З.БАТЦЭЦЭГ
"Модерн" театрын уран сайхны удирдагч Юрий Грымовтой хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Аравдугаар сарын 17-нд Юрий Грымов түүний удирддаг Модерн театрт Леонардо жүжгийн нээлтийг хийнэ. Сэргэн мандалтын үеийн агуу, маргаантай суут ухаантаны тухай юм. Найруулагч Time Out сэтгүүлд ярилцлага өгөхдөө XV зууны Миланд хэдэн цаг болох тухай, олсоор алхдаг жүжигчдийн тухай, театрт яагаад төгс түүх болдог талаар ярьжээ.
-Леонардо да Винчи бүх зураачдаас хамгийн алдартай, хамгийн хүндтэй нь байгаад зогсохгүй, тэр бол бэлгэ тэмдэг, супер од юм. Хэтэрхий үзэсгэлэнтэй, хэтэрхий хүчтэй, хэтэрхий суут. Үнэн гэхэд хэтэрхий төгс. Энэ нь үргэлж маш том эрсдэлтэй байдаг тул тайзан дээр ийм хүнийг хэрхэн бүтээх вэ?
-Энэ бүхэн бидний оюун санаанд-миний, таны, үзэгчдийн оюун ухаанд байна. “Дайн ба энх”, “Питер I”, Курт Кобейны тухай “Нирвана” зэрэг жүжиг тавихдаа би хэзээ ч хөрөг зурагтай төстэй байдлыг сонирхдоггүй. "Высоцкий, амьд байгаад баярлалаа" гэж аймшигт кино гарч байсныг санаж байна уу, резинэн масктай Безруков Высоцкий юм уу. Энэ бол сүйрэл юм. Учир нь урлаг үргэлж ерөнхий ойлголт байдаг. Энэ бол миний Леонардо, Петр I-д хандах хандлага эсвэл миний дурласан Сэргэн мандалтын үеийн хувийн хандлага.
Би багаасаа зураг зурсан. Ер нь миний хувьд телевиз, шоу бизнес, клип, кино театр, хэвлэн нийтлэх, дизайн гэх мэт янз бүрийн зүйл хийх нь хэвийн үзэгдэл. Сэргэн мандалт бүхэлдээ үүн дээр суурилдаг. Миний хамгийн дуртай Микеланджело Шекспирээс илүү биш юмаа гэхэд Шекспирээс дутуугүй сонет бичсэн. Тэр хэзээ ч фреск зурдаггүй байсан бөгөөд Сикстин сүмд фреск хийхийг даалгахад "Би хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй" гэж хэлсэн. Дараа нь тэрээр Пап лам Юлий II-ийн захиалгаар дэлхийн хамгийн агуу фрескуудын нэгийг бүтээсэн. Тиймээс хүмүүс юм юмыг хийх нь миний хувьд энгийн үзэгдэл бөгөөд энэ л "бүхнийг хийх" нь Леонардог тодорхой хэмжээгээр аварч, нэгэн зэрэг устгасан гэдэгт би итгэдэг.
-Леонардо шиг ийм дүрд аль талаас нь хандах вэ?
-Хэн ч түүний хувийн амьдралыг мэдэж байгаагүй, гэхдээ бид жаахан учрыг нь олохыг оролдсон. Түүний ижил хүйстэнтэй холбоотой хоёр ч шүүх хурал болж байсан, сүм түүнийг хавчиж мөрдөж байсан ч эцэст нь юу ч нотлоогүй. Хувийн амьдралынх нь талаар бараг баримт үлдээгүй. Тэр бүх зүйлийг урлагт зориулсан- нөхөрлөл, хайр, юу ч байхгүй.
Түүний зургууд надад их ойрхон санагддаггүй, жаахан үхмэл. Эдгээр нь гайхалтай зурагдсан, үзэсгэлэнтэй дизайнтай, шашны түүхийг сайхан тайлбарласан боловч энэ нэг л сүүдрийн ертөнц. Агуу "Сүүлчийн зоог"-ыг хүртэл дүрүүд нь дүлий, хэлгүй мэт дүрсэлсэн байдаг. Учир нь тэнгэрлэг гэрэл байдаггүй. Агуу урлагийн хамгийн том нууц болох Ариун ёслол гэж байдаггүй. Мэдээжийн хэрэг тэр гайхалтай, алдартай, суут зураач хэвээр байна. Гэхдээ миний хувьд тэр илүү алхимич. Сэргэн мандалтын үеийн ертөнцийг бүтээж, түүнд амьд Леонардо да Винчи оруулах нь амар ажил биш ч бид чадаж байгаа гэж би бодож байна.
Сэргэн мандалтын үеийн ертөнц бол тахал, тэмбүүний үе. Энэ бол маш хэцүү, харгис үе юм. Энэ бол хамгийн цуст пап Юлий II, хуяг дуулга өмссөн дайчин пап ламын үе бөгөөд ийм зүйл дахин түүхэнд тохиолдсонгүй. Энэ бүхний хажуугаар Микеланджело, Рафаэль, Леонардо нар гарч ирж, ердөө хориодхон жилийн дотор хөгждөг.
Би энэ дүрд Роман Виктюкийн нэрэмжит театрын од Дмитрий Бозиныг урьсан. Тэр бол гайхалтай жүжигчин, их уян хатан, театрт хайртай, Модерн театрын шүтэн бишрэгч байсаар ирсэн. Гэхдээ бид үүгээр зогсохгүй, тэр манай театрт өөр зүйлд тоглох болно, учир нь тэр бол найруулагч миний хувьд бэлэг юм. Би хэдийгээр сайн жүжигчдээр дутаагүй найруулагч боловч Д.Бозинтой хамтран ажиллах нь миний хувьд том аз жаргал.
-Леонардо таны “Антихрист ба Христийн” гурвалсан зохиолын үзэл баримтлалд хэрхэн нийцэж байна вэ?
-"Антихрист ба Христ" гурвалсан жүжгийн анхны тоглолт болох "Петр I" нь Христийн далбаан дор Антихристэд хэрхэн үйлчлэх боломжтой вэ гэсэн санаа юм. Леонардо да Винчи бол Христ болон Антихрист хоёрын 50-50-ийг тэнцүү хэмжээгээр нэгтгэдэг хүн. Гурав дахь жүжиг нь "Иуда юу?" байна.
-Леонардо да Винчигийн дүрд тоглох жүжигчний гол зүйл юу байх ёстой вэ. Өөр төрлийн сэтгэлгээ мөн үү?
-Энэ нь уран бүтээлч байх ёстой. Том үсгээр, том утгатай. Дима Бозин тэр чигтээ театр. Тэрээр ажилдаа дуртай, театргүйгээр амьдарч чадахгүй хүн. Түүний театрт зориулсан энэхүү хайр нь "Модерн" театрын бүх жүжигчдийн нэгэн адил тайзан дээр мэдрэгддэг. Юрий Анпилогов герцог Морогийн дүрд тоглосон. Моро бол Миланыг 10 жил удирдсан, цуст удирдагчдын нэг, Леонардогийн байнгын захиалагч байсан. Морогийн эхнэр Беатрисийг Жанна Чирва бүтээсэн.
Бид бүгд театрт хайртай баг. Би кино урлагийн шүтэн бишрэгч боловч кино урлаг бол өнгөц. Ялануяа одоо. Театр бол зуу дахин төвөгтэй учраас төгс юм. Найруулагч, жүжигчин хоёрын хувьд зуу дахин хэцүү. Кино, театрын жүжигчин хоёрын ялгааны талаар асуухад Аль Пачино ингэж хариулсан байдаг. “Ямар ч жүжигчин хүн олсоор алхахтай адил. Ганцхан театрын жүжигчинд өндөр таазан дээгүүр татсан олсоор алхдаг. Харин кино жүжигчид бол шалан дээр хэвтэж байгаа олсон дээгүүр алхдаг” гэж хариулсан юм. Найруулагчид ч мөн ялгаагүй. Манай үзэгчид XVII зуун Петр I харсан, одоо Леонардо дээр XV зууныг харах болно. Цаашаа “Иуда” дээр бүр илүү гүнзгийрнэ.
-Та үзэгчдэд бэлтгэл сургуулилт хийж байгааг харуулах боломжийг олгож зүрхэлсэн цөөхөн найруулагчдын нэг юм. "Леонардо" жүжгийн нээлтийн өмнө ийм нээлттэй сургуулилт болсон бөгөөд үлдсэн анхны сэтгэгдлүүдийн нэг нь Леонардогийн уран бүтээл, зан чанарыг түүний үеийнхэнтэй ижил түвшинд, түүний нүдээр харах гэсэн оролдлого юм гэж бодсон.
-Энэ бол үнэн зөв сэтгэгдэл, учир нь театр асуултанд хариулдаггүй, асуулт асуудаг. Олон нийтээс. театр чимээгүй байж чадна- маш чанга чимээгүй, үзэгч үүнд хариу үйлдэл үзүүлж, дараа нь уншиж, ярихаар явах болно. Тайзан дээр болж буй үйл явдлын ид шид байдаг гэдэг утгаараа “Леонардо” жүжгийг олон дахин тоглогдох боломжтой гэдэгт итгэлтэй байна. Тэ хэдэн ч удаа үзсэн шинэ зүйлийг харах болно. Түүнээс гадна би үе үе өөрчилдөг. Бүх жүжгүүдээ бага зэрэг өөрчисөн байгаа. Тэгэхгүй бол театр үхдэг. Сүүлийн нээлт болох "Масквичи" тоглолтыг би ерөнхийдөө дахин найруулсан. Тэгвэл илүү инээдтэй болох санагдаад. Та бидний тухай, бидний ээж аавын тухай инээдмийн жүжиг хиймээр санагдаад.
-Жүжиг дээр ажиллах явцад Леонардогийн талаарх таны төсөөлөл хэр өөрчлөгдсөн бэ6 Эцсийн эцэст, агуу хүмүүсийн тухай ийм бүтээлүүд нь намтар биш, харин зориулалт бөгөөд энэ бол цаг хугацаа, орон зайн бүтээлч харилцан яриа юм.
-Маш их өөрчлөгдсөн. Би жүжгийг хурдан дэглэдэг, гэхдээ удаан бэлддэг. Би хүүхэд байхаасаа энэ үеийг их сонирхдог байсан. Зургаан сарын өмнө “Леонардо”-г хийхээр шийдэхдээ мэдээж их зохиол уншиж судалсан. Би уулзалт зохион байгуулж Леонардо болон Ренессансын талаар ер нь яринаа. Саяхан би 1903 оны Леонардогийн уран бүтээл, Английн яруу найрагчид, тухайн цаг үеийн итали зохиолчдын талаар үнэлэлт дүгнэлт хийсэн сайхан ном олж авсан.
Мэдээж миний бодол өөрчлөгдсөн. Түүнийг их ойлгох болсон. Урьдынхаасаа арай илүү надад таалагддаг болсон гэж хэлж болно. Тэр хурц тод амьдралаар амьдарч чадсан. Гайхалтай намтар түүхтэй. Гэхдээ аз жаргалтай амьдарч чадсан болов уу? Маш их ажил хийгээд тэрийгээ дуусгаагүй. Өөрийхөө бүтээлд гарын үсэг зурж байгаагүй, нэг ч хөрөг зураг үлдээгээгүй.
Би Жокондаг ингэж их алдартай байгаад гайхдаг. Мэдээж хулгайд алдагдаад хоёр жил цагдаа нар хайж шуугиан болсон л доо. Хулгайлсан хүн нь зарах гэж биш, гэртээ байлгаж байгаад Италид буцааж авчрах хүсэлтэй байсан. Олсных нь дараа түүнийг бүр зөвтгөсөн, буцаагаад Францад нь аваад ирсэн. Ингээд л энэ зураг домог болж байгаа юм. Хаа сайгүй, аяга, таваг, цамцан дээр зураг нь хэвлэгдээд. Бид энэ нууцыг нээх гэж хичээж байна. Тэр гурван жил энэ бүсгүйтэй уулзсан байгаа юм. Леонардо хурдан зурдаг. Харин энэ зургийг гурван жил зурсан, энэ бол урт хугацаа. Судлаачид 35 настай бүсгүй өөрөөсөө олон ах нөхөртэй учраас Леонардотой уулздаг байсан гэж ярьж байгаа нь худал. Яагаад гэвэл Леонардо өөрөө түүний нөхрөөс найман насаар ах байсан. Тэдний сонирхолтой харьцааны талаар бид жүжигтээ өгүүлэх болно.
-Леонардогийн урлагийн нэг чухал онцлог нь түүний бүтээлүүдэд хүн ба байгаль нэгдмэл байдаг. Хүн бол орчлон ертөнцийн нэг хэсэг юм. Энэ ертөнцийг үзэх үзэл танд хэр ойрхон байна вэ. Сэргэн мандалтын үеийн үзэл санаа өнөөг хүртэл амьд байгаа гэж та бодож байна уу. Тэд орчин үеийн нийгэмд байж чадах уу?
-Мэдээжийн хэрэг, орчин үеийн нийгэм Бурханыг бодитоор эсэргүүцэж байгаа сүүлийн үед эдгээр санаанууд эргэлзээтэй байгаа. Хэн нэгэн нь бүх зүйлийн бурханлаг мөн чанарт эргэлзэж байсан бөгөөд үүний төлөө өнөөдөр дэлхий ертөнцөд болж буй үйл явдлаар төлөөс төлж байгаа юм шиг надад санагдаж байна. Энэ бол хүмүүс Леонардо шиг өөрийгөө Бурханы оронд тавьсны төлөөх шийтгэл юм.
-Нээлттэй сургуулилтаас улбаатай өөр нэг сэдэл бол урлаг, хүч хоёрын холбоо юм. Эрх мэдэлтнүүд зураачийг хэрхэн хэрэгсэл болгон ашигладгийг бид мэднэ. Энэ бас өнөөдрийн тухай мөн үү?
-Микеланджелогийн Сикстин сүмийг захиалсан II Юлий түүнийг Бүтээгчийн өмнө үхлийн хэвтэрт байх үед нь II Юлийгийн хийсэн нүглээс илүү байх болно гэж хэлсэн. Харин тэр бол багагүй нүгэл үйлдсэн хүн. Зураачид бурханы төлөө уран бүтээлээ хийдэг гэдгийг мартаж болохгүй. Сэргэн мандалтын үеийн бүтээлүүд бүгд захиалгаар хийгддэг байсан. Би зураач, би мэднэ гэсэн ойлголт байгаагүй. Бүгд захиалга.
Захиалагчид зурагны 90 хувийг хэлж өгдөг байсан. Юу зуруулах, яаж зуруулах, ямар үйл явдал өгүүлэх гээд бүгдийг дэлгэрэнгүй захиална. Мэдээж цахим орчин, хэвлэл мэдээлэл байхгүй үед уран бүтээл өөрөө хүмүүст илгээмж болж хувирч байсан. Тэр дундаа улс төрийн. Гэхдээ үнэхээр сайхан бүтээлүүдийг Итали, Францад үзэж болно. Би бол үүнийг олон улстөрчдийн гавьяа гэж боддог. Эдгээр баян хүмүүсийг урлагийг ивээн тэтгэгчид, хөрөнгө оруулагчид гэж нэрлэмээр байна. Тэд эдгээр бүтээлээр гэрээ чимж, энэ сайхан дунд амьдарч байсан хүмүүс. Рафаэль бол бүхнээс илүү. Тэр сайн харилцан ярилцагч, тэр бүхнээс илүү олон захиалга авдаг байсан. Байнга зөрчилддөг Микеланжелогоос тэс өөр. Сэргэн мандалтын үе гэдэг бол урлаг, улс төр, цус, мөнгөний холион.
-Үзэгч юу болж байгааг бодож, тайлах нь таны хувьд хэр чухал вэ?
-Маш чухал. Михайл Чеховын хэлсэн нэг сайхан үг байдаг. “Үзэгчид театрт ажиллах гэж ирдэг, бүү саад бол” гэж. Үзэгчид театрт ирээд үзээд, тунгаан бодоод, таамаглаад, хараад, ойлгоод дахиж үзэх гэж ирэх нь миний хувьд чухал. Сайн театр сайн дарстай л адил. Хямдхан шилэнд шууд бүгдийг нь юүлчээд, нэг амьсгаагаар уух боломжгүй. Мэдээж таавар хэрэгтэй, энэ нь таныг хөгжүүлнэ, бодоход хүргэнэ. Сэтгэл хөдлөлийг та өөрөө л мэдэрнэ.
-Театрын цуглаан дээр та улирал өмнөхөөсөө зарчмын хувьд өөр болно гэж хэлсэн. Та ирэх улирлын гол сэдвүүдийг хэрхэн томъёолох вэ?
-Эхлээд цуврал гурав гарна: “Петр I”, “Леонардо”, “Иуда юу?”. Дараагийн хоёр жилд манай театрын бүх жүжиг эмэгтэйчүүдэд зориулагдсан байх болно. Леонардогийн дараа би Лесковын зохиолоос сэдэвлэсэн "Мценскийн дүүргийн хатагтай Макбет" жүжгийг хийх болно. Сүүлийн үед эмэгтэйчүүдэд хандах хандлага их өөрчлөгдөж байна. Олон бүсгүйчүүд улс төрд гарч ирж байна. Тэдний ихэнхи нь их хатуу, бүр хэрцгий байна. Би ийм болно гэж төсөөлж байгаагүй. Тиймээс манай театр хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдэд зориулсан жүжиг хийнэ. Макбетын дараа Коэльо, Павич тоглогдоно.
-Аравдугаар сарын 8-нд театрт үзэгчидтэй нээлттэй ярилцлага хэлбэрээр бүтээлч уулзалт хийх гэж байна. Найруулагчийн хувьд үзэгчидтэй шууд харилцах нь хэр чухал вэ?
-Чухал, учир нь театр бол гар ажиллагаа. Кинонд ийм холбоос үүсдэггүй. Би мэдээж Оросын, олон улсын шагналыг киногоор хүртэж байсан. Гэхдээ тэр холбоосыг мэдрээгүй. Театрт бол үзэгчидтэй харьцаад, амьд холбоос үүсгэж болдог. Энэ уулзалтын үеэр би сэргэн мандалтын болон орчин үеийн урлагийн талаар лекц уншдаг. Гэхдээ үзэгчдээс шалтгаална. Жилд би нэг удаа ийм уулзалт зохион байгуулдаг. Энэ нь надад хэрэгтэй. Хүмүүс манай театрын талаар юу бодож байна. Тэдний сэтгэлд юу байна гэдгийг сонсох нь чухал.
-Урлагийн зах зээлийн шилдэг мэргэжилтнүүд долоо хоногт ядаж нэг удаа “Надад нэг зураг байна. Леонардо зурсан байх гэж бодож байна” гэсэн мэйл ирдэг. Арабын угсаа залгамжлах ханхүү Леонардогийн өөрийн хөрөг зургийг 450 сая ам.доллараар худалдаж авсан тухай алдартай түүх байдаг бөгөөд түүний жинхэнэ эсэх нь батлагдаагүй байна. Яагаад тэр одоог хүртэл хүмүүсийг сэтгэлийг ингэж татна вэ?
-Орчин үеийн хэлээр бол түүний нэр сайн сурталчлагдсан. Энэ бол үнэхээр том зах зээл. Ихэнхи нь 50 сая ам.доллар нэмж хасаад буцаагаад зарсан байдаг. Леонардо бас бусад зураачдаас ялгаатай нь шавь нарыхаа бүтээлийг гүйцээж зурсан байдаг гэдгийг мартаж болохгүй. Түүний зургийг ч бас шавь нар нь гүйцээж байсан. Эрмитажд байгаа “Мадонна литта” бас эргэлзээтэй, шавь нар нь гүйцээж зурсан байх магадлалтай. Энэ чинь л гол маргалдах үндэслэлийг өгч байгаа юм. Учир нь тэр нууцлагдмал, алхимич, өөрийхөө хөрөг зургийг үлдээгээгүй. Гэхдээ энэний чинь учрыг олно гэдэг чинь аз жаргал байхгүй юу.
Эх сурвалж: www.polit.mn