Д.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин бага насны хүүхдээ харангаа хөдөлмөр эрхэлж, орлого олж, нийгэмд чиглэсэн сайн үйлс хийж буй ээжүүдийг алдаршуулах, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор “Ээжүүд зүгээр суудаггүй” буланг эхлүүлсэн билээ. Бид эхний дугаартаа бялуу урладаг, хөдөлмөрч ээж Н.Дашдуламыг онцолж байсан бол энэ удаад гурван дэрсхэн хүүхдийн ээж, тархины саажилттай хүүхдэд зориулсан “Гэгээн ирээдүй” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, хөдөлгөөн засалч Д.Өнөрцэцэгийг зочноор урилаа. 

 

Анхны хөдөлгөөн засалчийн нэг

Бяцхан хайрын цэцэг хэвлийд соёолж, өдрөөс өдөрт өсөн торниж, өөдөсхөн хөлөөрөө тийрэн тонгочих нь гайхалтай мэдрэмж билээ. Ээжүүдийн хувьд тэсэхүйеэ бэрх өвдөлтийг тэсэж төрүүлсний дараа тэр л жижигхэн ертөнцийг хараад бүх хайраа зориулдаг нь жам гэлтэй. Гэхдээ энэ удаад эх үрийн хайр илүү асгарч, тэр хэрээр шаналдаг тархины саажилттай хүүхдүүдийн тухай хөндөх гэж байна. Өнөөдөр бусад хүүхдийн адил дэгж дэрвээд гүйж чаддаггүй ийм оноштой  4000 гаруй хүүхэд байдаг гэсэн тоо байна. Насаараа ээж аавынхаа арчилгаанд байж, хөл дээрээ зогсож сурахын төлөө жижигхэн биедээ баймгүй хүч гаргаж байгааг нь харахад өр эмтрэм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Park view” хотхонд эдгээр хүүхдүүдэд зориулсан “Гэгээн ирээдүй” хөдөлгөөн заслын цэцэрлэг бий. Цэцэрлэгийн хаалгаар ороход яг л бяцхан үлгэрийн ертөнцөд ороод ирсэн мэт содон. Харин энэхүү цэцэрлэгт бяцхан багачуудын хөлийн чимээ, инээд шуугиан сонсогдохгүй. Тэргэнцэр дээр суусан, зориулалтын орон дээр хэвтсэн, жижигхэн хөлөө чирж ядан мөлхөх бяцханууд гурван багшийн хамт биднийг угтсан юм. Харин энэ л хүүхдүүдийн өмнөөс шаналж, өөрийнхөө гурван хүүхэдтэй ижилсүүлэн хайрлаж, 10 жилийн турш тархины саажилттай хүүхдүүдийн төлөө чин сэтгэлээ зориулж, чадах бүхнээ хийж, эмчилж яваа залуухан ээж Д.Өнөрцэцэг энэхүү нийтлэлийн гол баатар билээ.

Д.Өнөрцэцэг 2007 онд дунд сургуулиа төгсөөд ЭМШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн бага эмчийн ангид элсжээ. Харин төгсөх жилээ сургуульд нь хөдөлгөөн засалчийн анги шинээр элсэлт авахад тухайн ангид суралцаж, энэхүү мэргэжлийг эзэмшсэн байна. Энэ тухайгаа “Би хөдөлгөөн засалчийн ангийн анхны төгсөгчийн нэг. Энэхүү мэргэжил нь Монголд хамгийн эрэлттэй, шинэлэг мэргэжил. Бидэнд анх Японоос багш нар ирж хичээл зааж, манай ангийнхан дадлагаа Японд очиж хийж байсан. Миний хувьд төгссөн цагаасаа хүүхдийн хөдөлгөөн засалчаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Анхны дадлага, ажлын гараагаа тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгээс эхэлсэн. Цэцэрлэгтээ таван жил ажиллаад 2015 онд том хүүгээ төрүүлсэн. Хэдийгээр дикриттэй байсан ч үргэлж эмчилж байсан хүүхдүүдээ санаж, сэтгэл зовнидог байлаа. Тиймээс хүүгээ зургаан сар хүргээд хүүхдээ харангаа цөөн тооны саажилттай хүүхдүүдэд тусалъя  гэсэн сэтгэлээр анх цэцэрлэгээ нээж байсан. Тэр үеэс хойш зургаан жил өнгөрсөн байна.

Одоогоор манай цэцэрлэг 15 хүүхэдтэй. Үүнээс олон хүүхэд авах боломжгүй. Анх цэцэрлэгээ нээхдээ өөрт байсан, нөхрийнхөө бэлэглэсэн үнэтэй бүхнээ барьцаанд тавьж байрны түрээсээ төлж эхэлсэн. Хүүхдүүддээ хоол хийж өгөх материалаа гэрээсээ илүүчилж бэлдэж ирдэг байлаа. Энэ үед би хүүхдийн цагаан буян эргээд надад ирнэ дээ гэж сүсэглэдэг байсан.

Өнөөдөр манай улсын хэмжээнд тархины саажилттай 4000 гаруй хүүхэд бий гэсэн судалгаа гарсан. Гэтэл улсын хэмжээнд энэ хүүхдүүдэд зориулсан ганцхан цэцэрлэг байдаг нь харамсалтай. Намайг ажиллаж байх хугацаанд 10 дугаар цэцэрлэг 1.5-12 насны 120 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр нийт тархины саажилттай хүүхдийн дөнгөж 4 хувь нь л энэ цэцэрлэгт явах боломжтой. Үлдсэн 96 хувь гэртээ ээж аавынхаа асаргаанд өдрийг өнгөрүүлж байна. Тархины саажилттай хүүхэдтэй ээж аавуудын нэг нь заавал ажил төрлөө орхиж хүүхдээ харах шаардлагатай болдог. Харин би цэцэрлэгээ нээснээр цөөн ч болтугай ээж аавд хүүхдэдээ санаа зоволтгүйгээр мэргэжлийн хөдөлгөөн засалчдад үлдээж, ажлаа хийх, сурч боловсрох, сэтгэл тайван амрах боломж өгч байгаа ажлаараа бахархдаг” гэсэн юм.

 

“Надад хүүхдээ үлдээсэн эцэг эхийн итгэлийг алдах ёсгүй”

Д.Өнөрцэцэгийн хувьд өөрөө бага насны гурван хүүхдийн ээж билээ. Бага охин нь одоо дөнгөж ой дөрвөн сартай. Тэрбээр хөл хүнд болж шинэ хүнээ өлгийдөх бүртээ гэртээ хүүхдээ хараад суухыг урьтал болголгүй цэцэрлэг рүүгээ яарч, өвлийн хүйтэнд өлгийтэй хүүхдээ тэврээд нийтийн унаанд  суугаад ирдэг байсан тухайгаа ярьж байсан юм. Энэ үедээ шантарч болимоор байсан ч “Би нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь энэ хүүхдүүдийн төлөө ажиллах ёстой. Надад итгэж хүүхдээ үлдээсэн эцэг эхийн итгэлийг алдаж болохгүй” гэсэн сэтгэлээр өөрийгөө хурцалдаг байжээ.

Одоогоор энэхүү цэцэрлэгт тасралтгүй зургаан жил явсан хүүхдүүд ч байна.  Тэд багшийгаа таньж, ойртоод ирэхэд нь гараа өгөхөөр тэмүүлж, дууг нь сонсоод толгойгоо эргүүлэн хайх нь өхөөрдөм. “Гэгээн ирээдүй” цэцэрлэг одоо гурван багштай үйл ажиллагаа явуулдаг. Багш нар хүүхдүүдэд өөрт нь тохирсон дасгал хийлгэж хооллохоос гадна дуу хөгжим сонсгож, харандаа бариулж, хамтарч зураг будна гээд СӨБ-ын бүхий л үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Д.Өнөрцэцэг “Би анх хөгжлийн бэрхшээлийг хараагүй, хөлгүй, гаргүй, тэргэнцэртэй хүнээр л төсөөлж явсан. Харин анх 10 дугаар цэцэрлэгт очиж дадлага хийхдээ ийм жаахан хүүхдүүд хөдөлж, зогсож, тайван сууж ч чадахгүй байхыг хараад сэтгэл эмтэрсэн. Би өнөөдөр энэ хүүхдүүдээрээ үнэхээр их бахархаж, хайрладаг. Учир нь эд маань тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж байгаа. Өдөр бүр хоёр цаг тогтмол дасгал хийж, ганцхан удаа эргэж, хөл дээрээ зогсохын төлөө ямар их ядарч, туйлдаж, тэвчдэг гэж санана” гэсэн юм.

Үнэхээр “Гэгээн ирээдүй” цэцэрлэг дээр нэг өдрийг өнгөрүүлэхдээ Д.Өнөрцэцэг багшийг ямар хүнд мөртлөө аз жаргалтай ажил хийдэг юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Бид л өөрийнхөө 2, 3-хан хүүхэдтэй өдрийг өнгөрүүлэх ямар чанга байдаг билээ. Гэтэл өөрийгөө хянаж, хоолоо идэж, зоргоороо гүйж чадахгүй 15 бяцхан зүрхийг эхийн сэтгэлээр хайрлаж, өглөөнөөс орой болтол асарч, уйгагүй заасан ганцхан дасгалынх нь үр дүнд өнөөх хүүхэд нь нэг алхахад өөрийн хүүхэд нь хөлд орж буй мэт баярлах гэгээн сэтгэлтэй энэ ээжээр бахархаж, хайрлахгүй байхын аргагүй байсан юм. Асуулт асуух бүрт “Би энэ нийгмийг өөрчилж чадахгүй ч, тархины саажилттай хүүхдүүдийн төлөө өөрийнхөө чадах хэмжээнд заавал нэг зүйл хийх ёстой” хэмээн зорьж яваа  гэж байв. Д.Өнөрцэцэг “Би тархины саажилттай хүүхдүүдэд зориулж төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллагаараа дамжуулаад  хуучин хувцасны  аян зохион байгуулахаар зорьж байна. Хүн бүхний хувцасны шүүгээнд хэзээ авснаа мартчихсан, эсвэл өмсөж амжаагүй багадсан хувцас байж л байдаг. Бид эдгээр хувцсыг нь аваад багахан мөнгөөр хэрэгтэй хүнд нь борлуулж, олсон орлогоороо хүүхдүүдээ чиглэсэн нийгмийн ажлыг зохион байгуулахаар зорьж байна” гэсэн юм. 

Мөн “Хүүхэд бүхэн  ээж аавдаа бол сэтгэлд нь мандсан нар. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Тиймээс тэд үргэлж инээмсэглэж, жаргалтай амьдрах ёстой. Гэхдээ энэ бүхнийг би ганцаараа хийж бүтээсэн гэвэл худал. Хамгийн эхэнд миний хань намайг ойлгож, ажлыг минь дэмждэг. Мөн цэцэрлэгээ нээсэн цагаас ээж минь тогоочоор ажиллаж, хүүхдүүдийг минь харж байна. Энэ хүмүүсийнхээ хүчээр би энэ хүртэл явсан” гэж онцолсон юм.

 

“Хүндрэл багатай хүүхдийг энгийн цэцэрлэгт явуулах нь үр дүнтэй”

 

Өнөөдөр манай нийгэмд тархины саажилттай хүүхдүүдийг эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг. Ядаж л тэргэнцэр дээрээ суугаад гарч салхилахад нь зориулалтын зам байхгүй нь харамсмаар. Энэ тухай ч хөдөлгөөн засалч Д.Өнөрцэцэг “Тархины саажилт нь хүнд, хөнгөн гээд олон хэлбэртэй байдаг. Харьцангуй бага хүндрэлтэй ярьж, ойлгож чаддаг хүүхдүүдийг нийгмээс тусгаарлах бус харин ч энгийн цэцэрлэгт явуулж үеийн хүүхэдтэй нь хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй санагддаг. Гэтэл авах цэцэрлэг олддоггүй учир эргээд манайд хандах үзэгдэл их байна” гэв.

Энэхүү ээжтэй ярилцаж суухдаа үнэхээр тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан төрийн бодлого, мэргэжлийн хөдөлгөөн засалч дутмаг байгааг мэдэх ёстой, хийх ёстой хүмүүст нь хүргэхсэн, ажил хэрэг болгохсон гэж бодогдсон. Хүүхэд бүхэн Монголын ирээдүй гэж бид ярьдаг. Гэтэл ирээдүйн эзэд болсон 4000 хүүхэд өнөөдөр мэргэжлийн тусламж авч чадалгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.  Тэдэнд гурван хүүхдийн ээж Д.Өнөрцэцэг шиг саажилттай хүүхдүүдийн төлөө бүхнээ зориулж, чин сэтгэлээсээ ажлаа хийх олон олон багшийг бэлдэж, ажиллах орчин нөхцлөөр хангаж өгөх үүрэгтэйг төр засаг анхаараасай билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

 

Өнөрөө маань хөдөлгөөн засалч хнмээх энэхүү хүнд ажлыг жаргаж, дурлаж, чин сэтгэлээсээ хийдэг үнэхээр мундаг бүсгүй шүү. Томоос том амжилт хүсэе.
Баярлалаа🙆‍♀️💚
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 43 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 43 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 43 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 43 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 43 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 43 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 43 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 52 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 54 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 55 мин