
Д.ОЮУНЧИМЭГ
Уул уурхайн сайдын ахлах зөвлөх Ч.Түмэнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын хуулийг хаврын чуулганаар яаран, сандран баталсан нь буруу гэх шүүмжлэлийг хүмүүс хэлж байна. Ер нь монголчууд бушуу туулай борвиндоо баастай гэдэг шүү дээ?
-Нэгдүгээрт бодлого байх ёстой. Бодлогод нийцсэн хууль байх хэрэгтэй. Үүнийг дагаад хөтөлбөр боловсруулна,төсөл хэрэгжүүлнэ гэдэг зарчмыг манай яам баримталж ажиллаж байна. Тиймээс бид баялаг үйлдвэрлэгчид,эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхэнтэйгээ ярилцаж,олон удаа хэлэлцүүлэг зохиож байж Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогоо тодорхойлж боловсруулан УИХ-аар батлуулсан.
Энэ бодлогод нийцүүлж Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж батлуулсан учраас хангалттай цаг хугацаа зарцуулж гаргасан хамтын шийдвэр юм. Мэдээж ардчилсан нийгэм учраас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, шүүмжилж болно. Эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий “Бодлогын зөвлөл” байгуулах, геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилт бүхий Геологийн албатай байх,тусгай зөвшөөрөл цуцлах заалтуудыг багасгаж,оронд нь ердийн торгуулийн хэлбэрийг түлхүү ашиглах замаар хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалтыг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үед сонгон шалгаруулалтын арга хэрэглэх зүйл заалтуудыг багасгаж ердийн өрөгдлийн журмаар олгох олон улсын зарчмыг түлхүү ашиглах, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 9 жил байсныг 12 жил болгосон зэрэг өөрчлөлтийг хуульд суулгаж өгсөн.
-Эрдэмтэн судлаачдын саналыг бодлого болон шийдвэртээ тусгадаг гэж байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийн үгийг сонсохгүй байна. Ашигт малтмалын хууль, урт нэртэй хуульд огт тусгаагүй гэдэг шүү дээ?
-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд урт нэртэй хуульд ямар ч өөрчлөлт ороогүй. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны ээлжит бус чуулганд өргөн барьсан, нэг жил өнгөрч байна. Эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлсэн учраас л зарим нь миний санал бүрэн эхээрээ орсонгүй гэж гомдоллож байгаа юм. Мэдээж хүн бүрийн хэлсэн үг бүрийг хуульд тусгах боломжгүй шүү дээ. Тухайлбал, 10 хүн өөрсдийн саналаа хэллээ гэхэд тэдгээрийг эмхэтгэн оносон нэг үг, нэг өгүүлбэрээр томъёолж тусгадаг. Хүмүүс янз бүрээр л ярьдаг байх. Цөөнхийг сонсож, олонхиор шийдвэр гаргадаг, түүнийгээ дагаж мөрдөж сурах нь ардчилсан нийгмийн зарчим.
-Урт нэртэй хуулийн үр дагавар олон компанийг хаалгаа барьж, түр зогсоход хүргэсэн гэдэг. Таныхаар энэ хууль хэр оновчтой болсон гэж бодож байна вэ?
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хоёр ч удаа тогтоол гарсан байдаг юм билээ. Эхлээд Засгийн газрын 174 дугаар тогтоолоор 240 гаруй тусгай зөвшөөрлийг хамруулж уг хуулийг хэрэгжүүлэхээр шийдсэн байдаг. Гэтэл 2012 оны зургадугаар сард, УИХ-ын сонгуулын өмнө Засгийн газар 194 дүгээр тогтоол гарч 1330 орчим тусгай зөвшөөрлийг хамааруулсан. Энэ тогтоолд орсон тусгай зөвшөөрлийн талбайн кадастерийн зураг нь Монголын хилийг даваад гарсан, ой модгүй, усгүй газрыг оруулсан зөрчилтэй байсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, засах шаардлага гарсан тул үүн дээр ажиллаж байна. Түүнчлэн урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусаад 4 жил болчихсон байхад ямар ч арга хэмжээ аваагүй байсан. Урт нэртэй хууль үйлчилсэн үеэс 800 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож дампуурсан, банкны зээлийн өрөнд орсон байдалтай байгаа. Мэдээж байгаль орчин ч сэргээгдээгүй. Хохирсон аж ахуйн нэгжид олон тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх тооцоо байдаг ,түүнийг нь төрөөс гаргах боломжгүй юм. Төр өөрөө хууль гаргаж хайгуул хийж ашиглаж болно гэж зөвшөөрөл олгочихоод, лиценц эзэмшигчийн хөрөнгийг газар руу хийлгэчихээд ,дараа нь хэн нэг нь нэг хууль санаачилаад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоочихсон. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчид таагүй хүлээн авч, итгэх итгэл нь алдарсан. Харин ашигт малтмалын өөрчлөлтөд Эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэх чиглэлээр хууль санаачлагчид шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий “Бодлогын зөвлөл” байгуулна гэж тусгаж өгсөн байгаа. Бодлогын зөвлөлд төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл орно.
-Төр өөрийн гаргасан буруу шийдвэрийнхээ алдааг засах хэрэгтэй юм байна. Тэгвэл компаниудын хохирлыг хэн төлөх вэ?
-Төр нөхөн төлбөр өгөх хуультай, хаанаас нөхөн төлөх асуудал ч шийдэгдээгүй байна. Тиймээс дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор урт нэртэй хууль бүрэн хэрэгжих боломжтой юм. Урт нэртэй хууль батлагдахаас өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтад явуулах журам,гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулсан.Хуулийг мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл,хууль гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй.Хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Энэ нь одоогийн хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тэнцэж байна.
-Бас нэг буруу шийдвэр 2007-2009 онд алтны үнэ өсч байх үед ашиг олох боломжийг боомилсон гэх юм. Тодруулбал, алт, зэсээс олсон орлогын 68 хувийн татвар авна гэснээр тухайн үеийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна?
-Алтны салбарын хувьд 68 хувийн татвар, урт нэртэй хууль, 106 лицензээс хамааран Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан, компаниуд нь дампуурсан, хаагдсан нь бий. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад,ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 106 лиценцийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг Засгийн газар баталсан. Сонгон шалгаруулах бэлтгэлийг хангаж байна.Түүнчлэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж алтны худалдааг ил тод болгох, дэмжих хуулийг УИХ баталсан. Тухайлбал, Монголбанкинд алт тушаавал нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байх бөгөөд бусад тохиолдолд таван хувь байхаар тусгасан хууль өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан. Үүний үр дүнд энэ онд эхний долоон сард 5.2 тн алт тушаагдсан гэсэн мэдээ байна. Энэ нь 2012, 2013 оны бүтэн жилд тушааж байсан хэмжээтэй дүйцэж байгаа юм. Цаашид энэ тоо өсөж 12-13 тн болох байх. Ингэснээр алт болоод валютын нөөц нэмэгдэнэ.
-Компаниудыг хохироосон гэх бас нэг шийдвэр нь алдарт 106 лиценз. Өдийг хүртэл маргаантай байгаа шүү дээ?
-Төрийн албан хаагчид хууль зөрчиж,түүнээс гарсан үр дагавар юм шүү дээ. Дээрх лицензүүдийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэсэн шүүхийн шийдвэр байдаг. Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор баталсан. Тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүйгээр шийдвэрлэх учиртай. Хуулиар хориглосон болон зөрчилтэй талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм. Тухайлбал урт нэртэй хууль болон бусад хууль, тогтоомж. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гарсан зардлаа санхүүгийн баримтаар баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлыг” босго үнэ” гэж нэрлэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад орохдоо босго үнийг төлөхгүйгээр зохицуулж байгаа. Энэ нь тэдний хувьд давуу эрх болж байгаа юм.Мэдээж өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан компаниуд дахин сонгогдохгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдгээр компаниуд хохироод үлдэнэ гэсэн үг биш. Тухайн лицензийг авсан компани өмнөх эзэмшигч этгээдийн гаргасан зардлыг төлөх талаар сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгаж өгсөн байгаа. Удахгүй сонгон шалгаруулалт зарлагдах байх. Тухайн талбайд гарсан зардлаа 14 аж ахуйн нэгж санхүүгийн баримтаар баталгаажуулаад байгаа гэсэн.
-Бид гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтад илүү найдвар тавьж байгаа. Тэр дундаа уул уурхайн салбарт. Тиймээс хүмүүсийн анхаарлын төвд Оюутолгой төсөл өртсөөр байна. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Оюутолгойн гэрээ байгуулагдсан. Одоо үйлчилж байна. Уг төсөл огт зогсоогүй бөгөөд Оюутолгойн ил уурхай ажилласаар байгаа,зэсийн баяжмалаа экспортонд гаргасаар байгаа. Гэрээнд зааснаар тус төслийн далд уурхай 2016 онд ашиглалтад орох ёстой. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг олсон орлогын эх үүсвэрээрээ шийдэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газар ,УУЯ Оюутолгой төслийг бүрэн дэмжиж ажиллаж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр техник эдийн засгийн үндэслэлээ шинэчилж ирүүлсэн гэсэн. “Рио Тинто” компанийн захирал Сэм Волш “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгийг ирэх сард шийдвэрлэнэ гэсэн хэвлэлийн мэдээ байна. Тиймээс энэ ажил удахгүй шийдэгдэх байх.
-Сүүлийн үед гадны хөрөнгө оруулагчид манай уул уурхайг сонирхохгүй байна уу гэж хараад байгаа юм. Та үүнийг юу гэж бодож байна?
-Янз бүрээр тайлбарлаж болох байх. Гэхдээ аль өнцгөөс харж байгаа вэ гэдэг нь чухал. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт дууссан,Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хууль үйлчилж байсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хумигдсан байх. Нөгөө талаас Дэлхийн уул уурхай салбарын тэргүүлэгч компаниудын санхүүгийн байдал ч сайнгүй байгаа юм билээ. Австралийн нүүрсний компаниуд ажилчдаа цөөллөө, Хятад жижиг уурхайнуудаа хаалаа, эрдэсийн дэлхийн зах зээлийн үнэ унаж байна гээд л бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол улс хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай улс.Гэхдээ манай салбарт хөрөнгө оруулах хүсэлт ирж байгаа. Тухайлбал, хүрэн нүүрсийг хий болгох чиглэлээр төсөл хэрэгжих гэж байна. 31 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгаа. Энэ нь Оюутолгой төслөөс хэд дахин их хөрөнгө оруулалттай том төсөл. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанитай Солонгосын компани нүүрсний давхарын метан хийг ашиглах чиглэлээр хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн байгаа. Энэ мэтчилэн санал, хүсэлт ирсээр байгаа. Түүнчлэн Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт хийе гэсэн хандлага эрс нэмэгдэж байгааг ч хэлэх хэрэгтэй. 1.5-2 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн тооцоо байгаа. Хөрөнгө оруулагчид үргэчихлээ, сонирхохгүй боллоо гээд төр засаг руу ч юм уу, хэн нэгэн албан тушаалтан рүү бурууг өгчихөөд, шүүмжлээд, яриад, бичээд суух нь утгагүй зүйл гэж боддог. Харин төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд нөхцөл байдлыг бодитоор шүүн хэлэлцэж, хэрхэн хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх талаар ухаанаа уралдуулж хамтран ажиллах нь ирээдүйн алхам болно гэж харж байна.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд танай яамны зүгээс ямар оролцоотой байв?
-Эзэн-100 хөтөлбөрт манай яамтай холбоотой 15 чиглэлийн төлөвлөгөө тусгагдсан байдаг. Уг төлөвлөгөөний хүрээнд хийсэн ажлуудын биелэлт, гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэт өөрчлөлт оруулах хууль батлагдаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр боллоо. Төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцлыг тогтоох тухай тогтоолын төслийг долдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.Нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд сонгон шалгаруулах болон өрөгдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл хангаж байна.
2012 оноос өмнөх жилүүдэд Импортын шатахууны үнэ байнга өсдөг,иргэд түгшүүртэй байдаг байсныг та бүхэн мэдэж санаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамнаас Санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласан шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр, шатахууны импортын нэг цонхны бодлого, импортын үнийг түүхий газрын тосны үнээс тооцох томъёог хэрэглэсэн тохироо, импортын шатахууныг олон эх үүсвэрээс өрсөлдөөний зарчмаар худалдан авдаг болсон, шатахууны нөөцийг 60 хоног болгож хуульчилсан зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнэ 2 жилийн хугацаанд тогтвортой байна. Ард түмний халааснаас гаргах мөнгө литр тутамд 200-300 төгрөгөөр хэмнэгдэж байгаа.
Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлэх талаар Монголын тал шаардлагтай бүх арга хэмжээг аваад байна. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын 216 дугаар тогтоолоор баталсан. Нүүрсний экспортыг дэмжих хүрээнд боомтын хүнд суртлыг арилгах, нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын стандартыг батлуулах, боомтын төмөр замыг эрчимжүүлэх үүднээс “Гашуунсухайтын төмөр зам” ХХК байгуулах, төмөр зам барих 400 сая ам.доллар, цахилгаан станц барих 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг тус тус шийдэээд байна.