C.Төгсжаргал: Зөвхөн цалингийн орлогод шаталсан хувь хэмжээ хамаарна

2023-01-03
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргалтай ярилцав. 

 

-Татварын шинэчлэл хэзээнээс эхлэв. Ямар үе шаттай явагдаж байна вэ? 


-Татварын багц хуулийн хоёр  дахь удаагийн шинэчлэл 2019 онд хийгдэж 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ шинэчлэл нь хууль эрх зүйн хүрээнд төдийгүй татварын албаны үйл ажиллагааны цахимжилт, системийн шинэчлэлд илүү дэвшилтэд өөрчлөлтийг хийж байгаатай давхцаж байна. Худалдаа, бизнес өргөжихийн хэрээр татварын албаны үйлчилгээ ч мөн цахимд шилжиж хуулийн хэрэгжилтийг илүү хялбаршуулах татвар төлөгчдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэх, хууль даган мөрдөлтийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Монголын татварын алба нь 2021 оныг “Татварын боловсролын жил-1”, 2022 оныг “Татварын боловсролын жил-2” гэсэн стратегийн зорилттойгоор хуулийг сурталчлах, түгээн таниулах чиглэлээр ажилласан. Энэ хоёр жилийн хугацаанд үндсэндээ татвар төлөгчийн татварын боловсролыг сайжруулахад анхаарсан. Одоо бид 2019 онд хэрэгжсэн Цахим татварын I үе шатыг  2023 онд Цахим татварын алба- II үе шат болгон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид хуулийн шинэчлэлийн талаар ерөнхий ойлголттой боллоо. Одоо цахим шинэчлэлийн дараагийн үе шатыг хэрэгжүүлж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, мэдээллийн системийг нэвтрүүлэхээр зорьж байна. 


-Цахим шинэчлэлийн хүрээнд хийгдсэн гол ажил и-баримтад иргэн бүрээ холбох ажил амжилттай болсон байх. Үүнийгээ дагаад бас дараагийн хялбаршуулсан апп гарах юм байна гэж ойлголоо?


-Манай и-баримтын систем 2015 оноос амжилттай хэрэгжиж эхэлсэн.  Монгол Улсын татвар төлөх үүрэг бүхий бүх иргэдийг энэ цахим системд холбож чадсан нь Ази номхон далайн орнуудын хувьд  шилдэг туршлага болж чадсаныг саяхан болсон Татварын албадын дээд хэмжээний уулзалт дээр цохон тэмдэглэсэн. Эцсийн хэрэглэгч бүр талх, сүү  гэх мэт бүхий л хэрэглээндээ НӨАТ төлж үүнийг И-Баримтаар баталгаажуулснаар үйлдвэрлэгч, борлуулагчдыг орлого, татвараа үнэн зөв тайлагнах системийг бүрдүүлж улмаар татварын бааз суурийг нэмэгдүүлж чадсан.  Энэ нь нөгөө талдаа иргэддээ НӨАТ-ын бүртгэсэн баримтаас 2 хувийн буцаан олголтын урамшууллыг олгох боломжийг бүрдүүлсэн. Тэгвэл одоо энэ амжилттай хэрэгжсэн системийг  ашиглаад зөвхөн буцаан олголтыг авдаг гэдгээр хязгаарлахгүйгээр иргэн бүр  гар утасныхаа хувилбараар татвар төлдөг, цахим тайлангаа илгээдэг болгоё гэсэн хөгжүүлэлт хийгдэж эхлээд байна. Татварын албаны бүх үйлчилгээг заавал суурин компьютер гэлгүйгээр гар утасны апп  руу ороод  хийчих ийм боломжийг бүрдүүлж шилжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр ихэнх татвар төлөгч татварын тайлангаа цахимаар өгөх түүнчлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэх мэт бусад олон үйлчилгээг нэг цонхноос авах, үйлчлүүлэх боломжтой болно гэсэн үг. 


-2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ХАОАТ-ын шаталсан хэлбэрт шилжүүлсэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийн талаар иргэд харилцан адилгүй ойлголттой байна. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү? 


-Зургаан төрлийн орлогод хувь хүний орлогын албан татвар “ХХОАТ” ногдуулдаг. Үүний зөвхөн цалин хөлс түүнтэй адилтгах урамшуулал, шууд бус орлогоос авах татварын хувь хэмжээ нэг шатлалтай буюу 10 хувь байсныг  2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тухайн 2 төрлийн орлого нь сарын 10 сая, жилийн 120 сая төгрөг бол хуучин 10 хувиар төлнө. Харин сарын орлого нь 10 сая төгрөгөөс дээш 15 сая, жилийн орлого нь 120-180 сая төгрөг байх юм бол 15 хувиар төлнө. Гэхдээ 10 сая төгрөгөөс  дээш нэмэгдсэн орлогод нь зөвхөн 15 хувиар тооцно. Өөрөөр хэлбэл, анхны орлогын дүнгээс биш зөвхөн тухайн нэмэгдсэн орлогын дүнгээс 15 хувиар татварыг тооцно. Энэ шаталсан хувь хэмжээ нь  зөвхөн цалин хөлс, шууд бус орлогод үйлчилнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүр тодруулбал, таны тухайн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан цалингийн орлогоос шаталсан хувь хэмжээгээр орлогын татвар авна гэсэн үг. Гэхдээ бидний гаргасан судалгаагаар ийм орлоготой  1300 гаруй иргэн л энэ хуулийн дагуу 15, 20 хувиар татвар төлөхөөр байгаа. Дийлэнх цалин хөлс авч байгаа иргэдэд энэ хуулийн үйлчлэл нөлөөлөхгүйгээр байгаа. 


-Өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн тэтгэврээс гадна ажил хийж орлого олж байгаа тохиолдолд ХХОАТ авах уу гэсэн асуулт их байна?


-Хувь хүн зургаан төрлийн орлогоос татвар төлдөг. Цалин хөлс, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгөө борлуулсан болон, түрээслэсний орлого, шууд бус орлого, бусад орлого гэх мэт. Тэгэхээр тэтгэвэрт гарсан иргэний тэтгэврээс гадна аливаа нэг байгуулагаас цалин хөлс авч байгаа бол  тэр нь сард 10 сая төгрөгөөс дээш гарвал шаталсан хувиар татвар ялгаагүй төлнө.  Өөрөөр хэлбэл, дахин нэг компани, хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж цалин авч байгаа иргэн  хамаарна. Харин зөвлөх үйлчилгээ болон тодорхой мэргэжлийн үйлчилгээ үзүүлж орлого олж байгаа бол энэ нь үйл ажиллагааны орлогод хамаарна. Үйл ажиллагааны хүрээнд орлого олж байгаа иргэн орлого олохтой холбоотой бүх зардлаа хасаж зөрүү дүнгээсээ арван хувийн татвар төлөх үүрэгтэй. Үүнд ямар нэгэн шаталсан хувиар буюу 10%, 15%, 20%-иар татвар ногдуулахгүй. Жишээлбэл, барилгын инженер байсан хүн тэтгэвэрт гарсны дараа барилгын нэг зураг төсөлд нэмэлт үйлчилгээ үзүүлээд сарын 3.5 сая төгрөгийн үйл ажиллагааны орлого олдог байж болно. Тэгвэл энэ хүн жилийн эцэст 42 сая төгрөгийн нэмэлт орлого олсон учраас үүнийгээ үйл ажиллагааны орлого гэж үзээд татварын албанд тайлагнана. Тайлагнахдаа би энэ үйл ажиллагааг явуулахдаа 20 сая төгрөгийн зардал гаргасан байна гэж үзвэл нийт орлогоосоо зардлаа хасаад 22 сая төгрөгт 10 хувиар татвар төлнө гэсэн үг. Орлогоо хэрхэн ангилах вэ гэдгээс хамаарч татвар төлнө. Гэхдээ хуулийн шинэчлэлийн шаталсан татварын нэмэлт өөрчлөлт зөвхөн цалингийн орлого, шууд бус орлого дээр хэрэгжинэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш үйл ажиллагааны болон бусад төрөлд хамаарахгүй.  Тэгэхээр тэтгэврт гарсан хүн татвар төлөхгүй гэсэн үг биш. Хэрэв үйл ажиллагаа эрхлэх хүрээнд нэмэлт орлого олж л байгаа бол жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд харьяа дүүргийнхээ Татварын албанд тайлангаа гаргаж татвар төлөх үүрэгтэй. 


-Түүнээс гадна мөн нэг хүн өөрийн нэр дээр  хоёроос дээш үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй бол мөн татвар төлөх хууль хэрэгжиж эхэлж байгаа. Үүнийгээ тодруулна уу?


-Хөдөө орон нутагт байрлалтай бүх орон сууц, Нийслэлд хоёр орон сууц үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгднө. Орон сууцанд ногдуулах үл хөдлөх хөрөнгийн татвар нь Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиар зохицуулагдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт бүхий журам 2022 онд батлагдсан. Тиймээс эхний хоёр орон сууц үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөж  гурав ба түүнээс дээш орон сууцанд  0.6-1 хувиар хөрөнгийн татвар төлнө. Мэдээж орон сууцны үнэлгээ байршлаас шалтгаалж олон янз байгаа. Арай бага үнэлгээтэйгээсээ татвараа төлөх нь нээлттэй. Түүнээс биш заавал өндөр үнэлгээтэйгээс татварыг тооцно гэсэн ойлголт байхгүй, иргэн өөрөө татвар төлөх орон сууцаа сонгож болно. 


-Хувиараа болон импортын бараа оруулж ирж бизнес хийдэг иргэд хувийн дансаараа гүйлгээ хийж бие биеэ рүүгээ мөнгө шилжүүлдэг. Тэр бүрд татвар авна гэсэн мэдээлэл цахим орчинд нэлээдгүй явж байна л даа?


-Дансны гүйлгээнээс татвар авдаг улс дэлхийн хаана ч байхгүй. Татвар гэдэг маань хүний олсон орлогоос  эсвэл эзэмшиж, өмчилж буй хөрөнгөөс л хуулиар авдаг ойлголт. Түүнээс биш гадагшаа барааны төлбөрт мөнгө шилжүүлэх бүрт татвар авна гэсэн ойлголт байхгүй. Бараагаа оруулж ирээд борлуулаад түүнээсээ гарсан зардлаа хасаад цэвэр ашгаасаа л татвар төлнө гэсэн үг. 200 сая төгрөгийн бараа оруулж ирэхэд 150 сая төгрөгийн зардал гаргасан гэж үзвэл  50 сая төгрөгөөс татвараа 10 хувиар төлөх ийм л хууль хэрэгжиж байгаа. Энэ бол үйл ажиллагааны орлого. Дахин хэлэхэд гүйлгээний дүнгээс татвар авна гэсэн зүйл хаана ч үгүй. Гүйлгээний үр дүнд бий болсон орлогоо өөрөө тодорхойлно. 100 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байлаа гэж бодоход орлого нь 10 сая төгрөг байж болно. Тэгвэл 10 сая төгрөгөөсөө татвараа төлнө. 


-Том татвар төлөгч хэдэн компани байна. Сая тээврийн компаниудын нүүрсний хулгайн хэрэг гарлаа. Эдгээрээс татвар төлөгч хэдэн компани байна. Акт тавигдсан ч зарим тохиолдолд үнийн дүн багасдаг гэсэн яриа байдаг?


Одоогоор том татвар төлөгч 905 аж ахуйн нэгж манайд бүртгэлтэй байна. Татварын алба нь 2018 оноос хойш олон улсын С зөвшөөрөлтэй нүүрс тээврийн дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудын татварын асуудалд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Том татвар төлөгчийн газарт 2022 оны байдлаар 12 тээврийн компани бүртгэлтэй байгаа бусад 380 гаруй тээврийн компани Нийслэлийн татварын газарт буюу дунд сегментэд бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 80 гаруй аж ахуйн нэгжид 80.2 тэрбум төгрөгийн акт тогтоосон. Татварын алба нь эдгээр компаниудын татварын хууль тогтоомж даган мөрдөлтийн байдалд эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэл өндөртэй компаниудыг тодорхойлж шалгасан. Энэ шалгалтын дүнгээр тээврийн компаниудын татвар төлөлт өсч  2021 онд 67.4 тэрбум төгрөг төлсөн бол  2022 онд 129.6 тэрбум төгрөг төлсөн байна.


-Шүүх маргаан дээр гэрээний асуудлаас болоод  анх тавьсан акт дүнгээр төлөгдөггүй гэдэг. Энэ ямар учиртай юм? 


-Тээврийн компаниудаас дангаараа 21 тэрбум төгрөгийн акт буюу төлбөр тавигдсан нэг компани байсан. Тэдний үйл ажиллагаа  жолооч, компани хоёрын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдсан байсан. Гэрээгээр нэг тонн нүүрс тээвэрлэх үнэ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байсан, гадагш шилжүүлсэн орлогоос НӨАТ нодуулаагүй  гэх мэт хэд хэдэн зөрчилд 21 тэрбум төгрөгийн акт тавьсан. Гэвч  маргаан шийдвэрлэх явцад  анхны дүнгээс 13 тэрбум хүрч буурсан байдаг. 


- Уул уурхай болон импортоор автомашин, гар утас оруулж ирж өндөр орлого олж байгаа хэрнээ татвар төлөхгүй байгаа салбаруудыг нэрлэж байна.Эдгээр салбараас татвар авах тухайд хэрхэн ажиллаж байна вэ?


-Өндөр хөгжилтэй орнуудын татварын орлогод ХХОАТ өндөр хувь эзэлдэг. Харин манай улсын хувьд олон төрлийн татвар байдаг ч үүнээс уул уурхайн компаниудаас авдаг АМНАТ буюу роялти өндөр хувийг эзэлдэг. Хоёрдугаарт, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ордог. Харин хувь хүний орлогын албан татварын эзлэх хувь маш бага 12 орчим хувь. Ялангуяа хувиараа бизнес эрхэлдэг бүх төрлийн бараа үйлчилгээнээс татвараа бүрэн авч чадахгүй байгаатай холбоотой. Өмнө нь бид барааны лангуу бүрээс, үсчин, гуталчин гээд жижиг, дунд бизнес эрхлэгч иргэдээс сарын 8-10 мянган төгрөгийн жишиг татвар авдаг байсан. Энэ хууль 2012 оноос  өөрчлөгдөж иргэнийг өөрөө орлогоо тодорхойлж татвараа төл гэсэн зарчимд шилжүүлсэн. Гэвч иргэдийн хуулиа сайн дураараа даган биелүүлэх хандлага сул байгаа учраас үүний цаана их хэмжээний далд эдийн засаг бий болох эрсдэл бий.  Жишээ нь, Автомашин импорлогчид, онлайн бизнес эрхлэгчид, гар утасны борлуулалтын бизнес хийж буй иргэд, томоохон зах худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах шаардлага бидэнд байгаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 1 (6986)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин