Б.ДАРЬСҮРЭН
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганд нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулганыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэлэхдээ “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд шийдвэрлэх шаардлагатай асуудалд хууль эрх зүй, төсөв болон татвар, хүний нөөц гэх шалтгаан багтдаг. НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 онд хангах, тэр дундаа өнөөдрөөс илүү хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлоох нийгмийг бүтээхийн төлөө дор бүрнээ хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын тавдугаарт “Жендэрийн тэгш байдлыг хангах”, наймдугаарт “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох”, аравдугаарт “Тэгш бус байдлыг бууруулах” гэсэн зорилт дэвшүүлсэн нь Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтуудтай нийцэж буй” хэмээн онцолсон юм.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогоор 147 мянга гаруй аж ахуйн нэгжээс 92.5 мянга буюу 63 хувь нь эрэгтэй, 54 мянга буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтан байна. Тухайн аж ахуйн нэгжийн 44 хувь нь худалдааны салбарт, есөн хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбаруудад үйл ажиллагаа явуулдаг аж. Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай бол жижиг, дунд үйлдвэрлэл дэх эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд, харин нийтийн хоол, худалдаа үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэх дүн гарчээ.
Барьцаа хөрөнгөгүй учраас эмэгтэйчүүд бизнесийн зээлд хамрагдаж чаддаггүй
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд хөдөлмөр эрхлэхэд нийгмийн асуудал бэрхшээл болж байна. Цар тахлын оргил үед сурагчид гэрээсээ сургалтын үйлчилгээ авахад ээжүүд гэртээ үлдэж, тэдэнд хяналт тавьсан. Нэг талдаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм бол сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар 10 их наяд, хоёр их наядын зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжсэн. Гэтэл зээл авч буй бизнес эрхлэгчдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Шалтгаан нь эмэгтэйчүүд том бизнес эрхэлдэггүй, барьцаа хөрөнгөгүй учраас зээл авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, газар, орон сууц, автомашин зэрэг хөрөнгө нь бүгд нөхрийнх нь нэр дээр бүртгэлтэй гэсэн үг. Үүнээс, тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр, итгэлцлийн зээлийг хэрэгжүүлж, бодлогоор дэмжих ёстой гэсэн дүгнэлт гарч байна” гэсэн юм.
Монгол Улсын хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдэд хууль, эрх зүйн орчин дутмаг байгаа. Энэ ойлголт хуульчлагдаагүй учраас нэгдсэн тоон мэдээлэл, судалгаа алга. Тиймээс оновчтой бодлого хэрэгжүүлж чаддаггүй бэрхшээл тулгардаг. Үүнээс гадна бичил бизнесийн салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг боловч хөрөнгийн баталгаа, эдийн засгийн чадавх дутмаг байгаагаас төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)