Д.НАДМИД
Сэтгүүлч Н.Сарангэрэл “Ижий бурхад” номынхоо нээлтийг хийлээ. “Ижий бурхад” номын санаачлагч нь “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага ажээ.
Н.Сарангэрэл өдөр тутмын “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа “Ижий” гэж зөвхөн ээжийн тухай яриулдаг гэгээлэг хөөрхөн булан хөтөлж, чамлахааргүй олон ярилцлага хийжээ. Эдгээр ярилцлага, хөрөг нийтлэлүүдээ эмхэтгэж ижийн тухай сайхан ном гаргаач гэх саналыг тус байгууллагынхан нь түүнд тавьсан нь энэхүү номыг баринтаглах эхлэл болжээ.
“Энэ номоо хуучин ярилцлагуудаараа хийх үү, эсвэл бүгдийг нь шинээр дахин бэлтгэх үү гэдэг сонголт надад тулгарсан. Сонинд хийж байсан ярилцлагууд ер нь бүгд олны танил эрхмүүдийнх. Тэр хүмүүс орчлонд төрүүлж өсгөсөн ижий гэж ачлалт хүнийхээ тухай юу ярих нь мэдээж олон хүнд сонирхолтой ч эгэл жирийн яг л над шиг хүмүүс, бас надтай өдөр тутам таарч, ажил амьдрал нэгтэй болсон найзууд, танилууд минь ижий гэж эгэлгүй бурхныхаа тухай юу ярих нь илүү сонирхолтой санагдсан. Тиймээс миний номын баатруудын цөөнгүй нь од биш ч тод нэртэй, тоогдох мөртэй яваа эгэл жирийн хүмүүс, миний нөхөд. Хуучин ярилцлагуудаасаа энэ удаа Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн агуу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам, “Бөмбөгөр ногоон” театрын цуутай жүжигчдийн нэг гавьяат Лхамжавын Долгор нарын эрхэм хүмүүсийн ижийнхээ тухай дурссан сонирхолтой дурсамжуудыг онцлон сонгосон юм" гэж сэтгүүлч Н.Сарангэрэл номынхоо өмнөтгөлд бичжээ. Мөн Хөдөлмөрийн баатар нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ эрхлэгчийнхээ “Ижийгээ хайрлахад маргааш гэж байдаггүй юм” гэсэн захиасыг уг номд дайжээ.
Номын нээлтийн ёслол дээр зочид ийн өгүүлсэн юм.
Бавуугийн Лхагвасүрэн найрагч “...Ижийгийн гол зорилго, амьд яваагийн шалтгаан, хүн байгаагийн утга нь ердөө л би байсан. Намайг л гэнэ...”,
Пунцагийн Бадарч абугай “...Би чинь хоёр ижийн хайранд булхаж өссөн хүн. Тиймдээ ч энэ дайтай яваа юм. Алс газар явж буй үр хүүхдийнхээ хойноос нэг л ижий сүү өргөж үлддэг бол миний араас хоёр ижий цайныхаа дээжийг өргөн залбирч суудагсан...”,
Дөнгөтийн Цоодол эрхэм “...Миний ижийг Дэнсмаа гэж залуудаа дөрвөлжин цагаан шүд, нэг их өтгөн биш урт хар гэзэг, усгал бор нүдтэй тэвхэлзсэн бор хүүхэн явсан бөгөөд ажилд эрэмгий, үйл үртсэнд шаламгай, үр хүүхдээ хамгаалахдаа "сая төрсөн гүү, сайрын хөх тогоруу" шиг амиа тавьдаг зантай хүн байсан юм даа...”,
Түүхч Санждоржийн Туяа “...Хүний эхнэрийг ээж-эхнэр, охин-эхнэр, найз эхнэр гэж янз бүрээр ялгаж байх нь олон. Миний ээж аав хоёр бид хэдийг өсгөж өндийлгөх гэж цугтаа зүтгэж, хоорондоо эрхлэлдэж, хожим өтөл насанд хүртэл бие биенээ гэсээр байсныг бодоход ээж маань найз эхнэр, аавд санаа тавьж халамжилж байхыг харахад ээж эхнэр, аспирантур докторантурт явахад арын ачааг үүрч дүүрч гарсныг бодоход халамжлагч ээж эхнэр явжээ...”,
Соёлын гавьяат зүтгэлтэн Ишдоржийн Рэнчинханд “...Ээж минь дэргэд байхад усны шувуу эрт ирдэг гэдэг шүү дээ. Ажаагийн минь бор аяга дотроо заавал ааруул, ээзгий ч юм уу, боорцогтой байх. Түүнээс нь хойгуур урдуур нь гарах тоолондоо аваад үмхчихнэ, мөн гоё шүү. Нэг харахад тэр аяга хоосорчихсон байна, тэгэхдээ тун удалгүй харахад дотроо юмтай болчихсон л байна. Ажаа бидэнд л зориулж аягаа хоосон байлгадаггүй байсан байх...”,
Элчин сайд Пэрэнлэйн Үржинлхүндэв “...Ээжийгээ “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон аваад хачин их баярлахыг харж билээ. Аймагт одонгоо авчихаад эгчийнд ирээд одонгоо дахин дахин үзээд л хэдэн хүүхдийнхээ буянаар төрөөс одон хүртлээ гээд баярлаж байсныг одоо хэр санадаг. Хааяа нэг сум орохдоо одонгоо заавал зүүнэ. Төрийн хишиг гээд тун их ач холбогдол өгнө шүү дээ...”,
Мөн номд орсон ижийн төлөөлөл олон хүн үг хэлж баярласнаа илэрхийллээ. Хүн бүхний ижий үрдээ цаглашгүй их ачтан. Тэрхүү ачтануудын тухай өгүүлэх “Ижий бурхад” ном хэн бүхэнд сонин байхаас гадна ухаарал гэгээрлийг хамтад нь өгнө гэдэгт сэтгүүлч Н.Сарангэрэл итгэлтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 230 (6962)