Б.ДОЛЖИНЖАВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” баасан гарагт бүтэн өдрийн турш үргэлжиллээ.Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болж байна.
Дэлхий даяар нийт худалдан авалтын 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн улс төрийн мэдээний 10 эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй байна. Харин дэлхийд дөрвөн эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй байна.Үүнээс гадна манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Ийм нөхцөлд эмэгтэй уншигч, үзэгч, сонсогчоо яаж татах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл олон улсад төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй эх сурвалжийнхаа тоог нэмэгдүүлж, эрэгтэйчүүдтэй эн тэнцүү болгох шинэлэг санаачилгуудыг хэрэгжүүлэн аижллаж байна.
Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Их Британийн “BBC” агентлаг Тэгш байдлын 50:50 хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эх сурвалжийнхаа тоог эрэгтэй, эмэгтэй тэнцүү байлгах зорилт тавьснаар төлбөртөө контентийг нь худалдан авах хэрэглэгчийн тоогоо нэмж чадсан. Ялангуяа залуу эмэгтэйчүүд тэдний өөрчлөлтийг талархалтайгаар хүлээн авч, нийтлэлүүдийг төлбөр төлөн худалдан авах нь нэмэгдэж байгааг санал асуулгаар гаргаж ирсэн.Тиймээс энэ санаачилгаа бусдад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хуваалцаж, аргачлалаа нээлттэйгээр зааж, зөвлөж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн жил Монголын анхны түнш байгууллага нь болсон. Үүний дараагаар “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс санаачилсан менторшип хөтөлбөрийн хүрээнд “Зууны мэдээ” сонин, gogo.mn сайт 50:50 хөтөлбөрийн албан ёсны түнш болон эх сурвалжийнхаа хүйсийг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна. Эхний удаад эмэгтэйчүүдийг эх сурвалжаа болгон, хүйсийг тэнцвэржүүлэхэд анхаарч байна. Үүний дараагаар нийгмийн бүх талын төлөөллийг эх сурвалжаа болгож, дуу хоолойг нь хүргэхэд анхаарах нь чухал. Өмнө нь бид гадны туршлагыг ярьдаг байсан бол одоо өөрсдийн туршлагыг олон улстай хуваалцаж байна. Бидний хэрэгжүүлсэн менторшип хөтөлбөрт хамрагдсан редакцууд маш хурдан өөрчлөлтийг хийсэн. Энэ нь аливаа зүйлийг хурдан сурч, богино хугацаанд үр дүнг нь гаргадаг Монгол хүний давуу талтай холбоотой гэж хардаг. Тухайлбал, “Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” гэсэн хоёр шинэ булан нээж, редакцийн бодлогоо шинэчлэн жендэрийн мэдрэмжтэй байдлыг тусган ажиллаж байна. Харин gogo.mn сайт “Тэнцвэр” гэсэн санаачилга гаргаснаа уншигчдадаа зарлалаа. Тус сайт өнгөрсөн жил оны онцлох 10 хүнийг зарлахад долоо нь эрэгтэй байсан. Харин энэ жил таван эрэгтэй, таван эмэгтэйг зарласан нь тус санаачилгын үр дүн юм. Ийн редакцууд жендэрийн мэдрэмжтэй санаачилгаараа ялгарч эхэллээ. Богино хугацааны эдгээр шинэчлэл, үр дүнгийн тухай дэлхийн бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай хуваалцахаар ихэд гайхан хүлээж авдаг” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn