
Б.ДОЛЖИНЖАВ
ОХУ-ын эрх баригчид Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэх арга хэмжээг Кремлийн ордонд баасан гарагт зохион байгуулсан.Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский улс орноо НАТО-д яаралтай гишүүнээр элсүүлэх хүсэлт гаргаснаа мэдэгдсэн юм. Тэгвэл НАТО-гийн гишүүн есөн улсын төрийн тэргүүн нар ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Украин улсыг тус байгууллагад элсүүлэхийг уриалжээ.
АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын гэрээний байгууллага нь 30 гишүүн оронтой. Шинэ гишүүн нэмж элсүүлэх бол бүх 30 гишүүн орон 100 хувь дэмжих ёстой байдаг. Мөн газар нутаг дээр нь дайн үргэлжилж байгаа орныг гишүүнээр элсүүлэх нь нэлээд төвөгтэй асуудал юм.
Чех, Эстони, Латви, Литва, Умард Македон, Монтенегро, Польш, Румын, Словак улсуудын хамтарсан мэдэгдэлд “Бид Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг дэмжиж, эзлэгдсэн бүх газар нутгаас нь цэргээ гаргахыг Оросын талаас шаардаж, Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламж дэмжлэгээ эрс нэмэгдүүлэхийг холбоотнууддаа уриалж байна” гэв.
Оросын арми Украины газар нутагт халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм. НАТО-гийн ихэнх гишүүн орон дээрх хоёр улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн шийдвэрээ гаргаад байна.
Эх сурвалж: Reuters