Б.ДАРЬСҮРЭН
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн.
Энэ дагуу өнөөдөр /2022.10.10/-ийн хуралдаанаар хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан 10 компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Зургаан компани буюу “Нэйшнал трэйшир бит секьюрити”, “Икс Мета”, “Комплекс Дижитал Экосистем”, “Чойжин Алтекс”, “Зоос Дижитал Эксчэйнж”, “Корэкс” ХХК хууль, журамд заасан шаардлагыг хангасан тул виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны есдүгээр сарын 21-ний ээлжит хуралдаанаар “Дижитал Эксчэйнж Монголиа”, “Ай Дакс”, “Койн Хаб” гэсэн гурван компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй есөн компаниар дамжиж өнөөдрийн байдлаар аливаа виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах боломжтой болж байна.
Эх сурвалж: www.polit.mn