Биологийн “домог” гавьяат багш Л.Аюуш

2023-01-30
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР 

 

Багшаар заалгаагүй эрдэмтэн, ухаантан гэж энэ хорвоод үгүй билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Гавьяат багш Л.Аюушыг урилаа. Тэрбээр боловсролын байгууллагад хими, биологийн багшаар 48 жил ажиллаж,  олон мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийн  оч асааж,  ирээдүйд хөтөлсөн гавьяатай нэгэн. Алтан гартай  эмч,  багш, эрдэмтэн, инженер гээд түүний тарьсан үр монголын хөрсөнд хэдэн арван жилийн турш цэцэглэсээр буй. Л.Аюуш гуай олон алдартай.  Мэргэжлийнхэн нь түүнийг “биологи”-ийн Аюуш хэмээн онцлон нэрийддэг бөгөөд өдгөө тэрбээр гавьяаны амралтад гарчээ. Эзэмшсэн мэргэжлээрээ "овоглосон" гавьяат багш биднийг найрсагаар угтан амьдралынхаа цаг хугацаагаар аялуулсан юм. 

 

ГЭГЭЭН ТҮҮХ ӨГҮҮЛЭХ ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖ

 

Түүхэн он цагийн дурдатгалыг хүүрнэх арслантай авдар хоймроо залж, хажууд байх ажлын ширээн дээр тун  ховор содон ном дэлгээстэй угтлаа. Бид түүний нутаг ус, ижий, аав хүүхэд насны талаар яриагаа эхлүүлсэн юм. Л.Аюуш Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур хэмээх газар Лувсангэндэн гэх айлын гурав дахь охин болж мэндэлжээ. Түүний аав, ээж насаараа нэгдлийн мал маллаж нутаг усандаа нэр хүндтэй, түмэн олныхоо төлөө сэтгэл, хайр энэрлээ зориулсан хүмүүс байв. Л.Аюуш эхээс зургуул  бөгөөд ийм сайхан хүмүүсийн удмыг залгаж, хүмүүн заяаг олж төрсөндөө үргэлж сүсэглэж явдаг гэсэн юм. 


1957 онд Завхан аймгийн Сантмаргац сумын дунд сургуулиас эрдмийнхээ гарааг эхэлж дөрөвдүгээр ангидаа зэргэлдээх Цэцэн-Уул сумын дунд сургуульд шилжин суралцжээ. Тэр үед ахлах ангидаа зэргэлдээх Нөмрөг суманд очиж сурдаг байж. Тэрбээр дунд сургуулиа төгсөж ахлах ангийн сурагч  болохоор тэр  нэгэн намар Нөмрөг суманд очжээ. Гэвч энэ үед ээж нь  бурхан болж, аав дүү нартаа туслахаар сургуулиа орхисон байна.  Энэ үед түүний том ах нь Архангай аймгийн багшийн сургуульд сурч байгаад цэрэгт татагдсан байж. Ээж нь бурхан болсон мэдээ ахад нь хүрч гачигдлаар цэргийн албаас халагдсан байна. Ийнхүү жавар тажигнасан өвлийн XII сард  том ах нь аав дүү нар дээрээ ирж, гэрээ сумын төв рүү нүүлгэн , нэгдлийн малаа хүлээлгэн өгчээ. Аюуш дүүгээ хоёрдугаар хичээлийн жил дуусаж байхад нь сургуульд  хүргэж өгсөн байна. Энэ тухай нийтлэлийн баатар маань "Ээж минь бурхан болсон намар дүү нар, аав дээрээ очихоос өөр сонголт байгаагүй ээ. Миний дүү минь л гэхэд дөнгөж нэгдүгээр ангийн сурагч байлаа.  Үеийнхэн минь сургууль руугаа яваад л би өөрийгөө хөдөөний хүн болох нь гэж бодож байв. Энэ үед би ахтай байна гэдэг хангай нуруу шиг ямар түшигтэй болохыг мэдэрсэн. Би ахдаа үргэлж талархаж явдаг. Ах маань одоо 80 насыг зооглож явна. Насаараа хуулийн байгууллагад ажилласан хүн. Би өнгөрсөн жил ахынхаа гурван охинд мессеж бичиж, ахдаа зориулсан сэтгэлийг үгээ бичиж, аавдаа уншиж өгөөрэй гэж үлдээж байсан.  "Таныхаа ачаар эрдэм номын мөрөө үргэлжлүүлэн дагаж, төр түмэндээ танигдсан, түмэн олныхоо хайр сэтгэлийг хүлээсэн багш хэмээх алдраар овоглож явна. Би таньдаа насаараа өртэй" хэмээн сэтгэл дотроо хадгалж явдаг үгээ хэлсэн гэлээ.


Хүний хорвоо ирсэн бол буцдаг жамын үнэнээр хоёр дүүгээ бурхны оронд үдсэн ч . аав, ээжийг минь орлох ах, эгч зовлон жаргалаа хуваалцах дүүтэйдээ талархаж явдаг аж. Эгч нь аав ээжийнхээ буурийг сахиж нутагтаа гал голомтоо бадрааж явна. Нийтлэлийн баатар маань эгчээ зорин очиход хүүхэд насны гэнэн цайлган цаг хугацаанд очсон мэт болдог гэсэн юм. Хонио хариулж явсан үе, үүрээр ээждээ саалийн үнээг нь дөхүүлж өгөхийн тулд хүйтэн голын усыг хөл нүцгэн гаталж, буцахдаа номхон үнээний нуруун дээр үсэрч гараад л явдаг дэггүй охин байжээ хэмээн сэтгэлийн гүн дэх  дурсамжаа хуваалцахдаа түүний нүднээс  аз жаргал гэрэлтэнэ. Тэрбээр  “Аав ээж минь байхгүй ч нутагтаа очиход газар шороо минь өндөлзөөд л угтах шиг болдог. Нутгийн бараагаа харах төдийд дэвэн дүүлэн нисмээр эрх дураараа болдог юм. Хүнд төрж өссөн нутаг, төрөлх сайхан эх орон гэдэг юугаар ч орлуулашгүй, хэзээ ч сэтгэл зүрхнээс гардаггүй уяатай явдаг. Тиймээс үр хүүхдүүдээ багаас нь нутагтаа аваачиж, эмээ өвөө, нутаг усныхаа  үүх түүхийн талаар хэлж, ярихыг эрмэлздэг. Миний аав дуу цөөтэй. Бурхны номд гаршсан хүн байсан. Аавыгаа амьдралын хийгээд бурхны номын ухаан тэгширсэн хүн гэж боддог. Гэвч би залуу насандаа аавынхаа амьд ахуйд аугаа ухааныг нь  мэдэрч, ойшоож байгаагүй дээ харамсдаг. Хүүгээ бурхан болсноос хойш, мөн аавынхаа үйл хэргийг биелүүлж ариун дээд номлолын замд орж, буяны номын олон нөхөртэй учирч орчлонгийн жам ёс, үнэн зөвөөр гэгээн замаар алхаж буйдаа өөрийгөө их хувьтай гэж боддог” хэмээлээ.


Түүнийг амьдралынх нь турш чимэж яваа хоёр дахь овог бол багш. Тэрбээр багш мэргэжилтэй холбогдсон цаг үеийнхээ дурсамжийг  хуваалцлаа. Л.Аюуш хүүхэд байхаасаа хичээл номондоо хичээнгүй, сурахын төлөө хүсэл эрмэлзэлтэй байжээ. Сонин, сэтгүүл ховор байсан  үе учир сонингийн тасархай олдвол цуглуулж байгаад уншдаг хүүхэд байжээ. Тухайн үед багш гэдэг хүн үнэ цэнэтэй, алт шиг мэргэжил байсан гэв. Зөвхөн шавь нар  төдийгүй  нутгийн ард түмэн нь хүндэлдэг байжээ. Тиймээс олны хайр хүндэтгэлийг хүлээсэн багш мэргэжлийн эзэн болох  түүний хүүхэд насны мөрөөдөл энэ үеэс эхэлсэн байна.  Дунд ангидаа  орос хэлний хичээл үзэж эхэлснээр улам дуртай болжээ. Ингээд хүсэл мөрөөдлөө дагаж орос хэлний багш  болохоор  шийдсэн гэнэ. Энэ тухайгаа “Аравдугаар анги төгсөж, их сургуулийн хуваарь авахаар боллоо. Тухайн үед  дүнгийн жагсаалтаар аймагт ирсэн хуваарийг хүүхдүүдэд олгодог байсан юм. Тэр үед сургуулийн маань  нэг багш  Хөдөө аж ахуйн зоо техникийн ангийг чамд өгнө гэсэн сураг гарлаа. Бас манай ангийн нэг хүүд  анагаахын  хуваарь олгох гэнэ. Тэгээд нөгөө ангийнхаа хүүхдэд “Хэрэв  надад зоо техникч, чамд анагаахын хуваарь ирвэл 2-уулаа солино шүү” гэж тохиролцсон юм. Гэтэл зоо техникийн ангийн хуваарийг надаас доогуур оноотой тухайн үеийн манай сургуулийн захирлын  хамаатны хүүхдэд өгчихлөө. Ингээд л би  сургуульгүй  хоцорсон юм” гэлээ.  


Тэрбээр хуваариа авч чадаагүй учраас сургуульдаа  хими физикийн  лаборантаар ажиллажээ. Дөнгөж арван жилээ төгссөн учраас багш нарын бэлдээрэй гэсэн хичээлийн материалыг мэдэхгүй  үе олон таарна. Гэхдээ энэ бүхэнд шантралгүй бусдаас асууж, лавлаж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг зан чанар нь түүний ирээдүйн амжилтын үндэс болжээ. Тэгээд л хагас жилийн дараа  лабораторийн ажлаасаа орон тоогоор хасагдсан байна.  Хэсэг хугацаанд цэцэрлэгийн туслах багшаар ажиллажээ. Тэр үед том ах нь аймгийн захиргаанд  даатгалын хэсэгт ажилладаг байгаад Улаанбаатар руу  хуулийн сургуульд явахаар болсон байна. Тэгээд ахтайгаа хамт явж сургуульд сурах хүсэлтэй байгаа тухай өргөдөл өгсөн ч нэг жил ажилласан гээд Намын хорооны хурлаар зөвшөөрөөгүй ч ахыгаа дагаад Улаанбаатар руу явжээ. 


Тэр жилд анх удаа  элсэлтийн ерөнхий шалгалт авч байсан үе таарчээ. Тэгээд МУБИС-ийн орос хэлний багшийн ангид шалгалт өгөх гэтэл ах нь “ Хэлийг хэн ч сурдаг юм” гээд дургүйцжээ. Тэгээд хими биологийн ангид бүртгүүлсэн байна. Тэрбээр “Шалгалтаа өгсний дараа комиссын хурлаар  орж баталгаажуулдаг байлаа. Хуваариа баталгаажуулаад гарч ирэхдээ би баярласан даа уйлж байснаа санадаг. Манай ангийнхан сангийн аж ахуйд явж байхдаа  “Хөдөөнөөс ирсэн гээд жоохон охин уйлаад гараад ирэхээр нь  хасагдчихжээ  гэж  бодсон. Тэгээд юу болов гээд асуутал  толгой дохиод уйлаад байсан” гэж  байсан.  Ингэж л хувь төөргөөр хүүхэд насныхаа багш болох  мэргэжлийн үзүүрээс атгасан байна. Би  багш мэргэжлийг эзэмшсэндээ үнэхээр их баярладаг” гэлээ. 

 

НҮҮДЛИЙН ШУВУУ ШИГ ДҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД 

Ийнхүү тэрбээр багш мэргэжлийг эзэмшиж 1972 онд  сургуулиа төгсчээ. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Сантмаргац сумаас ажлын гараагаа эхлэсэн байна. Энэ үед том эгчийн минь нөхөр монгол хэл, орос хэлний багшаар ажилладаг байсан учраас   журналаа  хэрхэн  хөтлөх, дүн гаргах гээд зааж сургадаг байсан гэдгийг Г.Аюуш багш хэлж байлаа. Шинэхэн багш  нутгийнхаа  Р.Хадаас  гэдэг залуутай танилцаж, өрх тусгаарласан байна.  Ийнхүү 1973 онд анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ.  Тэд удам залгах дөрвөн хүүхдийн аав ээж болж, өрх гэрийнхээ гал голомтыг бадрааж явна. Р.Хадаас Л.Аюуш хэмээх нэгэн ургийн мод  өдгөө үр хүүхэд, ач зээ 13–уулаа болжээ.  Тэрбээр “Орчлон хорвоогийн жамаар хүү минь алга.  Энэ миний хувьд хэзээ ч нөхөж болохгүй хатуу тавилан,  сэтгэлийн мөнхийн шаналан юм. Бусдаар бол дундуур зүйлгүй сайхан амьдарч байна”  хэмээв. Түүний хань Р.Хадаас насаараа цэргийн байгууллагад ажиллаж,  эх орныхоо энхийн манаанд зүтгэж, өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ. Цэрэг, зэвсэгт хүчний хүмүүсийн амьдрал мэргэжлийн онцлогоос шалтгаалж нүүдлийн шувуу  шиг  байр сууриа сэлгэсээр байдаг. Үүний нэгэн адил Р.Хадаасын гэр бүл  Сантмаргац сум, Завхан аймаг, Улаанбаатар, Завхан гэсэн жимээр нүүдэллэж ажил амьдрал нь өрнөсөн байна. Л.Аюуш  сургуулиа төгсөөд сумынхаа сургуульд хоёр жил ажиллаад 1974 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн нэгдүгээр сургуульд зургаан жил ажиллажээ. Энэ үед хань Р.Хадаас нь  1979-1980 онд ОХУ-д цэргийн  сургуульд сурч  хотод 032-р ангид  заставын даргаар томилогдсон байна.  Ингээд Р.Аюуш ханийгаа дагаж  Улаанбаатарт ирээд Толгойтын  42-р сургуульд мөн  Хөнгөн хүнсний  аж үйлдвэрийн техникомд  ажилласан байна.  Удалгүй  1983 онд хань нь  Завхан аймгийн төвийн цэргийн хэлтэст даргаар томилогдож, нэг жилийн дараа аймгийнхаа сургууль руу дахин шилжжээ. Энэ тухай “Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн нэгдүгээр сургуульд 27-28 жил ажилласан байна. Миний өдгөө хүртэлх амжилтын  үндэс бол энэ үеийн шавь нарын минь  амжилт  зүтгэл. Шавь нар маань намайг Завхан аймаг төдийгүй  Монгол Улсад  мэргэжлийн түвшинд  таниулсан. Тиймээс үргэлж баярлаж явдаг” гэлээ. 


МУБИС-д хими,биологийн багшаар сурч байхад гуравдугаар  курсд  хими эсвэл биологийн багшаар мэргэшиж сурдаг байжээ. Л.Аюуш гуай үед  химийн хичээл сонгож, нүүрсний хими гэсэн сэдвээр  дипломоо хамгаалжээ.  Амралтын өдрүүдэд  нүүрс  нүдээд л  туршилт хийгээд өнждөг байсан хэмээн  дурсамжаа хуваалцлаа. Ажлын байранд гарсныхаа дараа ч биологийн хичээлээс илүү химидээ сонирхолтой байжээ. Түүнийг аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн нэгдүгээр сургуульд багшлахаар очиход биологийн хичээл орохыг санал болгосон байна. Нэг удаа багшийн  гүнзгий  ангид биологийн  хичээл  зааж байхад  сургалт  заах ангийн  кабинетын  хими, биологийн  мэргэжилтэн н.Гүрсэд гэж багш хичээлийн үйл явцтай танилцжээ. Тэгээд хичээл дууссаны дараа н.Гүрсэд багш “Биологийн хичээл дээрээ бодлого бодуулбал  зүгээр юм байна” гэж хэлжээ. Энэ тухай Л.Аюуш “Би тухайн үед биологи дээр бодлого гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Тэгсэн н.Гүрсэд багш генетикийн бодлого голчилсон  орос хэл дээр бичсэн ном надад байгаа гэлээ.  Би тэр номыг нь  аваад тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа жирийтэл нь хуулж бичиж байлаа.  Ингээд шавь нартаа эхэллээ. Шавь нар маань аль ч сургуульд  очсон бодлого хийгээд онолын хичээлээрээ  толгой цохидог. Хэний шавь, хаанаас ирсэн гэхэд нь  Завхан аймгаас Л.Аюуш багшийн шавь гэхээр таныг анддаггүй. Чи тэгвэл мундаг байх ёстой гэдэг.  Тэгэхээр багшийнхаа  нэрийг гутаачих вий гээд эмээж,  илүү их хичээдэг гэж шавь нар маань  захидалдаа бичсэн байсан” гэсэн юм. 

 

“ЗАХ ЗЭЭЛЭЭС ХОЙШ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ  ХҮМҮҮЖЛИЙГ ОРХИСОН”

 

Л.Аюуш багшийг цаг хугацаа мөнхийн багш юм гэдгийг онцолсон. Тиймээс багш хүн нэг ч өдөр алгасалгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой гэлээ. Тэрбээр “Багш хүнийг бүх талаасаа үлгэрлэгч  байх ёстой.  Ярих, бичих,  шударга үнэн зарчим,  мэдлэг мэргэжлийн ур чадвараараа үлгэр жишээ толь  болохыг чухалчлах хэрэгтэй. Багш хүн мэдлэг заахаас  гадна хүмүүжүүлж хүн болгодог. Харин өнөөдрийн боловсролын системд сургах нь нэгдүгээр бичигддэг. Гэвч үнэн мөн чанартаа  хүмүүжүүлэх ухаан нь нэгдүгээрт байх ёстой юм. Хүмүүжилтэй хүн байж эрдэмтэй боловсролтой болно. Зөвлөлтийн сурган хүмүүжүүлэгчдийн үгэнд  “Сурлага гэдэг бол  хүмүүжил гэдэг цэцгийн  зөвхөн нэг дэлбээ”  гэсэн байдаг.  Харин зах зээл гарснаас хойш манай боловсролын систем  хүмүүжлийг орхисон. Нийгмийн, яамны бодлогын түвшинд алдагдсан” гэлээ.  Л.Аюуш багшийг  Завхан аймгийн төвийн сургуульд ажилладаг байхад  1990 оноос өмнө  долоо хоногт нэг удаа  хүмүүжлийн хичээл заадаг байжээ. Энэ хичээлийн цагаар өв уламжлал ёс заншлын тухай,  хүн амьдралдаа зорилготой байх, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө олох , зөв хүн болох гээд  ёс суртахуун ямар чухал болохыг  ойлгуулахыг хичээдэг байсан гэлээ. Энэ үед түүний  ангийн хүүхдүүд хүмүүжлийн ажлын дэвтэртэй байжээ.  Энэ тухай Л.Аюуш багш” Би зарчимч, шударга занг энэрэл нигүүлсэхүй  сэтгэлтэй хослуулан хичээлээ заадаг. Мөн хүнд урам өгч, итгэл хайрлана гэдэг хамгийн гайхалтай мөн чанар. Тааруу сурлагатай хүүхэд нэг зүйл хийгээд ирэхэд нь  “Чи ямар мундаг юм бэ. Үүнээс илүү ахих чадвар байгаа гэж урам өгч  чаддаг байх ёстой. Багш хүн мөнхийн суралцагч байх ёстой гэж боддог” хэмээв.

 

ЧИН СЭТГЭЛИЙН ҮГТЭЙ ЗАХИДЛЫН ЭЗЭН

Ийн биднийг ярилцах зуур “ Захидлууд” гэсэн тэмдэг бүхий хавтас үзүүллээ. Тэр олон хуудастай хавтас чин сэтгэлийн үгтэй багшдаа зориулсан захидлаар дүүрчээ. Захидлыг уншихад  шавь н.Жаргалсайханаас нь “Та хүмүүжлийн ажлаараа бидэнд ямар хэрэгтэй зүйл өгсөн  юм бэ. Би хүмүүжлийн  дэвтрээ биедээ байнга  авч явдаг” хэмээн нямбайлан бичсэн байв.  Мөн есдүгээр ангидаа улаан шугамын доогуур ороод  арван жилдээ орж чадаагүй  нэг хүүхдийн ээж нь Л.Аюуш багш дээр ирж “Багшаа манай Анхааг  та ангидаа авчих. Тэгвэл энэ хүүхэд эрдэм номын замаар явж магадгүй” гэж хэлж байжээ.  Тэгэхэд нь Л.Аюуш багш “Би хүүхдийг чинь нэг сар л харъя. Хэрэв  багшийнхаа итгэлийг дааж чадахгүй бол явуулна” гэж хэлж байсан гэнэ. Одоо бол Анхаа хүү миний хамгийн хайртай шавийн нэг болсон. Сайхан явж байна. Шавь нар маань 20-30 жилийн дараа уулзахдаа хүртэл “Та  хатуу, мөртлөө тун ч  зөөлөн хүн байсан шүү.  Таниас их айдаг байсан. Дүнгээ гаргуулах гэж их  зүдэрдэг байлаа. Энэ байдал нь ирээдүйд минь минь их хэрэг болсон.  Өдий зэрэгтэй багш, эрдэмтэн, эмч болсон нь таны гавьяа” гэсэн халуун дулаан үгийг сонсоод баярладаг хэмээлээ. 


 Л.Аюуш багш монгол ардын  зүйр цэцэн үг, эрдэмтэн мэргэдийн сургааль  гүнзгий утга агуулгатай.  Тиймээс эдгээр үгсийг  санаж бодож,  ухаарч явах хэрэгтэй гэсэн юм.  Тэрбээр “Нэг ном уншаад л сайхан санаа үг байвал шавь нартаа хэлэхийг зорьдог. 40 гаруй жил багш мэргэжлээр ажиллахад миний  багш  орос ном байсан.  Хүн өдөр бүр өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй.  Нэг шинэ юм нэмэрлээгүй  өдрийг  хамгийн азгүйд тооц” хэмээдэг гэж ажил мэргэжлийнхээ тухай хуучлав. 
 Ийнхүү Л.Аюуш багш  2006 онд Улаанбаатарт шилжин ирж  “Этүгэн лицей” сургуулийг 2009 онд үүсгэн байгуулахад нь анхны ууган багшаар ажиллаж,  тулгын  чулууг нь тавьж олон арван эмч, мэргэжилтнүүд бэлтгэн гаргажээ. Түүний шавь нараас өдгөө 10 гаруй биологийн ухааны доктор төрөн гарчээ.  Тэрбээр  улсын олимпиадад шавь нараа бэлдэж, удаа  дараа амжилттай оролцдог байжээ. Мөн өөрөө  анхны багш нарын олимпиадад оролцож, нэгдүгээр байрт орж амжилтын буухиагаа эхлүүлсэн байна. 2014 оноос залуу багш нартаа боломж олгохоор  олимпиадаас зодог тайлсан байна. Монголын  хэдэн мянган хүүхдийг  хүсэл мөрөөдлийн зам мөрийг татаж, чиглүүлж яваа Л.Аюуш багш өдгөө 30-40 мянган шавь нарыг өсгөн бойжуулсан гавьяат нэгэн билээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 12 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 12 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 12 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 12 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 12 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 12 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 12 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 12 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 12 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 12 мин