С.САРУУЛ
Ном хэвлүүлэхийн тулд Соёлын яамнаас тогтоосон стандарт гэгчийг мөрдөх, тэр дундаа хүүхдийн номд агуулгын стандарт, цензур тогтоосон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Соёлын яамнаас хүүхдийн болон бусад зохиолын агуулгад ямар нэг хэлбэрээр цензур тогтоох, түүндээ үндэслэн ном хэвлэх зөвшөөрөл олгох гэх мэт ажил хийгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Ном, зохиолын агуулгад ямар нэг байдлаар цензур тогтоох ямар ч боломжгүй, ийм ажил хийгдэх нь бүү хэл, яригдаагүй. Соёлын яам нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл утга зохиол, ном хэвлэлийн салбарын болон энэ салбарт оролцогч талуудыг хамруулсан бүрэн судалгааг хийж, салбарын бодлого тодорхойлох, аливаа баримт бичгийг гаргахдаа салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ салбарын төрийн бодлогыг бүрэн хэмжээнд тодорхойлохын тулд салбарынхны оролцоо, санал хүсэлтийг хангаж ажилладаг. Энэ салбар өөрөө оролцогч тал ихтэй. Жишээ нь Соёлын яамны хийсэн судалгаагаар Монгол Улсад 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, 2 цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь зохиол бүтэх төрөхөөс эхлээд хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, олон нийтэд түгээх, шүүмж бичих, маркетинг сурталчилгаа хийх гэх мэт олон дамжлагыг цогцоор нь харах асуудал гэсэн үг. Эдгээр бүх оролцогч талууд нийлж байж нийгмийн соён гэгээрлийг бий болгож байгаа.
Тиймээс Монгол Улсын Соёлын яам нь утга зохиол, ном хэвлэлийн салбарыг Төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой салбар мөн гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд багтаасан. Улмаар салбарын процессын зураглалын дагуу үе шаттай бодлогын ажлууд хийгдэж байгаа. Эдгээр дунд ном, зохиолын утга агуулгыг цензурдэх гэх мэт асуудал огт байхгүй гэдгийг дахин хэлмээр байна” гэсэн тайлбарыг өгөв.
Эх сурвалж: www.polit.mn