ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-нд "Олон улсын уран бүтээлчдийн өдөр" тохиодог. Энэ өдрийн утга нь эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүх салбарын уран бүтээлчдэд хайр хүндэтгэл, талархлаа илэрхийлж тэднээр бахархан тэднийг дэмжихэд оршдог байна. Монголын урлаг, соёлын салбарын шилдэг 200 гаруй уран бүтээлч уригдсан олон улсын уран бүтээлчдийн өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Чингис хааны музейд "Хайр цорын ганц шийдэл нь" уриан дор болсон юм. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн нэрт уран бүтээлч, хүмүүнлэгийн үйлстэн, оюун санааны их багш, төгс гэгээрсэн их багш Чин Хай жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ныг "Олон улсын уран бүтээлчдийн өдөр" хэмээн зарлаж, тэмдэглэх санаачилгыг 2018 онд гаргажээ. Манай улсад дэлхий нийтийн цаг үеийн байдлаас үүдэн түр завсарлаад байсан энэ баярын өдрийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ үеэр шилдэг борлуулалттай номын зохиогч их багш Чин Хайн "Хайр цорын ганц шийдэл нь" номын Монгол дахь албан ёсны нээлт болов. Эн э номонд өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан бүх асуудал, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дайн дажин, зөрчил тэмцэл, байгалийн гамшгийг үнэн болон үндсэн шалтгааныг шинжлэх ухаан хийгээд энерги, ертөнцийн хуулиар тайлбарлаж, шийдвэрлэх арга зам, шийдлийг бичсэн байна. Зохиогч "Амьдрал хийгээд бүх ертөнцийн хамгийн аугаа зүйл нь хайр билээ. Гэвч энэ цаг үед хүмүүсийн ихэнхэд хайр дутмаг байна. Хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө ч илүү хайраар дүүрэн байх хэрэгтэй. Бид хөршүүдээ, амьтдыг, хүрээлэн буй байгаль орчноо тэр бүү хэл дайснуудаа ч хайрлах ёстой. Ингэж байж л бид өнөөгийн дэлхий нийтийн хямралыг давж энхтайван амьдарна" гэж онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж www.polit.mn