Б.ДОЛЖИНЖАВ
Талибан бүлэглэл Афганистан улсыг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эзлэн авсан байдаг. Тодруулбал, АНУ болон түүний холбоотнуудын түлхэн унагаж байсан Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист байгууллага 20 жилийн дараа ийнхүү Афганистанд эргэн ноёрхлоо тогтоосон юм. Үүнээс хойших жил гаруй хугацаанд өнгөрсөн 20 жилийн нөхцөл байдлаас огт өөрчлөгдөөгүй зүйл нь охид, эмэгтэйчүүдийн эрх байв. Сурах, боловсрох, гадуур чөлөөтэй явах ч эрхгүй байсан Афганистан эмэгтэйчүүдийн нөхцөл улам дордлоо. Тодруулбал, Талибаны Боловсролын яамны дээд албан тушаалтан эмэгтэйчүүдийг их сургуульд сургахгүй гэдгээ мягмар гарагт албан ёсоор зарлав. Энэ мэдэгдэлтэй холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.
НҮБ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛГҮЙГЭЭР АФГАНИСТАНЫ ХӨГЖЛИЙГ ТӨСӨӨЛӨХГҮЙ
Талибаны засаглалын Боловсролын яамны хэвлэлийн ажилтан “Засгийн газрын шийдвэрийн дагуу эмэгтэй оюутнуудыг Афганистаны улсын болон хувийн их сургуульд суралцахыг түр хугацаагаар хориглолоо” хэмээн дээрх мэдэгдлийг баталсан юм. Тус улсын Дээд боловсролын сайд Неда Мохаммадын Надеемын гарын үсэг бүхий “Дараагийн мэдэгдэл гарах хүртэлх хугацаанд эмэгтэй оюутнуудыг суралцуулахгүй байх шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхийг хүсч байна” гэсэн захидал их сургуулиудад очжээ.
Тус мэдэгдлийг “AFP” болон “Associated Press” гэсэн мэдээллийг хэвлэлүүд баталсны дараа НҮБ-ын хэвлэлийн ажилтан Степане Дюжаррик “Тун таагүй үйл явдал боллоо. Талибанчууд анх өгсөн амлалтаа дахин зөрчлөө. Тэд Афганистаныг эзэлснээс хойш эмэгтэйчүүдийн эрх дан ганц боловсролын салбарт биш олон нийтийн газарт ч зөрчигдсөн. Эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглосон шийдвэрийг харвал тус улсын цаашдын хөгжлийг төсөөлөхөд бэрх байна. Эмэгтэйчүүдэд боловсрол олгохгүйгээр, тэдний нийгмийн оролцоог дэмжихгүйгээр аливаа саад бэрхшээлийг яаж давах бол гэдэгт санаа зовниж байна” хэмээн Афганистаны асуудлаарх НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдэв.
Тус хурлын үеэр АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Роберт Вүүд “Талибанчууд афганчуудын эрх тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн үндсэн суурь эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн шийдвэр гаргах хүртэл олон улсын нийгэмлэгийн хууль ёсны гишүүн болох боломжгүй” хэмээн “Aljazeera”-д ярьжээ.
Харин Талибаны зүгээс өөрсдийгөө хамгаалсан тайлбар өгөв. Тодруулбал, Талибаны Засгийн газар “Эмэгтэйчүүдийг хүндэтгэх, үндэсний ашиг сонирхлоо хадгалан үлдэхийн тулд зарим хязгаарлалтыг хийх шаардлагатай боллоо гэсэн юм. Мөн тэд санхүүжилт дутмагаас эхлээд Исламын шашны дагуу сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөд хугацаа шаардлагатай учир сургуулиудыг түр хугацаагаар хаасан хэмээн тайлбарлав. Тухайлбал, сургуулийн хөтөлбөр, анги танхимыг шаардлага хангасан хэмжээнд тохижуулахын тулд сургуулийг түр хугацаагаар хаасан гэж мэдэгджээ.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийг ажил хийх, парк, биеийн тамирын зааланд очихыг хориглож, олон нийтийн газраар явахдаа толгойноосоо хөл хүртэл битүү хувцастай явах ёстой гэсэн хатуу журмыг мөрдүүлсээр байгаа юм.
ЭРХЭЭ ХАМГААЛЖ ЭМЭГТЭЙЧҮҮД ЖАГСЛАА
Тус шийдвэр НҮБ-ын хуралдаанаас их сургуулиудын төгсөлтийн шалгалттай давхацжээ. Тиймээс эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нийслэл Кабул хотод лхагва гарагт жагслаа.
Энэ үеэр нэрээ нууцлахыг хүссэн нэгэн Афган эмэгтэй “Их сургуулиудад хүргүүлсэн захидлын тухай сонсоод охин минь их цочирдож, удаан уйлсан. Учир нь Кабул хот дахь анагаахын сургуульдаа тодорхойгүй хугацаагаар сурч чадахааргүй боллоо. Энэ бол зөвхөн надад тулгарсан асуудал биш. Афган эмэгтэй, ээж бүрийн зүрх шаналж байгаа. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйд үнэхээр их санаа зовниж, сэтгэл түгшиж байна” гэв.
Афганистаны эмэгтэйчүүдийн эв нэгдэл бүлгийнхэн “Эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглосон шийдвэртэй холбоотой дуу хоолойгоо илэрхийлэхээр бид нийслэлийн гудамжаа жагсаж байна” гэж “BBC” агентлагт ярьжээ. Харин Кабул их сургуулийн нэгэн оюутан “Ирээдүйтэй минь холбоотой маш чухал гүүрийг эрх баригчид нураалаа. Одоо би яах ёстой вэ.Их сургуульд суралцаж боловсрол эзэмшээд сайн сайхан амьдарнаа хэмээн ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж байтал энэ бүхэн нэгхэн өдрийн дотор үгүй болчихсон. Ингээд би бүхнээ алдлаа” гэсэн байна. Олон хүнийг хамраагүй тус жагсаалыг Талибаны албаныхан түргэн хугацаанд зогсоожээ.
Мөн “Афган охидын боловсролын төлөө” кампанит ажлыг санаачлагч Обайдулла Бахир “Энэ удаагийн шийдвэр өнгөрсөн хэдэн жилд давтагдсан хар дарсан зүүд шиг байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хэлэлцсэн өдрийг сонгож талибанчууд ийм хатуу шийдвэр гаргалаа. Ингээд харахаар ямар нэгэн зөрчлийн улмаас албаар мягмар гарагийг сонгосон мэт санагдлаа” гэж ярьсан байна.
АФГАНИСТАН БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОН БИШ, ТЭДНИЙ “ТОР” ЮМ”
НҮБ тэргүүтэй хэд хэдэн улс Афганистаныг өмнөх хатуу дэглэм рүү нь буцаасан талибанчуудыг буруутгаж байна. Тэд тус шийдвэр нь тэгш эрхтэй байх ёстой гэсэн хуулийг зөрчиж, Афганистаны нийгэм эмэгтэйчүүдийг орхигдуулах бодлогыг улам гүнзгийрүүлж байна хэмээн үзэж байна.
Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Афганистан улс хүний эрхийг хүндэтгэхгүй л бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Хүн амынхаа тал хувийг боловсролгүй болгосон улс хөгжсөн түүх байхгүй” гэв. Өнгөрсөн жил гаруй хугацаанд барууны орнууд Талибанаас эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжихийг шаардсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлвэл Афганистаны Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэсэн болзол тавьж байв. Талибанчууд ч хатуу дэглэмээ зөөлрүүлнэ гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй.
АНУ-ын их сургуулийн лектор Хумайра Кадери “Энэ бол Талибуудын хийж чадах сүүлийн ганц зүйл байсан. Афганистан бол эмэгтэйчүүдийн орон биш. Харин тэдний “тор” юм” гэж “BBC”-д ярив.
Ердөө гуравхан сарын өмнө талибанчууд охидыг их сургуульд элсэх шалгалтаа өгч, суралцах боломжийг олгосон баяртай мэдээг дуулгаж байв.Ингэхдээ инженер, эдийн засаг, мал эмнэлэг, сэтгүүлзүй, хөдөө аж аухйн чиглэлийн хичээлийг хориглосон юм.Талибанчуудад эзлэгдэхээс өмнө Афганистаны охидууд ангидаа орох, гарах хаалга нь хөвгүүдээс тусдаа байхын сацуу охидод зөвхөн эмэгтэй багш эсвэл ахмад настай эрэгтэй багш хичээл заадаг байв. Энэ байдал одоо ч үргэлжилсээр л байна.
Талибанчуудад эзлэгдсэнээс хойш Афган улсын хүн амын талаас илүү хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүнд хүний эрхийн зөрчилтэй холбоотой барууны орнуудын тогтоосон хориг арга хэмжээ, тус улсад үзүүлэх олон улсын хүмүүнлэгийн тусламж гацсан хийгээд Афганистаны төв банкны 10 тэрбум ам.долларыг битүүмжилсэн гэсэн хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)