2022 он: Дэлхийн онцлох 10 үйл явдал

2022-12-28
Нийтэлсэн: Админ
 28 мин унших

"ТВ9"  телевиз,  "Зууны мэдээ" сонин  2022 онд Олон улсад болсон онцлох үйл явдлуудыг экспертүүдтэй хамтран нэрлэж байна.

 

БЭЭЖИН-2022: ЦАГААН ӨВЛИЙН НОГООН ОЛИМП

 

Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү бичиж байна.

 

Хятадын ард түмний 42 жилийн хичээл зүтгэл, долоон жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа 2022 оны хоёрдугаар сарын 4-нд Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт олимпын бамбар бадамлан асснаар 91 орны 2891 тамирчид 7 спортын (биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга) 15 төрөлд 109 цогц медалийн төлөө 16 өдрийн турш өрсөлдсөн юм.Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл спортын их цэнгэл болсон XXIV өвлийн олимпын наадмыг зохион байгуулахдаа БНХАУ нь шинжлэх ухаан технологийн ололт инноваци шингэсэн, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчиндоо ээлтэй байх даян дэлхийн орчин үеийн хөгжлийн хандлагыг илүүтэй ашигласан нь онцлогтой байлаа. 
Жишээ нь тэмцээн уралдаан болсон бүх спортын ордон цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгааныг 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж, олимпын наадмын турш үйлчилгээнд ашигласан машины 80% нь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд байлаа. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч улсын хувьд олимпын наадмын турш өндөр хурдний  5G сүлжээг ашиглаж нүүрс хүчлийн хий-CO2-ээр мөс үйлдвэрлэх гэх мэт шинжлэх ухааны дэвшлийг түлхүү ашигласан олимп болсон юм.ОУОХ-ны баримтлаж буй хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй байх зарчмыг баримтлан нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпын гол цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-т болсон бол “Бээжин-2008” зуны олимпын усан спортын гол ордон болсон “Water Cube”-ийг  “ICE Cube”болгон өөрчлөн ашиглаж чадав. 
2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпын төсөв харьцангүй бага буюу 3,9 тэрбум доллар орчимд болсон гэсэн мэдээлэлтэй байна. Учир нь уралдаан тэмцээн болох ихэнх спортын ордон, цэнгэлдэх хүрээллэн, дэд бүтцийн байгууламж нь өмнө нь ашиглаж байсан спортын хуучин байгууламжуудаа  шинэчлэн зассан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд сорилтыг амжилттай давж спортын их гэр бүлийн анд нөхдөө хүлээн авсан Бээжин хот нь өвөл зуны хоёр олимп зохион байгуулсан анхны хот болж олимпизмийн түүхэн мөнхрөн үлджээ. Манай тамирчдын хувьд анхны олимпын хоёр аварга төрөн гарсан Бээжингийн дэвжээ ээлтэй байдаг бөгөөд энэ удаа ч гэсэн манай тамирчид өвлийн олимпид оролцсон түүхийн буухийг үргэлжлүүлж чадсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадмын нээлтэнд оролцсон нь хүн төрлөхтний эв нэгдэлийн билэгдэл-олимпизмын үйл хэрэгт Монгол Улсын  дуу хоолойг өргөж мөн Монгол-Хятад хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг харуулсан чухал шийдвэр байлаа.

 

 

Казахстаны хямрал ба эсэргүүцлийн хөдөлгөөн

 

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн эрхлэгч,  профессор, доктор Ж.Баттогтох бичиж байна.

 

Казахстан улс газарзүйн хувьд нэлээн онцлогтой. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан  ба далайгаас хамгийн алслагдсан улс  юм. Мөн  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд (ШОС), Тусгаар тогтносон улсуудын хамтын ажиллагаа (СНГ), Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагуудын (ОДКБ)  хүрээнд  аюулгүй байдлын асуудлаар гурван гэрээний оролцогч бөгөөд хамтын үйл ажиллагааг энэ салбарт өрнүүлэхээр тохиролцсон улсын нэг юм.
Тус улсад болж буй бослого, үймээн самууныг хуучин Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай холбож болно. Учир нь Н.Назарбаев  бараг л бүх насаараа тус улсын ерөнхийлөгч байсан, 1990-2019 он хүртэл. Тэрбээр Казахстан улсад олон ажил эхлүүлж, эдийн засгаа хурдацтай хөгжүүлсэн гэж үздэг ч, түүний автолитар дэглэмийг буруушаадаг нь олонхи байсан. Тиймээс энэ удаагийн бослогыг олон жил нэг хүний болон түүний ойр дотны хүмүүсийн  гарт Казахстаны төрийн дээд эрх төвлөрснөөс үүдсэн тогтоолцооноос болж нэг л өдөр ард түмэн дотроосоо үймэх нь тодорхой гэж судлаачид үзсэн. 
Бас нэг таамаглал бол сүүлийн жилүүдэд  Казахстанд эдийн засаг,  нийгмийн нөхцөл байдал нэлээн онцгүй байлаа. Дэлхий нийт цар тахлын сорилттой нүүр тулсан. Тэр дундаа Казахстанд эдийн засгийн гол тулгуур болсон үр тарианы ургац тааруу байсан. Үүнд цаг агаарын нөхцөл байдал ч нөлөөлсөн. Мөн нефть олборлодог орон хэрнээ шингэрүүлсэн түлшний үнийг  хоёр дахин өсгөсөн нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Үүнээс болж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж хүрээгээ тэллээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн бухимдлыг жижиг өвсөнд ассан гал газар авч байгаатай зүйрлэж болно. Энэ мэт нийгмийн асуудлаа зөв зүйтэй харж хугацаа алдалгүй шийдэж байхгүй бол улсын аюулгүй байдлаа ганхуулж гадныхны өгөөш болох эрсдэлтэй. Энд мөн Казахстаны үймээн самууныг ямар нэг байдлаар ашиглаж байгаа бүлэг байхыг үгүйсгэхгүй гэж судлаачид үзэж байна. Үймээн самуун гурван сая иргэнтэй Алматы хотод  илүүтэйгээр гарснаас харахад тоталитор дэглэм, Ерөнхийлөгчийн засаглал, Н.Назарбаевийн эсрэг байр суурьтай оршин суугчидтай гэсэн судалгаа байдаг юм билээ. Тухайн нөхцөл байдалд Хамтын аюулгүй байдлын гэрээний орнууд Казахстанд туслана гэдгээ мэдэгдчихсэн. 
Энэ бол олон улсын харилцааны түүхэнд нэг чухал алхам байлаа.  Бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны гэрээгээр бол нэг нэгэндээ харилцан туслах, олон оронд гарсан өнгөт хувьсгалуудаас дүгнэлт хийж, дахин тийм байдал улс орнуудад бий болохоос сэргийлж,  урьдчилсан дипломат арга ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс ийм арга механизмийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд болох аюулыг сарниулах, энх тайвныг бэхжүүлэхэд бүс нутгийн аюулгүй байдлыг хамтаараа хамгаалах гэрээний хэрэгжилт харагдах юм. 

 

 

БРИТАНИ ДЭЛХИЙД ЯМАР БАЙР СУУРЬТАЙГ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД ХАРУУЛЛАА 

 

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо бичиж байна.

 

-Хүн төрөлхтний түүхэнд тасралтгүй 70 жил хааны титэм зүүсэн хүн ховор. Тэдний нэг нь Британийн хатан хаан II Элизабет. Нийт хүн төрөлхтний түүхээр авч үзвэл ямар улсыг хүлээж аваад ямар болгож үлдээв гэж харвал их олон талаас нь ярьж болох байх. Дэлхийн II дайны дараа “Төмөр хөшиг”-өөр тусгаарласан ертөнцөд түүний гүйцэтгэсэн үүрэг, өнөөдрийн XXI зууны эхний 20 жилийн түүхийг оруулаад тооцвол нэлээн их цаг, цаас орно. Энэ талаар олон судалгаа дүгнэлт бий. Судлаачийн хувьд хатан хааныг агуу хүн гэж боддог. Зөвхөн нэг улс биш хамтын нөхөрлөлийн 15 орны өмнө өдий зэрэгтэй нэр хүнд, үлгэр дууриал хувь хүний байр суурийг хадгалж чадна гэдэг эмэгтэй хүнд  ховор заяах тохиол. II Элизабет хувь хүн талаасаа мундаг ажил хэрэгч, манлайлагч байсан гэдэг. Хошин шогийн нарийн мэдрэмж өндөртэй. Хувцаслалт загвар талаасаа ч ХХ зууны эмэгтэйчүүдийг өнгөлсөн хүмүүсийн дунд хатан хаан маргаангүй багтана. Улсынхаа түүхэнд гурван эмэгтэй ерөнхий сайдыг томилохыг ёсчлон баталж, эхний хоёртой нь хамтарч ажилласан. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн манлайлалд сайн жишиг тогтоож чадсан гэж боддог.
Дэлхийд танигдсан улстөрч Британид олон байсан. Тэдний дотроос хатан хааныг үдэх ёслол дэлхий нийтэд түүх болж бичигдэж үлдлээ. Өөрөөр хэлбэл, хатан хааны гэр бүлийн холбогдолтой үйл явдал дэлхийн түүхэнд хамгийн хамгийн гэсэн ангилалд бичигдэн үлддэг жишиг тогтчихлоо. Тухайлбал, хатан хааны ач хүүгийн хуримын ёслолыг телевизээр дэлхийн хамгийн олон хүн үзсэн байдаг. Үүнтэй адил хатан хааныг оршуулах ёслол XXI зууны эхний 20 жил дэх том үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэж магадгүй. Мөн III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслол бас л анхаарал татсан үйл явдал. Энэ бүхэн Британи гэдэг улс дэлхийд ямар үүрэг гүйцэтгэж, ямар байр суурьтай байгааг харуулж байгаа хэрэг. Чарльз өв залгамжлах нь аль хэдийнэ тодорхой болсон. Хатан хаан II Элизабет амьд сэрүүндээ залгамжлагчаа тодруулсан. 
70 настай Чарльзыг өнөөгийнхөөс өөр “шинэ” хүн болгож өөрчлөх боломжгүй. Чарльзын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг буюу ногоон хөгжил, экологи, хүний эрх талаас харвал хатан хаан II Элизабеттэй харьцуулах боломжгүй. Тиймдээ ч ээжтэй нь харьцуулж, тэр хэмжээний зүйл шаардах хэцүү болов уу. Хааны хувьд өндөр дээд нэр хүнд, үлгэр дууриал үзүүлэх байдлаа алдахгүй хадгалж явах нь чухал. Хаан ямар байхаас Британи дэлхийд ноёлох эсэх нь хамаарахгүй шүү дээ. Хааны үүрэгт хамаарах өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгээд л явах байх.
Монгол, Их Британи хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн түүхэнд манайхаас томилогдсон 15 Элчин сайд жуух бичгээ хатан хаанд өргөн барьсан байдаг. Манайхаас очсон төрийн өндөрлөгүүдийн айлчлалуудад ч ач холбогдол өгч хүлээн авч уулзаж ирсэн.

 

 

Швед, Финланд улсыг НАТО-д элсэхийг Турк эсэргүүцэв

Эрих Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй”, Ли Гуан Яаогийн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал”, Бжезински  “Их сүйрэл буюу коммунизм ХХ зуунд мэндэлж мөхсөн нь”  номын орчуулагч, зохиолч  Н.Пүрэвдагва бичиж байна.

 

- Дэлхийн II  дайны дараа капиталист, социалист хоёр тогтолцооны улс орнуудын гол илэрхийлэл болсон хоёр цэргийн байгууллага байсан.  Үүний нэг нь НАТО, нөгөө нь Варшавын гэрээний орнуудын цэргийн байгууллага юм.  Харин СССР гэдэг улс байхгүй болсны дараагаас, социалист гэгдэж  байсан орнууд мөн тарж Варшавын гэрээний орнууд  гэсэн цэрэгжсэн байгууллага байхгүй болсон.  Тэр үед ОХУ дөнгөж байгуулагдаж, санхүү эдийн засаг гээд бүх талаар уналттай байлаа.  Харин АНУ тэргүүтэй орнуудын НАТО-гийн цэргийн байгууллага хэвээрээ үлдсэн.  Швед болон Финланд улсууд бол өөрсдөө маш сонин орон.  Дэлхийн I , II дайны үед төвийг сахигч бодлогыг баримталж байлаа.   Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнц хэд хуваагдаж хоорондоо байлдаж байхад энэ хоёр улс маань аль ч талд ороогүй, дайнд оролцоогүй.  Тэр ч утгаараа олон улсын холбогдолтой уулзалт, гэрээ хэлэлцээрүүд дандаа тэр хоёр оронд болдог байсан.  Дайны үед ямар нэгэн хохирол учирч, газар нутагт нь бөмбөг дэлбэрээгүй цөөн хэдэн хожоотой орнуудын төлөөлөл юм.  Харин яагаад геополитикийн сонин содон нөхцөл байдалтай байгаа энэ үед НАТО-д  элсэхээр болов.  Энэ шалтгааныг янз бүрээр тайлбарлаж болно.  Дэлхий дээр одоо эрчим хүч, байгалийн шатдаг хий, нефть, нүүрсний нөөц хаана хамгийн их байна гэхээр Хойд мөсөн далайд байна.   ОХУ саяхан хүчтэй мөс зүсэгч атомын усан онгоц тэнд тавилаа.  Тэр утгаараа Хойд мөсөн далай бол дэлхийн улс орнуудын олон эрх ашиг солбилцож байгаа газар. Швед болон Финланд улсуудын газар зүйн байрлалыг харвал тэр хүртэлх усан тээврийн гол зангилаа, хяналт тавьж болох газар байж болохоор байгаа юм.  Миний хувьд энэхүү эрх ашигтай холбоотойгоор НАТО-д элсэх хүсэлтээ хүргүүллээ гэж харж байна.  Мөн хэн дэлбэлсэн нь тодорхой бус хийн хоолойнууд ч тухайн бүс нутагт байна.  Тэгэхээр НАТО-гийн гэгдэж буй орнууд дээрх асуудлаар нөлөөллийн бүсээ тэлэхийн тулд энэ хоёр орныг НАТО-д элсэхийг хүлээн зөвшөөрч байна. Харин Турк тус хоёр улсыг НАТО-д элсэхэд хориг саад учруулж байгаа.  Дэлхийн дээр Монгол Улс жишээ авч болохоор олон улсын хоёр гол тоглогч байгаагийн нэг нь Турк улс.  Нөгөө нь Белерусь.  1960 оны орчим Европын орнууд утаандаа угаартсан.  Тэр утаанаас яаж салсан гэхээр байгалийн шатдаг хий салгасан.  Утаанаас салгадаг шалгарсан технологи бол байгалийн шатдаг хий гэдгийг тухайн үеэс л хүлээн зөвшөөрсөн.  Шатдаг хийг олборлож чадаж байгаа улс бол ОХУ.  Энэ хийг анх зөвхөн Укрианы нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан гаргаж байлаа.   Харин одоо Турк улсад хуваарилах станц байгуулж, улс орнууд руу дамжуулан  хуваарилах асуудал яригдаж байна.  Тэр утгаараа Турк бол гол тоглогч болж эхэллээ. 

 

 

ОХУ, Укрианы дайн+Европын эрчим хүчний хямрал

 

ХИС-ийн доктор, профессор Д.Уламбаяр бичиж байна.

 

Нэг. Олон улсын байгууллагуудаас гарч буй сүүлийн үеийн баримт бичгүүдэд дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал (uncertainty) улам бүр нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин ноцтой доройтсоор (seriously deteriorating)  байгаа тухай, урьдчилан таамаглах аргагүй дэлхий ертөнц (unpredictable world)-ийн тухай дүгнэж, тиймээс ч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн  дүрмээр тоглодог олон улсын шинэ дэг журмыг тууштай сахин хамгаалах тухай онцлон тэмдэглэсээр байна. Ямар ч тохиолдолд хүч хэрэглэхийг зөвтгөх боломжгүй бөгөөд өөрийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавихаас шийдэмгий татгалзаж, тулган шаардах, хүчээр түрээ барих, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах гэсэн хүйтэн дайны ужиг сэтгэлгээнээс ангижир ч, аливаа маргаантай асуудлыг улс төр-дипломатын арга замаар шийдвэрлэх нь цорын гагц боломж болохыг гүнээ ухамсарлах явдал гэж үзэж байна. ОХУ Украинд түрэмгийлж, НҮБ-ын Дүрэм, Олон улсын эрхзүйн үндсэн зармуудын тухай 1970 оны НҮБ-ын Тунхаглалд заасан Улс гүрнүүдын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Хил хязгаарын халдашгүй байдал, Хүч үл хэрэглэх, хүчээр үл заналхийлэх, Дотоод хэрэгт үл оролцох, Аливаа маргаантай асуудлыг эвзүйн аргаар, энхтайван замаар шийдвэрлэх, Тэгш эрхийн зарчим, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, нийгмийн байгууллаа чөлөөтэй сонгох, өөртөө засан тогтнох эрхийг хүндэтгэх, Хүний эрхийг дээдлэх, Энхтайвнаар зэрэгцэн орших нөхцөл дор харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, түрэмгийлсэнтэй холбогдох тогтоолуудыг тус тус гаргасан нь зарчмын нэн чухал ач холбогдолтой.
Хятадын удирдагч Ши Жиньпин Германы канцлер О.Шольц, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай уулзах үеэр  цөмийн дайн хэзээ ч хийж болохгүй, үүнд хэзээ ч ялах боломжгүй гэдэгтэй санал нэг байгаагаа  илэрхийлж, Украинд цөмийн зэвсэг хэрэглэх буюу ашиглах аюулыг эсэргүүцэж байгаагаа онцлон тэмдэглэсэн.
Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа ирэх оны эхээр шатлан өргөх төлөв ажиглагдаж байна.  Эцсийн бүлэгт их гүрнүүдийн тохиролцоо, харилцан буултаар энэ дайн төгсөх болов уу.
Хоёр. ЕХ ОХУ-ын хийнээс 30 хувь, Франц 18 хувь, Итали 20 хувь, Герман гэхэд  40 хувийн хараат байжээ. Тийнхүү ОХУ-ын эрчим хүчний хараат байдалд орсноо 2021 өвлөөс бүрэн мэдэрч эхэлсэн, үүнийгээ ч бүрэн хүлээн зөвшөөрсөн. 2021 оны намраас ЕХ байгалийн хийг Нидерландын TTF хийн биржээр  худалдан авах, Орос болохоор урт хугацааны гэрээгээр нийлүүлэх саналтай байсан. Урт хугацааны худалдааны гэрээ нь ЕХ-г Оросын эрчим хүчний хараат байдалд улам  оруулах болно гэж үзсэн. Балтын тэнгисээр ЕХ- руу тавьсан “Хойд урсгал-2” хийн хоолой бүрэн хаагдснаар ОХУ 11 тэрбум ам. долларын алдагдал хүлээсэн. Украин дахь ОХУ-ын цэрэг дайны ажиллагаа эхэлснээр ЕХ ОХУ-д эдийн засгийн есөн удаагийн багц хориг арга хэмжээ аваад байна. Үүний хариуд оросууд ЕХ-нд нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ огцом танаснаар ЕХ эрчим хүчний хямралт байдал орсон. ОХУ асар их хий, газрын тосны баялагтай атлаа өөрөө ч эрчим хүчний хүндрэлтэй байна. ЕХ өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын газрын тос, арванхоёрдугаар сард хийн экспортод үнийн дээд хязгаар тогтоосон шинэ хориг тавьсан. Украин дахь дайны үр дагавар дэлхий нийтийг эрчим хүчний хямралд оруулж, үүнээс улбаатай инфляц, үнийг хөөрөгдөл хөгжиж буй орнууд төдийгүй, хөгжингүй орнуудын иргэдийн аж амьдралыг туйлдуулсаар байна. 
Гэхдээ ЕХ эрчим хүчний шинэ шилжилт хийснээр 2023 онд хараат байдлаа эцэслэн шийдэх тохиргоогоо дуусгах төлөвтэй. Мөн ЕХ 2022 оны хоёрдугаар сард цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчний ангилалд оруулсанаар шинэ боломжууд нээгдэж байна. Ер нь бол ОХУ ЕХ-н дахь 130 тэрбум еврогийн хийн найдвартай зах зээл, мөн хэмжээний газрын тосны зах зээлээ бүрэн алдлаа. Энэ зах зээл эргэн сэргэх магадлал “0” хувьтай байна. БНХАУ Европын холбоогоос сургамж авч эрчим хүчнээс нэг улсаас хэт хамааралтай байх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавартай болохыг ойлгож эхэлсэн.

 

 

ИХ БРИТАНИ ГУРВАН ЕРӨНХИЙ САЙДЫН НҮҮР ҮЗЭВ

МУИС-ийн ОУХНУС-ийн багш Б.Баярцэнгэл бичиж байна.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, олон улсын харилцааны нөлөө бүхий оролцогч Их Британийн хувьд 2022 он нь олон сорилт бэрхшээл, шинэчлэлтийн жил байв. Үүний нэг тод илрэл нь хоёр сард гурван ерөнхий сайдын нүүрийг үзсэн улс төрийн тогтворгүй явдал байлаа.
Консерватив болон Хөдөлмөрийн нам нь Их Британийн хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин юм. Сүүлийн жилүүдэд парламентын сонгуульд Консерватив нам амжилттай оролцож тус намын дарга нь ерөнхий сайдаар ажиллаж байгаа төдийгүй 2022 онд солигдсон гурван ерөнхий сайд бүгд Консерватив намынхан байна. Оны эхэнд ерөнхий сайдаар Борис Жонсон ажиллаж байсан бөгөөд “COVID-19” цар тахлын хатуу хөл хорио тус улсад үйлчилж байв. 2019 оноос энэхүү албан тушаалыг хашсан Борис Жонсон хөл хорионы үед ажлын албаныхантайгаа олон хүнийг хамруулсан арга хэмжээнд оролцож хундага өргөсөн нь илэрч олон нийтийн дургуйцлыг ихэд хүргэсэн нь албан тушаалаа хүлээлгэж өгөх шалтгаан болсон юм. Ийнхүү улс төрийн дэмжлэг нь суларсан тул долдугаар сард огцрохоо мэдэгдэж есдүгээр сард Консерватив намын шинэ дарга, шинэ ерөнхий сайд тодорсны дараа ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.   
Борис Жонсоны дараа ерөнхий сайдын суудлалд очсон эрхэм бол Лиз Трасс байв. Тэрбээр 44 өдөр ерөнхий сайдын алба хашсан нь Их Британийн түүхэн дэх хамгийн богино үзүүлэлт боллоо. Хэдийгээр цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилго дэвшүүлсэн ч дотоод бодлогууд, тэр дундаа татварын бодлого нь олон нийтийн дургуйцлыг төрүүлж танхимын сайд нар нь огцорсноор аравдугаар сарын 25-нд огцорч буйгаа мэдэгдсэн юм. Лиз Трасс богино хугацаанд ерөнхий сайд байх үед нь Их Британийн хатан хаан II  Элизабет таалал төгссөн бөгөөд тэрбээр хатан хааны дэргэд ажилласан 15 дахь ерөнхий сайд болж хатан хааныг оршуулах ёслол, шинэ хаан III Чарльз тангараг өргөх арга хэмжээнд Засгийн газраа төлөөлөн оролцсон билээ. Лиз Трасс огцорсноос хэдхэн өдрийн дараа Консерватив намын тэргүүний төлөөх сонгууль болж Риши Сунак сонгогдон ерөнхий сайд болсон нь Энэтхэг гаралтай бөгөөд Их Британийн ерөнхий сайдаар ажиллаж буй анхны Ази гаралтай хүн юм. Ерөнхий сайд Риши Сунак улс орных нь өмнө тулгарч буй олон асуудлууд тэр дундаа цар тахлын эдийн засгийн нөлөөг бууруулах, Орос-Украины дайнаас үүдэлтэй олон асуудлууд, цагаачлал, ойрын 40 жилд улсад нь үзэгдээгүй инфляц, Брэксит буюу Их Британи Европын холбооноос гарсны дараа тус холбоотой хэрхэн үр өгөөжтэй хамтран ажиллах тухай, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ зэрэг маш олон асуудлууд шийдэл, шийдвэр хүлээж байгаа юм.  
Их Британийн зарим судлаачдын үзэж байгаагаар 2016 онд Их Британи Европын холбооноос гарахтай холбоотой санал асуулга болж өнгөрснөөс хойш улс төрийн тогтворгүй байдал эхэлсэн гэдэг. Тус улсын түүхэнд 2007 он хүртэлх 28 жилд ердөө гурван ерөнхий сайд л ажиллаж байсан бол 2007 оноос хойш Гордон Броун, Дэвид Камэрон, Тэрэза Мэй, Борис Жонсон, Лиз Трасс, Риши Сунак гэсэн ерөнхий сайдууд дараалан ажилласан нь рекорд тогтоогоод байгаа юм. 2022 онд гурван ерөнхий сайд, сүүлийн зургаан жилд таван ерөнхий сайдын нүүр үзээд буй Их Британи улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм гээд олон төрлийн сорилт бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх, цаашид хэрхэх нь судлаачид, олон улсын харилцаа сонирхогчдын анхааралд  байна.

 

 

Нэнси Пелосигийн айлчлал Хятад-Тайванийн харилцааг хурцатгав

Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд бичиж байна.

 

БНХАУ-аас “хатуу” анхааруулсныг үл харгалзан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ оны наймдугаар сарын 2-ны өдөр Тайваньд айлчилсан билээ. Нэнси Пелоси “Энэхүү айлчлал нь Тайванийн ардчиллыг дэмжихийг зорьсон АНУ-ын гуйвашгүй хүчин чармайлтын билэг тэмдэг” юм гэж мэдэгдсэн. Хатагтай Н.Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болсон. БНХАУ энэ айлчлалыг АНУ-аас Тайванийн “де-факто тусгаар тогтнол”-д дэмжлэг үзүүлсэн хэрэг хэмээн үзэж, Н.Пелосигийн айлчлалын дараа Тайванийн хоолойд цэргийн сургууль хийсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын орчинг хурцатгасан. Зарим судлаачдын үзэж байснаар, Тайванийн хоолойд БНХАУ, АНУ-ын цэргийн мөргөлдөөн үүсч болохуйц нөхцөл үүссэн. Гэвч талуудын хүчин чармайлтын үр дүнд нөхцөл байдал энэ хэмжээнд хүрч хурцдаагүй юм. Мөн Нэнси Пелосигийн айлчлалаас 12 хоногийн дараа Конгрессын гишүүд айлчилсан билээ. БНХАУ, АНУ-ын харилцаанд тулгамдаж буй асуудлуудын нэг нь Тайвань болсоор ирсэн. Тайвань 1971 он хүртэл Хятадын ард түмнийг НҮБ-д төлөөлж байсан бол “Нэг хятадын бодлого”-оор дамжуулан БНХАУ нь АНУ-тай харилцаагаа сайжруулснаар БНХАУ нь НҮБ-ын гишүүн болж, Аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болсон билээ. АНУ нь Тайванийн тусгаар тогтнолыг албан ёсоор 1978 онд хүлээн зөвшөөрч байгаад энэ бодлогоо өөрчлөн 1979 онд “Тайванийн харилцааны тухай хууль”-ийг батлах замаар тус аралтай “дипломат бус” харилцаатай явсаар өнөөг хүрсэн. Вашингтоноос Тайваньд зэвсэг худалдсаар байгаа нь “хоёр эргийн харилцаа” буюу Хятад-Тайванийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг хэмээн Бээжин үздэг. Тиймээс Бээжин энэ үйлдлээ зогсохыг Вашингтоноос удаа дараа шаардсааар ирсэн хэдий ч Вашингтон Тайванийн өнөөгийн “статус кво”-г хадгалан үлдэх буюу Хятадын эх газарт эргэн нэгдүүлэх сонирхолгүй байдаг. Энэ нь цэрэг-стратегийн болон эдийн засгийн шалтгаантай. Цэрэг-стратегийн үүднээс тайлбарлавал, Тайвань Хятадад нэгдэх юм бол Хятадад стратегийн давуу талыг бий болгож, АНУ-ын бүс нутаг дахь байр суурь сулрахад хүргэнэ. Эдийн засгийн үүднээс авч үзвэл, Google, Apple, Amazon зэрэг Америкийн томоохон технологийн компаниуд чип үйлдвэрлэлийнхээ бараг 90 хувийг дан ганц Тайванийн TSMC компанид тулгуурлан хангаж байна. 

 

 

Ши Жиньпин дахин таван жил БНХАУ-ыг удирдахаар боллоо

Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ бичиж байна.

 

-ХКН 1982 оны 12 их хурлаар Дэн Шяопины удирдлага доор намынхаа дүрмийг шинээр баталж, их хурлыг таван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар зааснаас хойш  эдүгээ хүртэл хатуу баримталсаар ирсэн. Тэгвэл энэ оны аравдугаар сарын 16-22 өдөр ХКН-ын ээлжит 20 их хурал өндөр зохион байгуулалт доор болж өндөрлөсөн билээ. Хурлаар Ши Жиньпин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдож, Хятад улсыг дахин  таван жил, магадгүй 10 жил, үүнээс ч урт хугацаанд удирдах нь тодорхой болов.  Ши Жиньпин дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах эхний 100 жилийн зорилтыг амжилттай биелүүлээд, социалист орчин үеийн хүчирхэг гүрнийг бүх талаар байгуулах хоёр дахь зуун жилийн дараагийн зорилт өөд алхан орж буй цаг үед Хятад улсыг удирдаж буйгаараа онцлог гэж болно. ХКН-ын Их хурлаар улс орныг удирдан залах цаашдын бодлогын төлөвлөгөөг “Улс төрийн тайлан” хэлбэрээр Намын удирдагч, Ерөнхий Нарийн бичгийн дарга нь нийтэд танилцуулж, баталдаг. Тэгвэл Ши Жиньпин дарга энэ удаагийн хурлын тайланг “Хятадын онцлогтой социализмын аугаа тугийг өндөрт өргөж, орчин үеийн социалист улсыг иж бүрэн бүтээн байгуулахын төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн доор тавив. Энэхүү тайланд  Хятад улс цаашид өрнөдийн хэв маягтай хөгжлийн замаар бус харин Хятад модернизаци буюу хүн амын тоогоор хамгийн их, ард түмэн хамтдаа чинээлэгжих, материаллаг болон оюуны соёлыг харилцан уялдуулах, хүн хийгээд байгалийн зохирлыг чухалчилах,  энх тайванч хөгжлийн замаар замнах гэсэн таван онцлогийг шингээсэн Хятадын онцлогтой, Хятад маягийн загвараар хөгжих замыг тууштай баримтална гэдгээ онцлов. Ийнхүү хятад модернизацийг хийх явцад үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарахаа мэдэгдсэн. Үндэсний аюулгүй байдалд дан ганц цэрэг арми, батлан хамгаалахын салбар бус хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, гол үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдал зэрэг багтахаар заасан байна. 
Түүнчлэн Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг дундаж түвшний хөгжингүй улс орны хэмжээнд буюу нэг хүнд ногдох ДНБ  хэмжээ 20000 ам долларт хүргэх зорилтыг тавилаа. Энэ зорилтод хүрэхийн тулд 2035 он хүртэл Хятадын эдийн засаг жилд дунджаар 4-5 хувийн өсөлтийг хангах ёстой. ХКН-ын их хурлын бас нэг чухал ажил үүрэг бол тухайн үеийн улс орны дотоод гадаадын нөхцөл байдалд үндэслэн намын дүрэмд зохих өөрчлөлтүүдийг оруулах явдал байдаг. Тэгвэл энэ удаагийн ХХ Их хурлаар намын дүрэмд нилээн хэдэн өөрчлөлтүүдийг оруулсан ба онцолбол “нам бол улс төрийн хамгийн дээд удирдах хүч байна, намын бүх талын удирдлагыг хатуу баримталж, бэхжүүлэх” гэж оруулсан нь ХКН-ын эрх мэдлийг улам баталгаажуулсан үйл явдал болов.

 

Дэлхий “олон талт” инфляцын өсөлттэй нүүр туллаа

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Должинжав бичиж байна.

 

COVID-19 цар тахлаас арайхийн салж, эдийн засгаа дахин сэргээхээр зүтгэж байсан дэлхийн улс орнууд энэ зун хэт халалт, ган гачиг, үер гэсэн байгалийн гамшгаас үүдэлтэй хямралд өртсөн талаарх судалгааг “CNN” танилцуулж байв. Тухайлбал, энэ жил АНУ, Хятад болоод Европын орнууд хэт халалт, ган гачиг гэсэн байгалийн гамшигт үзэгдэлтэй нүүр туллаа. 
Үүнээс гадна Орос болон Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор Европт эрчим хүчний үнэ тэнгэрт хадсан бол АНУ, Их Британи тэргүүтэй орнуудад  инфляцын үнэ огцом нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний өртөг хэд дахин нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Их Британид инфляцын өсөлт, төрийн үйлчилгээний хүнд суртал, эрчим хүчний үнийн хөөрөгдөл, цахилгаан тасрах эрсдэл өндөр гэсэн богино хугацаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хүндхэн олон асуудал үүссэн. Тус улсын инфляцын хэмжээ сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрч, гүн хямралд ороод байгаа учир төсвөө танахаар төлөвлөөд байна.
Харин Хятадын тухайд цар тахалтай холбоотой хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал гэсэн асуудлуудаас үүдэн эдийн засгийн хүнд байдалтай тулгараад байна. Мөн эдийн засгийн тогтворгүй байдал, хоол хүнс, хэрэглээний үнийн өсөлтийн улмаас бага орлоготой италичууд амьжиргаагаа залгуулахын тулд супермаркетуудад жижиг хулгай хийхээс өөр аргагүй болж байна гэж “Agenzia Nova” мэдээллийн агентлаг мэдээлэв. Энэ бол дэлхийн улсуудад үнийн өсөлт хэрхэн нөлөөлсний тод илрэл юм.
Түүнчлэн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (ДХХ) Ойрхи Дорнод ба Хойд Африкын бүсийн захирал Корин Флейшер 2023 онд хүнсний хомсдолд орох эрсдэлтэйг анхааруулсан талаар “NHK” суваг мэдээлэв. Тэрбээр “Энэ жил хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж хүнсний бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болсон нь асуудал байсан ч ирэх жил манай гарагийн хүн амыг бүхэлд нь тэжээх хоол хүнс хүрэлцэхгүй нөхцөл байдалд орж болзошгүй” гэж тэр онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр үүний гол шалтгаан нь Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, Оросоос бордооны экспорт буурсан,  энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой юм. Энэ нь тариаланчдыг газар тариалан эрхлэхэд саад учруулж болзошгүйг тэрбээр тэмдэглэв.
Ийн өнгөрөгч оны тухайд Орос-Украинд үүссэн хурцадмал асуудал буюу олон улсын тааварлашгүй нөхцөл байдал улс орныг эдийн засгийн хямралд хүргэлээ. Өмнөх жилүүдэд тухайн улсын Засгийн газрын буруу шийдвэр, улс оронд болсон үймээн самуун хямралд өртөхөд нөлөөлдөг байлаа. Ийн Украинд үүссэн нөхцөл байдал дэлхий хэрхэн даяаршиж, нэг нэгнээсээ хамааралтай болсныг бидэнд эргэн сануулсан юм.

 

 

Шинзо Абэгийн үхэлтэй холбоотой цуурхал эрх баригч намын нэр хүндэд нөлөөлөв

 

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Должинжав бичиж байна.

 

2022 оны долдугаар сарын 08-ны баасан гараг дэлхийн түүхэн дэх хар өдрүүдийн тоог нэгээр нэмэв. Жил бүрийн энэ өдөр хүмүүс Шинзо Абэ хэмээх Японы түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхий сайдыг эргэн дурсах, хүндэтгэл үзүүлэх “том алба”-тай болсон юм. Тодруулбал, энэ оны долдугаар сарын 8-ны өглөө Шинзо Абэ Нара хотод сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр үг хэлэв. Тус улсад ням гарагт парламентын сонгууль болох байсан бөгөөд нөлөө бүхий улстөрч намынхаа нэр дэвшигчийг дэмжихээр ирсэн юм. Өмнө нь Японы өөрийгөө хамгаалах хүчинд алба хааж байсан 41 настай Тэцуя Ямагами Ш.Абэгийн араас гар хийцийн буугаар хоёр удаа буудсан байна. Ийн Абэ орон нутгийн цагаар 17:03 цагт цус алдсаны улмаас эрчимт эмчилгээний явцад таалал төгсөв. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа хэд хэдэн оронд үндэсний гашуудал зарласан билээ.Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Японы улс төрийн зүтгэлтнийг  долдугаар сарын 11-нд  сүүлчийн замд нь үдсэн юм. “NHK” агентлагийн мэдээлснээр, Абэтэй салах ёс гүйцэтгэх ёслолд түүний улс төрийн холбоотнууд болон гадаадын нэр хүндтэй зочид, бизнесийн удирдагчид тэргүүтэй 2500 орчим хүн оролцсон байна.
Абэгийн амийг хөнөөсөн Тэцуя Ямагамигийн ээж нь Эв нэгдлийн сүмээс болж санхүүгийн асуудалд орсноос үүдэн тус сүмтэй холбоотой гэх Шинзо Абэг буудсан хэмээн мэдүүлэг өгсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Тус хэргийг мөрдсөн цагдаа “Хэрэгтэн Ямагами Эв нэгдлийн сүмээс үүдэлтэй өшөө хорслын улмаас Абэг хөнөөсөн гэж мэдүүлсэн” гэж “time.com” мэдээлж байв. Шинзо Абэ агсан тус сүмийн гишүүн ч биш сүмээс зохион байгуулсан нэгэн арга хэмжээнд өнгөрсөн жил оролцож байсан юм. Үүнээс гадна халдлагын дараа Ямагамиг эхлээд солонгос гаралтай, дараа нь хятад гаралтай гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Сонгууль болохоос өмнө хоёрхон хоногт эрс тэс мэдээллийг түгээсэн нь санамсаргүй хэрэг биш. Эрх баригч нам, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжигч бүлэглэл Шинзо Абэгийн аллагыг зохион байгуулсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр түгсэн юм. Энэ мэдээлэл батлагдаагүй ч эрх баригч намын нэр хүндэд ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.
Дашрамд дурдахад, Японы төрийн “ханхүү” хэмээгддэг Абэ бол удам дамжсан улстөрч. Түүний гэр бүлд парламентын гишүүн, сайд, хоёр Ерөнхий сайд гэсэн төрийн том албан тушаалтнууд байсан юм билээ. Шинзо Абэ 52 насандаа Ерөнхий сайд болсон нь Японы түүхэн дэх хамгийн залуу Засгийн газрын тэргүүнд тооцогддог. Үүнээс хойш тэрбээр хамгийн олон жил ерөнхий сайдаар ажилласан хүн хэмээн Японы түүхийн хуудаснаа бичигдэх хүртлээ тасралтгүйгээр ажилласан түүхтэй. Түүний мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, татварыг бууруулах,  хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бүтцийн шинэчлэл хийснийг нь “Абэномикс” бодлого хэмээн томьёолдог.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 252, 253 (6984, 6985)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 36 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 15 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 34 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 39 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 48 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 53 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 5 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 7 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 28 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 30 мин