Т.Мөнхзориг: Манай сумынхан энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга Тогоохүүгийн Мөнхзоригтой цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Танай сумын гол онцлог юу вэ?


-Манайх аймгийнхаа хамгийн баруун талын, тал хээрийн бүсэд багтдаг, томоохон сумын нэг. Мал, газар тариалан хослуулан хөгжүүлж ирсэн. Нийтдээ 404 мянган толгой малтай. Аймагтаа малын тоогоор тэр дотроо хонь, адуугаараа аймагтаа тэргүүлдэг. Өнгөрсөн онд малаа таван төрөлд нь өсгөсөн. Гол онцлог нь гэвэл энэ.


-Өвөлжилт ямархуу байна вэ?


-Цас ихтэй хүндхэн талдаа байна. Сүүлийн хоногуудад сүрхий хүйтэрч мал зутарч, малчид маань сандрах шинжтэй байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаас малын тарга хүч тийм сайн биш байсан. Харин малчид өөрсдийн хүчээр бага боловч хадлан, тэжээл бэлдэж авсаны дүнд одоохондоо тийм ч их хүндрэл гараагүй байна.
Гэхдээ 30 гаруй өрх айл эрсдэлтэй нутагт өвөлжиж байгаа юм. Нэг хэцүү нь бэлчээрийн даац 5-6 хувь хэтэрсэн. Гэтэл бас  бусад аймаг сумдын 7000 гаруй мал манай нутагт ирж өвөлжиж байна. Оторчид нь Өвөрхангайн Бүрд, Баян-Өндөр, Богд, Сант, манай аймгийн Дэлгэрхаан, Булганы Рашаантынхан байгаа юм. Отрын бүс нутагт нийтдээ 24.000 толгой мал байна. Энэ нь туурайн зуд бий болох эрсдэл үүсгэж буй юм. Хаваржааны бүс нутагт гэхэд эзэнгүй адуу тун олон байна.


-Юуны эзэнгүй адуу байх билээ?


-Нэг ийм отрын хэлбэр гараад ирчихэж шүү дээ. Эзэн нь гэр оронгүйгээр танил талаараа хоноглоод явах. Адуу нь эзэнгүй юм шиг өвөлжөө, хаваржааны бэлчээр идээд. Иймээс орон нутгаас тэдэнд шаардлага тавих, зохицуулах боломж тааруу байх юм. Өвөлжилт хүндрэхэд нөлөөлж байгаа юмны нэг нь энэ л дээ.


-Өвөлжилт хүндэрсэн үед малчдаа өвс, тэжээлээр хэрхэн хангаж байна вэ?


-Манай сум нутагт хадлангийн бүс нутаг гэж байдаггүй юм. Иймээс малчдын хувьдаа бэлдэж авсан бага шиг өвс тэжээл хангалттай биш.
Дорнод, Хэнтий болон өөрийн аймгийн хойд талын сумдаас өвс тэжээл татан авч байна. Өнөөдөр ханш гэж ярьвал боодол өвс 13-16 мянган төгрөг, тэжээл нь 21-23 мянган төгрөгт хүрсэн.


-Өндөр үнэтэй байна шүү. Тэгэхээр малчиддаа хэрхэн хүргэх болж байна вэ?


-Энд л гол бэрхшээл байна. Малын гаралтай бүтээгдэхүүн махнаас эхлээд ноос арьс ширний үнийн уналтаас болоод малчдын гар дээр бэлэн мөнгө алга.


Иймээс өвс, тэжээлийг малчдад зээл хэлбэрээр хөнгөлөлттэй үнээр олгоод ноос, ноолуурын үед төлүүлж авах талыг дээрээс зохицуулж өгмөөр байна. Саяхан аймгийн Онцгой байдлын газрынхныг ирэхэд бид малчдынхаа энэ саналыг хэлж уламжилсаан. Сумын төвийн өвөлжилт харьцангуй сайн гэж болно. Дал гаруй айл өрх, албан байгууллага нэгдсэн халаалтад холбогдсон. Бусад нь түлээ, түлшээ гайгүй нөөцөлсөн.


-Өнөө үед хөдөөд машин, техник өргөн хэрэглэх болсон учир түлш, шатахууны нөөц бас чухалд яригдах болсон доо?


-Тийм шүү. Ялангуяа дизель түлш хомс үед бүр хэцүүддэг гэж болно. Одоодоо хангамж гайгүй л байна. Бензин ч гэсэн. 


-Нэг литр дизель түлшний үнэ ямар байна вэ?


-Үнэтэй талдаа, 4000 төгрөгт хүрчихсэн. Нөгөө нэг ярихгүй байж боломгүй юм бол зэрлэг амьтдын хувьд идэш хоол дутмаг байгаа.
Манай сум зэрлэг ан амьтдын орчин бүрдсэн нутаг гэдэн ангилалд багтдаг. Байгалийн цогцолбор газрын нэг Батхаан ууланд гэхэд 800 гаруй буга, зэрлэг амьтан элбэг. Иймд бид орон нутгийнхаа нөхцөл боломжийг ашиглаад биотехнологийн зарим арга хэмжээг үе шаттайгаар авч байна. Эхний байдлаар иргэдийн санаачилгаар бэлчээр чөлөөлөх, хужир шүү тавьж өгөх ажил хийж байгаа юм.
Гэхдээ эдгээр ажилд тусгайлсан төсөв хөрөнгө байдаггүйгээс бэрхшээлтэй байна л даа.


-Өөрөө болохоор сумынхаа эдийн засгийн байдлыг мал аж ахуй, газар тариалан хослосон гэж хэлнэлээ. Тэгвэл ажиглахад үр тариа, тэжээлийн хувьд боломж нэг үеэ бодвол муудсан юм шиг...?


-Тэгж хэлж болно оо. Дөч гаруй жил тодорхой хэмжээний тариа, тэжээлийн үйлдвэрлэлтэй байлаа. 
1990-ээд оноос энэ салбар хувьд шилжсэнээр одоо өрхийн хэмжээнд тэжээл үйлдвэрлэдэг жижиг цехүүд болж үлдсэн. Тэглээ гээд хэрэгцээгээ хангах боломж алга. Иймээс сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө малын тэжээл бэлтгэх үйлдвэртэй болно гэж төлөвлөсөн. Бас хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч хийх ажил нэлээд бий. Дээш нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудад ч хандаж л байна.  Ер нь өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах тийм эх суурь нөөц манайд бий. Сайн сайн арга туршлагатай хүмүүс ч байгаа.


-Энэ онд сумын 100 жилийн ойтой гэж байна. Том ойгоо ямар ажил өрнүүлж угтаж байна вэ?


-Эрдэнэсант гэдэг сум баян түүхтэй. Ард олон нь хөдөлмөрч уламжлалтай сум төдийгүй сургуулийн маань 100 жил энэ жил тохиож байгаа юм. Иймээс их ойнуудаа угтаад шат шатандаа төлөвлөгөөтэй ажиллаж байна. 100 бүтээлч ажил хийх зорилт бий.
 Ер нь 100 жил гэдэг амьдралын түүхэнд том ой. Эрдэнэсантаар овоглодог хүн бүхэнд юм бодуулж таарна. Бид “Ногоон Ази” ТББ-тай хамтраад таван жилийн хугацаанд 100 га талбайд 800 мянган мод тарина. Энэ бол үндэсний хэмжээнд өрнөж буй ажилд оруулах хувь нэмэр юм. Мод үржүүлгийн газартай болно. Мөн хоггүй цэвэр орчинтой сумын өнгө төрхийг бүрдүүлнэ. Ингэснээр байгаль орчноо хамгаалахад бодитой алхам хийнэ гэж бодож байгаа.


-Сумынхаа эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ажилд ямар ахиц гаргах вэ?


-Малчид, иргэдээ ажилтай, орлоготой, нутаг орондоо тогтвор суурьшилтай амьдардаг байх нөхцөлийг хангахад нэлээд анхаардаг. Бизнесийн талыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Хамгийн гол юм өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжихийг чухалчилдаг. Энэ нь цаашдаа хөгжих боломж юм. Эрдэнэсант сумынхан сүү, цагаан идээ, уламжлалт суран болон модон эдлэлийн чиглэлээр нэлээд туршлагажиж байгаа юм. Энэ үндсэн дээр сумын брэнд бүтээгдэхүүний тоог бас ажлын байрыг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч байна. Зах зээлийн шаардлагаар иргэдийн маань идэвх ч сэргэж байна. Малчдын хоршоо, бүлгүүд нэмж байгуулагдаж байна. Малчид, газар тариалан эрхлэгчдийн бие биеэ тэтгэсэн чанартай үйл ажил шинэлэг санагдаж байгаа.


-Суманд ажилгүйдэл хэр байна вэ?


-Ажилгүйдэл бол байна. Иймд зорилтод бүлгийн хүмүүсийг ажлын байртай болгох, төсөл хөтөлбөрт хамруулах чиглэлээр хийж буй ажил нэлээд бий. Тэгэхдээ иргэн бүрт энэ ажлын үр дүнг хүргэхийг эрхэмлэдэг.  Сумын төсөвт байгууллагуудад 200 гаруй хүн ажилладаг. Малчдыг оролцуулаад үлдсэн хэсгийн 50 гаруй хувь хувиараа хөдөлмөр эрхэлдэг судалгаатай байна. Сумын хэмжээнд 20 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг түүний 14 мянган га-д нь улаан буудай тариалж байна. Гэхдээ сумын хэмжээт айл өрхийн 80 хувьд амьжиргааны эх үүсвэр мал гэж болно. Иймээс мал, малчид руу хандсан бодлого шийдвэр чухал гэж сумын удирдлага үздэг дээ.  Нөгөө гэвэл цаг хүндэрсэн үед малчдад үзүүлэх тусламж, эдийн засгийн хөнгөлөлт их шаардлагатай санагдаж байна.


-Малчдын хүссэн зорилго, үг яриа нь ямар байх юм бэ?


-Малчид өөр өөрийн зорилгоо сайн мэдэж байгаа. Гэхдээ л мал чинь хувийнх гэдгээр тэдэнд хандах анхаарлыг сулруулж болохгүй юм. Ялангуяа, өвөл, хаврын цаг хүндэрсэн нөхцөлд малын өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, зарим талын хөнгөлөлт төр, засгийн зүгээс үзүүлэх шаардлага их байх юм. Бэлчээр хомсдож ургамлын бүтэц муудсан гэдэг бол түгээмэл нөхцөл болчихож. 


Үүнтэй уялдаад малчид юу хэлж байна гэвэл урьд ургаж байсан нарийн өвс ургамлыг тарималжуулж бэлчээрийг сэргээх ажил хиймээр байх юм гэж. Эргэцүүлж үзэхэд шинжлэх ухаан талаас нь анхаараад хэрэгжүүлж болох юм. Бас отор нүүдлийг жаахан эмх замбараатай болгох, бүс нутгийн зохицуулалтыг хиймээр байгаа нь орон нутгийнхан бидний л боддог санаа. 
Мөн Батхаан уулыг түшиглэн ан амьтдыг сэргээн нутагшуулах, эко системийг нь хамгаалах зорилго бий. Бид “Батхаан” гэсэн хөтөлбөр боловсруулсан боловч хөрөнгө мөнгөний гачаалаас хэрэгжүүлэх ажил удаашралтай л байдаг даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин