Б.БАЯРЖАВХЛАН
БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяатай аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбар хоёр жил зогсонги байлаа. Энэ жилээс хэвийн байдалдаа орж дотоод гадаадын жуулчдыг хүлээж авч эхэлсэн. Энэ жилийн хувьд ямар байв?
-Манай улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авсан. Энэ нь сүүлийн 30 жилд хамгийн олон жуулчин хүлээн авч эдийн засагт 603 сая ам.долларын орлого оруулсан. Харин цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ үзүүлэлт 0 заасан. Тиймээс энэ жил гадаадын жуулчдыг хүлээж авахыг зорилт болгож хоёрдугаар сарын 14-өөс хилээ нээсэн. Энэ нь жуулчин авах хамгийн эхний алхам байлаа.
Манай улсад ирдэг жуулчдын 50 хувь нь хоёр хөршөөс ирдэг. Гэвч энэ жилийн хувьд хөрш орнуудад үүсээд байгаа улс төрийн ойлгомжгүй байдлаас хамаараад жуулчдын тоо буурсан. Тиймээс ойрын хугацаанд олон жуулчин ирж болох дараагийн улс бол Солонгос гэж үзээд тус улсын жуулчдыг визгүй болгосон. Тодруулбал, Солонгосын жуулчдыг хоёр жилийн хугацаанд 90 хоногийн хугацаатай визгүй болгосон. Энэ хүрээнд өнгөрсөн сарын байдлаар 120 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад бага тоо ч энэ жил зорьсон 250 мянган жуулчны 50 хувьд хүрээд байна.
-Цар тахлын улмаас аж ахуй нэгжүүд уналтанд ороод байгаа. Тэгвэл аж ахуй нэгжийг дэмжих тал дээр яамны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?
-Энэ жилийн хувьд аж ахуй нэгжийг дэмжих бодлого баримталж байна. Энэ хүрээнд татварын өртэй, орлогогүй мөн НДШ-ийн өртэй аж ахуй нэгжүүдэд дээрх өр төлбөрөө төлөх график гаргаж, графикийн дагуу төлөх боломжийг олгосон. Мөн дансаа хаалгасан аж ахуй нэгжүүдийн дансыг хаахгүй байхыг Татварын ерөнхий газар, Сангийн яамны зүгээс шийдсэн. Тиймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа компаниуд өр зээлтэй байсан ч данс нь хаагдахгүй. Хаасан дансыг бүгдийг нь сэргээсэн. Мөн аялалын тур компаниуд, жуулчны баазууд, бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн иргэд болон аж ахуй нэгж байгууллагад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр бүх талаар дэмжиж ажиллаж байгаа.
-Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй нэг асуудал бол ариун цэврийн байгууламж буюу нийтийн үйлчилгээний цэгийн асуудал хүндхэн нөхцөл байдалтай байдаг. Тэгвэл нийтийн үйлчилгээний цэгийн ажил эхэлсэн үү?
- Улсын хэмжээнд 30 гаруй байршилд түр буудаллах цэг буюу нийтийн үйлчилгээний цэгийг хийхээр төлөвлөсөн. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 10 байршилд нийтийн үйлчилгээний цэгийг хийхээр төлөвлөж эхнээсээ ашиглалтад ороод явж байна. Тухайлбал, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгуудад нийтийн үйлчилгээний цэг ашиглалтад орсон. Нийтийн үйлчилгээний цэгийн хувьд дэлхийн стандартад нийцсэн байгальд ээлтэй технологиор хийгдэж байгаагаараа онцлогтой. Ариун цэврийн байгууламж жуулчдад асуудал учраас түр отоглох цэг буюу нийтийн үйлчилгээний кемпийг ашиглалтад оруулснаар энэ асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол нөлөөтэй. Нийтийн үйлчилгээний цэг байгуулахад улсаас газрыг нь өгч хувийн хэвшлүүд өөрийн хөрөнгөөр стандартын дагуу барих боломжтой.
-Энэ жил онгоцны тийзтэй холбоотой асуудлын хувьд ямар байна вэ?
-Онгоцны тийзний хуваарь, үнийн уян хатан байдлийг шийдэх шаардлагатай байна. Солонгос улс манай дотоодын болон тус улсын агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа. Үнийн хувьд харьцангуй боломжийн нөхцөл байдалтай байна. Харин Японы жуулчид тийзний үнийн асуудлаас болж манайхыг зорих нь ховор байна гэж судалгаагаар гарсан. Энэ асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байгаа.
-Ерөнхий дүр зурагаар нь харвал өнөөгийн аялал жуучлалын салбарт ямар асуудал хүндрэл бэрхшээл байна вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа зогсонги байдалтай байснаас үүдэж манай салбарын хүний нөөцийн асуудал хүндхэн байдалтай болсон. Мөн удирдлагууд удаа дараа солигдож байгаа нь энэ салбарын хөгжилд саад болж үйл ажиллагааны залгамж халаа алдагдахад хүргэж байна. Энэ тал дээрээ анхаарах, хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн 20 орчим жил шинэчлэгдээгүй аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчинг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Харин гадаад хүчин зүйлийн хувьд дэд бүтцийн асуудал буюу төмөр зам, агаарын тээвэр, машин замын асуудлыг шийдэх хэрэгцээ үүсээд байна.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр цаашид ямар ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна гэж харж байна вэ?
-Японд хүн манай улс руу аялъя гээд интернэтээс хайхаар япон хэл дээр ямар ч мэдээлэл гарч ирдэггүй. Энэ нь өөрөө манай улсыг сонгож аялах боломжийг олгохгүй байна. Тиймээс аялал жуулчлалын яамнаас энэ асуудалд онцгой анхаарч гадаад маркетинг, сурталчилгааг хийж байна. Энэ жил Англи, Испани, Орос, Хятад, Япон, Солонгос хэл дээр монгол орны тухай ойлголт, мэдээллийг олгох цахим платформыг бэлтгэж олон улсад цацсан. Үүнд манай улсын талаар үзэх боломжтой бүх газрыг оруулсан. Мөн орон нутгуудыг бүсчлэн хөгжүүлэхээр зорьж байна. Ирэх 2023- 2024 онуудыг “Монголд зочлох жил” болгож аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтыг тавиж ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)