Б.НЯМСҮРЭН
М.Сидик Афган нь дэлхийд анх удаа Ньютоны урвуу биномийн шийдлийн томъёог гаргаж авсан гавьяатай. Мөн Афганистаны Кабул дахь дэлхийн математик судалгааны төвийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр 1982-1991 онд ЗХУ-д суралцаж, Липецкийн сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн физик-математикийн факультетэд 1982 онд элсэн оржээ. Харин 1988 онд дээд боловсролын дипломын хамт (улсын шалгалтын комиссын тусгай шийдвэрээр) сурган хүмүүжүүлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа Сидик Афган Ленинградын А.И.Герценийн нэрэмжит сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуулийн аспирантурт элсэн орж, философи, түүхийн шинжлэх ухаан, ЗХУ болон дэлхийн ард түмний түүх, өрнө ба дорнын харилцааг судалсан байна. Сидик Афган нь НҮБ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан дэлхийн суут хүмүүсийн нэг. НҮБ-аас түүний оюун ухааныг “хүн төрөлхтний өмч” хэмээн зарлаж, бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг эрдэмтдийн жагсаалтад оруулсан. Мөн дэлхийн олон академийн хүндэт академич, порфессор болжээ.
Сидик Афганы математикийн оюун ухааныг дэлхийд өндрөөр үнэлдэг. Тэрбээр их тооноос ямар ч язгуурыг гарган авч, тоонуудыг хурдтайгаар бүх төрлийн цуваанд байрлуулж, олон зэрэгт дэвшүүлэх чадвартай. Үүнээс гадна дэлхийн математикийн шинжлэх ухааныг орчлон ертөнц ба бурхны томъёог тайлах анхны тоонуудын мөн чанар, тэг ба нэгийн тооны жинхэнэ үүрэг, хамаарлын талаарх цоо шинэ ойлголтоор баяжуулжээ. Тэрбээр судалгаагаар “Ирээдүйг урьдчилан таамаглах математикийн хүснэгтүүд”, “Математикийн цувралын үүднээс цаг хугацаа ба түүхэн үйл явдлуудын хоорондын харилцан хамаарал”, “Тооны онолын философийн мөн чанар ба түүний үйл явдлыг урьдчилан таамаглахад хэрэглэх нь”, “Шинэ олонлогийн онол”-ыг гаргажээ. Мөн АНУ-ын Техасын их сургуулийн Математикчдын үндэсний холбоо комьпютертэй уралдуулсан тэмцээн зохион байгуулахад математикийн агуулгатай 400 асуултыг 06:17 секундын дотор комьпютерээс хурдан бодож “Форд Мустанг” машинаар шагнуулж байсан удаатай. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Афганистаны гүн ухаанч, философич, математикч Мохаммед Сидик Афганыг урьж ярилцлаа.
-Та Монголын түүхийн тухай олон сонирхолтой баримтыг гаргажээ?
-Өөрийн судалсан Монгол Улсдаа судлаач, эрдэмтдийн урилгаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Миний хувьд дэлхийн түүхийг сонирхож судалдаг. Үүн дотроос гайхамшигт түүхэн уламжлалтай ард түмнийг судлах дуртай. Монголын түүхийг 30 жил судалсан. Би их сургуулийн оюутан, багш нарт орж буй лекцдээ 30 жилд гаргасан судалгаанд тулгуурласан ажлын үр дүнгээ хуваалцлаа. Мөн үзүүлэн бэлдэж ирсэн.
-Математикийн ухаанд оруулсан онцлог бүтээлээсээ дурдахгүй юу?
-Гүн ухаан нь бүх шинжлэх ухааны эх. Харин математик шинжлэх ухааны эцэг юм. Аливаа шинжлэх ухааны үнэнд математик тооцогдоно. Мөн ямар ч амьд биед гүн ухааны тайлбар байдаг. Миний гаргасан математикийн шинжлэх ухаан хэмээх философи нь бүх шинжлэх ухааны эцэг эх гэж би хардаг. Байгалийн ухаан ба хүмүүнлэгийн ухаан хоорондын харилцааг нэгтгэж өмнөх үе болон ирээдүйг холбосон. Амьдрал ба харилцааны холбоо зүй тогтолын аргачлалыг гаргасан. Сүнслэг ертөнц ба материаллагын хоорондох зүй тогтлыг гаргаж ирсэн. Мөн орон зай, цаг хугацааны хоорондох хамаарлыг гаргалаа. Орчлонгийн зүй тогтол харилцаа холбоог философийн математик гэж нэрлэдэг. Математикийн шинжлэх ухаан нь байгалийн хэл. Түүх нь нийгмийн хэл. Тухайлбал, бид түүхийн шинжлэх ухаанаас бүх тоог ялгаад авчихвал үлгэр домог л үлдэнэ. Математик бол бүх шинжлэх ухааны хатан хаан. Тухайн шинжлэх ухаанд математик тооцоо баталгаа байхгүй бол тэр шинжлэх ухаан биш болно. Гагцхүү үлгэр домог л болж үлдэнэ.
Тэгэхээр байгалийн ухаан хүмүүнлэгийн ухаан хоёрын ерөнхий шинж чанар нь тоогоор холбогдсон байдаг. Зөвхөн математикаар холбогдсон шинж чанар нь нэгдмэл. Миний хийсэн зүйл байгалийн болон хүмүүнлэгийн ухааныг хооронд нь нэгтгэсэн. Нэг хэлтэй шинжлэх ухаан болгосон. Би дэлхийн 73 орны тоон ирээдүйг задалж, тооцсон. 74 улс үлдсэн. Дэлхийн бүх орны өнгөрсөн, одоо, ирээдүйг томъёоны аргаар задалж хэлж өгөх үүргийнхээ талыг хийсэн. Миний шинжлэх ухаан гурван зүйлийг баталдаг. Эхнийх нь бурхан байдаг гэдгийг баталлаа. Хоёр дахь нь санамсаргүй зүйл байхгүй гэдгийг гаргасан. Бүх амьд амьтны амьдрал зүй тогтлын дагуу төрсөн. Жишээлбэл, Монголын их гүрний түүхийн үйл явдал бүхэн зүй тогтолтой. Хорвоо хязгаарлагдмал. Цаг хугацаа дөрөв дэх хэмжээс биш. Хавтгайд нэг тойрог 360 хэм болохыг баталсан. Гэтэл гурван хэмжээст огторгуйд 360 хэм байдаггүй.
-Та дэлхийн 193 орны 73 орныг нь олон төрлөөр судалсан сонирхолтой баримт дэлгэсэн. Үлдсэн 74 орныг хэзээ судлахаар төлөвлөж байна?
-Намайг урьсан орнуудын тооцоог л хийж өгдөг. Түүхийн содон үйл явдлууд нь санамсаргүй биш. Бүгд зүй тогтолтой. Учир нь тодорхой зүй тогтлын дагуу явж буйг орон бүр дээр судалгаагаар баталж байна. Мөн 10 мянган хүний хүсэлтээр хувь заяаг нь үзэж өгсөн. Дэлхийн 100 орны ерөнхийлөгчийн хувь заяаг үзсэн. Түүнээс 23 ерөнхийлөгчтэй нь биеэрээ уулзаж төөрөг тавиланг нь хэлж өглөө. Мөн шуудангаар явуулж, захидал хэлбэрээр хүргүүлсэн.
-Математикийн ухааныг ашиглаж хүний хувь заяаг үзэх нь сонирхол татаж байна. Энэ нь ямар онцлогтой зүй тогтолтой шинжлэх ухаан бэ?
-Тухайн хүний төрсөн өдөр юуг ч хэлдэггүй. Учир нь нэг өдөр дэлхийд нэг сая хүн шинээр төрдөг. Нэг ээж, ааваас ихэр хүүхэд төрөхөд нэг нь жолооч нөгөө нь удирдагч болдог. Мөн нэг нь цагдаа болоход нөгөө нь шоронгийн хоригдол болох жишээтэй. Нэг нь царайлаг байхад нөгөө нь царай муутай байдаг. Нэг нь ухаантай, нөгөө нь тэнэг төрсөн хэдий ч хувь заяа нь ижил байдаггүй. Хүний хувь тавиланг үзэхэд гурван цэг хэрэгтэй. Түүний тусламжтай гурван хэмжээст огторгуйд график байгуулж болно. Тиймээс тухайн хүний төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэх, машины дугаар, орон сууцны нууц кодыг нь ашигласнаар хувь тавилан нь их нарийвчлалтай гардаг.
-Чингис хааны талаар та судалж, тооцоолол гаргасан гэсэн. Сонирхолтой баримт олон гарсан байх даа?
-Чингис хааны төрсөн оныг 1155, 1162 он гэсэн маргаан бий. Би өөрийн шинжлэх ухаанаар 1162 он гэдгийг тооцоолол ашиглаж үнэн зөвөөр гаргасан. Үүнээс гадна 2265 он хүртэлх Монголын хөгжлийн түүхийг томъёо, графикийн тусламжтайгаар баталж үзүүллээ.
-Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар судалгаа гаргажээ. Ямар үр дүн нь таны сонирхлыг татаж байна?
-Монголчууд цаг үеэ өөрсдөө удирдах хэрэгтэй. Учир нь цаг хугацааг удирдаж чаддаг байх нь чухал чадвар. Монголд 2025 онд шилжилтийн үе ирнэ, 2032 онд цус нэгт ахан дүүстэйгээ нэгдэнэ, 2040 он гэхэд оюуны чадварыг харуулж, 2047 онд эдийн засаг сэргэх юм билээ.
-Та манай залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монголд ирээд “Соён гэгээрүүлэгч” телевизэд ярилцлага өгсөн. Үүнийг би нөхөж үзэхийг зөвлөмөөр байна. Залуу үеийнхэн Монголыг өөрчилж, хөгжүүлнэ. Та нар эртний гайхамшигт түүхийнхээ түвшинд гарах үе ирж байгаа. Аливаа улс орны баялгийг залуучууд нь үргэлжлүүлснээр үр дүн гардаг. Нэг зүйлийг зөвлөмөөр байна. Өнөөдөр орой очоод орондоо орохдоо энэ өдөр ямар амжилт, алдаа гаргасан бэ гэдгээ заавал бодож байх хэрэгтэй. Магадгүй өнөөдөр та алдаа гаргасан байж болно. Энэ алдаагаа гаргахгүй байх ёстойг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн би маргааш эх орон, ард түмэн, сургууль, багш, хамт сурч буй оюутнууд, хамт олныхоо төлөө сайн сайхан зүйл юу хийж болох талаар бодох хэрэгтэй. Энэ нь өөрийгөө ялах алхам юм. Дэлхийд надаас илүү эрдэмтэн олон бий. Зарим нь алдаршиж чадаагүй ч байж мэднэ. Магадгүй санхүүгийн боломж бага байж болно шүү дээ. Хэрхэн алдартай болох талаар сэтгэх хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал эрдэмтэн, ерөнхийлөгч болж болно. Тухайлбал, дэлхийн 193 орны ерөнхийлөгчийг бүгд мэдэхгүй. Мөн алдартай тамирчид байдаг. Түүний 10 тамирчинг дэлхий нийтээрээ мэддэг. Бас олон дуучин, яруу найрагч, улстөрч бий. Энэ бүгдээс хэдхэн нь л алдартай. Зарим нь сайн үйлээрээ алдартай. Мөн сөрөг түүхийг үлдээсэн улстөрч ч байдаг. Эрдэмтэд ихэвчлэн эерэг түүх үлдээдэг. Өөрийн сурч буй сургууль, оюутнуудынхаа дунд алдартай байхын тулд хоёр зүйлд анхаарах хэрэгтэй. Маргааш үзэх лекцийн сэдвээ өөрөө биеэ даагаад нэг хоногийн өмнө судалж мэдэх нь зөв. Сайн анхаараагүй, идэвхгүй байснаас хичээлийн хоцрогдолтой оюутан лекц эхлэхээс хагас цагийн өмнө хичээлийн танхимдаа ирээд шалаа цэвэрлэж болно. Бусад оюутан орж ирээд таныг хүндэлж шүтнэ. Ухамсрыг тань шагшиж магтана. Тэр үеэс та алдартай болж эхлэх юм. Мөн их сургуулийнхаа хэсэг газрыг цэвэрлэхэд бүгд анхаарч та алдартай болно. Их сургуулийнхан бүгд таныг мэддэг болно. Үүнээс хайрлах эсвэл үл хүндлэл харагдана. Энэ нь амьдралд сайн хүндээ атаархах мөн чанар байдаг. Сайн оюутан танигдаад ирэхээр ихэнх нь атаархаж, муугаар ярина. Таны тухай элдэв зүйл яригдаад эхлэхэд сэтгэлээр унах хэрэггүй. Хүн алдаршиж, сайн байх тусам дайсан ихтэй болдог. Надад ч олон дайсан байсан. Би тэднийг ерөөсөө тоогоогүй. Зөвхөн өөрийн зорилгынхоо төлөө явж алдартай болсон. Дэлхий нийтээр намайг сонсож эхэлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 220 (6952)