Т.САЙХАН
Омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбар нэмэгдэж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Омикроны хувьд нууц үеийн хугацаа нь богино бөгөөд BQ.1.2, BF.7 дэд хувилбарын хувьд нууц үеийн хугацаа нь дундажаар хоёр хоног байна.
Батлагдсан тохиолдлууд ихэвчлэн халдвартай хүнтэй харьцсанаас хойш хоёр хоног дотроо шинж тэмдэг илэрч байна гэж хэлж байгаа.
Харин давтан өвдөлтийн хувь буюу дахин халдвар авсан тохиолдол энэ дэд хэв шинж дээр 58 хувьд хүрсэн байна.
Тодруулбал, энэ оны эхний хоёр сард омикрон хувилбарын оргил үед давтан халдвар авсан тохиолдол 25 хувь байсан бол одоо омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбарын үед давтан өвдөлтийн хувь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.
Ингэхдээ ихэвчлэн долоон сараас нэг жилийн хугацаанд дахин халдвараар өвчилж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь халдвар аваад эдгэрсний дараа тогтсон байгалийн дархлаа нь долоон сар орчмын дараа буурсан тул ийнхүү давтан өвдөж байна.
Иймд долоон сараас нэг жилийн өмнө коронавируст халдвараар өвдсөн бол одоо давтан өвдөх эрсдэл үүссэн. Тиймээс дархлаа сэргээх вакцин хийлгэх шаардлагатай" гэв.
Мөн Омикроны дэд хувилбараар үүсгэгдсэн халдварын тархалт түгээмэл байгаатай холбоотойгоо олон салбарын оролцоотой 28 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг өнгөрсөн лхагва гарагт хийжээ. Уг үнэлгээгээр омикроны дэд хувилбар тархах эрсдэл дунд байна гэсэн дүгнэлт гарсан гэдгийг тэрбээр хэллээ.Түүнчлэн Омикроны шинэ дэд хэв шинж нь амьсгалын дээд замын өвчлөлийг үүсгэж байна гэж үзэж байгаа гэдгийг онцлов.
Эх сурвалж:www.polit.mn