Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” булангийнхааэнэ удаагийн зочноор үзмэрч Б.Сийлэнг урилаа. Тэрбээр олон хүний амьдрал, хувь төөргийг хөзрөөр үзэж, засал хийдэг ажээ.
-Та үзмэрч болохоосооөмнө аливааг зөгнөж, мэдэрдэг байсан уу. Таны зөн совин анх хэзээнээс мэдрэгдэж эхэлсэн бэ?
-Мэдээж бага байхаас л зөн совин байсан. Мэргэлж эхлэхээсээ өмнө би зүүдэндээ хар дардаг, өөр ертөнцийн хүн байсан. Өөрийгөө ойлгохгүй үетэй олон тулсан. Мөн болох гэж байгаа үйл явдлыг урьдчилаад мэдэрчихдэг байлаа. Таагүй хэцүү санагдсан зүйл дараа нь яг л надад мэдрэгдсэнээр өрнөдөг байсан. Тухайлбал, нэг хүнийг хараад түүнд юу тохиолдохыг нь мэдэрдэг. Энэ мэдрэмжээ би анх байдаг л үзэгдэл гэж боддог байсан. Гэтэл тэр маань зөн совин байсан юм билээ.
-Авьяас, мэдрэмж удамшиж,өвлөгддөг юм билээ.Танай удамд мэргэлдэг хүн бий юу?
-Хүний удам, ген гэдэг гайхалтай санагддаг юм. Авьяас чадвар нь үеийн үед өвлөгдсөөр л байдаг. Манай удамд надаас гадна хөзрөөр мэргэлдэг олон хүн бий. Харин миний хувьд анх 2016 оноос өөрийгөө илүү мэдэрч, хүн үзэж эхэлсэн. Гэхдээ ихэвчлэн ойр дотны таньдаг хүмүүсээ л үздэг байлаа. Гэтэл тухайн хүнийг үзээд мэдэрсэн, харсан, хэлсэн бүхэн минь яг л таардаг, алдаагүй зөв байгаад байсан. Энэ үеэс өөртөө илүү итгэлтэй болсон шүү.
-Та сошиал орчинд их нэр хүндтэй юм билээ. Хэзээнээс цахимаар үзэж эхэлсэн бэ?
-Анх 2017 оноос цахим хаягаараа дамжуулж хүмүүсийг үзэж эхэлсэн. Хүмүүсийг үзэж, тулгарсан асуудлыг нь шийдэж байгаа минь буянтай санагддаг. Хэдий хэл ам дагуулдаг ч би ажлаа аз жаргалтайгаар, дурлаж хийдэг хүн.
-Хүн бүрийн туулсан зам, амьдрал харилцан адилгүй. Танд хандаж буй хүмүүс ихэвчлэн ямар асуудалтай байна вэ?
-Тухайн хүнийг үзэхдээ төрсөн жил, он сар өдөр, зураг зэргийгнь ашигладаг. Хүмүүс гэр бүлийн шалтгаанаар л их холбогдож байна. Надад хандаж буй сүсэгтэн олны 85 хувь гэр бүлийн асуудалтай. Энэ бүхнээс харахад гэр бүлийн харилцаа нууц юм шиг мөртлөө нийгмийг хамарсан хамгийн том түймэр болоод байна. Үүний гол шалтгаан нь гэр бүл төлөвлөлт буруу, нэгнийгээ хуурах, итгэлийг нь алдах нэмэгдэж байгаатай холбоотой. Мөн эхнэр, нөхөр хоёр хайр сэтгэлээ ариун нандин хэвээр хадгалдаггүй, дэндүү хайхрамжгүй хандаж байна. Гэр бүл зохиогоод дутах зүйлгүй, жаргалтай амьдарч байж өөр хүнтэй харилцаа тогтооно. Тэр үедээ үр дагаврыг тооцохгүйгээр ханийнхаа сэтгэлийг шархлуулаад байгаа юм.
-Тэгэхээр танд эргээд нийлүүж, өгөөч, гэр бүлээ салгамааргүй байна, аргалах арга байна уу гэж ханддаг гэсэн үг үү. Эсвэл эсрэгээрээ юу?
-Хосуудыг таарч тохироогүй болохоор салсан юм болов уу гэхээр өөр шалтгаантай байдаг. Тухайлбал, эрчүүд өөрийн орон зайдаа эхнэр, нууц амрагаа хамт байлгах сонирхолтой. Үүнээс л бүх зүйлээ зориулсан хань нь гомдох жишээтэй. Мөн үүнээс болж хамгийн хэцүү нь үр хүүхэд нь өнчирнө. Гэр бүл үймүүлсэн өнөөх этгээд доромжилж, хараана. Өнөөгийн манай нийгэмд ихэнх гэр бүлийн бодит байдал ийм дүр зурагтай байна. Үүнээс гадна нөхрөө, найз залуугаа, хайртай хүнээ, салсан хүнээ дуудуулна. Хааж тушиж, дөнгөлмөөр байна гэж их холбогдоно.
Энэ бол их буруу. Миний хувьд гэр бүл тэгшитгэх, дэв бузар, хормойн дэв арилгах зэрэг үйлийг л хийдэг. Ер ньсэтгэлгүй хүнийг мянга дуудаад ирэхгүй шүү дээ.Мөн өөр нэг асуудал нь хараагдсан мэт ажил төрөл нь бүтэхгүй, мөнгө тогтохгүй, муухай зүүд зүүдэлж, шалтгаангүй өвдөөд байна гэсэн хүн олон болж. Энэ нь олон шалтгаантай. Жишээлбэл, муу энергитэй хүнтэй маргаснаас сэвтэж болно. Тиймээс аль болох хүнтэй маргахгүй байх хэрэгтэй. Зарим хүн энэ асуудлаа шийдүүлэх гэжзасал ном хийж мэдэхгүй, ашгийн төлөө явж буй хүнд мөнгөө алдаж хохирох нь бий. Би хэзээ ч их мөнгө төл, засал хийлгэ, надаар л хийлгэхгүй бол ингэнэ, тэгнэ гэж шахдаггүй. Хаана, хэний ч засалд орж, үйл хийлгэх нь тухайн хүний сонголт, сүсэг шүү дээ.
-Гэр бүл салахадүнэхээр хүүхэд л золиос болж, дутуу хайраар өсдөг. Нэгэнт л эцэг эх болчихсон бол манай залуус хариуцлагаа тэнцүү үүрдэг баймаар санагдах юм?
-Гэр бүл салалтынхамгийн том хохирогч бол үр хүүхэд. Тиймээс хүн бүр хүүхдээ л хайрлаж явах нь чухал. Хүүхэд өнчрөхийг харахад өөрийн эрхгүй миний сэтгэл шаналж, нулимс урсдаг. Мөн болохгүй амьдралыг дуусгаж, дахин амьдрал эхлүүлэхэд хүүхэд маань төвөг болж байна гэх эцэг эхтэй цөөнгүй таарлаа. Аав, ээжийнхээ энэ хандлагаас болж тэр жаахан амьтан л дарамтанд орно шүү дээ. Хүүхдийн буруу гэж хаана ч байхгүй. Энэ асуудалд томчууд л буруутай. Манай залуус гэрлэлт, үр хүүхэд гэдэг асар том хариуцлага, үүрэг гэдгийг ухамсарлах ухаантай болчихоод гэр бүл зохиодог болмоор байна.
-Анзаарвал зовлон дунд ч жаргал байдаг. Тиймээс та энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгааг хэрхэн хардаг вэ?
-Ер нь хосууд нэгнийгээ сайн таньж байж гэр бүл болох хэрэгтэй. Хүнийг танихад 10 жил ч бага хугацаа. Тиймээс гэр бүлээ сайтар төлөвлөж байж, хүүхэд тээгээрэй гэж хэлье. Хэн нэг нь хүндлэлгүй хандаж зоддог, хуурч мэхэлдэг бол энэ байдал мөнхөд үргэлжилнэ. Хүний зан чанар, дадал өөрчлөгдсөн тохиолдол ховор байдаг юм билээ.
-Гэр бүлийн үнэ цэнгүй харилцаанд зөвхөн эрчүүдийг буруутгадаг хандлага нийгэмд бий?
-Би энэ амьдралд зөвхөн эрэгтэй хүнийг буруутгадаггүй. Адилхан л хүн юм чинь алдаж болно шүү дээ. Мөнэнэ амьдралдаа алдсан, буруу алхам хийсэн, толгой нь эргэсэн эмэгтэй хүн ч олон бий. Тухайлбал, шинэ нөхөр маань хүүхдийг минь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир өргүүлмээр байна гэсэн хүмүүс над дээр жилд 10 гаруй ирдэг.
-Зарим хүн хүмүүсийн ам дамжсан яриагаар болохгүй зан үйл их хийх нь ажиглагддаг. Танаас иймэрхүү үйл хийлгэхийг гуйж байсан удаа бий юу?
-Шашны зүгээс яривал янз бүрийн ам дамжсан домог яриаг хэзээ ч бүү хэрэгжүүл гэж захимаар байна. Жишээлбэл, нь зарим охид хайртай хүнээ хажуудаа байлгахын тулд муу цусаа уулгасан гэдэг. Энэ бол байж болохгүй, огт худал зүйл.Уусан эр хүн хийморь лундаагүй, дэв бузар шүглэж, ажил амьдрал нь бүтэлгүйтдэг. Нэг ёсондоо хүмүүсийн хэлдгээр амьд зомби болж хувирна. Хэзээ ч өөдөө гарахгүй. Харин уулгасан хүний үйлийн үрийг үр удам дамжин төлдөг хатуу цээртэй юм шүү. Заслыг дотор нь энергийн засал, лаан засал, өдөр, шөнийн засал гэж хуваадаг. Миний хувьд эдгээр заслаас тухайн хүний нөхцөл байдалд нь тааруулж хийдэг.
-Танаар засал хийлгээд олон хүн үр дүнд хүрсэн гэдэг. Мэдээж амьдрал нь тэгширч, өөрчлөлтийг мэдэрсэн хүмүүс талархсан сэтгэлээ илэрхийлдэг байх?
-Гайхалтай үр дүнд хүрсэн олон хүн бий. Засал хийлгээд үр хүүхэдтэй болсон гээд эргэж холбогдоход нь баярладаг. Мөн салаад явсан хань ижил эргээд ирсэн, ажил нь сайхан бүтлээ баярлалаа гээд хүмүүс ярьдаг л юм. Миний заслаар сайн сайхантай учирсан 500-600 гаруй хүн бий. Тиймээс би өдөр бүр л олон хүнийг жаргалтай болгосон энэ ажлаараа бахархдаг.
-Сүсэг бишрэлийг зарим хүн үл тоодог. Ер нь сүсэгтэй байхын давуу тал нь юунд оршдог бол?
-Хүн сүсэг бишрэлтэй байхын утга учир бол итгэл үнэмшил юм. Тиймээс итгэж найдах, сүсэглэн залбирах зүйлтэй байвал тайвширлыг олдог. Харин засал ном хийлгэж зам мөрөө тэгшитгэх нь ноён нуруу, энерги, ажил үйлс бүхэнд нь нөлөөтэй. Гэхдээ энэ нь хэтэрч болохгүй. Мэдээж сүсэг бишрэлгүй хүмүүс байдаг. Энэ нь өөрийнх нь л сонголт шүү дээ.
-Хүн бүрийн итгэл үнэмшил өөр. Тиймээс аз жаргалтай байхын тулд дотоод сэтгэлээ хэрхэн удирдах ёстой вэ?
-Хүний амьдралд сайн муу хослодог ч бүх зүйл ээлж дараатай. Өнөөдөр та заавал мөнгөтэй баян байх албагүй. Гагцхүү аз жаргалтай л амьдрах хэрэгтэй. Мөн хүссэн зүйлээ хийж амьдрах нь чухал. Өөрийн хүссэн зүйлээ мэдэр, хий, бүтээ. Хайртай бол илчил, дургүй бол битгий хий, маргасан бол эвээ ол. Амьдралаас бид аз жаргалыг мэдрэх нь чухал. Хань ижил, үр хүүхэдтэйгээ, бүр ганц бие байсан ч долоо хоногтоо нэг удаа кино театрт кино үз, уйл инээ. Эдгээрийг хийснээр сэтгэл бага ч гэсэн хөнгөрдөг. Хотоос хол сайхан байгальтай газар очиж уул усны сайхныг мэдэр. Сайхан үнэр, агаар таныг тайвшруулна. Юунаас ч бүү ухар, гэр бүл салгаж, худал хэлэхгүй л бол бүхнийг хий. Эдгээр нь хүүхдээ хараад гэртээ сууж буй аав ээжүүдэд ч хамаатай.
-Та манай уншигчдад хандаж зөвөлгөө өгөхгүй юу?
-Гэр бүлүүдүр хүүхэд, хайр сэтгэлээ үүрд нандигнаж яваарай. Мөн эцэг эхээ амьд байхад нь эд хөрөнгийн биш нэг удаа ч болов сэтгэлийн жаргал эдлүүлж байгаарай. Эр нөхрөө дээдэлж, бас тунг нь тааруулж яваарай. Гэргийгээ үр хүүхдийг чинь төрүүлж, удмыг нь үргэлжлүүлж яваа гээд үргэлж хайрлах хэрэгтэй. Гэр бүл болоход бэлэн болоогүй цагтаа амьдрал бүү эхлүүлээрэй. Хүний зүрх сэтгэл эмтэрдэг юм шүү. Үр хүүхдээ бага насанд нь хар дурсамжаар бүү хуч. Эцэстээ хулгайч, гэмт хэрэгтэн, архи уудаг, хүүхэд хүчирхийлэгчээс бусдыг нь хүн гэж л би хардаг. Магадгүй та зовж яваа бол удахгүй бүх зүйл сайхан болно. Үргүй нэгэн нь үртэй болно. Алдсан нэгэн нь ухаарна, хань ижилгүй нь сайхан ханьтай учирна. Удахгүй бүх зүйл сайхан болно. Монголын ард түмэн, сүсэгтэн олон үргэлж зовхи нь өөдөө байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)