Б.ОД
“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн 29.5 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг баталжээ.Хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, Дэлхийн банкийг төлөөлөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурлаа.
Энэ төслийг хэрэгжүүлснээр төрийн цахим үйлчилгээний системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах гэх мэт дижитал шийдлийг нэмэгдүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг хурдан, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм.
Харин “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 665 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргэжээ.
Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагаас 242005 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон болохыг Сангийн яамнаас мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn