JEF2023: Уншигчдынхаа итгэлийг олж авахын тулд хэнийг ч бүү орхигдуул

2023-01-30
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Хоёрхон хоногийн өмнө найман нас хүрсэн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” баасан гарагт бүтэн өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийг онцолжээ. Цар тахлын үеэр олон хуурамч мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэдийг төөрөгдүүлсэн нь хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэлийг бууруулах үндсэн шалтгаан болсон гэж олон улсын хэвлэлүүд үзэж байна. Дээрх төөрөгдүүлсэн мэдээллийг цацсан спам сайтуудыг мэргэжлийн сэтгүүл зүйтэй андуурах болсон нь өдгөө бидний өмнө тулгарсан хамгийн том сорилт болоод байгаа юм. Иймээс уншигчдынхаа итгэлийг сэргээж, хэвлэлийн эрх чөлөөгөө хадгалан үлдэхийн төлөө бид юу хийх ёстой хийгээд сэтгүүл зүйн өмнө тулгарсан сорил, түүнийг шийдвэрлэх арга замыг олон талын төлөөллүүд нэг дор цугларан өргөн хүрээнд хэлэлцлээ. Мэргэжлийн, ёс зүйтэй байхаас гадна бүх талын төлөөллийг оролцуулж, хэнийг ч хэвлэлийн “гадаа” орхигдуулахгүй байх нь олон нийтийн итгэлийг олж, хэвлэл мэдээлэл улам хөгжин дэвших гол чиг хандлага болсон байна.


Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Олон улсын хэмжээнд цар тахлаас хойш хэвлэлд итгэх олон нийтийн итгэл буурч байна гэсэн судалгаа гарсан. Үүнийг задлаад харахаар залуучуудын хэвлэлд итгэх итгэл нь маш сул байна. Шалтгаан нь олон талын төлөөллийн дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүргэж чадахгүйд оршиж байна. Залуучуудын итгэлийг олж авахын тулд залуучуудыг эх сурвалжаа болгож, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг гаргаж ирэх ёстой. Үүнээс гадна эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн олон талт төлөөллийг яриулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна. Их Британийн “BBC” агентлаг Тэгш байдлын 50:50 хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эх сурвалжийнхаа тоог эрэгтэй, эмэгтэй тэнцүү байлгах зорилт тавьснаар төлбөртэй контентийг нь худалдан авах хэрэглэгчийн тоогоо нэмж чадсан. Ялангуяа залуу эмэгтэйчүүд тэдний өөрчлөлтийг талархалтайгаар хүлээн авч, нийтлэлүүдийг  нь төлбөр төлөн худалдан авах нь нэмэгдэж байгааг санал асуулгаар гаргаж ирсэн.Тиймээс энэ санаачилгаа бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нээлттэй хуваалцаж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн жил Монголын анхны түнш байгууллага нь болсон. Үүний дараагаар “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс санаачилсан менторшип хөтөлбөрийн хүрээнд “Зууны мэдээ” сонин, gogo.mn сайт 50:50 хөтөлбөрийн албан ёсны түнш болон эх сурвалжийнхаа хүйсийг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна. Эхний удаад эмэгтэйчүүдийг эх сурвалжаа болгон, хүйсийг тэнцвэржүүлэхэд анхаарч байна. Үүний дараагаар нийгмийн бүх талын төлөөллийг эх сурвалжаа болгож, дуу хоолойг нь хүргэхэд анхаарах нь чухал. Өмнө нь бид гадны туршлагыг ярьдаг байсан бол одоо өөрсдийн туршлагыг олон улстай хуваалцаж байна. Тухайлбал, “Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” гэсэн хоёр шинэ булан нээж, редакцийн бодлогоо шинэчлэн жендэрийн мэдрэмжтэй байдлыг тусган ажиллаж байна. Харин gogo.mn  сайт “Тэнцвэр” гэсэн санаачилга гаргаснаа уншигчдадаа зарлалаа. Ийн редакцууд жендэрийн мэдрэмжтэй санаачилгаараа уншигчдынхаа итгэлийг олж авч байна” гэсэн юм.


Дэлхий даяар нийт худалдан авалтын 80 хувийг эмэгтэйчүүд хийдэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн улс төрийн мэдээний 10 эх сурвалж тутмын нэг нь  эмэгтэй байна. Харин дэлхийд дөрвөн эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй байна. Үүнээс гадна манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Ийм нөхцөлд эмэгтэй уншигч, үзэгч, сонсогчоо яаж татах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл олон улсад төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй эх сурвалжийнхаа тоог нэмэгдүүлж, эрэгтэйчүүдтэй эн тэнцүү болгох шинэлэг санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний дараагийн шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх, залуучууд гэсэн нийгмийн олон талт бүлгийн бүх талын дуу хоолойг эн тэнцүү хүргэн, хэнийг ч орхигдуулахгүй байх нь дэлхийн сэтгүүл зүйн гол зорилт болжээ.

 

ХАНДАЛТЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН  СЭТГҮҮЛ ЗҮЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАСААР БАЙХ УУ?

 

Олон нийтийн сүлжээг ашиг орлого олох гол талбар болгосны улмаас мэдээллийн их “шуурга”, хандалтын төлөө улайран зүтгэх уралдаан дунд сэтгүүл зүй хэрхэн оршин тогтнож, мэргэжлийн, ёс зүйтэй байдлаа хадгалах замаар олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажиллах вэ гэдэг нь бидний хэлэлцэх ёстой хамгийн чухал асуудал болоод байна. Тиймээс яг одоо Монголын сэтгүүл зүйд тулгарсан сорил, тэдгээрийг даван туулах арга зам, шийдлийн талаар салбарын төлөөллүүд хэлэлцэв. Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурсан, хүний нөөц дутмаг, хэвлэлүүдэд ялгарал байхгүй болсны сацуу  цахим орчны хандалтын төлөөх өрсөлдөөн гэсэн хэд хэдэн сорил сэтгүүл зүйн салбарын өмнө тулгарчээ. 


Энэ талаар "Ньюс" агентлагийн захирал Б.Батболд “Уншигчдын итгэл буурч байгаа хамгийн том шалтгааныг олон нийтийн сүлжээ гэж боддог.Редакцтай сайтаас гадна олон сайтууд шинээр гарч ирж, олон нийтийн сүлжээнд хандалт авахын төлөөх уралдаан өрнөж байна.Томоохон сайтын эрхлэгч нь өөрийн олж мэдсэн мэдээллийг цахим хуудастаа хуваалцахад редакц нь “Миний олж мэдсэнээр” гэсэн мэдээ бэлтгээд байна. Уг нь редакц тухайн мэдээллийг эх сурвалжаас тодруулан баталгаажуулж, үнэн зөв гэж үзсэн үедээ мэдээлэх ёстой. Бид нэг нэгнээсээ уралдан, баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд өөрсдийн цахим хаягаар дамжуулан цацдаг нь олон нийтийн итгэл буурахад хамгийн их нөлөөлж байна. Мөн нэг хэвлэлийн хурал болохоор бүх хэвлэл шууд дамжуулаад ижил мэдээлэл цацдаг. Ямар ч ялгарал байхгүй болчихсон” гэв.


Хандалтын төлөөх өрсөлдөөн, ямар ч ялгаралгүй нэг ижил мэдээ мэдээлэл, ажлын хэт их ачаалал болоод бага цалин зэрэг нь сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг унагаж, улмаар залуу сэтгүүлчдийн тоо буурахад нөлөөлжээ. Энэ талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа “Монголд 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Гэтэл сэтгүүлчээр суралцаж байгаа оюутнуудын тоог 2016 онтой харьцуулахад 60 хувиар буурсан. 2020 онд судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан 200 гаруй сэтгүүл зүйн оюутнуудын 40 хувь нь төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэж хариулсан. Шалтгааныг нь асуухад “Сэтгүүл зүйн салбарын үнэлэмж муу. Цалин бага. Ажлын цаг их” гэж хариулсан. Сэтгүүлчийн ангид элссэн оюутнуудын ихэнх нь эрэлттэй мэргэжлийн анги  руу шилжчихдэг. Зарим хэвлэлээс ажлын санал ирэхээр хүлээж авдаггүй. Сэтгүүл зүйн үнэлэмж буурч олон нийтээс гадна энэ чиглэлийн оюутнууд ч энэ салбарт итгэхгүй байгаа нь чухал сорилт болоод байна” гэсэн юм.


Сэтгүүл зүйгээр суралцах оюутны тоо жилээс жилд буурч байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санааг зовоосон нэгэн чухал асуудал болоод байна. Энэ сөрөг нөлөөг орон нутгийн хэвлэлүүд хамгийн ихээр мэдэрч байгаа юм. Энэ талаар "Эрдэнэт таймс" медиа группын захирал Б.Мөнгөнтуяа “Орон нутгийн хэвлэлүүдэд тулгамдаж байгаа эхний асуудал нь хүний нөөцийн дутагдал юм. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид мэдээллийг хэвлэлд түгээхээсээ өмнө өөрийн цахим хуудсаар дамжуулан түгээж, сэтгүүлчдийн ажлыг булааж байна. Үүнээс үүдэн бид эдийн засгийн асуудалтай тулгарч байна. Орон нутаг эрүүл бус эдийн засагтай. Тиймээс сэтгүүлчид орлогоо нэмэгдүүлэх боломж хомс. Сайн бэлтгэсэн сэтгүүл­чид нь тусдаа ганцаараа сайт нээ­гээд гараад явчихдаг. Орон нут­гийн сэтгүүлчид мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, ёс зүйтэй ажил­лахыг хүсдэг ч дээр дурдсан асууд­лууд бидэнд тулгараад байна” гэж ярив.

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ДЭЛХИЙН ЖИШГИЙГ ДАГАН ХӨГЖИЖ  БАЙНА

 

Тэгвэл бидэнд ямар шийдэл, гарц байгаа вэ. Эдгээр сорилыг хэрхэн даван туулж, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө бид юу хийх ёстойг ч форумын үеэр хэлэлцсэн юм. Хэдэн хүнтэй хэвлэлийг редакц гэж үзэхээ нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн, ёс зүйтэй байдлаараа редакцгүй, хандалтын төлөөх спам сайтуудаас ялгарч, шинэлэг санаачилгуудыг гарган дэлхийн жишгийн дагуу ажиллах нь олон нийтийн итгэлийг сэргээн, тэдний мэдэх эрхийн төлөө тууштай ажиллах шийдэл гэдгийг салбарын төлөөллүүд онцолсон юм.


Энэ талаар “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан менторшип хөтөлбөрт хамрагдсанаар манай сонин шинэ санаачилга, өөрчлөлтүүдээ уншигчдадаа тайлагнаж эхэлсэн. “Эмэгтэйчүүдийн манлайлал, “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” гэсэн хоёр шинэ булан нээлээ. Редакцын бодлогоо QR код хэлбэрээр нээлттэйгээр байршуулсан анхны сонин боллоо. “BBC” агентлагийн Тэгш байдлын 50:50 хөтөлбөртэй хамтран ажилласнаар бүтээл чанаржиж, бүх талын төлөөллийг оролцуулдаг учир хамтран ажиллах байгууллагын тоо нэмэгдсэн. Редакцтай хэвлэлүүд спам сайт, редакцгүй сайтуудаас өөр. Бид илүү сайжирч, орчин үеийн хөгжилтэйгээ хөл нийлүүлж байж хөгжинө. Тиймээс манай сонин хоёр сайт, цахим хуудсаа хөгжүүлж, дэлхий нийтийн жишгийг даган хөгжихөд анхаарч байна. Мөн цаг үедээ нийцүүлэн мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд олон сургалт, хөтөлбөрт редакцаараа хамрагдаж ажилладаг. “Зууны мэдээ” бол 32 жилийн түүхтэй өдөр тутмын ууган сонины нэг. Бид уншигчдынхаа итгэлийг нэмэгдүүлэхийн тулд баримттай, ёс зүйтэй, олон талын төлөөллийн байр суурийг хүргэсэн мэдээ мэдээллийг нийтлэхийн төлөө зорьж байна” гэв.


Сэтгүүлч С.Будрагчаа “Сайн чанартай контент хийхэд  хугацаа их шаарддаг. Гэтэл нэг сэтгүүлч өдөрт 3-4 үйл явдал руу явдаг. Тиймээс сэтгүүлчдийн ажлын цагийг уян хатан болгох хэрэгтэй. Анх nuuts.mn сайтаа байгуулахдаа зөвхөн эрэн сурвалжлах бүтээл хийнэ гэж зорьсон. Өдөр тутмын нэг ч мэдээлэл нийтлэхгүй. Тэгээд олон нийтээс хандив гуйгаад үзье гэж шийдсэн. Гэтэл төсөөлснөөс их хэмжээний хандив цугласан. Тиймээс төрөлжөөд дагнан ажиллаж олон нийтийн дэмжлэгийг авах нь шийдэл гэж харж байна” гэлээ.


Харин "Ньюс" агентлагийн захирал Б.Батболд “Эхлээд редакц гэж яг юуг хэлэх вэ гэдгээ  нарийн тодорхойлох хэрэгтэй. Ингэж байж уншигчдын итгэл сэргэнэ. Гурван хүнтэй хэвлэл бол редакц биш. Хоёрдугаарт, сэтгүүлчийн санхүүгийн бие даасан байдал маш чухал. Санхүүгийн хувьд баталгаажсан сэтгүүлчээс чанартай сайн бүтээл гардаг” гэж ярилаа.


Баримттай, ёс зүйтэй, олон талын төлөөллийг оролцуулсан мэдээ мэдээллийг бэлтгэж, төрөлжсөн сэтгүүл зүйг хөгжүүлэн, санхүүгийн хувьд баталгаажсан байж, дэлхийн жишгийн дагуу хөгжихийг цаг үе биднээс шаардаж байна.
Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл нь чөлөөтэй бөгөөд чанарыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйгээ мөрддөг, чөлөөт хэвлэл ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж агуулгад хяналт тавих юм. Өдөр бүрийн үйл ажиллагаагаа мэргэжлийн ёс зүйн хүрээнд  редакцын бодлогодоо нийцүүлэн олон нийтийн мэдэх эрхийн төлөө сэтгүүлчид ажиллаж байна. Монголын сэтгүүл зүй олон улсаас хоцроогүй гэдэгт би итгэдэг. Шинэ технологи, шинэ ур чадварт байнга суралцаж, олон шинэлэг хөтөлбөр энэ салбарт хэрэгжиж байна. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн хүрээнд 11 байгууллага редакцын бодлогоо чанаржуулж, 500 гаруй сэтгүүлч ёс зүй, мэдрэмжтэй байдлын цогц сургалтад хамрагдсан” гэсэн юм.


Харин МУИС-ийн багш, доктор Д.Идэржаргал илтгэлдээ эрх чөлөө, ёс зүй, олон нийт бол хэвлэл мэдээллийн тулгын гурван чулуу гэдгийг тодотгов. Сэтгүүлчдэд  эрх чөлөө байгаа. Харин одоо ёс зүйгээ  мөрдөж ажиллаж олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолж, редакц бүр ёс зүйн кодтой болж, ёс зүйтэй сэтгүүлч бэлтгэхэд анхаарахыг тэрбээр уриалсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 33 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 33 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 33 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 33 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 33 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 33 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 33 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 33 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 33 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 33 мин