Дуучин болох мөрөөдлөө биелүүлж яваа бүсгүй

2022-11-28
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Хэн нэгний тухай сурвалжлахдаа заавал тэр хүнээ чухам хэн болохыг мэдэхийг хичээх нь сэтгүүлч бидний мэргэжлийн онцлог, нэг талаар үүрэг ч юм болов уу. Үүрэг гэдэг маань сурвалжлагынхаа гол баатрыг үгээр зурна гэсэн үг. Хэрэв зураачсан бол бийр, будгаа нийлж байгаад л ид шидийг бүтээдэг байх юм. Гэтэл хүнийг үгээр урлана гэдэг тун амаргүйн нэгэн. Нэг салбарын хэдэн хүнтэй уулзлаа гэхэд хоорондоо адилгүй өөр өөр дүр зураг санаанд буух жишээний.

Тэгвэл би саяхан нэг дуучин эмэгтэйг сурвалжиллаа. Манай сонины "Амьдралын тойрог" булангийн зочин түүнийг Сүрэнхорлоогийн Нэргүй гэдэг. Яагаад Нэргүй гэдэг нэртэй болсныг ухаж мэдэхийг хичээсэнгүй ээ. Ийм нэртэн олон байдаг болохоор. Харин түүнийг урлаг гэдэг аугаа ертөнцөд бие сэтгэлээ бүрэн зориулж яваа нэгэн гэдгийг хэлэхийг хүссэн юм. Их ухаантан Гегель "Байгаль орчинд зурвасхан үзэгдээд алга болдог бүхэн урлагт мөнхөрдөг" гэж хэлсэн байдаг.  Энэ үгийн чанадыг ойлгох юм бол урлаг гэдэг бүхнийг хаман өөртөө шингээж тэгээд өөрөө амилуулж байдаг гэсэн үг юм биз ээ. Тэгвэл энэ ухагдахуунтай холбон бодохуйд дуучин С.Нэргүй бол төрөлхийн авьяаслаг түүндээ түшиглэсэн асар их хүсэл тэмүүлэлтэй дуу хуурт шүтэж амьдардаг хүн юм байна л даа. Тэр сургуулийн сурагч байхдаа л би урлагийн хүн болно гэж боддог байж. Бод л доо. Зуныхаа амралтаар хонь хурга хариулж явж ирээд зав л гарвал гэр, барааны сүүдэрт ч юм уу дуу хураагчаа нээгээд уртын дуу сонсдог байсан. Тэр тухайгаа дурсахдаа,

-Би Ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуайн дуулсан "Нарийн шарга", "Хэрлэнгийн баръяа" гэдэг хоёр уртын дууг лав мянгантаа сонссон. Дагаад аялана. Тэр хуурцагийг бүр элээсэн дээ. Энэ үеэс эхэлж дуучин болох хүсэл мөрөөдөлтэй болсоон" гэж байна лээ. Дууны төрлийг үе шаттай гэж үзэх юм бол түүний оройн дээд хэсгийг сорчлон авч суралцан өнөөг хүрэхдээ Монголын урлагийн түүхнээ нэрээ нэгэнт бичүүлсэн хүн гэж болноо доо түүнийг.

Гарт үл баригдах гайхамшигтай юмс хорвоод түм бумаараа бий. Түүний нэг нь дуу хийгээд түүнийг бүтээгчийн нэг нь дуучны хөдөлмөр гэж болно. Тэр хөдөлмөрөөр жигүүрлэгчийн нэг бол С.Нэргүй юм. Сурагч ахуйд нь сургуулийн дуу, хөгжмийн багш нь байсан Очирбат "Энэ охин дуулах юм бол чамгүй хол явах байх шүү" гэж байсан юм гэнэлээ. Тэр үг С.Нэргүйн оюун ухаанд шингэж урам өгснөөр "Би дуучин болно" гэсэн хүслийн галыг бүр асаасан юм биз. Тийм болоод амьдралынхаа утга учрыг урлагт зориулж явна энэ бүсгүй.

 

*   *   *

Охин З.Гэрэлсүрэнтэйгээ дуулж байгаа нь.

Дуучин С.Нэргүй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынх. Заримдаа Зүйлийнх ч гэгддэг. Аав, ижий нь аймгийн төвд ажил албатай байсан болохоор түүний унасан газар нь тэнд. Бусдын адил эрээ бараагүйхэн өссөн тухайгаа өөрөө ярьж байналээ.

Сургуульд орж сурагч болсон цагаасаа л дуулах дуртай охин байж. Зун нь хөдөө өвөө, эмээ дээрээ очно. Хонь малд хаа ч явсан байнга дуу хураагчтай явах, дуу бүхнийг дагаж аялана. Ийм л хүүхэд байж. Арван жилийн сургуулиа төгсгөөд СУИС-ийн Кино драмын ангид шалгалт өгсөн ч оноо хүрээгүй улмаас нөгөө л багаасаа урлагийн хүн болно гэсэн хүслээ дагаж аймгийнхаа Хөгжимт драмын театрт дагалдан дуучин болсон юм гэдэг. Дараагийн конкурс хүлээх гэж. Тэгээд жилийн дараа Соёлын коллежийн хөгжмийн багшийн ангид орсон юм билээ.

Шамдан суралцаж байлаа. Тэнд нь баянхуурч Х.Батаа хожмоо гавьяат болсон Д.Цэцэрлэг, Алтансувд нар гээд мундаг багш нараар дуулах хуурдах эрдэм заалгажээ. Энэ үедээ "Соёл Эрдэнэ" гэдэг дууг оркестортой дуулж байснаар аргадаж дуулах учиртай ардын дууны амтыг мэдэрч эхэлсэн гэх. Тэгжээ байтал ардын дуу, бүжгийн "Түмэн эх" чуулгад дуучин шалгаруулж авах зар гарчээ. Уг зарыг уншвал эмэгтэй дуучин ердөө ганцыг сонгох юм гэнэ. Гэвч энэ нь С.Нэргүйг шантрахад хүргэсэнгүй. Очоод шалгуулжээ. Урлаг судлаач А.Цэдэн-Иш, театрын дарга Ц.Пүрэвхүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, гавьяат жүжигчин дуучин Ц.Үенч, бүжигчин Ц.Чимэдцэрэн гээд томчуулын өмнө шалгалт өгч. Зориглосон бас чамгүй хичээсний хүчинд тэнцлээ гэсэн хариу дуулаад их баярласан гэдэг. Ингээд Соёлын коллежийн сурагч маань нэртэй чуулгын дуучин болсон байдаг. Энэ тухайгаа С.Нэргүй хуучлахдаа,

-Би "Түмэн эх" чуулгын шалгалтад нь тэнцэж тэнд очоогүй бол хөдөөний нэг сургуульд ч юм уу дуу хөгжмийн багш болох байсан байх. Ер нь тэгээд заах аргач мэргэжлээр сурч байсныг хэлэх үү. Тэгээд би дуучин боллоо гэж хэзээ ч бодож байсангүй. Цааш суралцах нь чухал гэсэн шаардлага өөртөө тавьсан гэдэг. Улмаар УГЖ Ц.Пүрэвхүүгийн зөвлөснөөр Соёл урлагийн их сургуульд орж Ц.Чулуунцэцэг багшийн шавь болж Уртын дууны ангийг 2005 онд төгсгөснөөр одоо л дуучин гэгдэхүйц боллоо гэж өөрөө бодсон байна. Зүгээр л бодоод өнгөрөх биш шамдангуйхан дуулж байлаа. Тоглолтод хааяа уртын дуугаар оролцоно. Голдуу ардын дуу дуулж байв. Бас морины тухай зөндөө олон дуу сонгож дуулсан нь нэг онцлог юм. Ардын олон арван дууг театрынхаа тайзнаас 10 гаруй жил газар газрын үзэгчдэд хүргэсэн юм билээ.

С.Нэргүй гэдэг дуучны сэтгэл юугаа онгичин байж ярьсан үгэнд ийнхүү өөрийгөө нээсэн тухай, уртын болон монгол ардын дууны гайхамшигтай чанарын тухай нандин гэхээр юмс зөндөө л байлаа.

Хүүхэд байхад бидний үеийнхэнд юм юм руу савчсан бодолтон зөндөө л байдаг байлаа. Би ер тиймгүй. Ердөө л урлагийн хүн болно. Дуучин болно гэж л чанд боддог байлаа.

Ямар сайндаа их дуучин Н.Норовбанзад гуай ардын жүжигчин Ч.Шархүүхэн нарын дуутай ганц хуурцгийг ёстой л элээсэн дээ. Тиймээ уртын дууны тэр гайхамшигтай уужуу цээлхэн ая, ардын дууны ухаарал хайрласан үг сургамж дахин давтагдашгүй тансаг аялгуу нь миний сэтгэлийг ёстой л татсан юм шүү дээ. Тиймдээ урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдаж өдрөөс өдөрт илүүг сурч мэдэн явна гэж тэрбээр ярьсан юм. Өөрийн чинь удамд урлагийн  хүн байсан уу гэвэл,

-Манай нэг буурал өвөө хүрээний лимбэч бас дуучин байсан юм гэнэ лээ гэдгийг хожуухан сонссон. Чухамхүү хэн гэгч хүн байсан. Хэрхэн дуулж хөгжимдөж байсныг бүрэн судалж мэдэж чадаагүй л байна гэсэн юм.

 

*   *   *

Гэр бүлээрээ 2017 он.

Дуучин С.Нэргүйн аав Д.Сүрэнхорлоо аймгийн захиргаанд удирдах алба хашиж байгаад сүүлд худалдаа бэлтгэлийн газар нягтлан бодогч байж. Ижий  Ц.Даваа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг байсан аж. Гэтэл хүүхэд насандаа С.Нэргүй аав, ижий, өвөө эмээдээ эрхэлсэн жаргалтай нэгэн байсан бол нэг өдөр хайртай ижий нь 40 гаруйхан насандаа бурхан болж айлын том охин болохоор түүнд дааж давшгүй хүнд ачаа үүрүүлсэн юм билээ. С.Нэргүй хэдэн дүүдээ ижийг нь орлох үүрэг ногдсон гэсэн үг. Тэр үүргийг биелүүлэхийн төлөө зүтгэж ирж. Энэ тухайгаа дуугаа намсган хэлэхдээ тэр

-Ижийтэйгээ байх хугацаа маань тун богино байсанд туйлын ихээр харамссан. Гол нь би ижийгээ баярлуулж чадаагүй л хүн. Гэхдээ дуучин болох хүсэл мөрөөдлөө ердөө ч хаяагүй ээ. Харин хувийн амьдралаа нэлээ хожуу буюу гучин хэдэн нас хүрч байж зохиосон доо.

Нөхрийг маань С.Загдсүрэн гэдэг хувиараа бизнес эрхэлдэг. Хүү, охин маань сургуулийн сурагч хэмээн танилцуулсан юм. Бас охин З.Гэрэлсүрэн нь тун хөөрхөн дуулдаг юм билээ. Үүнийг ижийтэйгээ (С.Нэргүй) "Наран ээж" гэдэг дууг нэгэнтээ хамтран дуулж байхыг сонсоод мэдсэн. Тэгээд тун удалгүй удам дагасан нэг дуучин төрөх болов уу даа гэж л итгэсэн дээ.

Харин зарим хүн хүүхдээ өөртэйгөө адил урлагийн хүн болгохгүй гэх нь бий. Тэгвэл дуучин С.Нэргүй өөрөө багш хүн болоод ч тэр үү хүүхдээ нэгэнт л авьяас заяасан хүсэл мөрөөдөл нь байдаг бол хорих хэрэггүй гэж боддог оо хэлж байна лээ. Тийм болоод ч ижий охин хоёр хамтдаа дуулна гэдэг сайхаан гэж байсан шүү.

За тэгээд бидний дунд уран бүтээлийнх нь тухай амттайхан яриа өрнөсөн юм. Арав гаруй жил томоохон нэг чуулгад гоцлол дуучин байсан тухай дээр хэлсэн бий. Энэ хугацаандаа голдуу ардын дуу болон морины сэдэвтэй дуу дуулжээ. Тэр олон дууны нэрийг энд жагсаагаад ч яах вэ. Гагцхүү С.Нэргүйг морины тухай дуу амилуулах агшинд хийморь сэргэх шиг болдог. Яагаад гэхээр монгол хүн бүр морио дээдэлдэг болохоор тийм дуунд үзэгчид таашаалтай ханддаг байх юм. Харин морины тухай дуу дуулагчид олширсон ч тэр өөрийн гэсэн өнгө төрх, аялгуутай дуулдагаараа арай л содон юм. "Жонон хонгор" дууг дууллаа гэхэд Д.Нансалмаа биш Нарантуяа ч бүр биш Нэргүй л сонсогддог юм билээ.

Ингэж С.Нэргүйн хүсэл мөрөөдөл түүнийгээ дагасан урлагийн зам мөр нь дуучин гэдэг нэгэн нэрнээ зангидагдах ажээ. Дуулсан дууныхаа анхны хуурцгийг "Сайхан монгол морьд минь" гэсэн нэртэйгээр гаргасан байгаа юм. Түүнээс хойш гурав дахь хуурцаг нь үзэгчдийн гар дээр очсон юм.

Өвөрхангайнхныг дууч, хуурч гэдэг. С.Нэргүй тэдний нэг эд эс нь болохоор нутаг орондоо сайн хандлагатай байхыг эрхэмлэдэг  гэнэ лээ. Тухайлбал, аймгийнхаа "Соёмбо" уран бүтээлийн нэгдлийг тодорхой хэмжээн удирдалцаж яваа юм.

Бас аймгийнхаа сүлд дууг оролцуулан нутаг орныхоо сэдэвтэй дуунуудын хуурцаг хүртэл гаргаад амжжээ.

2007 онд ардын дуунаас бүрдэлтэй "Донж төгөлдөр-1" нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийжээ. Дуучин маань чуулгынхаа аварга болсон жилээ Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн бол "Алтан гадас" одонтой юм билээ. С.Нэргүй дэлхийн дөчөөд улс оронд очиж Монгол ардын дууны гайхамшгийг гадаадынханд мэдрүүлж бахархуулсан хүн. Энэ тухайгаа хэлэх далимдаа "Түмэн эх" чуулга бол дэлхийд танигдсан том тайз  юм шүү. Эх орондоо байхдаа жилийн цөөнгүй сард нь жинхэнэ Монголыг таниулах тоглолтоо жуулчдад зориулдагаараа онцлог байсан чуулга гэж хэлсэн юм.

Бас цааш нь үндэсний урлагаа зөв хөгжүүлж, хойч үедээ уламжлуулж яваа улс орон бол Япон, БНСУ гээд Японд гэхэд манайх шиг уртын дуу хүртэл байгааг онцлоно лээ. Тэр бүхнээ уламжлан хөгжүүлэхдээ хүндээ бага наснаас нь ойлгуулж мэдрүүлдэг сайхан жишээ харагдсан гэж хэлсэн. Тийм маягаар хүүхэд залуучуудтайгаа ажилладаг байхын чухлыг дуучин зочин маань ярьсан юм.

Өнөө үед С.Нэргүй Монголын хүүхдийн ордонд ардын болон уртын дууны багшаар долоо дахь жилдээ ажиллаж байгаагийн зэрэгцээ өөрийн уран бүтээлээ ч үргэлжүүлж явна.

 

*   *   *

БНСУ-д болсон тоглолтын үе. 2021 он.

С.Нэргүй зөвхөн дуучин төдийгүй багш сурган хүмүүжүүлэгч хүн. Тиймдээ нийгмийн сайн сайхны төлөө бодол юугаа ямагт чилээж Монгол гэдэг нэрийг хаа явсан ч бүдгэрүүлэхгүй байхыг хүн бүр эрхэмлээсэй гэж боддог юм билээ. Бид өөрсдийгөө монгол хүн гэж нэрлэхийн учир шалтгаан тэр нэрийг бүрэн бүтнээр нь хадгалж явахын чухлыг эргэцүүлэн хэлэхдээ тэр

-Өнөөдөр монголчууд бид үндэсний урлаг соёлоо цаг ямагт ойлгодог мэдэрдэг байх талаар дутмаг байна. Энэ нь урлагийн дархлааг бий болгох төрийн бодлого ч цэгцтэй биш байна. Хамгийн наад зах нь хүүхэд залуучуудаас "Чи ардын дуу хэр мэдэх вэ" гэхэд толгой сэгсрэх жишээ байдаг тухай халаглангуй ярина лээ. Уртын дууг бол бүр "за даа нэг тийм юм байдаг юм билээ" гэх төдий. Хүүхдэд бол хар багаас нь бие сэтгэлд нь, оюун ухаанд нь хоногшуулсан сургалт хэрэгтэй байна. Өнөө үеийнхэн маань хэт европжсон, ангилжсан. Үзэж хардаг сонсож байгаа юм нь байгаа онохгүй байна. Аль нэг нэвтрүүлэг зурагтаар гарлаа гэхэд дуугарч байгаа хөгжмийн фон нь гадаадын уран бүтээл голдуу ашигласан байгаа юм.

Яахав урлагийн сургуулийг жил бүр олон залуу төгсөж байна. Тэднийг ажихад зохиолын дуучид ч гэдэг юм уу эстрадынхан ч бай нэг л жаазанд баригдчихсан бүтээл гаргах жишээ бий. Бас дуучны амьдралыг ойлгоогүй зарим нь урлагийн сургууль төгсчихөөд сурснаа мартаад тэс өөр ажил хийгээд явж байна гэх зэрэг хатуухан мөртөө цагаахан шүүмжлэлийг С.Нэргүй дуучны ярианаас түүвэрлэн хэлж болох ажээ. Мөн дууны өгөөж мөн чанар аугаа юм шүү. Сайхан дуу сонссон хүн уйтгар гунигаа мартана, аливааг хайрлах ухаан сууна. Үүнийг сайн сурталчлах, залуу үед сургах нь чухал байна.

Эмзэглэх, харамсах юм ч байх л юм. Тэрний дотор буруу хувьчлалын гайгаар "Түмэн эх" дуу бүжгийн чуулга гэдэг урлагийн том төвийг үгүй хийчихлээ гэж би харамсдаг. Чуулгын тэр сайхан үндэсний хэв шинжтэй байр байшин язгуурын сайхан хувцас хэрэглэл үнэ цэнгүй боллоо. Уран бүтээлчид нь гудамжинд гарч хувь хувиа хөөгөөд явж байна. Үүнийг анхаардаг удирдах хүмүүс байдаг болов уу гэж зочин дуучин маань хэлсэн юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 230 (6962)

 

амжилт хүсье сайхан дуулдаг бүсгүй бна билээ
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

16 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 15 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 48 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 9 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 57 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 43 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 46 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин