
Б.ДАРЬСҮРЭН
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Таван толгой түлш” ХХК-д ажиллав. Энэ сарын 9-ний байдлаар нийслэлийн долоон дүүрэгт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Мөн түүхий эдийн нөөц 210 мянган тонн байгааг компанийн захирал Ц.Даваацэрэн танилцууллаа. Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байгаа аж.
Түлшний түүхий эд мидлингийг авто замаар тээвэрлэхэд зам эвдрэх эрсдэлээс шалтгаалж, төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулан зүүн болон баруун үйлдвэрт өндөрлөгөөтэй зам барих ажил дуусах шатандаа орсныг онцоллоо. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна. Шадар сайд С.Амарсайхан “Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстой. Одоо илүү дутуу шалтаг тооцох цаг биш” гэдгийг санууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа хотын хүн амыг түлшээр хангах ажилд хот, дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах ажил дан ганц Засгийн газрын ажил биш. Үйлдвэрлэгч компанийн хувьд чанартаа анхаар. Үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчний асуудлаа салбар яамандаа тавьж шийдвэрлүүл” хэмээсэн юм. “Таван толгой түлш” ХХК-ийн хувьд сайжруулсан түлшний барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх туршилт судлагааны ажлыг эхлүүлсэн. Энэ ажил амжилттай болвол агаарт ялгарах хүхрийн хэмжээг хоёр дахин бууруулах юм.
Эх сурвалж: www.polit.mn