Г.Эрдэнэтуяа: Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяаг урьж, ярилцлаа.

 

Нүүрсний салбарт тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд шийдэх ёстой

 

-Цар тахлын дараа бүх салбарыг хамарсан бэрхшээлтэй үед Монголын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарт олон нийт анхаарлаа хандуулж эхэлсэн. Мөн салбарын үйл ажиллагаанд оролцогч талууд ч идэвхжиж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш “Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт, “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган”, “Coal Mongolia-2022” зэрэг томоохон үйл ажиллагаа болж, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогч талууд нээлттэй санал солилцлоо.  Манай улсын экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс нүүрсний салбарт тулгамдсан асуудлуудыг оновчтой тодорхойлж, шийдвэрлэх ажлыг богино хугацаанд хийх шаардлагатай.

Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал олон бий. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Мэдээж, төсөл хэрэгжүүлэгчид хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор боловсруулан баталсан журам болон хуулийн шаардлагын дагуу холбогдох бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Өмнө нь уул уурхайн төслүүд гурван ээлжээр ажилладаг байсан бол шинэ хуулиар дөрвөн ээлжтэй болсон. Энэ нь нийт ажиллах хүчийг 15-20 хувиар өсгөсөн үзүүлэлт.  Гэтэл бодит байдал дээр жижиг төслүүдэд ажиллаж байсан боловсон хүчин томоохон төслүүд рүү шилжсэн байдал ажиглагдаж байна. Ингэхээр хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчний хомсдол бий болсон. Хүнд үйлдвэрийн салбарын онцлог нь мэргэшсэн боловсон хүчин шаардаж, ажлын байр дээр сургаж авах шаардлага үүсдэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилттэй холбоотой тээвэр логистик, сургалтын болон цалингийн зардал төсөл хэрэгжүүлэгч нарт 20-30 хувиар нэмэгдсэн. Бид зөвхөн мөнгөний асуудал ярьж байгаа юм биш. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал давхар яригдаж байгаа. Боловсон хүчний хомсдолд орсон төсөл хэрэгжүүлэгч нар орон нутгаас бэлтгэгдээгүй боловсон хүчин авч богино хугацаанд ажлын байран дээр гаргаснаар осол зөрчил гарах эрсдэл ихэсч байгаа. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг хуулийн төслийг батлуулахдаа олон асуудлыг орхигдуулсан. Өнөөдөр төслүүдийн байрлал, дэд бүтцээс хамааран харилцан адилгүй замыг туулж, уурхайн талбай руу ирж очиж байна. Зарим компани ирж очихдоо хоёр, зарим нь дөрвөн өдрийг зарцуулж байна. Шинэ хуулиар ажилдаа явах цаг нь ажилласанд тооцогдох учраас тухайн ажилтан 10 эсвэл 12 хоног ажиллах шаардлагатай болсон. Мөн улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг огтхон ч бодолцоогүй. Тэгэхээр энэ хууль нь маш олон асуудлыг орхигдуулж, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжих боломжгүй учраас олон маргааныг дагуулж байна.

 

АМНАТ асуудал дагуулсан хэвээр байна

 

-Дараагийн асуудал нь бэрхшээл болон нүүрс, жоншны АМНАТ-ыг ногдуулахдаа тооцох жишиг үнийн асуудал нь маргаан дагуулж байна. Сангийн яамнаас санаачлан боловсруулж, Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны хуралдаанаар батлуулсан “Тогтоол хүчингүй болгох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 174 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 342 дугаар тогтоол, 2019 оны "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 465 дугаар тогтоолын хоёр дахь заалт болон 2016 оны "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын III, VI хэсгийг хүчингүй болсонд тооцуулсныг 2021 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж байна. Тус шийдвэрээр зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрсийн жагсаалтаас төмрийн хүдэр, түүний баяжмал болон гадаад зах зээлд борлуулах нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгуулсан гэрээний үнийг хасч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын хилийн өртөө хүртэлх буюу нүүрс экспортын бодит зах зээлийн үнээр ногдуулахтай холбоотой журмыг хүчингүй болгон бодит борлуулалтын үнээс хэт дахин өндөр жишиг үнэд үндэслэн АМНАТ-ыг ногдуулж байна. Энэхүү шийдвэр нь Татварын ерөнхий хуульд заасан татвар шударга, үр ашигтай байх зарчмыг илт зөрчиж, үндэслэлгүйгээр татвар ногдуулсан шийдвэр болсон. Тодруулбал, зарлаж байгаа жишиг үнэ нь өмнө тооцож байсан Монгол Улсын хилийн өртөө хүртэлх нөхцөлөөр тодорхойлох аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын бодит орлого, гэрээний үнийн түвшнээс 2-3 дахин буюу хэт өндрөөр тогтоогдсон. Жишиг үнийг зарлахдаа өөрийн улсын гарал үүсэлтэй нүүрсэнд хамаарах үнийг бодитоор тооцолгүйгээр гадаадын зах зээл дэх үнийг шууд ашиглаж буйгаас хасагдвал зохих зардлуудыг тооцоололдоо бүрэн хамруулж хасдаггүйн улмаас АМНАТ-ын бодит ачаалал борлуулалтын гэрээний үнийн 29 хүртэл хувь болж нэмэгдсэн нь татварыг тогтоох, ногдуулахад шударга байх зарчмыг алдагдуулж байна.

 

Боомтуудын хүчин чадлыг тэлэхдээ ижил тэнцүү байх зарчмыг баримтлах ёстой

 

-Хууль тогтоогчийн зүгээс нүүрс экспортын татварын ачааллыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-т зааснаар үндсэн хувь хэмжээ нь тав, зах зээлийн үнийн өсөлт, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч өсөн нэмэгдэх хэмжээ нь мөн хуулийн 47.17 дугаар заалтын дагуу 0-5 хувь, татварын нийт ачаалал нь борлуулалтын 10 хувь хүртэл байхаар хуульчилсан нь одоог хүртэл хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-аас татварын хувь хэмжээг өөрчлөөгүй буюу татварын ачааллыг нэмэх шийдвэр гараагүй байхад татварын бодит ачааллыг дээр дурдсанчлан хэт өсгөж буй Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоол нь зөвхөн татварын орлогын араас хөөцөлдөж Ашигт малтмалын тухай болон татварын хууль тогтоомжийн үзэл санаа, зохицуулалтыг гуйвуулсан байдлаар гарсанаас гадна нүүрсний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн татварын зардлыг ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэнээр санхүүгийн чадавхийг шууд муутган алдагдалтай ажиллах үндсэн хүчин зүйл болж, салбарыг бүхэлд нь төлбөрийн чадваргүй байдал руу түлхэж буй нь татвар “үр ашигтай байх” зарчмыг зөрчиж байна. Гэнэтийн гарсан энэ журам нь цар тахлын хүндрэлийн дараа нүүрс экспортын үйл ажиллагааг доголдуулж, шатахуунаас эхлэн бүхий л бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны зардал нэмэгдсэний улмаас аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар суларсан энэ үед дахин санхүүгийн том дарамт болж байна. Ийм богино хугацаанд татварын орлогыг эрс нэмэгдүүлж байгаа боловч урт хугацаанд салбарын компаниудыг алдагдалтай ажиллах, өрсөлдөх чадварыг боомилох, экспортын хэмжээг бууруулах, валютын орлогын эх үүсвэрийг бууруулах эрсдэлтэйг бид анхаарах шаардлагатай. Мөн экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд манай талаас шалтгаалах олон зүйлс бий. Бид боомтуудын хүчин чадлыг тэлэхдээ ижил тэнцүү байх зарчмыг баримтлах ёстой. Өнөөдөр баруун хязгаарын Булганы боомтоор жилдээ 1.5-2.5 сая тонн нүүрс гарч байна. Худалдан авагч тал энэ хэмжээг 10 сая тонн хүртэл нэмэгдүүлэх хүсэлтээ манай талд илэрхийлээд долоон жил болоход, одоо болтол шийдэгдээгүй. Энэ талаар Хилийн үндэсний зөвлөлд маш олон удаа бид хандаж байгаа.  Экспортоос гадна боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн импорт өнөөдөр тулгамдсан асуудлуудын нэг болсон. Жишээлбэл, алтны үндсэн ордын боловсруулах үйлдвэрийн химийн бодисыг Замын-Үүд боомтоор авдаг байсан бол Хятадын тал 2020 оны XI сараас Эрээний нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэлт хийхийг хориглосон. Иймээс компаниуд Оросын газар нутгаар дамжуулах эсвэл усан замаар БНСУ руу тээвэрлээд, тэндээс онгоцоор авах арга замаар маш бага хэмжээгээр импортлож байна. Үүнээс болж тээврийн зардал 19 дахин нэмэгдсэн. Энэ байдлаараа удаан явбал төсөл хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй нүүр тулж байна.

 

Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэхгүйгээр салбарын хөгжлийг ярих боломжгүй

 

-Хайгуулын ажил нь уул уурхайн салбарын үндэс суурь буюу асар өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжлийн талаар ярих боломжгүй л дээ. Хэрэв бид хайгуулын ажлыг зогсоовол тодорхой хугацааны дараа уул уурхайн салбарын үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй нүүр тулна. Өмнө хэлсэнчлэн геологи, хайгуулын салбар нь уул уурхайн салбарын үндэс суурь болж тогтвортой үйл ажиллагааг явуулах нөхцөл болж байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн орд газрыг нээн илрүүлж, улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг хийдэг гэсэн үг. Мөн хайгуулын ажил гэдэг нь асар их эрсдэл үүрдэг. Хайгуул хийсэн талбай болгон уурхай болдог гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл хайгуулын ажилд хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсны эцэст уурхай болох хэмжээний нөөц олохгүй байх тохиолдол элбэг. Тиймээс уурхайн үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр геологийн судалгааны ажил гэж ойлгох нь чухал юм. Бид одоо ашиглаж байгаа цөөн ордоо ашиглах явцад дараагийн орд газрыг нээх шаардлагатай. Хайгуулын болон ашиглалтын явцад тулгарч буй асуудлуудын нэг нь орон нутаг мөн. Цоо шинээр тулгараад байгаа зүйл биш, 10 гаруй жилийн өмнө уул уурхайн салбар эрчимжих үеэс гарч ирсэн асуудал. Аж ахуйн нэгж нь төрөөс холбогдох хуулийн хүрээнд шаардлагатай зөвшөөрлүүдийг авч үйл ажиллагаа явуулах гэхээр тооцоологдоогүй маш олон асуудлууд гардаг болсон. Цөөн жишээ татъя.  Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасан нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах асуудал байна. Тус гэрээний жишиг загварыг Засгийн газрын 2017 оны 174 дүгээр тогтоолоор батласан байдаг ба гэрээний гол агуулга нь ажлын байр нэмэгдүүлэх, уурхай орчмын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах гэсэн хэсгээс бүрдэнэ. Нутгийн захиргааны байгууллагатай гэж ерөнхийлсөн нь асуудал дагуулдаг. Аймаг, сумын эсвэл багийн Засаг даргын хэнтэй гэрээ байгуулах нь тодорхойгүй. Зарим компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд бүгдэнтэй нь гэрээ байгуулсан тохиолдол ч байна. Үүнийг тодорхой журамлаж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх жишиг тогтсон. Зарим аймгууд хөгжлийн сан үүсгэж, ашиглалт, хайгуулын төрлөөр нь хөрөнгө оруулалт буюу мөнгөний квот гаргасан жишиг байна. Энэ нь дөнгөж хайгуулын тусгай зөвшөөрлөө аваад, бүх эрсдэлээ үүрч ажлаа эхлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт болон хувирч байгаа. Гэхдээ аж ахуйн нэгжүүд өөрийн боломж дээр тулгуурлаад орон нутагт хөрөнгө оруулалтаа их, бага гэхгүйгээр хийсээр байна. Дараагийн жишээ нь орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудлууд бий. Аж ахуйн нэгж, орон нутгийн иргэдийн харилцаанд төрийн байгууллагын оролцоо, зохицуулалтгүй алга. Компани нь хуулийн дагуу бүх зөвшөөрлөө авсан ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөлд ордог гэсэн утгатай. Түүнээс гадна зохион байгуулалттайгаар компаниудын үйл ажиллагаанд саад учруулдаг, дарамт шахалт үзүүлж мөнгө нэхдэг бүлгүүд нэгэнт үүссэнийг мэддэг боловч эрх бүхий байгууллагуудаас ямар ч арга хэмжээ авдаггүй, зөнд нь орхисон байдал харагддаг. Энэ асуудалд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийн зааг, хязгаарыг тодорхой болгох шаардлага өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, байгаль орчны үнэлгээнд заагдсан нөхөн сэргээлтийн ажлаа хийхэд хүртэл хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна.  Цаашид бид боомтуудын хүчин чадлаа бодитоор нэмэх, экспортод шаардлагатай хууль эрх зүйн орчныг богино хугацаанд сайжруулах шаардлагатай. Жишээлбэл, Жонш, төмрийн хүдэр, түүний баяжмал болон нүүрсний жишиг үнийг бодитоор тооцон АМНАТ-ыг ногдуулах нь зүйтэй. Мөн түүхий эдийн импортын асуудлыг хоёр хөрштэйгөө ойлголцож шийдвэрлэхгүй бол төслүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл бүрдэж буй. Энэ асуудлыг өмнөд хөрштэйгээ хэлэлцэн төсөл хэрэгжүүлэгчдээ дэмжин ажиллах шаардлагатай.   Эцэст нь хэлэхэд эдийн засгийн хүндрэл дээр Засгийн газар, Монголбанкны зүгээс баримталж буй бодлогын талаар нарийвчилсан мэдээлэл алга. Ямартай ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт, уналт уул уурхайн салбарын өсөлт, уналттай шууд хамааралтай нь олон баримтаар илэрдэг. Тэгэхээр уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөлийг тогтвортой байлгах нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гол нөхцөл болов уу хэмээн дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)

2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

13 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин