Ц.МЯГМАРБАЯР
Монгол Улсын эдийн засгийн 23 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 жилийн түүхтэй энэ салбарын түүхийн хуудаснаа Өмнийн цэлгэр элсэн говьд анхны хүрзээ хатгасан “Оюу толгой” компани орчин цагийн уул уурхайн салбар хөгжихөд жинтэй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй.
Орчин цагийн уул уурхайн үүслийн манлайлагч болсон тус компани Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг анх удаа“Шангри Ла Улаанбаатар” цогцолборт зохион байгуулж байна. Энэ сарын 19-23-нд үргэлжлэх энэ арга хэмжээ жил бүр зохион байгуулагдаж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд “Оюу толгой” түүчээлж Монголын ард түмэн уул уурхайн баялгаас тэгш хүртэх зарчимд хүрэх ач холбогдолтой.
Тус арга хэмжээг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар нээж үг хэлсний зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлснийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан арга хэмжээнд оролцогчдод уншиж танилцууллаа.
Монгол Улсын эдийн засгийн голлох, суурь орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан өрсөлдөх чадвараа нээлттэй ярилцаж, хөгжлийн чөдөр тушаа болсон асуудлуудаа олуулаа хэлэлцэж байна. Тэд мөн уул уурхайн салбарт олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урт хугацааны гаднын хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа хамгаалах, боомтуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, ажиллах хүчний хүрэлцээ, эрх зүйн орчин, татварын орчин, ирэх 10 жилд БНХАУ-д эрдэс баялгийн ямар бүтээгдэхүүний эрэлт давамгайлах вэ, Монгол Улс уул уурхай, эрдэс баялгийн гол ханган нийлүүлэгч урд хөршийнхөө уул уурхай, эрдэс баялгийн ирээдүйн 5-10 жилийн хэрэгцээг хангахад бэлэн үү зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
Төр хувийн хэвшилдээ боломж, итгэлийг өгч, хариуцлагыг нь үүрүүлэн хамтарч ажиллана. Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа өөд нь татахын тулд дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган танилцуулсан юм. Мөн тэрбээр “Алсын хараа 2050 шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Булган, Бургастай, Цагааннуур, Шивээхүрэн, Ханх, Ульхан, Цагаандэл-Уул, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтод ачаа болон зорчигч тээврийн барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, суурь судалгаа, ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ нарийвчилсан зураг төслүүдийг хийж байна. Монгол Улс шинэ сэргэлтийн бодлогод боомтын хөгжлийг төлөвлөхдөө Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатарт хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар тусгаснаас гадна Ази-Европыг холбосон бүс нутгийн логистик төв байгуулж, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхийг зорилоо.
Түүнчлэн хэлэлцүүлгийн нэг чухал асуудал усны эргэн тойронд байв. Энэ асуудлыг цэгцлэж чадах “Хөх морь” төслийг “Монголын нүүрс ассоциац”-ийн гүйцэтгэх захирал чиглүүлэгч Ж.Золжаргал онцолж байв. Түүнчлэн АМНАТ-ыг хөрөнгө оруулагч нараас давхардуулж авахгүй байх. Харин олон улсын жишигт нийцүүлж тогтоох тухай хөндөж байсан юм. Тухайлбал, АМНАТ-ын татвар 3-5 хувь гэх боловч бодит байдалд 20 хувьд хүрдэг тухай хэлж байв. Түүнчлэн нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүлж 75 төрлийн ангилал руу шилжүүлэх. Цаашид нүүрс гэлтгүй жонш, төмрийн хүдрийн ангиллыг ч олон улсын стандартад нийцүүлэх шаардлага байгааг хэлэлцэв. Уул уурхайн салбар энэ оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын бүтээгдэхүүний орлогын 94 хувь, төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж буй гэдгээр яалтчгүй уул уурхайн салбар манай эдийн засгийн гол хөшүүрэг болж буй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ч өргөн дэлгэр хэлэлцэх юм. Хариуцлагатай уул уурхайн тухай ярьж эхэлж байгаа нь сайн ч энэ тухай энэ салбарын холбогдох хууль дүрэмд одоогоор нэг үг, үсэг ч алга байна. Мэдээж хуульд өөрчлөлт орох нь тодорхой. Гэхдээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэд, олон нийт хувийн хэвшил ямар оролцоотой байх, төр хэрхэн дэмжих тухай хуульд тусгаж байж биеллээ олох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, том уурхайнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээс өөр аргагүй болж ирсэн. Харин жижиг уурхайнуудад хариуцлагатай байх тухайд том уурхайнуудтай харьцуулашгүй. Гэхдээ энэ тухай дараагийн өдрүүдэд нухацтай ярилцахаар хөтөлбөрт тусгасан талаар оролцогчид хэлж байсан юм. Хэдийгээр уул уурхайг ойлгож дэмждэг хэсэг нь жил бүр нэг дор цугларч чуулдаг ч цаашид ойлгодоггүй, уул уурхайн нөлөөнд өртдөг хэсэгтээ хэрхэн ойлгуулах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна гэж “Монголын Уул уурхайн ассоциац”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолж байсан.
Өөрөөр хэлбэл, “Mongolian mining week-2022” бол зөвхөн уул уурхайн салбарынхныг л хамарсан үйл ажиллагаа төдий бус нийгмийн хэсэг бүлэг, давхарга бүрийг хамрахын тулд зөвхөн хурлын танхимаар хязгаарлагдах биш, гудамжинд, их дээд сургуулийн анги танхимд, хөдөө орон нутагт, сум багийн төв дээр гэх мэтчилэн олон газар хүрч ажиллах ёстой гэдэгтэй утга нэг байлаа. Үүнд тус чуулганы гол зорилго чиглэсэн.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжинэ" гэдгээ онцолсон. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой харьцааны түвшин дутагдаж байна. Бүр тодруулбал, төр нэг ёсондоо нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид хувийн хэвшлээ дарамталдаг байж болохгүй. Иймд энэ салбарын эрх зүйн орчинг дэлхий нийтийн шинэ хандлага болох ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлэн сайжруулах орон нутгийн иргэд болоод ирээдүйд ирэх өгөөжийг тэгш шударга хуваариалалтыг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байна. Мөн хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, дараа үеийнхнийг хохироосон үйл ажиллагааг зогсоож, байгальд үзүүлсэн сөрөг нөлөөллөө нөхөн сэргээх чадвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжийг дэмждэг илүү дэвшилттэй бодлогыг баримтална” хэмээсэн юм. Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Нөөц тогтоох ажиллагааг 10 жилээр урагшуулна” гэж онцолж байв. Түүнчлэн “Ашигт малтмалын хайгуул буюу нөөц тогтоох ажиллагаа ашиглалтаас 10 жилээр түрүүлж байх ёстой. Ингэснээр бид хөрөнгө оруулалтыг татах юм. Мөн байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж мега төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээж олон тулгуурт эдийн засгийг дэмжих зорилгоор Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгээд эхэлсэн” гэж хэлсэн. Чуулганд 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)