Э.Одбаяр: НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо бусад улс оронд үлгэр жишээ болдог

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд  НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж байв.  Энэ түүхэн үйл явдлын 61 жилийн ойн өдөр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.

 

- Монгол Улсын гадаад бодлогын хувьд нэлээд онцлог жил болж байна. Үүний нэг илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчилсан явдал байлаа. Энэ айлчлалаар мэдээж олон асуудал яригдсан.  Гэхдээ айлчлалын гол үр дүн, Монгол Улсад ирэх үр өгөөжийн тухай ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын гадаад харилцаа энэ жил маш идэвхитэй өргөн хүрээнд хэрэгжиж, олон талт уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Сүүлийн хоёр  жил үргэлжилж буй  цар тахлын нөхцөл байдал гадаад бодлогод тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Гэсэн ч Монгол Улс НҮБ-д элссэний 60, 61 жилийн ойн хүрээнд НҮБ-ын тэргүүн Монгол Улсад айлчиллаа.   Өнгөрсөн хугацаанд манай улсад НҮБ-ын дөрвөн Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилсан.  Хамгийн сүүлд 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн айлчлаад байв.   Тэгэхээр Антонио Гутеррешийн айлчлал 13 жилийн дараах албан ёсны айлчлал болсон.   Манай улсын зүгээс нь өмнө нь удаа дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад айлчлах урилга хүргүүлж байсан.  Сүүлд 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы санал шүүмжлэлд оролцохдоо мөн манай улсад ирэхийг дахин сануулж байлаа.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь зөрчилдөөн, зэвсэгт мөргөлдөөн болж буй болон байгалийн гамшиг тохиолдсон, олон хүний амь нас эрсэдсэн зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай бүс нутаг, улс оронд очиж ажилладаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

-Геополитикийн нэлээд амаргүй цаг үед манай улсад айлчилсан.  НҮБ-ын тэргүүний энэ удаагийн айлчлал дэлхий нийтэд ямар “мессеж” хүргэсэн юм бэ?

-Украинд өрнөж буй үйл явдал, цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг олон асуудал тулгамдаж буй энэ цаг мөчид Монгол Улсыг сонгон айлчилсан нь өөрөө чухал ач холбогдолтой юм.  Юуны өмнө нь энэхүү айлчлал нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын явуулж ирсэн  энх тайванч, цөмийн зэвсгээс ангид гадаад бодлогыг олон улсад сайшаан хүлээн авч буйн илрэл.  Мөн тэрбээр энэ удаагийн айлчлал нь цөмийн зэвсэггүй, цөмийн зэвсгээс ангид статустай, Солонгосын хойгт цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх санаачилгыг дэвшүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж ажиллаж буй Монгол Улсын хүч чармайлтыг НҮБ өндрөөр үнэлдгийн илэрхийлэл болохыг цохон тэмдэглэсэн. Монголын энхийг сахиулагчид дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархал илэрхийлж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө хичээн зүтгэж, энэ хүрээнд “Тэрбум мод” санаачилга дэвшүүлснийг дэмжих зорилгоор энэ удаагийн айлчлалыг хэрэгжүүлж байна хэмээсэн нь манай улсын гадаад харилцааны салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэлхий дахинд ойлгуулан таниулахад чухал болсон.

 - Антонио Гутеррешийн хэлсэн “Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монголд айлчилж байгаадаа баяртай байна” гэдэг үг монголчуудад ямар нэг зүйл хэлээд байгаа юм шиг санагдсан.    Дипломат соёлд ийм энгийн ухагдахуун хэр ач холбогдолтой байдаг вэ?

- Антонио Гутерреш “Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улс” хэмээн тэмдэглэсэн нь учиртай.   Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заасанчлан манай улс нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого баримталж ирснийг үнэлсэн хэрэг болов уу.  Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг үнэнчээр даган мөрдөж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүч чармайлтад хувь нэмрээ оруулсаар ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцдэг 20 орчим асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулж, 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирлээ. Энэ айлчлал манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жилийн ойтой давхацсан нь бас онцлогтой. Айлчлалын дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар 30 жилийн ойн хүрээнд илгээлт солилцсон.  Манай улсын НҮБ дахь идэвхтэй оролцоо бусад олон оронд үлгэр жишээ болж байдаг бөгөөд энэ удаагийн айлчлал манай улсын олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харуулсан байх гэж найдаж байна.

- Монгол  Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жилийн НҮБ-ын чуулганд оролцож, байр сууриа илэрхийлсэн.  Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээр тавьсан илтгэлийн гол үзэл санааг тодруулахгүй юу?

- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган цар тахлын улмаас 2020 онд цахим хэлбэрээр, 76 дугаар чуулган 2021 онд хязгаарлагдмал хэлбэрээр болсон бол энэ удаагийн чуулганд 156 улсын төр, засгийн тэргүүн, 34 улсын Гадаад хэргийн сайд биечлэн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, санал солилцсон.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцон үг хэлж, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, эдийн засаг, нийгэм, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, цар тахлын нөхцөл байдлыг даван туулах талаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.  Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүч чармайлтад манай улсын идэвхтэй оролцоо, хувь нэмрийг таниулахад өндөр ач холбогдолтой болсон.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн энэ удаагийн байр суурь дэлхий нийтийг энх тайванд уриалан дуудсан агуулгатай байснаараа нэлээд онцлог байв уу.  Бидний байр суурийг олон улс хэрхэн хүлээж авав?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс өнгөрсөн жаран жилийн хугацаанд НҮБ-ын хариуцлагатай гишүүн байж ирсэн.  Олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвх, санаачилгатай оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө бодит хувь нэмрээ оруулж ирснийг цохон тэмдэглээд цар тахлын дараах улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэх, хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, энэ хүрээнд манай улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байгааг тэмдэглэсэн.  Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан цар тахлын хүнд цаг үед дэлхий дахины цэрэг арми, зэвсэглэлийн зардал нэмэгдэж 2.1 их наяд ам.долларт хүрснийг тэмдэглэж, энэхүү төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад олгож, сая сая хүнийг ядуурал, өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижруулж,  эрдэм боловсрол, ажлын байр бий болгохын төлөө зарцуулахыг гишүүн орнуудад уриалсан нь өргөн дэмжлэг хүлээсэн. 

-Монгол Улс  НҮБ-д элссэн түүхэн өдөр  тохиож байна.  1961 оны аравдугаар сарын 27-д Монгол Улс албан ёсоор НҮБ-ын гишүүн болжээ. Энэ үйл явдлын ач холбогдлыг та дүгнэхгүй юу вэ?

- НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 61 жилийн ой болж байна. НҮБ-ын гишүүн болсны гол ач холбогдол нь бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын хэмжээнд баталгаажуулсан явдал юм. Мөн бусад орнуудтай дипломат харилцаа тогтоох, олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орж, өөрийн улсын эрх ашгийг олон улсад хамгаалах нөхцөл, боломж бүрдсэн. Өдгөө манай улс 193 улстай дипломат харилцаа тогтоож,  294 олон талт гэрээ, конвенцид нэгдэн ороод буй нь манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том байгууллага болох НҮБ-д элссэний ач холбогдлыг тодорхой харуулж байгаа болов уу.  

- НҮБ-тай Монгол Улс олон зүйл дээр нэгдэж хамтран ажилладаг.  Цаашид ямар чиглэлд илүү бодлого хэрэгжүүлэх вэ.  Магадгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байсан?

-Манай улс шиг жижиг орнуудын хувьд олон талт хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын баталгаа болж ирсэн. Харамсалтай нь олон улсын хэмжээнд талцал, хуваагдмал байдал бий болж, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт томоохон сорилт учруулж байна. Өөрөөр хэлбэл улс орнуудын хувьд аюулгүй байдлын баталгаа болж ирсэн НҮБ болон бусад олон улсын байгууллага энэ талцал, хуваагдлын аль талд нь зогсож байгааг ялангуяа санал хураалтын үеэр харуулах талбар болж байна. Иймд бид цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албатай нягт хамтран ажиллана. Талцал, үл ойлголцол болон зэвсэгт мөргөлдөөний шинэ эрин үед олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь нэн чухал юм. Бид ирэх жилүүдэд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хоёр том ажил төлөвлөөд байна. Манай улсын хувьд байгаль орчин, ногоон хөгжил, нэн ялангуяа хөрсний доройтол, цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Үүнд олон улсын анхаарлыг хандуулах үүднээс 2023 онд Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай Бонны конвенцын талуудын 14 дүгээр бага хурал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолыг оруулж батлуулсан. 2026 онд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарна. Ингэснээр бид олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Монгол Улсын зүг хандуулж, дэлхийн улс орнуудтай дээрх сэдвүүдийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх орноо сурталчлах зорилт тавиад байна. Ерөнхийдөө бид НҮБ-ын түвшинд оролцоогоо ямагт нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлж, өргөн цар хүрээтэй ажиллана. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин