Б.ДАРЬСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа “Clothology.BKH” брэндийг үүсгэн байгуулагч Т.Оюу-Эрдэнийг урьж, ярилцлаа.
-“Clothlogy” брэндийг бий болгох санаа хэрхэн төрөв. Үндэс суурь нь юу байв?
-Цар тахлаас шалтгаалан дэлхий нийтээр хямралд орж, хүмүүсийн худалдан авах чадвар муу, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байсан. Одоо ч үнийн хөөрөгдөл үргэлжилж, монгол төгрөгийн ханш унасаар байна. Дэлгүүр хэсээд загварлаг боловч гоё материалтай хувцас мөнгөндөө тааруулж авахад ч хэцүү болсон. Үүнд загвар тааруу, муу материалтай хэрнээ өндөр үнэтэй байх шалтгаанууд нөлөөлж байна. Хүмүүс шиг онлайнаар захиалж үзсэн. Гэвч захиалсан хувцаснууд маань 2-3 сарын дараа ирэх жишээтэй. Улирал нь дуусчихаар ямар ч хэрэггүй дараа өмсөх гэж хадгалдаг хувцаснуудтай болдог. Энэ талаар найзуудтайгаа ярилцаж суухдаа санаа нийлдгээ мэдсэн. Үүнээс яагаад дотооддоо хувцас хийж болохгүй гэж, бид нар шиг асуудалтай хүмүүс нүүр тулгарч байгаа шүү дээ гэж бодсон. Чанартай материалтай ч боломжийн үнэтэй, оёдол сайтай бүтээгдэхүүн гаргаж, асуудлыг шийдэж болох юм байна. Үүгээр зогсохгүй бизнес хийхэд чөлөөт зах зээл байгааг харсан.
-Бизнес нь өөрөө эрсдэлтэй салбаруудын нэг. Энэ салбарт хөл тавихдаа өөртөө хэр итгэлтэй байсан бэ, ойр дотны хүмүүс нь хэрхэн хүлээж авав?
-Би хувцас загварын хүн биш учраас мэдээж айдас байсан. Харин найз маань мэргэжлийн дизайнер болохоор маш их тусалдаг. Ойр дотны хүмүүс их дэмждэг. Ялангуяа, гэр бүл бүхий л зүйлд миний ар тал болж, чадлаараа тусалдаг. “Clothology” бол олон хүний хөлс хөдөлмөр, хайраар бий болсон брэнд юм.
-Ажлаа эхлүүлж байх үеэс хэрхэн өргөжиж, хэчнээн нэр төрлийн бараа үйлдвэрлэж, хэдэн хүнийг ажлын байраар хангасан бэ?
-Хамгийн эхний загвараас л олон асуудалтай нүүр тулсан. Долдугаар сар дуусч байсан учраас зуны хувцас хийж болохгүй, хичээл эхлэх болоогүй голд нь байсан үе. Тиймээс сурагчид, оюутнуудаас гадна оффист ажиллагсад өмсөж болохуйц загварыг гаргаж эхэлсэн. Хамгийн их баярлууштай нь эхний загвар олон хүнд хүрч, ам сайтай байсан. Ингээд маш их урмын үгээр булуулчихсан хүн чинь шууд дараагийн загвар руугаа орсон юм. Манайх гурван сарын хугацаанд найман нэр төрлийн загвар танилцуулж гаргасан байна. Тун удахгүй өвлийн шинэ коллекцууд танилцуулна. Анх дизайнер найзтайгаа хоёулаа эхлүүлж байсан бол одоо дизайнер, эсгүүрчин, оёдолчин, график дизайнер гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гуравхан сарын дотор энэ хүмүүсийг ажлын байртай болгож, цалинжуулж буйдаа баяртай байгаа.
-Өнөөдөр Монгол Улсын гарааны бизнесийн хөгжлийг олон улстай харьцуулбал ямар хэмжээнд явж байна вэ?
-Монголд олноор дэлгэрч байгаа ч одоогийн нөхцөл байдал олон асуудлыг үүсгэж байна. Гарааны бизнес өргөжин тэлэх, байр сууриа авч үлдэх нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй хүнд. Гэхдээ улс орны хөгжлийн хэрээр гарааны бизнес эхлэх боломж, материал гэх мэт зүйлс манай улсад нээлттэй болж буй. Манайд үйлдвэрлэл байхгүй учир ихэнхи материалаа урд хөршөөс татдаг. Хил хаавал өргөн хэрэглээний материал хомсдож, үнийн хөөрөгдөл бий болж буй энэ үед тогтвортой үйл ажиллагаа явуулахад багагүй бэрхшээлтэй.
-Гарааны бизнест хөл тавигчид эрчээ авч байна. Болзошгүй эрсдэлийг хохирол багатай давахын тулд хэрхэн зөв төлөвлөгөө, алхмаар ажиллавал болох вэ?
-Гарааны бизнес эрхлэх хүмүүс сэтгэл хөөрлөөр ажлыг бүү эхлээсэй. Маш сайн судалгаагаар эрсдэлийг тооцоолж, санхүүгийн тооцоолол гаргах нь зүйтэй. Бизнес эрхлэгчдийн ихэнх нь банк болон хувь хүнээс зээл авч их хэмжээний өрийн дарамтад орж байгаа юм. Тухайн зээлээ хугацаандаа хүүтэй нь төлөхийн тулд хэрхэн ухаалгаар ажиллаж түрээс, ажилчдын цалин, эргэлтийн мөнгө тооцоолсоноор бизнес эхлэх хэрэгтэй. Ямар ч эрсдэл гарч болно. Гол нь хөрвөх чадвартай байх шаардлагатай.
Facebook: Clothology&bkh
Instagram: Clothology.bkh
Утас: 95293293
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)