Шатрын 44-р олимпиадын эрэгтэй ангилалд манай шигшээ баг Норвегийн багтай таарч тоглосон. Энэ үеэр I ширээнд дэлхийн аварга Магнус Карлсентай тоглосон ОУИМ Д.Батсүрэнтэй ярилцлаа.
-Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, дэлхийн шатрын ноён оргилтой таарлаа. Түүнтэй ямар хувилбараар тоглов?
-Дэлхийд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спортын олимпод анх удаагаа оролцлоо. Багийн тамирчдын хувьд залуу бүрэлдэхүүнтэйгээр хүч үзсэн. Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос, 187 орны 343 баг, тамирчид эмэгтэй, эрэгтэй ангилалд өрсөлдсөн. Манай багийн хувьд Норвегийн багтаа учраа таарсан. Энэ үеэр дэлхийн аварга Магнус Карлсентай тоглох боломж олдож, туршлага хуримтлуулсан. Миний хувьд хар өнгөөр тоглох болсон. Хэдий дэлхий хамгийн шилдэг тамирчинтай тоглож байгаа ч гэсэн тэнцээ хийх ёстой гэсэн байдлаар тоглосон. Багийн тамирчиддаа ч дарамт учруулахгүйн тулд хамгийн сайн арга нь энэ байсан ч түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ өрөг дээр манай багийн тамирчид сайн тоглосноор дэлхийн шилдэг багтай 2-2 харьцаатай тэнцсэн.
-Та хар талаас тоглосон. Нэг нүүдэл алдана гэсэн үг. Хэрэв цагаанаар нүүсэн бол тэнцэх боломж байсан уу?
-Цагаан тал эхний нүүдлийг хийж байгаа учраас өрсөлдөгчөөсөө нэг нүүдлээр түрүүлнэ. Хараар тоглож байгаа тамирчинд нэг нүүдлийг өглөө гэхэд тэнцүү явж байдаг. Тиймээс цагаанаар нүүж эхэлсэн тохиолдолд давуу талаа алдахгүй нүүгээд явчихдаг. Тиймээс хожигдох боломж бага. Хар талаас цагаан нэг илүү нүүж байхад тэнцүү болгох гэж тоглох хэрэгтэй болдог гэсэн үг. Мөн эхнээсээ хар талаар нүүж байгаа тамирчин дарлуулдаг. Тиймээс тэнцэх нь миний зорилго байсан.
-Магнус Карлсенгийн тоглолтын арга барил ямар санагдав?
-Алдаа гаргах зүйлгүй. Харин эсрэг тамирчныхаа жижиг алдаа, сэжигтэй үйлдлийг алддаггүй. Хөлгөө мэдрээд ямар ч тоглолтыг хэдхэн нүүдлээр шийдэх нь мэдрэгдэж байсан.
-Сэтгэл зүйн байдал хэр байв?
-Дэлхийн аваргыг хэвлэл мэдээллийн олон хүн дагаж ирдэг. Тоглолтын өмнө бага зэргийн айдастай, дарамттай мэдрэмж байх болов уу гэсэн бодол байсан. Тоглолт эхлээд 15 минутын дараагаас зураг авах чимээ гарч эхэлсэн. Зургийн чимээ хүртэл дарамт болж өөр зүйл рүү харах үе гарсан. Тоглолт дууссаны дараа энэ чимээ, мэдрэмжүүд зөвхөн надад ч биш бусад тамирчдад хүртэл тохиолддог байх гэж бодогдсон.
-Магнус Карлсенгаас бусад тамирчидтай хэрхэн тоглов. Сэтгэл зүй тэр үеэс хэр өөр байв?
-Сэтгэл зүйгээ барьж тоглосон. Миний хувьд эмоци гаргахгүй байхыг эрмэлздэг. Гэтэл энэ тэмцээний үеэр нэгдүгээр ширээнд багаа төлөөлсөн учир хэцүү байсан. Чухал үеүд дээр өөрийн бодсоноор тоглож чадаагүй. Гэхдээ хожил авсан тоглолтууд дээрээ хангалттай үүргээ биелүүлсэн.
-Тэмцээний туршид тамирчидтай тоглохдоо цаг дээр хэрхэн анхаарав?
-Тоглолтын эхэнд цаг тэнцүү байдаг. Дунд үед шийдвэрлэх зүйлс явагддаг тул цагаа хянаж байхгүй бол амархан цагаа явуулчихаад сүүлд алдах магадлал өндөр. Тэмцээний үеэр гуравдугаар өрөгтөө энэ алдааг гаргасан. Унгарын багтай I ширээнд цагаан талыг авч тоглосон. Өрөг дээр илүү явж байсан ч цагаа хяналгүйгээр тоглож эцэст нь тэнцсэн. Цагт орсон учраас давуу талаа алдаж, хожих боломжтой тоглолтоо тэнцээгээр дуусгасан.
-Тэмцээн дээр хожигдсоны дараа сэтгэл гутралаа унах үе бий юу. Тоглолтын арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Ширээний ард суусны дараа яаж тоглох вэ гэдгээ шийддэг. Довтолж тоглож байгаа хүнтэй харилцан довтлох буруу. Харин байрлалаа хамгаалж тоглох гэсэн арга барилыг ашигладаг. Энэ тэмцээний үеэр бол бүх тоглосон тамирчдаасаа туршлага л хуримтлууллаа. Учир нь миний тоглосон тамирчид улс болгоны шилдэг нь байсан. Тиймээс сэтгэл гутралд орж болохгүй. Хожигдсон ч гэсэн дэлхийн том мастеруудын эсрэг хүч үзэж байгаа. Ирээдүйд хэрэгтэй гэсэн байдлаар сэтгэл зүйгээ унагахгүйгээр тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Шатрын спорт хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг бол?
-Тэвчээртэй, ухаантай болгох гээд та бидний мэддэг энгийн сайн жишээ олон бий. Үүнээс гадна илүү мэргэжлийн талдаа бол хүнийг шийдвэр гаргах чадварт сайн бэлтгэдэг гэж боддог. Аливаа зүйлийг өнгөцхөн бус лавшруулан харахад тусална.
-Хүүхдүүд шатрын спортыг илүү сонирхдог болжээ. Шатрын спортоор хичээллэж буй тамирчдын амжилтад хүргэх хүчин зүйл юу вэ?
-Тууштай, шантаршгүй байдал. Хүмүүс ямар нэгэн зүйл эхлүүлчихээд дундаас нь шантрах тохиолдол бий. Шатар тоглодог, тоглодоггүй хүүхдүүдийн аливаа зүйлийг хүлээж авах хандлага нь өөр байдаг. Үүнээс гадна шатарт нэг нүүдэл нүүхийн тулд хоёроос гурван нүүдэл давуулан харах хэрэгтэй болдог. Тиймээс олон талаас нь бодож дүгнэлт, шийдвэрээ гаргаад нүүх болдог юм. Дараа нь өөрийн нүүх зүйлээ төлөвлөж, сонголт хийх чадвартай болно. Амьдралдаа ч энэ ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Хүн бүр мэргэжлийн шатарчин болохгүй. Өөрийн хүсэл эрмэлзэл, зорилгоо зөв тодорхойлоод явбал амжилтад хүрэх зам хялбар биш ч дөт болох болов уу.
-Таны хамгийн том зорилгыг сонирхоё?
-Шатрын спортод тооцоолол маш чухал. Тиймээс математик, шатар уялдаа холбоотой гэж боддог. Шатрын спортоор хичээллэхдээ цолтой болох юмсан гэсэн зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрсэн. Удалгүй хамгийн том цол болох их мастерын зорилгын төлөө хичээллэсэн. Түүндээ ч хүрч чадсан. Бас олон улсын чансаа маань 2500 хүрсэнд баяртай байгаа. Одоогийн зорилго гэвэл олон улсын чансаагаа элит түвшинд хүргэхийг зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)