С.САРУУЛ
Коронавирусын цар тахлын дараах эрүүл мэндийн эрсдлийн талаар Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн төлөөллүүд мэдээлэл өглөө. УГТЭ-ийн зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн эрхчлэгч Г.Байгалмаа “Манай улсын иргэдэд судас хагарах тархины эдийн цус харвалт илүү их тохиолддог. Коронавирусийн халдвар гарснаас хойш тархины эдийн цус харвалт цус бөглөрөх харвалтын хувьд тооны ялгаа гараагүй аж. Залуучуудын дундах цус харвалт нэмэгдсэн зүйл байхгүй. Олон улстай харьцуулахад сүүлийн есөн жилийн судалгаагаар нийт цус харвалтын 20-26 хувийг 50 болон түүнээс доош насныхан эзэлж байна. Олон улсад залуу насыг 50 болон түүнээс доош гэж авч үздэг. COVID-19 тархины цус харвалтад хүргэхгүй. Сүүлийн гурван жилийн COVID-19-тэй холбоотой тоон судалгаагаар залуучуудын цус харвалтын тоон үзүүлэлт өмнөх оныхтой адил байгаа” гэдгийг хэлэв.
Тархины судас бөглөрөх харвалтын тухайд:
-2019 онд УГТЭ-т тархины цочмог харвалттай 982 өвчтөн хэвтсэн эмчлүүлснээс тархины судас бөглөрөх харвалт 337,
-2020 онд тархины цочмог цус харвалттай 1,003 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс тархины цус бөглөрөх харвалт 351,
-2021 онд тархины цочмог цус харвалттай 789 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс тархины цус бөглөрөх харвалт 270,
-2022 оны долдугаар сарын байдлаар тархины цочмог харвалттай 568 эмчлүүлэгчээс 237 нь тархины цус бөглөрөх харвалт байжээ.
-2021 онд 789 хүн цус харвалтын улмаас хэвтэн эмчлүүлснээс 50-аас доош насны тохиолдол 228 буюу 28.9 хувийг эзэлж байгаа аж.
Тус эмнэлгийн зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа "Цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс болоод харвалт өгдөг гол үндсэн хэлбэр бол цус хомсрох харвалт юм. Үүнд олон өвчин багтдаг. Суурь өвчин хамгийн ихээр нөлөөлдөг. Суурь өвчний шалтгаанаас болоод цусны бүлэгнэлтийн өөрчлөлт их явагддаг. Жишээ нь зүрхний хэм алддаг хүн зүрхэн дотроо бүлэнтэй. Тэр бүлэнгээс тасраад тархинд очиж судсыг бөглөж болдог. Цусны даралт өндөртэй хүн тодорхой хэмжээний цусны бүлэгнэлтийн өөрчлөлтөд ордог. Судас бөглөрөх харвалтын үед тухайн хэлбэрээс нь хамаараад эмчилгээ хийдэг" гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn