Б.ДОЛЖИНЖАВ
Худалдааны маргаан, COVID-19 цар тахал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх гэсэн хэд хэдэн асуудлаас үүдэн Австрали болон Хятадын харилцаа сүүлийн хэдхэн жилд эрс муудсан. Тэгвэл бүрэн эрхийн хугацаагаа сунгаад байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж чадвал олон эерэг өөрчлөлт гарна гэж Австралийн ерөнхий сайд Энтони Албанез лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр “Хэрэв бид Ши Жиньпинтэй уулзалт товлоод хэлэлцээр эхлүүлвэл эерэг дүн гарах нь тодорхой. Бид Хятадын талтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан ч Жиньпинтэй биечлэн уулзах боломж хараахан гараагүй байна” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.
Тун удахгүй болох дэлхийн удирдагчдын дээд түвшний хэд хэдэн уулзалтын үеэр тэр дундаа энэ сарын 15-нд Индонезийн Балид болох “Их-20” улсын удирдагчдын чуулганаар Австралийн төрийн тэргүүн Хятадын ерөнхийлөгчтэй анх удаа нүүр тулан уулзаж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Японы Осакад 2019 онд болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр Австралийн ерөнхий сайд Скотт Мориссон Ши Жиньпинтэй уулзсанаас хойш Австралийн нэг ч удирдагч Хятадын төрийн тэргүүнтэй уулзаагүй юм.
Дашрамд дурдахад, Ши Жиньпин “Их-20”-ын удирдагчдын уулзалтад оролцохыг Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо баталсан байна. Харин Бангкокт болох Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажилллагааны дээд хэмжээний уулзалт, Камбожид болох Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох эсэх нь тодорхой бус байна.
Сиднейн Технологийн их сургуулийн Австрали-Хятадын харилцааны хүрээлэнгийн захирал Жеймс Лоуренсон хоёр орны удирдагчдын уулзалтын талаар “Манай бүс нутаг дахь АНУ-ын бусад холбоотнууд шиг Хятадтай харилцаагаа сайжруулах нь Австралид ашигтай нь ойлгомжтой. Уулзалтаар Хятадын Австралийн экспортод тавьсан хориг, Хятадад хоригдож байгаа Австралийн иргэд гэсэн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэв. Харин Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонгтой уулзах үеэрээ сүүлийн үед хоёр орны харилцаа сайжирч байгаа учир хууль ёсны асуудлуудыг шийдвэрлэнэ гэж ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (6951)