Б.ДАРЬСҮРЭН
Дэлхийн хөрөнгийн зах зээл зургадугаар сарын дунд үеэс өсөлт үзүүлж эхэлжээ. Шалтгаан нь түүхий эдийн ханшийн уналт, инфляцын түвшин буурах хүлээлт болон бондын өгөөж унасантай холбоотой аж. Edward Jones-ийн шинжээчид АНУ-ын эдийн засаг болон хөрөнгө зах зээлийг дараах гурван байдлаар өрнөж магадгүй хэмээн дүгнэжээ.
Эхний төсөөллөөр эдийн засгийн өсөлтөд бага үнэлгээтэй компаниуд удахгүй манлайлж магадгүй. Эдийн засаг хэдийгээр хоёр улирал дараалан унасан ч хөдөлмөрийн зах зээл уналтгүй байгаа аж.
Хоёрдугаарт, Инфляцын түвшин алгуурхан буурснаар бодлогын хүүг нэмэх шаардлагагүй болох юм. Эдийн засгийн өсөлт бага, инфляцын хэлбэлзэл ихтэй үед хөрөнгийн зах зээл завсрын хөдөлгөөн ирэх саруудад хийхээр байна. Ийм үед эдийн засгийн мөчлөгт эмзэг болон тэсвэртэй салбарын хувьцаанууд хамгийн сайн гүйцэтгэлтэй байдаг. Хатуу мөнгөний бодлого баримталснаар эдийн засгийг хямралд оруулахгүйгээр инфляцыг бууруулсан түүх тийм ч олон байдаггүй. Хэрвээ энэ төсөөлөл биелэвэл хөрөнгийн зах зээлд тогтсон доод ханш 2023 онд бодит болно. Гуравдугаарт, инфляцын түвшин өндөр байгаа нь төв банкыг мөнгөний хатуу бодлогоор тэмцэх тэмцлийг үргэлжлүүлсээр байх хэдий ч эдийн засагт хараахан нөлөө үзүүлээгүй байна. Хатуу бодлого баримталсан үед ажилгүйдлийн түвшин өсөж, бизнесийн ашиг буурдаг. Худалдан авалт, хөдөлмөрийн зах зээл дээр ажиглагдаж байгаа өсөлт эдийн засгийн гүн уналтыг даван гарахад гол дэмжлэг үзүүлж байгаа нь өмнөх хямралуудаас онцлог болж байгаа аж.
Харин Монголын хөрөнгийн зах зээлийн талаар Монголын үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хороон дарга Ц.Хуягаас тодруулахад “Хөрөнгийн зах зээл дээр биржээр арилжаалдаг, биржийн бусаар арилжаалдаг гэсэн хоёр зах бий. Одоогоор биржийн бус захад зөвхөн өрийн хэрэгслүүд л гарч байна. Ийм зах зээлгүй үед хэн, хаана, юу гаргаж байгаа нь тодорхойгүй байсан. Өөрийгөө зохицуулах статустай манай байгууллагын зүгээс цэгцлэх хэрэгтэй гэх асуудлыг хөндсөн. Олон улсын жишгээр биржийн бус зах зээлийг уг хороо хариуцдаг. Энэ утгаараа тус зах зээлийг хуулийн нарийвчилсан зохицуулалтаар зохицуулж, дүрэм журмаа гишүүддээ мөрдүүлж байна. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны 995 дугаар тогтоолоор биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан. Үүгээр биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн юм.Тэр утгаараа нарийвчилсан журам гаргаж, 2021 оны дөрөвдүгээр сард өгсөн. Түүнийгээ долдугаар сарын 1-нд албан ёсоор батламжлуулж авсан. Харин наймдугаар сараас бүртгэж эхлээд есдүгээр сарын 7-ноос хоёр дахь зах зээлээ нээсэн. Биржийн бус зах зээл бий болсноор зах зээл дээр том өөрчлөлт гарч байна. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн журам нь дандаа болохгүй гэж хориглодог байсан. Хэт их хувийн секторыг ажиллахад хүндрэлтэй болгосон нь үнэт цаасны компаниуд Монголд төдийлөн чадавхжиж чадаагүй. Харин одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж, шинээр туршилт хийж, суралцах таатай нөхцөл болж байгаа юм. Яагаад гэвэл зохицуулалт нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хооронд гэдэг утгаараа илүү хялбар. Учир нь, бүртгэлийн хороо бүрдүүлэлтийн шинж дээр нь бүртгэл хийдэг. Түүнээс энэ эрсдэлтэй юү, үүний үйл ажиллагаа сонин санагдаж байгаа учраас бүртгэхгүй гэдэггүй. Журмын дагуу юу бүрдүүл гэсэн түүнийг л шаардана. Журамд заасан материал бүрдээгүй тохиолдолд буцаана” гэв
Эх сурвалж: www.polit.mn