Б.Бат-Өлзий: Бяр бол сэтгэлээс гарах хүч

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Энэ жилийн төрийн баяр наадамд түмэн олноо баясгаж улсын заан цолны болзлыг хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат  Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа. Шинэхэн заан маань наадмаас өмнө бөхийн өргөөнд гурав дараалан түрүүлсэн билээ. Мөн наадмын дараа орон нутагт мөн гурван удаа түрүүлжээ.

 

-Таны хувьд энэ жилийн наадамд сайн барилдаж заан цол хүртлээ. Олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн, үнэ цэнтэй цол гэж харж байна ?

-Би үндэсний бөхөөр 12 жил барилдаж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой миний барилдаж байгаа ид үед тохиож байгаа нь их хувь тавилан гэж бодсон. Тиймээс ч барилдаан бүртээ ач холбогдол өгч илүү хичээсэн. Түрүүлэх зорилго тавьсан ч чадсангүй. Гэхдээ заан цолонд хүрсэндээ баяртай байна. 

-Та долоогийн даваанд улсын харцага Н.Золбоог амласан.  Эрэмбийн хувьд өөртэйгөө адил түвшний бөх амлахад наадамчин олон гайхсан. Өмнө нь 2018 онд Н.Золбоо харцага улсын баяр наадамд таниар тав давж начин цолонд хүрснийг санаж байна?

-Н.Золбоо харцага бол сайн бөх. Би урьд нь улсын наадамд унаж байсан. Энэ жил бэлтгэл сайн байсан учраас сайхан барилдъя л гэж амалсан. Н.Золбоо ч бэлтгэл сайн байна лээ. Бидний хувьд их хүнд барилдаан болж би давсан. Н.Золбоо намайг давж начин болж байсан. Би харин Н.Золбоог давж заан цол авлаа. Ховор тохиолдол сайхан түүх,  магадгүй хувь тавилан байх.

-Харин наймын даваанд энэ наадмын үзүүр бөх Б.Орхонбаяртай тунасан. Залуу арсланг үнэхээр аргалж болсонгүй юу?

-Миний хувьд барилдааны үеэр бүхнээ дайчилсан. Гэхдээ яаж ч чадаагүй. Манай үндэсний бөхөд Б.Орхонбаяр шиг уран барилдаантай бөх гарч ирж байгаад адилхан бөх хүний хувьд баяртай байна. Олон жил зүлэг ногоон дэвжээг эзэгнэж наадамчин түмнээ баярлуулах болтугай. 

-Наадмын дараа Ховд аймагт болсон “Тонжоо” наадамд та Б.Пүрэвсайхан зааныг этэх мэхээр унагасан. Энэ мэхийг О.Хангай аваргад бэлдсэн гэж наадамчин олон ярьж байхыг сонссон. Магадгүй аваргатай улсын баяр наадамд таарсан бол? 

-Би барилдахдаа золгооноос этдэг. Аливаа мэхийг олон хувилбараар хийж сурахыг хүсдэг. Мөн тухайн мэхээ төгс сурахсан хичээдэг. Гэхдээ хэн нэгэн хүнд зориулж хийж үзээгүй. Золгооноос хийдэг этээгээ сэнжигний барьцнаас хийхийг оролдож байна. Тэгээд л Б.Пүрэвсайхан заантай барилдаж байхад барьц байрлал нь таараад хийж, давсан. Түүнээс зориуд  О.Хангай аваргад зориулж бэлдсэн мэх биш.

-Дараа нь Чандмань суманд дахиад Б.Пүрэвсайхан заантай таарсан.  Зарим бөх сонирхогчид таныг нутагт нь ах заандаа бууж өгнө гэж таамаглаж байсан байх?

-Би худал барилдах дургүй. Нэгэнт л талбай дээр гарсан бол жинхэнэ уран мэх, хүчийг үзэж даваа авах хэчнээн сайхан гээч. Б.Пүрэвсайхан заан ч надаас бууж өгөөч гэж гуйгаагүй. Их хүнд барилдаан болсон. Зарим бөхчүүдийн хувьд нутагт нь очиж найздаа, нутгийн бөхөд унаж өгөх тохиолдол их гарч байна. Бөхчүүд маань нутгийн ард түмнийг хүндэлж байгаа бол үнэн хүчээ л үзэж барилдах хэрэгтэй. Унах, давах нь дараагийн асуудал.

-Энэ жилийн баяр наадмын сонин сайхнаас хоёулаа багагүй ярилаа. Одоо таныг бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан тухай сонирхмоор байна?

-Би багаасаа л бөх болохыг мөрөөддөг байсан. Анх 2009 онд сумынхаа наадамд зодоглоод дөрвийн даваанд унасан. Удаа ч үгүй Чандмань сумын наадам болох сураг дуулдахаар нь хойноо суудалгүй, цемент шохой ачсан фургонд суугаад очсон. Энэ наадамд түрүүлж анх сумын заан болж байлаа. Заан цолонд хүрч, урам аваад ерөөсөө л хот орж бөх болъё гэж шийдсэн. Хотод ирээд биеийн тамирын “Шонхор” дээд сургуульд элссэн. Гэхдээ оюутан байхдаа бэлтгэл гэж юу байдгийг эхний 2-3 жил мэдрээгүй. Учир нь ар гэрийн бололцоо  муу байсан. Тиймээс бэлтгэл гэхээс илүү ажил их хийдэг байлаа. Одоо эргээд бодоход бөх болоод 10 гаруй жил болоход сүүлийн 7-8 жилд л бэлтгэлээ маш сайн хийсэн байна.

-Таныг Т.Өсөх-Ирээдүй харцага бяртай бөх гэж онцолсон байсан. Унаган бяртай хүүхэд байв уу?

-Багын л бяртай хүүхэд байсан. Манай аав их том биетэй хүн. Бараг 190 см өндөр. Би багаасаа хар бор ажил их хийсэн. Тэгээд өсөлт багасчихсан юм болов уу гэж боддог. Гэхдээ барилдахад намдаад байдаггүй. Бөх хүн ухаанаар, бэлтгэлээр барилддаг. Хоёр метр өндөр мөртлөө барилдаан мэдэхгүй бол давж чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийн биеийн онцлогт тохирсон арга барилаа олох нь л чухал.

-Та “Сумын цолтны болон залуу бөхчүүдийн барилдаан”-ны үнэнч үзэгч. Анх сумын заан байхдаа энэ барилдаанд тогтмол барилдсан байх аа?

-Сумын заан байхаасаа л Бөхийн өргөөнд болсон ямар ч барилдааныг алгасахгүй үзэхийг хичээдэг байсан. Тэр дундаас сумын заануудын барилдаан хамгийн үзүүштэй нь. Өөрөө сумын заан байсан үеэ дурсаад ч юм уу, үзэхэд нэг л сайхан мэдрэмж төрдөг. Нөгөөтэйгүүр бөхчүүд ямар ч барилдааны нэгийн даваанд сайн барилдаж байгаа сумын заануудтай их таарч байна. Одоо бэлтгэл тааруу, муу бөх гэж байхаа больсон. Барилдааныг нь үзэж, судлахгүй бол унах магадлалтай.

-Таны хувьд сүүлийн жилүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж байгаа. Энэ нь тууштай хөдөлмөрөөс гадна сэтгэл зүйтэй чинь холбоотой байх. Барилдааны үед хэр сэтгэл хөдлөлөө хянадаг вэ?

-Ер нь сэтгэл зүй гайгүй шүү. Миний багш, улсын аварга Г.Эрхэмбаяр  “Чамайг ямар сүхээр цохиод алах гэж байгаа биш” гэж байнга хэлж, зоригжуулдаг байсан. Тиймээс ер нь барилдааны үеийн сэтгэлзүйгээ сайн хянадаг. Мөн барилдахаар гарахдаа адилхан л бие эрхтэн бүтэн байгаа учир бусад бөхчүүдээс юугаараа дутах билээ гэж өөртөө байнга хэлдэг.

-Энэ өөртөө итгэлтэй дайчин чанар төрөлхийнх үү. Эсвэл спортын замнал нөлөөлөв үү?

-Би багадаа ичимхий, бүрэг хүүхэд байсан. Гэхдээ барилдааны үед айдас бага. Барилдааны үед бөхчүүд сэтгэл хөдлөлөө бүрэн удирдаж, дарж болдог. Энэ нь тухайн бөхийн сэтгэл зүйтэй  холбоотой. Миний хувьд сэтгэл зүйгээ сайн удирдаж чадаж байгаа гэж боддог. Биеэ бэлдчихээд сэтгэлээ цуг бэлдэхгүй бол барилдаан гарахгүй.

-Таныг штангад 300 кг-д суудаг гэж сонссон?

-Хүнд жин өргөхөөр хүмүүс намайг хүчний бэлтгэл их хийдэг гэж ойлгодог байх. Гэхдээ штангны бэлтгэл их хийлээ гээд сайн барилдахгүй. 500 кг төмөр өргөлөө гэхэд бөхийн өргөөнд тийм жинтэй хүнтэй барилдахгүй. Дээд тал нь л 150 кг байгаа. Зүгээр зогсож байгаад хүн болгоныг бярдаад өргөж шидээд байна гэж байхгүй. Ямар нэг хөдөлгөөнөөр хуурна, цочооно. Тэгж байж л мэх хийж унагана. Харахад бярдаад байгаа юм шиг хэрнээ барьц, байрлал, хөдөлгөөн, арга техник их чухал.

-Таны барилдаан жил ирэх тусам олон хувилбартай болж байгаа. Одоо ямар мэх түлхүү хийж байна?

-Би анхнаасаа золгооны барилдаан хийгээд сурчихсан. Одоо ч хэвээрээ. Гэхдээ илүү санаачилгатай шуурхай барилдъя гэж бодож байгаа. Мөн сэрвүү барилдаандаа анхаарч байна.

-Хурдан шуурхай барилдаанд жин чухал байх даа?

-Миний жин 130 кг дээр тогтвортой байдаг. Үүнээс  илүү нэмэхийг хүсэхгүй байна. Хүмүүс жингээ янз бүрээр хасдаг. Миний хувьд хоолоо хасаж чаддаггүй. Харин түүний оронд бэлтгэл их хийж калори шатаах нь зөв арга байх.

-Таны барилдаж байсан бөхчүүдээс хамгийн бяртай нь хэн байв?

-Бяртай бөх олон. О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заан байна. Мөн Ч.Санжаадамба аваргыг нэрлэж болно. Бяр гэдгийг би  сэтгэлээс гарах хүч гэж боддог. Би бяргүй гээд бодчихвол тэр хүнээс бяр гарахгүй. Харин би ч гэсэн бяртай гэж бодох нь чухал.

-Таны хувьд төрийн наадамд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Төрийн наадамд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Итгээгүй бол бэлтгэл хийхгүй байсан. Гэхдээ зүгээр суугаад  бүтчихдэг зүйл гэж байхгүй. Тиймээс мөрөөдөлдөө хүртлээ хөдөлмөрлөнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин