Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны ТУЗ-ийн гишүүн, шүүгч Ц.Намуунзулыг урьж, ярилцлаа.
Насны хязгааргүй бүжгийн спорт
Блиц:
Мэргэжил:
♦ Барилгын инженер
Боловсрол:
♦ 2008-2012 онд ШУТИС-ийн инженер дизайнер
♦ 2016-2018 онд МҮИС-ийн Барилгын инженер магистр
Ажлын туршлага:
♦ 2010-2013 онд “Гоёл тан” компанийн гүйцэтгэх захирал
♦ 2013-2016 онд Орхон аймаг дахь Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд инженер
♦ 2017-2019 онд Их засаг их сургуульд Интерьер дизайны багш
♦ 2018 оноос одоог хүртэл хөгжөөн дэмжигч спортын олон улсын шүүгчээр
♦ 2019 оноос өнөөдрийг хүртэл “Улаанбаатар спорт менежмент” ХК-д менежерээр ажиллаж байна.
-Хөгжөөн дэмжигч буюу Чийрлидинг нь Монгол Улсад 2009 оноос хөгжсөн спортын бүжгийн “Галт шувуу” хамтлагаас эхлэлтэй. 2011 онд International cheer union буюу Олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбоонд 100 дахь гишүүн болж бүртгэгдэж Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбоо гэсэн албан ёсны эрхээ авсан.
Энэ холбоо нь дэлхийн 116 оронтой хамтран ажилладаг томоохон байгууллага юм. Албан ёсны эрхээ авсанаас хойш Ази, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд явах боломжтой болсон. Зөвхөн манай холбоогоор дамжуулж Монгол Улсаа төлөөлж гадаад руу тэмцээнд явдаг. 2017 онд Японы нээлттэй тэмцээнд амжилт үзүүлснээр олон улс дахь амжилтын гараагаа эхэлсэн гэж хэлж болно. 2017-2022 он хүртэл Ази, дэлхийн аварга, бусад орны нээлттэй тэмцээнээс 14 алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан байна.
2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр баг нэг нэг үзүүлбэртэй оролцоод хоёулаа алтан медаль авсан. Мөн Тайландын нээлттэй тэмцээнд хоёр үзүүлбэрээр орсон баг маань хоёр алтан медаль авсан. Олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг эхлээд дотооддоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулаад тэндээс шалгарч амжилт үзүүлсэн багуудад улсаа төлөөлж дэлхий, Ази, олон улсын тэмцээнүүдэд орох эрхийг нь өгдөг. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 6-60 насны тамирчид оролцож болдог. Насны ангилал нь өргөн цар хүрээтэй болдгоороо онцлог. Энэ онд тав дахь улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгууллаа. Багууд маань тэцмээнээ хүлээдэг, бэлтгэлээ ч сайн хийдэг болжээ. Жил бүр хамрах хүрээ нь хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Цар тахлын дараа гэхэд энэ оны улсын аваргад 500 гаруй тамирчин, 20-оод дасгалжуулагч оролцсон нь том амжилт.
Сургууль, эцэг эх хүүхдүүдээ дэмжиж ойлгож байгаад баяртай байна. Тэмцээнд нэг орсон хүүхэд уг спортод бүрэн дурлаж бүх сэтгэл зүрхээрээ холбогддог юм шиг санагддаг. Эцэг эх, гэр бүл, найз нөхөд гээд хүрээлэл нь бүжгийн спортоор амьсгалдаг. Тэдний хэчнээн их хөдөлмөрлөж амжилт гаргасныг нь харж байдаг. Тиймээс хийж бүтээсэн юмтай, сургуульдаа толгой өөдрөг, өөртөө итгэлтэй, бие бялдрын хувьд хөгжиж байна. Гаргасан амжилттай, өөртөө итгэлтэй болно гэдэг тэр хүүхдэд гарч байгаа хамгийн чухал өөрчлөлт юм. 2021 оноос бид тэмцээндээ пара төрлийг оруулсан. Пара төрөлд оролцох тамирчид ч цөөнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзүүлбэрийг нийгэм маань маш гоёор хүлээж авч, тэднийг илүү өөр өнцгөөс харж дэмжиж байгаад нь баяртай байдаг. Мөн ахмадууд маань их ач холбогдол өгч бэлдэж орж ирснийг харахад таатай байдаг. Хөгжөөн дэмжигчийн спорт маань нийгмийн бүх насныханд хүрч тэдэнд аз жаргал, баяр баясал, хөдөлгөөн эрүүл чийрэг амьдрахад нь тус болж байгаа нь бидний хамгийн том амжилт санагддаг. Энэ бол урлаг бас спорт.
Энэ жилээс шинээр бүжгийн спортоо сэргээнэ
-Манай холбоо энэ жилийн зургадугаар сард анх удаа автомашингүй өдөрлөгөөр “Чийрлидинг парад”-ыг амжилттай зохион байгуулсан. Цаашдаа жил бүр энэ үеэр зохион байгуулна. Парадад хүссэн хүн бүр оролцож болно. Ер нь бүжгийн төрлийн тэмцээн уралдаан, зориулж хийж байгаа контентууд цөөн санагддаг. Тиймээс анхны хөгжөөн дэмжигч хамтлаг болох “Галт шувуу” хамтлагийн нэрийн дор өндөр шагналтай бооцоот тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сард зохион байгуулна. Цацагтай бүжиг, хип хоп, монгол бүжиг гэсэн гурван төрөлд дөрвөн насны ангиллаар зохион байгуулна. Тэмцээний удирдамж гарсан. Багууд бүртгүүлээд эхэлсэн байгаа. Үүний дараа нэг өдрийн зайтай улсын аваргын тэмцээн болно. Ингэснээр нэг баг нэг үзүүлбэрээрээ хоёр тэмцээнд оролцох боломжтой. Мөн холын аймгаас ирэх тамирчид маань цаг хугацаа хэмнээд их амар болох байхаа. Бооцоот тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг FB: Mongolian Cheerleading Association цахим хаягаас авч болно.
Холбооны зүгээс дасгалжуулагч, тамирчин, шүүгч нартаа байнгын сургалт ордог. Сургалтад суусан дасгалжуулагч нар маань олон улсад дасгалжуулагч хийх эрхийн гэрчилгээ авдаг. Мэргэжлийн байх тусмаа тэр хүмүүст амжилт үзүүлэхэд зарцуулах хугацаа бага, амжилт нь өндөр байна. Ээлжит сургалт маань энэ оны арваннэгдүгээр сард 21 аймаг, есөн дүүргийн цэцэрлэг, сургуулийн бүжгийн, биеийн тамирын багш, клубын дасгалжуулагч багш нарыг хамруулсан сургалт хийнэ. 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болон бооцоот тэмцээн, яаж энэ спортоор хичээллэх, ямар дүрэм журамтай, хөдөлгөөн, бүжиг, стратегитэй тэмцээнд оролцох талаар сургалт орно. Мөн 21 аймагт салбар зөвлөлөө байгуулахаар зорьж байна. Аймаг, дүүргээ төлөөлөх хүсэлтэй хүн бүр бидэнтэй хамтран ажиллах боломж нээлттэй. Манай тэмцээнд хэрхэн, яаж оролцохоо мэдэхгүй, багшгүй ч юм уу баггүй хүүхдүүд байвал манай холбоо руу холбогдоод мэргэжлийн зөвлөгөө авч болно. Мөн бид чиглүүлээд багтай болгож дэмжих тал дээр хамтран ажиллах боломжтой. Заавал сургуулийн хүүхэд гэлтгүй бүжгийн клубууд ч байж болно.
Олимпын төрөлд багтсан спорт
-2028 оны Лос Анжелес хотод болох зуны олимпод хөгжөөн дэмжигчдийн хүнд акробат төрөл болох чийр /Cheer/ төрөл орж байгаа. Бидний цаашдын зорилго мэдээж олимпод тамирчдаа бэлдэж оруулцуулах мөн шүүгч нараа сайн бэлдэж шүүгч хийлгэх хүсэл мөрөөдэлтэй байна. Энэ боломжгүй зүйл биш юм аа. 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос гурван шүүгч шүүлт хийж оролцсон. Солонгосын нээлттэй тэмцээнд нэг шүүгч шүүлт хийсэн. Цаашдаа ч олон тэмцээнд шүүгч хийнэ. Дэлхий нийтээрээ акробат үзүүлбэртэй чийр төрөлд анхаарч байгаа нь сая Тайландад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр харагдаж байсан. Азийн аварга шалгаруулах тэмцээнд олимпод багтсан төрөлд Говьсүмбэр аймгийн багийг бэлдэж оролцуулсан. Энэ баг өмнө нь БНСУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаад Азийн аваргад ороод алтан медаль хүртсэн. Эндээс монголчууд чадна гэдэг нь харагдаж байна. Бид өөрсдийн хүчээр 10 жил явахад ийм амжилт үзүүлж байгаа юм чинь улс, Засгийн газар, спортын байгууллагууд, боловсролын газартай хамтарч ажиллавал бидэнд маш их боломж байна. Монгол Улсын өнцөг булан бүрт хүн бүрийг байнга хөдөлгөөнтэй байлгах боломжтой санал, санаачилга бидэнд байна.
Монголчуудад нөөц боломж байгаа ялангуяа, хүнд акробат төрөлд. Яагаад гэвэл суурь хийж байгаа хүмүүс нь хүчтэй, булчингийн ширхэг, биеийн хөгжил цэгцтэй, чадалтай. Тиймээс энэ төрөл хөгжихөд боломж байгааг ганцхан баг бэлтгэхдээ харлаа. Цаашид илүү хөгжих байх гэж бодож байна. Саяхан олимпын сайдтай боллоо. Ямар ч гэсэн хандаж үзнэ. Уламжлалт спортоос гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэх шинэ төрлүүдийг дэмжих хэрэгтэй.
Бид ажлынхаа хажуугаар холбооныхоо ажлыг хийдэг болохоор хөрөнгө оруулалт татах тал дээр жаахан саатаад л байна. Спорт бүжгийн салбар Монгол Улсад олон жил болсон ч саяхнаас буюу “Авьяаслаг монголчууд” шоунаас бүжгийн хамтлагийн үзүүлсэн амжилтыг мэдэх жишээтэй. Өмнө нь энэ мэтчилэн хамтлагууд олон амжилт үзүүлж байсан хэрнээ олон нийтэд сонсогдсон нь тун цөөхөн. Энэ чиглэлийн контент, шоу, таниулах ямар нэгэн хөтөлбөр байхгүй байгаа нь харагдаж байгаа юм. Шоу энтертайнмент, эрүүл зөв амьдралын хэв маягтай байх талын контентууд бага байна. Олон нийтийн сувгууд, хэвлэл мэдээллээр юу түгээнэ нийгэм түүнийг нь л тусгаж авна.
Монгол Улс хөдөлгөөний дутагдлаараа дэлхийд дээгүүрт ордог. Жилд 20 мянган хүн нас бардгийн 11 хувь нь хөдөлгөөний дутагдлаас болдог нь харамсалтай. Хэрэв тухайн хүн хөдөлгөөнтэй байвал эдийн засаг, эрүүл мэнд, улсын хүн амын хөгжил, өсөлтдөө ч хэрэгтэй. Хүмүүс эд хөрөнгөөрөө биш ирээдүйд эрүүл зөв амьдралын хэв маягаараа өөрсдийгөө чимэж, тодорхойлж, түүгээрээ нийгэмд үнэлэгдэж амьдрах болов уу. Бидний зорилго бүх хүнийг хөдөлгөөнтэй байлгая. Хэдэн ч насны хүн хичээллэж болохоор ийм гоё спорт байгаа гэдгийг хүмүүс мэдээд хичээллэвэл эрч хүч, урам зоригтой болно. Хамт олны гоё уур амьсгалыг авах нь аз жаргал. Тэмцээнд оролцоод тамирчид сэтгэл хангалуун үлддэг.
Бэрхшээл гэвэл бүх баг тамирчин хүссэн цагтаа бэлтгэл хийхийг хүсдэг ч заал байдаггүй. Мөн бэлтгэл хийх мэргэжлийн тоног төхөөрөмж байх ёстой. Бусад юм хөгжлийнхөө шат дарааллаар явж байгаа. Бид илүү сайхан болгохын тулд сайхан заалтай, аюулгүй байдлыг нь хангасан зориулалтын матрасстай, тамирчид хүссэнээрээ ирээд бэлтгэлээ хэдэн цагаар ч хамаагүй хийх боломжоор нь хангавал сайн байна. Энэ болгонд санхүү л байна. Одоо тулгарч буй бүх юмаа зовлон гэж хардаггүй. Даван туулж гарах ёстой. Энэ спортод дуртай болохоор бүгд аз жаргалтай, баяртай хийдэг. Манай холбооны есөн шүүгч 20-35 насны залуус бий. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн дээр олон улсын холбооны Нарийн бичгийн дарга ирж байсан. Жил бүр олон улсын холбоо, Азийн холбооноос төлөөлөгч ирж Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны үйл ажиллагаатай танилцахдаа дуртай байдаг. Монголчууд сайн байдаг гэж байнга магтдаг. Бидний амжилт хоосонгүй гэдгийг энэ хүмүүс баталж байна. Жил бүр монголчууд олуулаа тэмцээнд явж байна. Үүнийгээ дэмжихийн тулд улсын хэмжээнд аятайхан контент хийж сурталчилмаар байна. Хэрэв бид өөрсдөө хийвэл тав, 10 жил зарцуулна. Харин төр, Засгийн дэмжлэгтэй хийвэл нэг, хоёр жилийн дотор л хийх боломжтой ажил. Цаашлаад сургуулийн хөтөлбөрт орвол хүн бүр баяртайгаар хийх спортын төрөл.
Миний хувьд Эрдэнэтэд төрж өссөн. Хүүхэд байхын урлаг спортод дуртай байсан. Их сургуульд сурахаар мэргэжил сонгохдоо урлагийн хүн болох эсвэл өөр мэргэжил сонгох уу гэж бодож байгаад урилгаар орох сургуулиасаа татгалзаж интерьер дизайнерын мэргэжлийг сонгосон. Гэсэн ч урлаг спортод сонирхолтой хэвээр байсан тул 2009 онд “Галт шувуу” хөгжөөн дэмжигчдийн хамтлаг анх үүсэхэд орсон. Тэр цагаас тасралтгүй энэ салбартаа дурлан гүн орж Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны ТУЗ-ийн гишүүн, 2018 оноос хөгжөөн дэмжигчдийн тэмцээний олон улсын шүүгчийн эрхээ авсан. 2022 онд анх удаа Азийн хөгжөөн дэмжигчдийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн шүүгчээр ажилласан. Одоогоор Монгол Улс анх удаа спортын олон төрлөөр олон улсын наадам зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн ивээл дор “Зүүн Азийн залуучуудын спортын наадам-2023”, “Олон улсын залуучуудын ногоон наадам-2025” спортын наадмыг зохион байгуулах компанид менежерээр ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)