдах байх.  Түүнчлэн МАН-ын бүлгээс ногоон автобустай холбоотой бүх тендерийг цуцлах чиглэлийг ч өгөөд байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн

 

- Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг сонслоо. Ж.Сүхбаатар сайд нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд бас ч гэж дорвитой ажиллаж байсан. Харамсалтай нь нэгэнт алдаа гарсан учраас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудалтай холбогдуулаад бүлгээс хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд худалдан авах ажиллагаанд үүссэн асуудалтай холбоотойгоор ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгч, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Хоёрдугаарт, Ерөнхий сайд бүлгийн хуралд тодорхой санал гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаас гадна нийслэлийн газар олголт, түгжрэлтэй холбоотой авлигын асуудалд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлага байна. Иймд, дээрх асуудалд бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг онцолсон. Цаашид Засгийн газраас нийслэлд  авлигатай тэмцэх чиглэлд томоохон арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Ногоон автобустай холбоотой асуудлаар Ерөнхий сайд чиглэл өгсний дагуу АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Засгийн газрын хуралдаанд лхагва гаригт танилцуулна. Үүний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст хариуцлага тооцно.

 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээлээ шалгалтаас зугтаагүй

 

-Худалдаж авсан автобуснуудын чанар үзүүлэлт нь өмнөхөөсөө сайжирсан гэх мэргэжлийн хүмүүсийн үгэнд, Daewoo компанийн нэр хүндэд итгэсэн минь үнэн. Түгжрэлийг бууруулахад хамгийн чухалд тооцож байсан нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил үйлдвэрлэгчийн алдаанаас болж хүнд байдалд орсонд харамсаж байна. Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд эргэлзээ үүсэх ёсгүй учраас сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Намайг шалгах асуудал хуулиар нээлттэй. Би хуулийн хүн учраас төрийн шалгалт яаж явагддаг, ямар хүрээг хамрах вэ гэдгийг мэднэ. Төсвийн ерөнхийлөн захирагч нь би учраас “захирах” эрхээ хотын даргад шилжүүллээ гээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн ёс зүйн хариуцлага хүлээчихлээ гээд бусад шалгалтаас зугтаж байгаа үг биш. Бүх шалгалтын ажил надаас хамаарахгүй нээлттэй явагдана. Ёс зүйн өндөрлөг дээрээ Засгийн газрын гишүүд байх ёстой гэдэг зарчмыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баримталж ирсэн. Ерөнхий сайдын явуулж буй авлигатай тэмцэх бодлого маш үнэ цэнтэй учраас би дэм болж ажлаа өгч байна.

Автобусны дуулианы ард нүүрсний хулгай гэх мэт томоохон хэргүүд дарагдаж, бүдгэрэх ёсгүй. Би хоёр асуудлыг цэгцлэх гэж хичээсэн. Нэгдүгээрт, замын хөдөлгөөний танхайрал. Хоёрдугаарт, нийтийн тээврийн хүрэлцээгүй, бодлогогүй байдлыг зангидах гэж хичээлээ. Нийтийн тээвэр элгээрээ мөлхвөл хохирогч нь иргэд шүү. Улстөрчид нүүрсний хулгайгаа мартуулахын тулд ногоон автобусаар дуулиан хийж байгаад харамсаж байна.

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Нийслэл захиран зарцуулсан зүйл огт байхгүй

 

-Хариуцлагаас зугтаад байгаа зүйл ер байхгүй. Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Учир нь, өмнө нь орж ирсэн 224 автобус дээр бас бөөн хэл ам болсон. Түгжрэлийн сайд чинь ямар ч бүтэц байхгүй, яамгүй, ажлын албагүй. Төсөв нь нийслэл рүү эрх шилжүүлэх байдлаар шийдэгдсэн. Түүнээс биш нийслэлийн төсөв дээр автобус худалдан авах асуудлыг суулгаад нийслэл өөрөө захиран зарцуулсан зүйл огт байхгүй. Наад гүйлгээ нь Сангийн яамаар хянагдаж, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга, сайд Ж.Сүхбаатарын гарын үсгээр хөдөлсөн асуудал. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд юм. Хоёрдугаарт, "нийслэлд эрх шилжүүлээд шуурхай зохион байгуул" гэдэг үүрэг чиглэл орж ирсэн. Угаасаа хууль нь ч тийм. Тэр дагуу захирамж гаргаж, наадахаа хурдан зохион байгуул гэсэн чиглэл өгсөн. Түүнээс би тэр тендер, ажлын хэсэгт нөлөөлөөгүй. Хуулиараа болохгүй. Энэ асуултыг Ж.Сүхбаатар сайдаас л асуу даа. Би ногоон автобусанд оролцоогүй, хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ, ерөөсөө айхгүй. Газрын наймаанд хэн, хэрхэн оролцдог зэрэг асуудлуудыг бүгдийг нь ил болгоно. Усан паркийг нураана л гэсэн бол нураана.

 

АН: Өнгөрсөн долоон жилийн нууц зөвлөмжтэй шууд худалдан авалтууд дээр анхаарна

 

УИХ дахь АН-ын бүлэг ногоон автобустай холбоотой асуудлаар хуралджээ. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Олон нийтийн дунд асуудал дагуулаад байгаа ногоон автобусны асуудлыг өргөтгөсөн байдлаар ярилцаж хэлэлцлээ. Тодруулбал, ногоон автобустай холбоотойгоор тодорхой шийдвэрүүд гарч байна. Хамгийн гол асуудал нь зөвхөн нэг компани тендерийн хууль зөрчсөн төдий асуудал биш болж хувирлаа. Бид мафижсан тогтолцооны авлигалын пирамид нурах гэрч болж байна. Төр оролцож байж асуудал мафийн шинждээ ордог. Өнгөрсөн хугацаанд шууд худалдан авалт, шууд гэрээ гэх ойлголт гарч ирсэн. Үүнийгээ улсын нууц гэж хэлдэг. Өнгөрсөн долоон жилд хэдэн нууц зөвлөмжөөр хэчнээн шууд гэрээ хийгдсэн бэ гэх асуудал гарч ирж байна. Зөвхөн ногоон автобус бус өнгөрсөн долоон жилийн нууц зөвлөмжтэй шууд худалдан авалтууд дээр анхаарал тавьж ажиллах УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан АН-ын ажлын хэсэг гарахаар боллоо” гэв. Харин тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг АН-аас хүргүүлж байна. Ингэхдээ түгжрэлийн асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх ёстой. Мөн Тагнуулын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу гэрээг нууцад оруулсан учраас ТЕГ-ын даргын хийсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаад, хууль зөрчсөн бол огцруулах саналыг АН-ын зүгээс тавьж байна.

УИХ-д хяналтын тусгай хороо байгуулах асуудлыг АН-ын бүлгийн гишүүдэд даалгасан” гэв.

 

ХҮН: Дизель үү цахилгаан автобус авах уу гэдгээ бодох ёстой

 

-Намын УЗ-ийн гишүүн, НИХТ-ын төлөөлөгч Д.Гантулга "НИТХ дахь ХҮН намын бүлгээс бүх автобусыг цахилгаан болгох, цахилгаан автобус одоо байгаагаас 600 сая орчмын илүү үнэтэй ч ашиглалтын зардлаараа нэг жилийн дотор одоо ирж байгаагаас эдийн засгийн үр ашиг өндөртэй юм гэдэг шаардлагыг тавьж байсан. Үүний үр дүнд 150 орчим автобусыг цахилгаан болгоё гэсэн. Бид энэ шаардлагаа Ерөнхий сайдад тавьж байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улсын төсвөөр хэрэгжүүлж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр дарга хангалтгүй биелүүлжээ. 400 саяар дизель автобус авах уу, 600 саяар цахилгааныг авах уу гэдгийг  бодох ёстой. Цахилгаан автобус авах нь үнэтэй ч эдийн засгийн үр ашигтай, тохилог, орчин үеийн хэрэгсэл.

Хуулиараа НИТХ-аас 15 төлөөлөгч хоёр даргыг огцруулахыг дэмжвэл саналыг Ерөнхий сайдад өгөх эрхтэй. АН-ынхныг уриалж байна. МАН дотор иргэдийн эрх ашгийн төлөө дуугардаг хүн байвал уг саналд гарын үсгээ зурах байх" хэмээн ярилаа.

 

АТГ: БНСУ-ын прокурор болон Вьетнамын аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллана

 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан. БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна. "Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.

Манай сонин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас цаг үеийн асуудлаар тодруулсан юм.

 

БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жон Гү: ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД СЭВ СУУХ АСУУДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ

 

-Уржигдар хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж эхэлснээр энэ асуудлыг мэдсэн. Элчин сайдын яамны зүгээс хоёр орны компани хоорондын асуудал гэдэг үүднээс ойлгож байсан. Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд хэлэхэд автобус нийлүүлсэн компанийн хувьд үнэхээр буруутай асуудал байгаа бол Солонгосын хууль хяналтын байгууллагын зүгээс ч нарийвчлан шалгах нь зүйтэй гэж бодож байна. Мэдээж энэ асуудлаас болж хоёр орны харилцаа тэр дундаа ард түмэн хоорондын найрсаг харилцаанд сэв суух асуудал байж болохгүй гэж хувьдаа үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 196 (7181)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 49 мин