Б.ДОЛЖИНЖАВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” өнөөдөр /2023.01.27/ 09:00 цагт эхэлж, 17:30 цагт дууслаа.
Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болж байна. Тодруулбал, энэ жилийн форум уншигч, хэрэглэгчдийн итгэлийг олж авч, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхийн тулд сэтгүүлчдэд ёс зүй, итгэл, эрх чөлөө зайлшгүй шаардлагатай байна гэсэн агуулга руу чиглэжээ.
Энэ үеэр МУИС-ийн багш, доктор Д.Идэржаргал хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт редакцын ёс зүйн зарчимтай хэрхэн холбогдож, олон нийтийн итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.
Илтгэлийнхээ эхэнд эрх чөлөө, ёс зүй, олон нийт бол хэвлэл мэдээллийн тулгын гурван чулуу гэдгийг тэрбээр тодотгов. Сэтгүүлчдэд эрх чөлөө байгаа. Харин одоо ёс зүйгээ мөрдөж ажиллаж олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолж, редакц бүр ёс зүйн кодтой болж, ёс зүйтэй сэтгүүлч бэлтгэхэд анхаарахыг уриалсан юм. Ёс зүйн зармчаа баримтлан ажиллаж байгаа олон ХМХ бий. Гэхдээ ёс зүйтэй ажиллаж байгаагаа олон нийтэд ил тод тайлагнахгүй бол олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж чадахгүй гэдгийг ч сануулав.
Тэрбээр редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг хэрхэн зохицуулж байгаа талаар хоёр судалгаа хийсэн байна. Ингэхдээ редакцууд ямар ёс зүйн кодтой хийгээд ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж, сэтгүүлчдээ ёс зүйн алдаа гаргахгүй байхад хэрхэн анхаарч байгаа талаар судалжээ.
Энэ тухайгаа МУИС-ийн багш, доктор Д.Идэржаргал “Түүврийн аргаар сонгосон 80 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 35 нь ёс зүйн код баримталж ажиллаж байна. Ингэхдээ ихэнх нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан ёс зүйн зарчмыг дагаж мөрддөг. 12 редакц тусдаа өөрсдийн гэсэн ёс зүйд кодоо баталсан байна. Зарим ХМХ ёс зүйн кодоо ил тод мэдээлэх дургүй. Уг нь ёс зүйн код нууцлах зүйл биш. Гэтэл нууц мэдээлэл гэж үздэг. Харин ил тод байлгаж, олны итгэлийг олох хэрэгтэй. Хэрэглэгч хаанаас ч уншиж, үзэж болохоор ил тод байршуулах хэрэгтэй. Ихэнх ёс зүйн код уриалгын шинжтэй, үнэн бодит байдал гэж яг юуг хэлэх вэ гэдгээ нарийвчлан тайлбарлаагүй нь уг кодыг дагаж мөрдөхөд саад болж байна.Ёс зүйн алдаа гаргахад ямар хариуцлага хүлээлгэх талаар коддоо тусгаагүй байна. Үүнээс гадна ХМХ-үүд кодоо шинэчлэх нь бага, тэр тусмаа сэтгүүлчдийнхээ санаа бодлыг шинэчлэлдээ тэр бүр тусгахгүй байна. Судалгаанд хамрагдсан редакцуудын 30 хувь нь сэтгүүлч алдаа гаргасан тохиолдолд байгууллагаараа хэлэлцдэг. Харин 41 хувь нь удирдлага нь сэтгүүлчтэй тусдаа уулзаж цалингаас нь хасах, торгох төрлийн шийтгэл ногдуулдаг. Тиймээс хэвлэлийн удирдлагууд сэтгүүлчийн ёс зүйг сайжруулахын оронд сэтгүүлчтэйгээ буруу арга барилаар ажиллаж байна хэмээн дүгнэж байна” гэв.
Доктор Д.Идэржаргал 100 гаруй сэтгүүлчээс судалгаа авахад 67 хувь нь редакцын ёс зүйн кодын талаар анх ажилд орохдоо бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй гэж хариулжээ. Хэвлэлүүдэд ёс зүйн код байгаа ч сэтгүүлчид нь тус кодыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх нь хангалтгүй байна хэмээн тэрбээр үзсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn